Их түгжрэл эхэллээ, хот бэлэн үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 54 секунд
Их түгжрэл эхэллээ, хот бэлэн үү?

Их түгжрэл эхэллээ, хот бэлэн үү?

Хичээлийн шинэ жилийг угтсан хөдөлгөөн Улаанбаатарт хэдийнэ эхэлжээ. Ажлын өдрүүд гэлтгүй амралтын өдрүүдэд ч яг л сургууль, цэцэрлэг хичээллэдэг үетэй адилхан замын хөдөлгөөн ачаалалтай байна.

Шинэ хичээлийн жилийг угтаж хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгсэл, хувцас хунар нэг дор худалдаалж байгаа газар сурагласан эцэг эхчүүд олон байна. Нарантуул, Хархорин, Бөмбөгөр зэрэг томоохон худалдааны төвүүдэд аль хэдийнэ хөл хөдөлгөөн ихэсчээ. Хархорин худалдааны төвийн хичээлийн хэрэгслийн тасгуудаар үйлчлүүлэгч тасрахгүй байна. Ялангуяа бага анги, тэр дундаа нэгдүгээр ангийн хүүхдийн хичээлийн хэрэгсэл худалдан авч буй аав ээжүүд олон байна. Дүрэмт хувцасны тасгууд ч үйлчлүүлэгч олонтой харагдана. Мөн л бага ангийн хүүхдүүдээ дагуулсан эцэг эхчүүд дүрэмт хувцсыг нь өмсгөж үзэн худалдан авч байна.

“Хархорин”-ыг бодоход “Нарантуул” худалдааны төв талбай томтой учраас хүмүүс шахцалдаж харагдахгүй ч бас л хөл хөдөлгөөн ихэсчээ. “Наймдугаар сар гараад л хүмүүс ихэсчихлээ. Ер нь энэ зун хөл хөдөлгөөн тасарсангүй. Мэдээж орон нутгийн иргэд хүүхдийн хичээлийн хэрэгсэл, хувцас бэлдэж яваа нь олон байна. 20-д гараад ирэхээр бүр ч нэмэгдэнэ. Хүн зөрөх зайгүй л болчихдог шүү дээ” хэмээн хүүхдийн хувцасны тасгийн худалдагч бүсгүй ярилаа. Үнэхээр л энэ зуны хувьд нийслэлийн хөл хөдөлгөөн тасарсангүй.

Ялангуяа есдүгээр сарын 1-н ойртох тусам зах худалдааны төвүүд рүү чиглэсэн замын ачаалал өнөөдрийнхөөс эрс нэмэгдэнэ. Тиймээс хичээлийн шинэ жилийг угтаж замын хөдөлгөөний ачааллыг бууруулах тал дээр ямар зохион байгуулалт хийж байгаа бол гэх асуултыг нийслэлчүүд нэгэндээ тавьж буй.

Есдүгээр сарын1-нд ЕБС, цэцэрлэг, 3-нд их дээд сургуулиуд нээлтээ хийнэ

Замын хөдөлгөөний ачаалал есдүгээр сарын 1-нд оргил цэгтээ хүрдэг.

Тиймээс боловсролын байгууллагууд хичээлийн шинэ жилийн нээлтийг замын ачааллыг бууруулж, ямар зохион байгуулалт хийж байгаа талаар БШУЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Боловсролын ерөнхий хуулиар ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэг есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлт хийхээр хуульчилсан байдаг. Тиймээс хуулийн дагуу есдүгээр сарын 1-ндээ нээлтээ хийнэ” гэлээ. Харин их дээд сургуулиудын хувьд хичээлийн шинэ жил есдүгээр сарын 3-ны өдөр болох гэнэ. Замын хөдөлгөөний ачаалалтай холбогдуулж төвийн сургуулиуд болох МУБИС, МУИС, ШУТИС, АШУҮИС зэрэг сургуулиудын хичээлийн цагт өөрчлөлт оруулсныг БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир онцлов. Зарим их дээд сургуулийн хичээл ч эхэлж байгаа аж. Харин МСҮТ-үүдийн хувьд есдүгээр сарын 1-нд хичээлийн нээлтээ хийх бөгөөд ингэхдээ ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нээлтийн цагийг зөрүүлэх төлөвлөгөөтэй байгааг албаны хүн дуулгав.

Замын ачаалал өнгөрсөн жилүүдийн мөн үеэс нэмэгдсэн гэлээ

Сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтийн хувьд өмнөх жилүүдэд ч ийм маягаар зохицуулалт хийгдэж ирсэн. Гэвч замын хөдөлгөөний ачаалал онцгой гойд буурч байсангүй. Есдүгээр сарын 1-нд нийслэлчүүд бараг тэг зогсолт зарлах нь холгүй түгжирцгээдэг. Тэр айхавтар түгжрэлийн эхлэл өнөөдөр ч тавигдчихсан байгааг зам дээрээс

бид харж байна.

Замын хөдөлгөөн хариуцсан албаныхан энэ тал дээр хэрхэн анхаарч байгаа талаар тодрууллаа. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг “Хичээлийн шинэ жилтэй холбогдуулаад долоо хоногт нэг удаа дугаарын хязгаарлалт хийж байгаад өөрчлөлт оруулах тооцоололтой байна. Гэхдээ одоогоор эцэслэгдээгүй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Дугаарын хязгаарлалтыг өөрчилж, наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын дунд хүртэл тодорхой зохицуулалт оруулахаар урьчилсан байдлаар төлөвлөж байгаа" гэж мэдээлсэн. Харин өнөөдөр хичээл сургуулийн бэлтгэл хийхтэй холбоотойгоор үүссэн замын хөдөлгөөнд ямар нэгэн зохицуулалт, шийдвэр гараагүй гэсэн үг.

Энэ тухай замын хөдөлгөөний удирдлагын төвтэй холбогдлоо. Албаны хүмүүс ихэвчлэн амралтын байдалтай байгаа гэнэ. Хотын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн эсэх талаар тодруулахад “Оргил үетэй харьцуулахад арай бага байна. Гэхдээ өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад ачаалал нэмэгдсэн байдалтай байна. Ирэх долоо хоногоос хичээлийн шинэ жилтэй холбоотой зохицуулалтууд эхлэх болов уу. Одоогоор гарсан шийдвэр, зохицуулалт байхгүй” хэмээн тус төвийн мэргэжилтэн ярилаа.

Замын бүтээн байгуулалт нийслэл хотод 13 байршилд авто зам, замын байгууламжуудыг өргөтгөн, шинэчлэх ажил хийгдэж эхэлжээ. Энэ тухай НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс “Авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд 13 байршилд, Улаанбаатар хотын хэвтээ чиглэлд зургаан эгнээ замыг ирэх оны зургадугаар сард ашиглалтад оруулна. Энэ жил шороо, далан овоолгын ажлыг 70 хувьтай хийж дуусгах ёстой. Хучилтын ажлыг ирэх онд хийж дуусгахаар төлөвлөж байна. 13 байршилд авто зам, замын байгууламжийг өргөтгөн, шинэчилснээр замын сүлжээ 17.8 хувиар нэмэгдэнэ” гэлээ. Энэ мэдээллээр бол энэ хичээлийн жилд гол замуудын ачааллыг бууруулсан шинэ бүтээн байгуулалт тун хангалтгүй харагдаж байна. Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох зургаан эгнээтэй авто зам баригдаж буй. Энэ замыг ашиглалтад оруулснаар Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна гэж тооцоолж байгаа ч ирэх оны зургадугаар сард ашиглалтад орох товтой гэнэ. Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд өдөрт 990 орчим автобус үйлчилгээнд явдаг байсныг 1200 болгон нэмэгдүүлнэ. Нийтийн тээврээр өдөрт 500 мянга орчим иргэн зорчиж байгаа бөгөөд үүнийг 700 мянга болгохоор төлөвлөсөн. Энэ хүрээнд шинээр нийтийн тээврийн чиглэл нэмж, мөн богино эргэлтийг бий болгохоос гадна автобусуудыг бүрэн шинэчилж байгаа гэж Хотын захиргаа мэдээлж байна.

Хэдий тийм ч бодит байдал дээр замын хөдөлгөөнд өөрчлөлт орсон шинэ зохицуулалт алга. Үүнийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн ч баталж байна. Харин ч эсрэгээрээ өмнөх жилүүдээс илүү ачаалалтай байгаа гэдэг нь ноцтой тайлбар юм. Авто замын түгжрэл, зохион байгуулалт хариуцсан албадын өнөөдрийн дүр зураг, төлөвлөгөөгөөр бол хичээлийн шинэ жил эхлэх хүртэл нийслэлийн авто замын ачаалал эрс нэмэгдэж, есдүгээр сарын 1-нд тэг зогсолт ч зарлаж мэдэх бололтой.

ГЭМТ ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БАЙГАА НЭР ДЭВШИГЧИД ХЭН НЬ ХЭН БЭ?
ГЭМТ ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БАЙГАА НЭР ДЭВШИГЧИД ХЭН НЬ ХЭН БЭ?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.