Ж.Цолмон: “Ковид-19” цар тахлын долоодахь шинэ давалгаа хүний уураг тархи руу “дайрна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 51 секунд
Ж.Цолмон: “Ковид-19” цар тахлын долоодахь шинэ давалгаа хүний уураг тархи руу “дайрна“

Ж.Цолмон: “Ковид-19” цар тахлын долоодахь шинэ давалгаа хүний уураг тархи руу “дайрна“

"Ковид-19" цар тахалд дэлхий нийтээрээ өртөж, олон хүний амь насыг авч одсон. Хамгийн гол нь цар тахлын хор уршиг өдгөө л хамгийн ихээр мэдрэгдэж, бие сульдах, барьж, тавьснаа мартах, ой ухаан муудах, стрессдэх, толгой байнга өвддөг болох, эмэгтэй хүний сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт орох зэргээр хүн бүрийн биед илт мэдрэгдэж байгаа. Эмч нар Ковидын дараах сэргээн засалтын эмчилгээг зайлшгүй хийлгэх ёстойг ч учирласаар буй юм. Тиймдээ ч цар тахал хүмүүсийн тархинд голлон нөлөөлж байгааг ШУА-ийн Тархи судлалын хүрээлэнгийн захирал , анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмон шинжлэх ухааны үндэслэлтэй ийн тайлбарлажээ. Мөн цар тахлын шинэ давалгаа хүний уураг тархийг ихээр гэмтээнэ гэдгийг ч сэрэмжлүүлж байна. Тэрбээр "Ковид-19 хэмээх цар тахлын зургаан давалгаанд талхилагдаж зүдэрсэн хүн төрөлхтөн шинжлэх ухааны хүчээр баг зэрэг амсхийж байх шиг боловч цар тахлын өнгө зүсээ хувиргасан долоо дахь давалгаа хар сүүдэр татуулан хүмүүн биднийг нөмрөн орж ирэх нь. АНУ Novavax шинэ вакцин үйлдвэрлэж, Moderna, Pfizer вакциныг шинэчилж байна. Энэ удаад гараад байгаа ВА.4,ВА.5 хувилбар нь Омикроны суурь дээр үүссэн харьцангуй тогтвортой, үхэлд хүргэх нь бага ч халдварлах, дархлааг дарангуйлах чадвар өндөртэй учир ДЭМБ-аас маскаа дахин зүүж, зайгаа барихыг зөвлөж байна.

Дээрх хувилбар нь манай хүн амын 10- дээш хувьд тархаад байгаа талаар НЭМГ-аас мэдээлж байна. Энэ оны эхээр оргил үед дэлхийд өдөрт халдварын тоо гурван сая хүртлээ нэмэгдэж байсан бол тавдугаар сард хамгийн доод хэмжээнд хүрч, зургаадугаар сараас зуны оргил үе эхэлж, хүмүүсийн хөдөлгөөн бууртал энэ оргил үе үргэлжлэх ба хугацааны урт, богино байх, халдварын хэмжээ хэр байх нь хүмүүсийн ухамсар, хүмүүжил, хувийн болон бусдын өмнө хүлээсэн хариуцлагаас хамаарах талаар эрдэмтэд мэдээлж байна.

Вирус чөлөөтэй тархаж байгаа энэ үед улс орнууд өөрийн хүчээр зогсоон барих боломжгүй юм. Жишээ нь, 2022 оны зургаадугаар сарын 1-нээс долоодугаар сарын 4-ний хооронд хийсэн судалгаагаар, Турк улсад халдварын тоо 15 дахин ихэссэн боловч эдгэрэлтийн тоо өмнөхтэй харьцуулахад 10 дахин ихэссэн, харин нийт үхлийн тоо 99088 буюу тавдугаар сараас өмнөх тоон үзүүлэлттэй адил байсан байна. Хэдийгээр Альфа, Дельтагаас хамаагүй хөнгөн хэлбэрээр явж байгаа ч халдвар авсан тохиолдолд "Пост Ковид" буюу үргэлжилсэн өвчлөл нь удааширч байна.

Дэлхий даяар "Ковид-19" цар тахлын 500 сая гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 10 гаруй сая хүн "КОВИД-19"-ын дараах хам шинжийн нөлөөнд өртөөд байна. АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн мэдээлснээр, 4.2 их наяд гаруй ам.долларыг дээрх нөхцөл байдлаас үүссэн зардалд зарцуулаад байна. Цар тахлын улмаас хүний бие физиологи, сэтгэл зүй, амьдралын чанар, улс орны нийгэм эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлж буй урт хугацааны нөлөөллөөс урьдчилан сэргийлэх нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Харин Монгол Улсын хувьд халдварын дараах сульдлын хам шинжийн судалгааг хараахан хийгээгүй байна. Тиймээс ШУА-ийн Тархи , сэтгэл судлалын хүрээлэнгийн эрдэмтэд Улаанбаатар хотын хүн амын дундах "Ковид-19-ын дараах Сульдлын Хам Шинжийн тархалт, эмнэлзүйн хэв шинж, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлохоор зорьж байна.

Архаг, дахилтат байдлаар сульдах, биеийн эсвэл оюуны ачааллын дараа сульдах, өвдөлт, танин мэдэхүй, ой санамжийн үйл ажиллагааны бууралт, нойрны өөрчлөлт зэрэг шинж тэмдгээр илэрдэг биеийн өвчнийг 1995 онд Fukuda нар сульдлын хам шинж гэж тодорхойлсон байдаг. Харин дээрх шинж тэмдэг коронавирусийн халдварын дараа зургаан сараас дээш хугацаагаар илрэхийг "КОВИД-19-ЫН ДАРААХ СУЛЬДЛЫН ХАМ ШИНЖ" гээд өвчний олон улсын аравдугаар ангиллын дагуу G93.3 гэж кодлогддог бие даасан өвчин гэж авч үзэж байна. Судалгаанаас харахад 10 сая гаруй хүн "Ковид-19"-ийн дараах ямар нэгэн нөлөөнд өртөж, ялангуяа ой санамж эрс буурч байгаа үзэгдэл нэлээдгүй гарч байна. Зөвхөн Pubmed мэдээллийн сангаас Ковидын дараах сульдлын хам шинжийн талаар 2021 оноос хойш хэвлэсэн бүтээлийн тоо 1600 байгаа нь чухал асуудал болохыг нотолж байна.

Монгол Улсын хэмжээнд Ковидын дараах сульдлын хам шинжийн тархалтыг тогтоож, нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох асуумжийн болон багажийн шинжилгээний аргаар Ковидын дараах сульдлын хам шинжийг илрүүлэх, оношлох удирдамж, эмчилгээний зөвлөмж боловсруулахыг манай судлаачид зорьж байна. Мэдээж судалгааны үр дүнг олон улсын магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн сэтгүүлд (Scopus, Web of Science, Pub med) хэвлэн нийтлүүлэх. КДСХШ-ийн тархалт, нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийн талаар үндэсний хэмжээний дататай болох, бусад улс оронтой харьцуулах, туршлага солилцох, судалгаанаас гарсан үр дүнд үндэслэн хүн амын онцлогт тохирсон оношилгооны удирдамж, эмчилгээний зөвлөмж боловсруулснаар эрүүл мэндтэй холбоотой хүн амын амьдралын чанарыг нэмэгдүүлэх, эдийн засгийн үргүй зардлыг багасгах боломжтой гэж үзэж байгаа юм. “Ядаргаа, сульдал нь биднийг тэнэг болгодог. Ур чадвар, шүүмжлэлт зан чанар, бүтээлч байдлыг бүгдийг сохолдог” гэж хэлсэн байдаг. Тиймээс хүн бүр хариуцлагаа өндөржүүлж, маскаа дахин зүүцгээе" хэмээн уриаллаа.

Тангадын Галсан: Оффшорыг “Овт шаар” хэмээн монголчилбол яг ононо
Тангадын Галсан: Оффшорыг “Овт шаар” хэмээн монголчилбол яг ононо
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.