АН-ын рейтинг ба оффшорын эсрэг “дайн”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 43 секунд
АН-ын рейтинг ба оффшорын эсрэг “дайн”

АН-ын рейтинг ба оффшорын эсрэг “дайн”

Сүүлийн хэдэн өдөр намжаад байсан оффшорын дуулианыг АН-ынхан дахин сэдрээв. Ц.Элбэгдорж  Дарханчуудад  ажлаа тайлагнах үеэрээ хэлсэн үгс хийгээд З.Энхболдын “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр дамжуулан хэлсэн үгсийн цаана үнэхээр оффшортонгуудаас Монголын төр салах ёстой гэсэн чин шударга сэтгэл байна уу, эсвэл АН-ын дотоод зөрчлөөс үүдэлтэй тоглолтууд яваад байна уу, эсвэл  нэгэнтээ навс унасан намынхаа рейтингийг өндийлгөж босгохын тулд бодлогын чанартай алхам хийв үү гэж харахад хүргээд байна.

Ямар ч байсан өмнөх сонгуулиар олуулаа очоод хийгээд, бүтээгээд өгье л дөө гэсээр байгаад нэлээд олуулаа ирсэн АН-ынхан хууль тогтоох дээд байгууллага дахь санал дардаг кнопыг  төгөлдөр хуураас ялгаагүй санадаг гэдэг нь нэгэнтээ тодорхой болсон билээ. Гол нь АН гэдэг намын нэрэн дор хоргодсон нөхдүүд Монголын төрд хэчнээн олуулаа ирлээ гээд жирийн иргэдийн   амьдралд илүү наалдах юм юу ч үгүй гэдгийг өнгөрсөн жилүүд тодорхой хэлээд өгсөн. Бүгдээрээ хамтдаа л очно гээд хөөрцөглөөд байдаг хэрнээ яг хүрээд ирэхээрээ дотроо өчнөөн олон фракц болж, зөрчилдөж, тэр хэрээрээ улсын ажлыг саатаадаг гэдгээ нэгэнтээ харуулсан. Тэгчихээд нөгөөх намын дарга нь болж бүттэл нь хийж чадаагүйнхээ бурууг дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш унасантай л холбоотой гээд сүрхий глобал юм яриад зогсож байдаг юм билээ.

Тэгвэл одоо нөгөө намын дарга маань улстөрд шинэ од гэдэг шиг улстөрд үзэгдэл маягийн  юм ярьж иргэдээс илүү өндөр оноо авахыг чухалчилж байгаа харагдаж байгаа юм. Мэдээж оффшортонгууд төрөөс явах нь зүйн хэрэг. Гэхдээ үнэхээр л тэгж үзэж байсан юм бол С.Баярцогтыг аль дээр гишүүнээс нь эргүүлэн татах ёстой байсан баймаар. Тэгсэн бол харин жинхэнэ утгаараа Монголын улстөрд үзэгдэл болсон чухал шийдвэртэй алхам болж харагдах байсныг нь хэлмээр байна. Тэрнээс биш яг сонгуулийн өмнө оноо авч, рейтингээ өсгөх зорилгоор сонгогчдын сэтгэлзүйгээр наадаж байгаа нь тиймхэн л байна. Үнэхээр л холын нүүдлийг хардаг том эрх ашигт сөхөрдөг улстөрчид бол өнөөдрийнх шиг ингэж дискодохгүй л байсан байх л даа.

Э.Бат-Үүл гэж бас нэг шоучин байна. Өөрөө гол шүүгч нь хийж байгаад, хүүгийнхээ компанийг тендерт шалгаруулчихдаг хүн шүү дээ. Тэгчихээд одоо юу ярьж байна гэхээр “Зарим хэвлэл мэдээллийнхэн алдсан уу, яасан оффшор данстай байсан мэтээр ташаа мэдээлэл өгсөн байна билээ. Би “Чулуудай оффшор компани байгуулаад, дансаа ч нээж чадалгүй хаагдсан байна лээ” гэсэн мэдээлэл өгсөн. Үүнийг засч хэлэх хэрэгтэй. Оффшор компани байгуулаад данстай ч болж чадалгүй хаагдсан гэж ойлгосон. Тэр тухай л хэлсэн. Хоёрдугаарт, чөлөөт хэвлэлийн буянаар Чулуудайг оффшор компани байгуулах гэж явсан юм байна гэдгийг сонсч, мэдсэн. Бусадтай л адилхан тэр шуугиан эхлэхэд Чулуудайг оффшор компани байгуулах гэснийг мэдлээ. Миний хүү гурван хүүхдийн аав. 36 хүрч байна. Биеэ даасан өрх айл. Би Чулуудайн өдөр тутмын амьдралыг мөшгөөд байдаггүй. Ямар бизнес хийж байна гэж шалгаад байдаггүй. Тэр хүн Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхээ эдлээд явж байгаа. Хуулийн хүрээнд л бүх үйл ажиллагаагаа явуулж байгаа…  Чулуудайн дансаар нэг мөнгөний гүйлгээ хийсэн байдаг юм бол чиний хэлснээр заавал их мөнгө гэх албагүй, үнэхээр Чулуудайн хэлсэн “оффшор компани байгуулаад данс нээж амжилгүй хаагдсан” гэдэг нь худлаа байгаад, тэр дансаар ямар нэгэн гүйлгээ хийгдсэн байвал, тэр мөнгөний дүнгээс хамаарахгүйгээр би шууд чөлөөлөгдөх хүсэлтээ тавина. Огцрох хүсэлтээ өөрөө гаргана.” гэхчлэн хэлж ярьж байгаа юм. Хэрэв үнэхээр л тийм бодолтой байгаа юм бол тэр асуудлыг шалгаж тогтоогоогүй байхад нэр дэвшигчээр нэрээ тодруулахгүй байж болох шүү дээ.

Ер нь бол АН-ынхны хувьд энэ сонгуулийн эхлэл шоунуудын нэг болгож оффшорын асуудлыг онилсон л харагдаад байна. Яахав тэгээд оффшор тийш оюун санаагаа чилээж, цаагуураа гэм буруутай үйлдэл хийсэн этгээдүүдээс  Монголын төр ангижирч байвал сайн хэрэг. Гол нь гараад ирэхээрээ төрд  бүлэглэлийн характераар дарангуйлал тогтоох гэж оролддог АН-ынхан сонгуулийн саналын төлөөх операциа ийн хийж байгаа бол бас л өөр хэрэг л дээ.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхныхаа гадаад томилолтоор хоёр хөрш рүү бус НҮБ руу
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхныхаа гадаад томилолтоор хоёр хөрш рүү бус НҮБ руу "нисэв"
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.