“Самар зардаг Зулаа охин”-ы аав Д.Батжаргал сэтгэлээ уудаллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 21 секунд
“Самар зардаг Зулаа охин”-ы аав Д.Батжаргал сэтгэлээ уудаллаа

“Самар зардаг Зулаа охин”-ы аав Д.Батжаргал сэтгэлээ уудаллаа

1443158518_12030686_910269472395337_396849753_n

Самар зардаг “Зулаа охин” өнөөдөр Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн сурагч болж, эрдэм, номондоо шамдан суралцаж байна. Уг нь Зулаа охины жинхэнэ нэр Б.Лхагвадулам. Гэвч “тэр өдөр” хамаатныхаа эгчийн нэрээр өөрийгөө танилцуулсан тухай ярилаа. Өнөөдөр манай редакцад Зулаа охин аав, ээж, дүүтэйгээ ирсэн юм.

Зулаан охины аавыг Д.Батжаргал, ээжийг нь Ш.Очмаа, дүүг нь Б.Мичидмаа гэдэг. Тэд ам бүл дөрвүүлээ чемодантай хувцсаа аваад өнгөрөгч хавар Улаанбаатар хотод нүүж иржээ. Одоогоор Д.Батжаргал Баянзүрх дүүргийн “42 дугаар байр”-ны гражийн жижүүр хийж, эхнэр Ш.Очмаа нь орц цэвэрлэж амьдарч байна. Тэд багаасаа мал дээр гарсан учраас уншиж, бичихдээ тааруухан. “Дунд боловсрол ч эзэмшээгүй болохоор ажил олдохгүй, хэцүү л байна. Түүнээс би ажлыг голохгүй” хэмээн Д.Батжаргал ярьж байна.
Тэрээр Улаанбаатар хотод ирээд барилгын туслах хийж байгаад саяхнаас “42 дугаар байр”-ны гражийн жижүүрээр ажиллах болсон байна. Жижүүрийн цалин амьдралд хүрэлцэхгүй. Тиймээс энэ намар самаранд явж. Харин эхнэр хүүхэд маань авч ирсэн самарыг нь борлуулж байсан тухай хуучиллаа.

– Д.Батжаргал ахаа та аль нутгийн хүн бэ. Яагаад Улаанбаатар хотыг зорих болов?
– Эхнэр бид хоёр Булган аймгийн Бугат сумынх. Багаасаа л мал маллаж өссөн. Гэхдээ суманд амьдрахад үнэхээр хэцүү болсон. Бид хоёр мал гээд байх юм байхгүй. Тиймээс ажил олж хийхээр Улаанбаатар хотод ирсэн юм.
– Мэргэжил, боловсрол юу билээ?
-Мэргэжил байхгүй. Боловсрол эзэмшээгүй. Гэхдээ юу ч хамаагүй хийнэ. Ажлыг бол голохгүй.
– Улаанбаатар хотод мэргэжилгүй битгий хэл их, дээд сургууль төгссөн хүн ч ажил олж хийхэд бэрх байна шүү дээ. Яагаад боловсрол эзэмшээгүй юм бэ?
– Тухайн үед мал л малладаг байсан. Би гуравдугаар ангиа төгсөөд л дахиж сургуульд яваагүй. Манай хүн ч ялгаагүй.
– Мэргэжилгүй байдаг. Тэгээд цаашид яаж амьдарна гэж бодож байна?
– Харьяалалгүй болохоор их хэцүү юм. Түүнээс ажил хийгээд байвал амьдарч болох л байх. Харин сайн хүмүүстээ тааралдаж, биднийг дэмжиж тусалж байгаад баярлаж байна. Хотод хөдөөг бодвол ажил олдоод байх юм. Ажилтай байж байж л энэ гурвыгаа тэжээнэ шүү дээ.
– Харьяалалгүй гэх юм. Нутгаасаа гарахдаа шилжүүлэг хийгээгүй хэрэг үү?
– Би энэ намар явж эхнэрийнхээ шилжүүлгийг хийсэн. Тэгээд хүүхдээ сургуульд оруулах гэсэн ерөөсөө бүтэхгүй байсан. Элдэв тодорхойлолт бичиг цаас авч ир гээд боддоггүй. Ядаж байхад ажил төрөл ч үгүй, оршин суугаа тодорхой хаяггүй болохоор хэн тодорхойлолт бичиж өгөх вэ дээ. Тэгээд л охиноо сургуульд оруулж чадаагүй юм.
– Одоо охин нь сургуульд орчихлоо. Хэр байна?
– Сайхан байна аа. Манай охин ч “гоё байна” гэж ярьдаг. Гэхдээ их юм нэхэх юм. Мөнгө төгрөг их л хэрэг болох шинжтэй. Жижүүрийн цалин ч хүрэлцэхгүй л болоод байна. Дэвтэр, бал, хичээлийн хэрэглэл гээд л хэрэгцээтэй зүйл их л гарч ирж байна.

1443158721_12032566_910288709060080_647056308_n

 

– Сайн санаат хүмүүсийн буянд охин нь сургуульд орчихлоо. Цаашид та бүгдийн шилжүүлгийг хийх, орон гэртэй, ажилтай болгох тухай яригдаж байна. Эдгээр хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?
– Маш их баяртай байна. Ээж нь түр гэрүүгээ явсан хооронд манай охин самраа зарж байхдаа Ц.Мөнхбаатар ахтай тааралдсан юм байна лээ. Тэгээд ээжийгээ ирэхэд нь нэг ах надад ундаа, чихэр авч өгсөн гээд сууж байсан гэсэн. Би тэр үед хөдөө самарт явчихсан байсан. Ирсэн чинь охин маань сургуульд орчихсон байсан. Олон хүмүүс туслаж байгаа. н.Лхагвасүрэн эгчид маш их баярладаг. Ц.Мөнхбаатар ахад ч бас баярлаж явдаг. Мөн танай ажлын хамт олонд ч баярлаж явдагаа хэлж, ажлын амжилт хүсмээр байна. Цаашид орон гэртээ, ажил төрөлтэй болчихвол “хүн шиг” амьдарна. Энэ бүх тусалсан хүмүүсийнхээ итгэлийг алдахгүй гэр бүлээ сайн авч явах болно.
– Уучлаарай. Д.Батжаргалаа ахаа та эр хүн байна. Архи уух үе байна биз.
– Би архи огт хэрэглэдэггүй. Тэгээд ч энэ хотод таниж мэдэх хүн байхгүй хэнтэйгээ ч  нийлж дарвих билээ. Энэ асуудал дээр бардам ам гарч чадна шүү.
– Улаанбаатар хотод ах дүү, хамаатан садан байхгүй юм уу?
– Манай ээжийн ах байдаг гэсэн. Гэхдээ хаана байдгийг нь сайн мэдэхгүй. Манай эхнэрийн ах байгаа. Тусдаа амьдралтай хүмүүст бид дөрөв хүндрэл учруулахыг хүсдэггүй юм.

Д.Батжаргал ахтай ийн ярилцлаа. Амьдрахын төлөө тэмцэж байна. Гэвч мэдлэг, боловсролгүй бол “хол алхаж болохгүй” болсон энэ нийгэмд тэр яалт ч үгүй гадуурхагдсаар. Уг нь байдаг бол хийчихмээр, чаддагсан бол сайхан амьдарчихмаар хэмээн тэд ярьсаар. Д.Батжаргалтай адил олон гэр бүл сумын тарчиг амьдралаас чемодантай хувцсаа аван хотыг зорьж байна. Тэд энд ирээд юу ч хамаагүй хийнэ. Түүгээр амьдралаа залгуулна. Ямаршуу нөхцөлд амьдарч байгааг нь хэн ч мэдэхгүй. Харин сайн санаат хүмүүстэй тааралдаж, Д.Батжаргалын гэр бүл амьдрах итгэлийг олж авлаа. Нүүрэндээ инээмсгэлэл тодруулсаар дараа ирнэ ээ хэмээн хэлээд гарч явцгаалаа.

1443158547_12048455_910269452395339_2056245099_n

Монголчууд бид нэг нэгэндээ туслаж, сэтгэлийн дэм хайрлаж чаддаг ард түмэн. Цаашид л олон Монголчууд амьдрах итгэл авч, сайхан ирээдүй ирнэ гэж найдаж байна.
Уг нь Булганчуудыг сайхан амьдруулна хэмээн сонгогдсон эрхэм гишүүд төрийн ордон бий. Гэвч сайхан амлалт өгдөг нь бус жирийн ард иргэд л бие биенээ түшиж дэмжиж, урам хайрлаж байна.

А.Аюуш

Ugluu-logo

“Найрсаг улаанбаатар” нисэх буудлаас эхэлнэ
“Найрсаг улаанбаатар” нисэх буудлаас эхэлнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.