Зүсээ хувиргасан хориг" батлагдвал дараах хүмүүс өршөөгдөнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
13 минут 1 секунд
Зүсээ хувиргасан хориг“ батлагдвал дараах хүмүүс өршөөгдөнө

Зүсээ хувиргасан хориг“ батлагдвал дараах хүмүүс өршөөгдөнө

Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсан. Харин хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тал дээр учир дутагдалтай ажиллаж байна. Тодруулбал, Ц.Оюунбаатар Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажлаа маш муу хийж байгаа. Тэд өршөөлийн хуулийн зүсийг хувилгаад эргүүлэн оруулж ирэх гэж байгаа талаар гишүүд болон хуульчид хэлж байна. УИХ дахь намын бүлгүүд хоригийг хүлээж авлаа гэж нүүрэн дээрээ ярьчихаад хөшигний цаана эсрэг зүйл хийж сууна. Зарим нэг нь бүр даргаа өршөөлгөхөөр улайран зүлтгэж буй нь нүдэнд илхэн.

Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг байнгын хороон дээр найман гишүүн эсэргүүцсэн. Тэдний 6 нь хоригийг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт багтсан.

Эсрэг санал өгсөн найман гишүүн:  1. Б.Бат-Эрдэнэ

                                                           2. Ө.Энхтүвшин

                                                           3. Р.Гончигдорж

                                                           4. Ц.Оюунгэрэл

                                                           5. Д.Ганбат

                                                           6. З.Баянсэлэнгэ

                                                           7. О.Баасанхүү

                                                           8. Л.Болд

Өнгөрсөн долоо хоногт Өршөөлийн хуулийг хэлэлцэхэд МАН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа энэ долоо хоногт дуусах учиртай.

 Өршөөлийн хууль батлагдсан нь олон аав ээжийн элгийг дэвтээж, олон залууг зөв амьдрал руу чиглүүлж байгаа ч албан тушаалын хэргийг өршөөн хэлтрүүлсэн нь зөв сонголт байсангүй. Тухайлбал, төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтны албан тушаалын эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх гэмт хэргүүд өршөөлд хамрагдахаар төсөлд тусгагдсан байна. Ингэснээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа, түдгэлзсэн, прокурор, шүүхийн байгууллагад шилжүүлсэн 75 хэрэг өршөөлийн хуульд хамрагдах юм. Энэхүү 75 хэрэгт 144 хүн холбогдсон бөгөөд тэд улсад нийт 32 тэрбум 415 сая төгрөгийн хохирол учруулжээ. Тиймээс Ерөнхийлөгч уг хууль хориг тавьсан юм. Тавьсан хоригийг ч УИХ хүлээж авсан. Харин Өршөөлийн өршөөлийн хуульд хамрагдаж албан тушаалын болон авилгын хэрэгт холбогдсон  бараан түүхээ баллуурдахаар олон ч хүн хичээл зүтгэл гаргаж байна.

Ингээд Өршөөлийн хуульд тавьсан хоригийг ажлын хэсгийнхэн яг одооны саналаараа УИХ-д хэлэлцүүлэн батлуулвал дараах хүмүүс өршөөгдөнө. Учир нь хоригийн зүсгийг хувиргаж, өнгөлөн далдлалт хийгээд УИХ-д буцааж оруулж ирсэн хэрэг. Харин Ерөнхийлөгч ийм зүйл болвол дахин хориг тавьж магадгүй юм.

УИХ-ын гишүүн Л.Болдын хэргийг хэрэгсэхгүй болгоно

УИХ-ын гишүүн Л.Болдыг 2013 онд АТГ-аас шалгаж байсан ч УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй учир хэргийг нь түр түдгэлзүүлээд байсан. Түүнийг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж онц их хэмжээний хохирол учруулж, үрэгдүүлсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар буруутган шалгаж байгаад түдгэлзүүлж байжээ. Гэвч ийнхүү өршөөлийн хууль батлагдсанаар УИХ-ын гишүүн Л.Болдод холбогдох хэрэг хэрэгсэхгүй болох нь. 

Улсад 2.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх Б.Шинэбаатарын хэрэг өршөөлийн хуульд хамрагдана

АТГ-т түдгэлзүүлээд байсан Эдийн засаг хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарын хэрэг мөн өршөөлийн хуульд хамрагдахаар болжээ. Түүнийг албан тушаалын байдлаа хэтрүүлэн ҮАБЗ-ийн зөвлөмжийг зөрчин “Гудамж” төслөөс мөнгө зарцуулсан. Улмаар улсад 2.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн шалгаж байжээ. Гэвч түүний хэрэг ч мөн хэрэгсэхгүй болж, улс хохироод үлдэх нь.

 Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх хэргээс мултарна

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг улсад 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр 4.6 жилийн ял авсан. Тодруулбал, түүнийг “Шинэчлэлийн Засгийн газар”-аас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 13 тэрбум төгрөг завшсан хэмээн АТГ-аас мэдэгдэж байсан юм. Л.Гансүх нарт холбогдох хэрэг Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байгаа юм байна. Ингэснээр Л.Гансүх нарт холбогдох 13 тэрбум төгрөгийн хэрэгт буруутгагдсан Л.Гансүх эрх чөлөөт иргэн болох аж. Гэхдээ Л.Гансүх өөрөө шүүх хурлын үеэр би ял авсан тохиолдолд Өршөөлийн хуульд хамрагдахыг хүсэхгүй байна гэсэн юм.

“Хүргэн хүү” Г.Дэнзэн өршөөгдөнө

ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэставантолгой” ХХК-ийн ТУЗ-ын дарга асан Г.Дэнзэнг АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн зааснаар шалгаж байгаа. Тэгвэл түүний хэрэг Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа аж. Энэ тухай Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням “Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэг нь хүндэвтэр хэрэг учраас Өршөөлийн хуульд хамрагдана. Зөвхөн Г.Дэнзэн нарт холбогдох хэрэг гэлтгүй олон нийтийн анхаарлыг татсан, олны танил албан тушаалтан нарын холбогдсон хэргүүд мөн хамрагдахаар байна” гэж тайлбарлажээ. Тэгэхээр хорих ангид өлсгөлөн зарлаж, биеийн байдал нь муудаад байгаа Г.Дэнзэн тун удахгүй суллагдах нь.

Ажлаа өгсөн ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж өршөөгдөнө

Өнгөрсөн зургадугаар сарын эхээр ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдоржийг АТГ-аас шалгаж эхэлсэн. Түүнийг ЭХТА-ийн 263.2, 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэсэн зүйл ангиар шалгаж байсан билээ. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ял сонсох байсан юм. Тэрбээр АТГ-т шалгагдсан даруйдаа ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл Б.Пүрэвдоржийн хэрэг өршөөлийн хуульд хамрагдаж байгаа аж. Ингэснээр гэм буруутайгаа тогтоолгоогүй Б.Пүрэвдоржид холбогдох хэрэгсэхгүй болох нь.

Төрийн нууцтай холбоотой “том хэрэг” аврагдана

Төрийн нууцтай холбоотой хэрэг ийнхүү өршөөлийн хуульд хамрагдаж хэрэгсэхгүй болох нь. Тодруулбал, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Д.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Б.Батбаярын хүү, “МоХөТэ” компанийн захирал Б.Баттулга тэргүүтэй БХЯ, ГХЯ-ны албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм. Тэднийг Зэвсэгт хүчний алба хаагчдад зориулж Монгол цэргийн музейн зүүн талд барьж буй арван давхар, дөрвөн орон сууцны санхүүжилттэй холбоотой асуудалд албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн гэж хилээр гарахыг нь хориглон шалгаж байсан юм. Гэвч ийнхүү дуншиж дуншсаны эцэст тэдний хэрэг ийнхүү өршөөгдөж байна.

Улсын хөрөнгөнөөс завшсан гэх Г.Сэрээнэндоржийн хэрэг хэрэгсэхгүй болно

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Сэрээнэндорж АТГ-т шалгагдаж байгаа ч түүнийг хэрэг хэрэгсэхгүй болох нь. Г.Сэрээнэндоржийг шинэ зүтгүүр худалдаж авахаар гэрээ байгуулж, 800 мянга гаруй ам.доллар шилжүүлсэн ч авсан зүтгүүр нь 400 гаруй мянган  ам.долларын үнэтэй, хуучин зүтгүүр байсан хэмээн буруутган шалгаж байгаа. Түүнд ЭХТА-ийн 266.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 5 жилийн хорих ялаар шийтгүүлэх байсан ч тэрбээр аврагдлаа. Түүний хэрэг өршөөлийн хуульд хамрагдах юм.

Н.Энхбаяр, Т.Дашдэлэг, С.Батмөнх нар ялгүйд тооцогдож байна

Өршөөлийн хууль батлагдсанаар ял эдлээд суллагдсан ч ялгүйд тооцогдох 205 албан тушаалтан байна. Тодруулбал, өмнө нь ял эдэлж байгаагүйд тооцогдож, намтар нь цэвэрших юм. Ингэснээр тэдний төрийн албанд ажиллах, сонгуульд өрсөлдөх бүрэн эрх нь нээгдэнэ. Үүнд, ял эдэлж байгаад суллагдсан нэр бүхий албан тушаалтнуудаас МАХН-ын дарга Н.Энхбаяр, генерал Т.Дашдэлэг, ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх нар хамрагдаж байна. Тэдэнд гурван шатны шүүхээс ял оноож, зарим нь суллагдаж, зарим нь ялаа эдэлж байгаа ч ийнхүү өршөөлийн хуульд хамрагдаж, ялгүйд тооцогдоно.

АМГ-ын дарга асан Д.Батхуяг суллагдана

Авлигын хэргээр ял сонсож хорих 421 дүгээр ангид ял эдэлж буй АМГ-ын дарга асан Д.Батхуяг Өршөөлийн хуулиар суллагдах юм байна. Түүнийг өнгөрсөн долоо хоногт суллагдсан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ч суллагдах хугацаа нь болоогүй байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Харин өчигдөр батлагдсан Өршөөлийн хуулиар суллагдах боломжтой болсон байна. Тодруулбал, гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас гурван жилийг өршөөн хасахаар энэ хуулийн төсөлд тусгасан байна. Тэгэхээр Д.Батхуягийн хувьд энэхүү заалтад хамрагдаж байгаа юм. Д.Батхуягийг хууль бусаар 106 лицензийн зөвшөөрлийг олгосон хэрэгт буруутгаж яллаж байв.

“Цэвэр агаар сан”-гийн Н.Хүрэлсүх суллагдана

АТГ-аас тайлбарласан “Энэ онд болон өнгөрсөн онд шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдэж албан тушаалын гэмт хэрэгт ял эдэлж байгаа Цэвэр агаар сангийн, Татварын албан тушаалтан нарын гэх мэт нийгэмд дуулиан тарьсан хэргийн холбогдогчид ч Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдана” гэсний дагуу гурван шатны шүүхээс 7 жилийн хорих ял сонсон ялаа эдэлж буй “Цэвэр агаар сан”-гийн Н.Хүрэлсүх ч Өршөөлийн хуулиар суллагдахаар болжээ. Түүнийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад төрөөс төсөвлөсөн мөнгийг хууль бус аргаар хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр буруутган яллаж байсан юм.

Г.Лхагва

Zaluu.com

Дуучин С.Сэрчмаа: Анх хуримаа хийж байсан тэр үе дээрээ эргээд очих юмсан...
Дуучин С.Сэрчмаа: Анх хуримаа хийж байсан тэр үе дээрээ эргээд очих юмсан...
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.