С.Амарсайханы дүүрэн яриа, дундуур гүйцэтгэлтэй ажлууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 31 секунд
С.Амарсайханы дүүрэн яриа, дундуур гүйцэтгэлтэй ажлууд

С.Амарсайханы дүүрэн яриа, дундуур гүйцэтгэлтэй ажлууд

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн танхимаас сугалах Засгийн газрын гишүүдийн дунд Шадар сайд С.Амарсайханы нэр дурдагдах нь нэг бус. Тэр ч байтугай Шадар сайдын суудлыг нь МАХН-тай хийсэн тохироогоор Н.Энхбаярт шилжүүлэх тухай зарим мэдээллийн хэрэгсэл таамагладаг.

Түүний эрхэлж буй ажил албатай холбоотойгоор нийгэм дунд тийм ч таатай үнэлэмж байдаггүй. Хотын дарга байхдаа ч тэр, Шадар сайдаар томилогдоод ч олон нийтийн зүгээс талархал хүлээсэн шийдэл, хийж хэрэгжүүлсэн нь юу билээ гэхээр санаанд буух тоймтой юмаар ховорхон. Сайхан сайхан хоосон поп яриа, дутуу дулимаг зарим нэг ажил бий.

Гэхдээ тэр албан тушаалын одтой, намынхаа нэр нөлөөтэй эрхмүүдэд нүүрийн буянтай нэгэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүний замнал төдийгөөс өдий хүртэл өгсөж дэвжиж ирсэн. НИТХ-аас УИХ-ын гишүүн, Хотын даргаас Засгийн газрын гишүүн, Шадар сайд гэхчлэн дурайна.

Түүний хотын дарга байхдаа эхлүүлсэн зарим ажлууд нь одоо хэр дуусаагүй, бүр хэрэгжээгүй хэвээр байна. Хэдийгээр тэр хотын дарга биш болсон ч албан тушаал, эрх мэдэл буурч бус, өгсөж явсан болхоор эхэлснээ эргэж харж, дуусгах боломж байж л таарна. С.Амарсайханы санаачилж эхлүүлсэн ч дутуу орхисон ажлуудыг эргэж харвал:

Нэг. Сургуулийн автобус сурагтай юу

Тэр хотын дарга байхдаа “Сургуулийн аватобус” төслийг эхлүүлэв. Уг санаа нь зөв, бүр дэмжмээр. Төслийн хүрээнд ойрын гурван жилд буюу энэ хичээлийн жилийн 9 дүгээр сарын 1-ээс өмнө сургуулийн 200 автобусыг оруулж ирэх байв. Үүний үр дүнд сурагчдын аюулгүй байдал хангагдаж, замын түгжрэл зохих хэмжээгээр буурах тооцоотой байв.

Харин эдгээр автобусны эхний хэсэг болох 70 ширхэгийг “Моннис моторс” компани оруулж ирэх асуудал яригдаж, хэт өндөр үнэтэй гэсэн шүүмжлэлд өртөж байсан юм даг. Тодруулбал 1 ширхэг сургуулийн автобус 130 000 ам доллараар үнэлэгдсэн байдаг. Ойролцоогоор 370 орчим сая төгрөг юм уу даа. Энэ бол 2020 оны 10 дугаар сард яригдсан асуудал. С.Амарсайханыг танил тал харж тендергүйгээр нэг компанид давуу эрх олгосон гэх хэл ам дэгдэж байсан юм даг. Гэхдээ үүнийг тэрбээр үгүйсгэдэг, худалдан авах ажиллагаанд оролцоогүй гэсэн тайлбарыг хэлдэг. Тийм байж болно.

Гэхдээ хамгийн гол нь хотын дарга байхдаа эхлүүлсэн энэ төслөө ажил хэрэг болгоогүйгээс сургуулийн хүүхдүүд өнөөдөр хохирч байна. Тэр тусмаа халдварын ийм онцгой үед.

Хоёр. Цаасан дээр амилж, мөрөөдөлд үлдсэн дүүжин зам

С.Амарсайханыг хотын дарга байхад урьд хожид байгаагүй шинэ бүтээн байгуулалтын сураг гарсан нь дүүжин замын тээвэр байлаа. Сураг ч юу байхав, бүр барин тавин барих маршрутаа тогтоож, төв талбай дэрээ эх загварыг нь авчирч иргэддээ танилцуулсан. Хийж гүйцэтгэх Францын компани бэлэн, санхүүжилт шийдэгдсэн гээд ер нь л бараг өнөө маргаашгүй ашиглалтад орчих билэгтэй сайхан яриаг бишгүйдээ л нэг сонссон.Тооцоолсноор энэ дүүжин замыг ердөө 1,6 жилийн дотор барьж ашиглалтад оруулах байв. Хэрэв хэрэгжсэн бол өдийд Улаанбаатарынхан Зайсангийн Миний дэлгүүрээс Хүүхдийн ордон хүртэл, Баянхошуунаас III, IV-р хорооллын эцэс хүртэл дүүжин замаар дүүлж явах байлаа.

Гурав: “Үзүүлэнгийн” усан оргилуур

Сүхбаатарын талбайн өмнөх 1.8 га газар нь 2005 онд хувийн эзэмшилд олгогдож, 10 сая долларын барьцаанд банканд тавигдсан байсныг буцаан авч, нийслэлээс усан оргилуур бүхий цэцэрлэг байгуулсан. 3.2 тэрбумын өртөг бүхий хөгжимт усан оргилуурыг барьж ашиглалтад оруулсан нь сайшаалтай боловч үүнийг тойрсон шүүмжлэл өнөөг хүртэл тасраагүй. Судалгаа тооцоог дутуу хийснээс барьж байгуулах явцад хүндрэл үүссэн, цэвэр усны шугамтай холбоогүйгээс усыг нь машинаар зөөсөн гэх мэт хэл ам гарч байв. Энэхүү хөгжимт усан оргилуур ашиглалтад орсон цагаасаа ажилласан нь тун бага. Үүнийг халдварын нахцөл байдлаар тайлбарладаг. Өнгөрсөн зун гэхэд өдөрт гуравхан удаа ажиллуулна хэмээн мэдэгдэж байв. Товчхондоо үзүүлэнгийн усан оргилуур гэмээр.

Дөрөв: Онцгой байж чадаагүй УОК

Цар тахлын нөхцөл байдал үндсэндээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед хүндэрч хот хөдөөгүй тархсан. Цөөн хүн амтай, тархай бутархай амьдардаг орон зайн хүрэлцээтэй монголчуудын хувьд халдварыг хязгаарлах давуу байдал байсан уу гэвэл байсан. Гэвч чадаагүй. Энэ нь С.Амарсайханы тэргүүлж буй УОК-ын үйл ажиллагаатай холбоотой. Онцгой комиссоос гарч байгаа шийдвэрүүд тооцоо судалгаагүй, нөхцөл байдлыг буруу үнэлсэн, шийдэмгий, хэрэгтэй үед төр төмөр нүүрээ харуулж ажиллахын оронд “таалагдах”, цахим орчны санаа бодолд хэт хөтлөгдөх маягаар ажилласан. Үүний хамгийн ойрын жишээ нь улсын баярыг тэмдэглээгүй хэрнээ хурдан морины бүсийн уралдаан, мөн аймаг дамнасан бөхийн барилдаанууд буурч байсан халдварыг дахин дэгдээв. Сүүлийн хоногуудад Улаанбаатарт хоногт 3000 гаруй халдвар бүртгэгдэж байна.

...С.Амарсайхан сайдын ажлын арга барилыг ажиглахуйд тэрбээр сүүлийн үед очсон газар бүртээ лайвчин дагуулдаг шинэ трендийг бий болгож байх шиг санагддаг. Сайд дарга хэн ч бай албан тушаалаар хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж үр дүн гаргах, гүйцэтгэлийг хангуулах, ахиц дэвшил гаргахын төлөө л чармайх ёстой. Тэгснээс үүргээ хэрэгжүүлж буй үйлдлээ лайваар олон нийтэд сурталчлаад байх нь тийм ч таатай биш. Харин үр дүн, ийм байсныг нь ингэж сайжрууллаа гээд иргэддээ харуулбал таатай хүлээж авах нь тодорхой. Хаа нэгтээ очиж, хэн нэгнийг загнах, үүрэгдэж эрх мэдэлтэйгээ лайваар харуулах нь хэнд ч сонин биш.

Шадар сайдаас эхэлсэн лайвдах загвар газар авч одоо сайд дарга нар ажлаа хийхдээ хажуудаа нэг лайвчин дагуулдаг болжээ. Удахгүй хорооны Засаг дарга нар лайвчин дагуулаад явж байвал гайхах хэрэггүй л юм байна.

М.Нэргүй

Toim.mn

Монгол охин Орос шүүгчийг уйлтал нь дуулжээ
Монгол охин Орос шүүгчийг уйлтал нь дуулжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.