Төрийн банкийг хэн худалдан авах бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 1 секунд
Төрийн банкийг хэн худалдан авах бэ?

Төрийн банкийг хэн худалдан авах бэ?

Орон нутгуудаар “Төрийн банк удахгүй дампуурлаа зарлана гэнэ. Малчид хадгаламжаа татаж байгаа” гэх яриа энэ намраас хойш түгэж буй.  Тэгвэл 2016 оны төсвийн тухайн хууль УИХ-д өргөн баригдах үеэр уг цуу яриа чухам ямар учиртай болох нь тайлагдаж эхлэв.

Төрийн банкийг ирэх оны төсөвт өмч хувьчлалын жагсаалтад оруулсан бөгөөд  хувьчлалаас 75 тэрбум төгрөг олно гэх тооцоолсон байна. Саяхан Төрийн өмчийн хорооноос тухайлсан уулзалт зохион байгуулж, оны сүүлчээр Төрийн банкийг ашигтай ажиллуулсан, актив нь өндөр үзүүлэлттэй байлгах асуудлыг ярилцаад амжсан. Энэ хүрээнд сүүлийн нэг сарын хугацаанд зөвхөн  “Голомт” банк руу шилжсэн 11 сая ам.долларыг Төрийн банк руу буцаан татаж төвлөрүүлэх ёстой гэдэг чиглэлийг холбогдох албаныханд өгөөд байгаа  юм.

Төрийн банк нь Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын тогтоолоор 100 хувь төрийн өмчит банк болон байгуулагдсан түүхтэй. Улмаар 2013 оны долдугаар сард Монгол орны өнцөг булан бүрт нийт 503 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан Хадгаламж банкийг тус банкинд нэгтгэсэн билээ.

Уг нэгтгэлээр Төрийн банкны салбар хүрээ нэлээд өргөжиж, банкны салбарт төдийлөн муу нэр дуулалгүй хүргэв. Тэр ч үүднээс Төрийн банкийг хувьчлах тухай асуудлыг УИХ шуудхан хүлээгээд авчихгүй. Эсрэг байр суурь илэрхийлэх гишүүд ч мэр сэр гарч байгаа.

Сангийн яамнаас өгсөн тодруулгаар бол Төрийн банкийг 300 тэрбумаар хувьчлах үнэлгээтэй аж. Төсөвт суулгасан 75 тэрбум нь тус банкны 25 хувийн хувьчлалаар төвлөрөх мөнгөн дүн юм. Өөрөөр хэлбэл, Сангийн яам өөрийн эзэмшлийн 25 хувийг хувьчилснаар 75 тэрбумыг төсөвт төвлөрүүлнэ гэж тооцоолжээ.

Төрийн банкны 75 хувийг 2013 оны дунд үеэс хойш Хадгаламжийн даатгалын корпораци эзэмших болсон. Дөнгөж 2013 оны наймдугаар сард үүсгэн байгуулагдсан уг корпораци арилжааны банкуудын хадгаламжийн эрсдлийг хариуцах чиг үүрэгтэйгээр Төв банкнаас анхлан 100 тэрбумын санхүүжилт авч байсан түүхтэй. Тэгэхээр  Төрийн банкийг Хадгаламжийн даатгалын корпораци, хувьчлан авагчтай хуваан эзэмших хэлбэрт ирэх оноос шилжинэ гэсэн үг.

Энд тохиолдолд харицагчид  рүү чиглэсэн эрсдэл үүсэхгүй гэж Сангийн яамнаас үзэж буй юм. Гэвч уг банкны 25 хувийг хэн хувьчлан авах нь цаашдын үйл ажиллагаанд ихээхэн хамааралтайг энд онцлууштай.  Ямартай ч төр банктай байснаар улстөрийн намууд эрх ашигтаа үйлчлүүлэх байдал үүсдэг, МАН найман хувийг зориуд уг банк руу  оруулсан зэрэг хэл амууд тасарч, шинэ эзнийг тойрсон дуулиан үүсэх нь. 

Одоогийн Төрийн банкны захирал Б.Батсайханы суудал өнгөрсөн хавраас хойш  ганхаж, шилэн данс хөтлөөгүй,  сонгуулийн дуулианаар төрсөн нутаг руугаа зээлийн бодлогыг чиглүүлдэг гэх  муу нэр зүүж байв. Гэсэн ч С.Баярцогт, Ч.Сайханбилэгийн арын албаны хүн гэдэг утгаар суудалдаа эзэн болсоор өдийг хүргэж буй.  Сонгууль дөхөж буй энэ үед өмч хувьчлалаар санхүүжилтээ олох мэргэн санааг Алтангадасынхан  гартаа авч, намдаа нэмэх оноо цуглуулах  процесс явагдахаар харагдаж байна. 

Хамгийн сонирхолтой нь тус банкны удирдлагын зүгээс хувьчлалыг гар өргөн дэмждэг. Тодруулж хэлбэл, засгийн газрын бүрэн эрх нь байгаад, шийдэж болдогсон бол өдийд Төрийн банкийг хувьчилчих байв. Гэхдээ УИХ гэж том даваа байна.

Ямартай ч олон сар дамнан  дуншсан олны таамаг батлагдаж, Төрийн банк хувьчлагдах нь тодорхой болов. Муу ажиллаж байгаа нэр зүүлгэж, өмч хувьчлалаар далайлгасан их сүрийн дор  Төрийн банкийг худалдан авах тохироо аль эртнээс бүрдсэн гэдэг нь тодорхой болов.

Нэрээ нууцалсан нууц ноёнтон хэзээ хөзрөө дэлгэх нь тодорхойгүй ч тоглолтууд эхнээсээ эрчээ   авч эхэллээ. АН-ынхан энэ удаа сөрөг хүчний хүчтэй дайралтын эсрэг хамгаалалтаа бэхжүүлж, Төрийн банкийг тохирооны эзэнд нь хүлээлгэн үйлсэд ханцуй шамлан  орохоор зориг шулуудав бололтой. 

Ж.Мядагбадам

 

Эх сурвалж: www.TODAY.mn
“Тендерийн мангас” Р.Эрдэнэбүрэнгийн “гологдсон”шалтгаан
“Тендерийн мангас” Р.Эрдэнэбүрэнгийн “гологдсон”шалтгаан
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.