Ерөнхий сайдаа, та хэдий болтол дүүргийн татварын байцаагчийн ажлыг хийх вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 32 секунд
Ерөнхий сайдаа, та хэдий болтол дүүргийн татварын байцаагчийн ажлыг хийх вэ

Ерөнхий сайдаа, та хэдий болтол дүүргийн татварын байцаагчийн ажлыг хийх вэ

Намрын чуулган үүдээ нээлээ. Энэ намрын чуулган бол сонгуулийн өмнөх хамгийн сүүлийн намрын чуулган байх болно. Тиймээс олон чухал хуулиудыг "гараас" гаргах хэрэгтэй. Тэгвэл үүнээс гадна намрын чуулганаар нэгэн том шийдвэрийг гаргах бололтой. Тэр нь Засгийн газрын хувь заяаг дэнслэх явдал юм. Өмнө нь засгийг огцруулах асуудал яриа хэлэлцээрийн төвшинд байсан бол өнөөдөр үүнийг ажил хэрэг болгох төвшинд хүржээ.

Өнгөрсөн баасан гарагт чуулганаар өвөлжилтийн бэлтгэлийн талаар хэлэлцсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өвөлжилтийн бэлтгэлийн талаарх Ерөнхий сайдын хийсэн мэдээллийн дагуу чуулганд хатуухан үг хэлсэн. Тэрээр өвөлжилтийн бэлтгэлийг далимдуулан ихээхэн улс төрийн агуулгатай үг хэлсэн юм. Хүмүүс түүнийг өвөлжилтийн бэлтгэлийг Засгийн газар базааж чадаагүйг шүмжилсэн байр суурь илэрхийлсэн гэсэн бол улс төр судлаачид өөр дүгнэлт хэлж байна. Зарим улс төр судлаачид УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Шийдлийн Засгийн газрыг огцруулах далд агуулгатай сануулга маягийн үг хэлсэн тухай дүгнэлт хийж жиг жуг гэж байна. 

Учир нь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Ерөнхий сайд Засгийн тэргүүн шиг мэдээлэл хийхгүй байна. Яамны мэргэжилтэний ажлыг ярьж байна... Бизнес эрхлэгчдээ шүүхэд дуудаж дарамталдаг биш дэмжин тэтгэдэг засагтай болмоор байна... “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж анх гарч ирсэн Засгийн газар эдийн засгаа элгээр нь хэвтүүллээ. Эдийн засгийг сэргээх ямар ч бодлого явуулсангүй. Монгол Улсын Ерөнхий сайд таныг хэлсэн ярьсан бүхнийхээ эсрэг явдаг хүн гэж ард түмэн ойлгох боллоо. Том төслүүдийг хөдөлгөнө гэсэн. Нам зогсоолоо. УИХ-ын чуулганы энэ танхимд "Би нэг ч татварыг нэмэхгүй гэж амлаж байна" хэмээн ард түмэндээ андгайлан, тангарагласан. Гэтэл хотын татварыг дэмжиж, эцэстээ бензин шатахууны онцгой албан татварыг нэмэх санаачилга гаргах боллоо... Сэтгүүл зарахыг зогсоох, компанийн данс нээх гэх мэтээр дүүргийн татварын байцаагчийн ажлыг Монгол Улсын Ерөнхий сайд та хэдий болтол хийх вэ? Таныг улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх тодорхой шийдэл, томоохон бодлогын асуудлыг дэвшүүлэх, хямралын зөв гарцыг олох зангарагтай Ерөнхий сайд байхыг анхааруулан хүсч байна..." гэж Ерөнхий сайд руу "хатуу чулуу шидсэн" юм.

Энэ нь С.Бямбацогтын үг гэхээсээ илүү МАН-ын бүлгийн байр суурь аж. Тэд Ерөнхий сайдыг худлаа хэлдэг, татвар нэмэхгүй гэж амлаад нэмж байгааг, эдийн засгийг хөгжүүлнэ гээд эдийн засгийг сэргээх бодлого явуулаагүй, том төслүүдийг хөдөлгөнө гээд хөдөлгөөгүй гээд олон ноцтой дүгнэлүүдийг өгч байна. Мөн Ерөнхий сайдыг сэтгүүл зарахыг зогсоох, компанийн данс нээх гэх мэтээр дүүргийн татварын байцаагч нарын ажлыг хийдэг боллоо. Энэ ажлаа хэдий болтол хийх вэ? Ерөнхий сайд хүн ийм ажил хийгээд байвал энэ улс орон сүйрлээ. Ерөнхий сайд шиг Ерөнхий сайд бай л даа. Чадахгүй бол чаддагаар нь солих цаг болоо гэсэн санаа агуулагдаж байгааг нуух юун.Мөн тэрбээр, "Засгийн газар, эрх баригчид зөвхөн энэ өвлийн хүндрэл бэрхшээлийг давах талаар л ярьж байна. Харин бид энэ өвлийн хүндрэлээс гадна ирж байгаа эдийн засгийн хямралыг ч давж гарах талаар ярих ёстой... бид байгалийн зуднаас гадна "хариуцлагагүйн зуд"-ны талаар ч ярих болно..." гэсэн давхар агуулгатай сануулгуудыг эрх баригчдад хандан хэлсэн аж. Эрх баригчид МАН-ын бүлгийн даргын хөвөнд боосон хатуу үгсийн цаад утгыг ойлгож "та нар өвөлжилт ярихгүй улс төр ярилаа" хэмээн эмзэглэсэн юм.

Дээр нь хэдхэн хоногийн өмнө МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа "Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт би биш бид зурна" хэмээн мэдэгдсэн юм. Ийнхүү МАН-ын бүлгийн дарга нарын байр суурийг ажиглахад Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулахгүйгээр эдийн засаг сайжрахгүй гэж дүгнэж байгаа бололтой. Үүнтэй зэрэгцээд эдийн засагч Ерөнхий сайд хэрэгтэй гэсэн яриа эрчимтэй тархаж байна. Хямралын үед л эдийн засагч, бизнес эрхлэгч хүн хэрэг болдог. Жишээ нь С.Баяр 2009 оны хямралын үед ажлаа өгөхдөө олон хүн дундаас Сү.Батболдыг сонгосон. Энэ шалтгаанаа тайлбарлахдаа "Улс орон хямралтай боллоо. Энэ үед эдийн засагч, бизнес хийж байсан хүн төрийг удирдах хэрэгтэй. Тиймээс би Сү.Батболдыг хямралыг давах бодлого боловсруулж чадна гэж олон удаа анзаарч харж байсан. Энэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд ажлаа өглөө" хэмээн тайлбарлаж байв. Үнэхээр ч Сү.Батболдыг ажлаа хүлээн авахад эдийн засаг -6 хувьд хүрч байлаа. Тэрээр богино хугацаанд эдийн засгийн өсөлтийг нэмэх 17 хувьд хүргээд ажлаа өгсөн. Хүмүүс өнөөдөр 2012 оны үед л мөнгөтэй байлаа хэмээн сайхан цагаа дурсан санагалзах болсон. Өнөөдөр эдийн засаг хямарч дахин хүнд байдалд орлоо. Тиймээс АН-ынхан дотроо эдийн засагч Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад санал болгохоор ярьж байна. Ямар ч байсан эрх баригч АН, сөрөг хүчин МАН-ынхан эдийн засагч Ерөнхий сайдын далд эрэлд гарч байгаагаа далдуур зарлах боллоо.

Г.Лхагваа

Zaluu.com

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга нар мөрийтэй тоглож байгаад баригджээ
Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга нар мөрийтэй тоглож байгаад баригджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.