У.Хүрэлсүх “Цагаан суваргын ордыг төрд буцааж авна” гэсэн нь худлаа болж таарав уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 14 секунд
У.Хүрэлсүх “Цагаан суваргын ордыг төрд буцааж авна” гэсэн нь худлаа болж таарав уу

У.Хүрэлсүх “Цагаан суваргын ордыг төрд буцааж авна” гэсэн нь худлаа болж таарав уу

Өнгөрсөн онд Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай бүтэн өдрийн турш хуралдсан УИХ-ын чуулганы хэрүүл  маргааны үеэр  Н.Номтойбаяр нь У.Хүрэлсүхийн “Чи бол 30 гэр бүлийнхний нэг. Цагаан суваргын ордыг чинь төрд буцааж авна. Танай гэр бүл 32 лицензтэй” гэх зэргээр дайрч давшилсны хариуд “Та намайг зөндөө их доромжиллоо.  Дараа хоёулаа шүүхийн танхимд уулзана шүү” гэж байлаа.  Харин У.Хүрэлсүхийг дэмжигч фанатууд нь  уухай хашгиран, цахим сүлжээгээр “Цагаан суваргыг төрд буцааж өг” хэмээн Н.Номтойбаярыг зогсоо зайгүй балбаж эхэлсэн юм. Тэгвэл саяхнаас Цагаан суваргын ордыг тойрсон иймэрхүү хар бараан хэл ам, хэрүүл шуугиан гэнэт намжиж, нөхцөл байдал бүр эсрэгээрээ эргэж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх нь хэлсэндээ хүрч чадсангүй. Түүний анх УИХ-ын чуулганы танхимд Н.Номтойбаяр руу тийнхүү томорч, Цагаан суваргын ордыг төрийн мэдэлд буцааж авна гэсэн нь бүр талаар өнгөрөөд, ор үндэсгүй худлаа зүйл болж таарч байна. 

Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт байдаг зэс, молибдений Цагаан суваргын орд нь 1950-иад оноос улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн гэх боловч ашиглалтын нөөцийг баталгаажуулаагүй зэрэг  дутуу хийсэн зүйл цөөнгүй байжээ. Гэхдээ тус орд нь  250.4 сая тонн хүдэр, 1.8 сая тонн зэс, 66.1 сая тонн молибден, 11.2 тонн алтны  нөөцөөрөө Оюутолгой, Эрдэнэтийн дараа орох манай улсын стратегийн ордуудын нэг юм.

2014 онд УИХ-ын хаврын чуулганаар энэхүү ордыг ашиглах тухай хэлэлцээд төрийн мэдлээс гаргаж, Н.Номтойбаярын аав Б.Нямтайширын МАК компанид зуун хувь эзэмшүүлэхээр шийдсэн нь тухайн үедээ хэрүүлийн бас нэг том алим болж байлаа. Ашигт малтмалын тухай хуулиар  уг нь стратегийн ийм ордыг ашиглахдаа төрийн мэдэлд 34 хувь нь оногдох ёстой байсан боловч улсын төсвөөс илүүчлэх мөнгө байхгүй байсан тул хөрөнгө оруулалтыг хувааж хариуцах боломжгүй байжээ. Энэ үед МАК-ын захирал Б.Нямтайшир “Хэрвээ Монголын төр энэ хувиа эзэмшинэ гэвэл баяжуулах үйлдвэр барихад шаардагдаад байгаа 1.2 тэрбум ам.доллараас 350 сая ам.долларыг нь гаргаж өгөөд 34 хувиа эзэмших хэрэгтэй. Чадахгүй бол Цагаан суваргын ордын лиценцийг эзэмшиж байгаагийн хувьд бид гадаадын улс орнуудаас хөрөнгө оруулалт татаж, гадныхантай хамтрахаас өөр замгүй” гэж байлаа.  Ингээд Цагаан суваргын ордыг МАК-д эзэмшүүлэхээр болсон УИХ-ын тогтоолыг УИХ-ын гишүүн асан Л.Цог эсэргүүцэн “Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Цэц нь харин түүний гомдолыг авч хэлэлцээд “УИХ-ын шийдвэр зөв байна. Үндсэн хууль зөрчөөгүй” гэж үзсэн байв. Үндсэндээ уг ордын талаарх маргаан ийнхүү эцэслэгджээ.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь энэ бүхнийг нарийн судалж үзэлгүй, зүгээр л олон түмнээс оноо цуглуулах гэсэн үү, яасан, нэг л их сэтгэлийн хөөрлөөр  “Цагаан суваргын ордыг төрийн мэдэлд заавал авна” хэмээн гараа зангидаж зүтгээд сүүлдээ дийлэхээ болив бололтой. Нэг үгээр хэлбэл, Цагаан суварга дээр Б.Нямтайширын нэгэнт эхлүүлсэн зэс молбидений үйлдвэрлэлийн суурь тавих бүтээн байгуулалтыг зогсоогоод, төрийн мэдэлд авч 34 хувийг нь эзэмших бэл бэнчин өнөөгийн Засгийн газарт байхгүйгээс гадна Герман зэрэг улс орнуудаас тэнд оруулж буй хөрөнгө оруулалтыг гацаах нь утгагүйгээр барахгүй бүр тэнэг хэрэг болох байжээ. 

Саяхан Бээжин хотод болж өнгөрсөн “Бүс ба Зам” Олон улсын Дээд хэмжээний уулзалтын үеэр Жиансу Хенгюан Интернэшнл Инженеринг” компанийн захирал Шү Хуйлонг, МАК-ын охин компани болох “Эрдэнэс-Цагаан Суварга” компанийн гүйцэтгэх захирал Г.Цогт нар Цагаан Суваргын зэс-молибденийн үйлдвэрийн төслийн санхүүжилт шийдэгдсэнээс хойш 26 сар буюу 2021 оны 7 дугаар сарын 1-ний дотор үйлдвэрийн туршилтын залгалтыг хийх нөхцөл бүхий гүйцэтгэлийн Ерөнхий гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ нь Монголд Эрдэнэтийн дараа хоёр дахь зэс-молибдений үйлдвэр ашиглалтад орох цаг тун ойртож буй хэрэг ажээ.

О.Баяр

Шуурхай.мн

Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын төлөө­лөгчид Германд айлчлаад эх орондоо ирлээ
Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын төлөө­лөгчид Германд айлчлаад эх орондоо ирлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.