МУГЖ С.Батсүх: Тэртээ тэргүй би өөрөө МӨНГӨ юм чинь тэгж их шаналаад явах утгагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
18 минут 7 секунд
МУГЖ С.Батсүх: Тэртээ тэргүй би өөрөө МӨНГӨ юм чинь тэгж их шаналаад явах утгагүй

МУГЖ С.Батсүх: Тэртээ тэргүй би өөрөө МӨНГӨ юм чинь тэгж их шаналаад явах утгагүй

Урлагийн ертөнцөд Завхан нутгаараа овоглогддог Монголд Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Батсүхтэй амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа сонирхуулья. Тэрбээр ирэх сарын 03-нд “UB Palace”-ийн концертын их танхимд уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж, үзэгч сонсогчидтойгоо уулзахаар зэхэж буй юм.

-Таны сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхныг сонсоё. Юу хийж бүтээж явна даа?

-Миний 10 дахь цомог, DVD-ний хамт гарах гэж байна. Анхны цомогт маань “Дуут нуур”, “Завхан гол” зэрэг миний өөрийн уран бүтээлүүд багтсан. Бусад цомогт нь кассетны ченж, цомог борлуулдаг хүмүүст хувилж зарах эрхийг нь өгч бичүүлсэн дуунууд багтсан байгаа. Дууны сонголт, хөгжмийн найруулга зэрэгт бараг анхаараагүй. Олж өгсөн дуунуудыг нь дуулж бичүүлэх маягаар ес дэх цомог хүртэл гаргасан байдаг. Харин арав дахь цомгийн хувьд би өөрөө дуунуудаа сонгож, хувийн дуу бичлэгийн студидээ бичүүлж байгаа учир миний цэвэр уран бүтээл гэсэн үг. Мөн шилдэг дуунуудаараа DVD гаргах санаатай явна. Уран бүтээлч хүн болоод бараг анх удаа сонирхолтой дүрс бүхий клиптэй болох гэж байна.

-Таны байгуулсан студи ямар нэртэй билээ. “Очирваань уул” холбоо байгаа юу?

-Уг нь бол ганц Завханы бус монголын уран бүтээлчдийн нэгдсэн холбоо шүү дээ. Үйл ажиллагаа нь хэвээрээ байгаа. Харин энэ “Дуулал” студидээ өөрийнхөө дууг бичүүлэхээс гадна СУИС-ийг төгссөн авьяаслаг залуусынхаа уран бүтээлийг хийх маягаар өдрийг өнгөрөөж байна. Түүнээс биш ашиг орлого олохын төлөө байгуулаагүй. Миний хоёр дахь гэр гэсэн үг.

-Өндөр төлбөр нэхсэн студи царайчилж, уран бүтээлээ хийх гэж зүдэрч яваа дуучид олон. Таны хувьд өөрийн гэсэн студитэй болсноос гадна залуу уран бүтээлчдээ дэмжиж байгаа нь сайхан санагдлаа?

-Хэчнээн өндөр үнэтэй студид бичүүлсэн ч гэлээ, жижигхэн дуу бичлэгийн студид бичүүлснээс ялгарахгүй шүү дээ. Бүгдийг нь MP3 форматаар хувиргаж, олшруулаад л FM радиогоор цацаж байгаа учир том, жижиг гэж ялгаад хэрэггүй. Гадаадад ч гэсэн мини студид бичүүлээд явдаг юм билээ, дуучид нь. Миний хувьд, өөрийн гэсэн студитэй болохоор амар юм. Хажуугаар нь залуусаа дэмжих боломжтой. Эндээс олон дуучин төрж гарсан даа. “Би Монгол эр хүн” дуугаараа олонд танигдсан Б.Батболд студийн маань захирлаар ажилладаг байсан. Мөн дуучин н.Баяр-Эрдэнэ, “Dream life” хамтлаг, З.Түмэндэмбэрэл агсны дууг дуулж байгаа охин бий. СУИС, Хөгжим бүжгийн дээд сургууль, “Монголжингоо”, “Аллегро” гэх мэт урлагийн сургуулиудаас жилд дунджаар 100 гаруй дуучин төгсдөг юм билээ. Энэ жаахан зах зээлд ийм олон дуучин гарч ирээд “Хаачдаг юм билээ” гээд л студи хэсээд явна. Урлагийн төлөө зорьсон охид залуустаа жаахан ч гэсэн дэм болж туслах юмсан гэж хичээж байна, би. Үүнээс гадна 10, 20 жилийн өмнө уран бүтээлээ хийж байсан, байгалиас заяасан дуулах авьяастай ганц хоёр хүнийг Завханаас авчирч, цомгийг нь гаргаж өгөхөөр болсон.

-Тухайлбал?

-П.Адарсүрэн агсны дууг дуулдаг н.Батбаяр, найрагч Лхасүрэн, баян хөгжим тоглодог н.Загдрагчаа гэх мэтчилэн социализмын үед урлагийн төлөө зүтгэж явсан хүмүүст боломжийнхоо хэрээр тусалсан. “Аз жаргалыг өөрөө тэмцэж олж ав. Олж авсан аз жаргалаа түмэнд түгээгээд амьдар” гэсэн зарчим баримталдаг болохоор би бусдад тус дэм болж байгаадаа баяртай явдаг.

-Зөвхөн таны дуугаар өөрийгөө олонд таниулья гэсэн хүн олон таарч байсан биз?

-Зөндөө байна. Нэр маань багтсан нийтийн дууны тоглолтуудад би н.Машбатыгаа дуулуулчихдаг.  Надтай хамт “Дэжиймаа” дууг дуулсан шүү дээ. Түүнээс гадна Хөгжим бүжгийн коллежийг төгссөн Өвөрхангайн нэг залуу миний дууг дуулдаг.  АНУ-ын Чикаго хотод Цогоо гэдэг эмч мэргэжилтэй залуу ч байгаа. Энэ мэтчилсэн аймаг болгонд л миний хувилбарууд байдаг юм. Хамт дуулах хүсэлтэй залууст татгалзаж чаддаггүй. Дууг минь дуулья гэвэл шууд л зөвшөөрнө. Тэр сайхан дуунуудыг өөртэйгээ цуг нас баруулмааргүй байна. Тэртээ тэргүй нийтийн дуу юм чинь залуучууд дуулаг л дээ. Би бүр өөрийнхөө фонограммыг хүртэл өгчихдөг хүн байхгүй юу. Зарим хүн “Миний дууг хулгайлсан байна” гээд сүйд болж байхыг нь хараад гайхдаг. Зохиогчийн эрхийн тухай хуулийн талаар өөрийн гэсэн  ойлголттой учраас би 2-9 хүртлэх цомгуудаа ченжүүдэд зарсан. Би ямар энэ 200-300 дууг ганцаараа дуулаад яваад байлтай биш. Хүнийг дуурайж дуулна гэдэг чинь их мэдрэмж, авьяас шаардана. Надад лав өөр дуучныг дуурайж дуулах авьяас байхгүй. Нансалмаа, Цэрэнчимэд, Адарсүрэн, Банзрагч зэрэг хуучны алдартай дуучдын өнгө аяс, ааш араншин, дотоод сэтгэлийн хээ хуар, арга барилыг дуурайж дуулна гэдэг чинь гурван бадагтай шинэ дуу дуулахаас ч хэцүү бас хариуцлагатай ажил. Олон зүйлийг харж харьцуулах юмтай энэ үед үзэгчдийг цуглуулж, алга ташуулна гэдэг чинь өөрөө гайхамшиг байхгүй юу.

-Таны дуунуудыг хүү тань дуулах сонирхолтой байгаа гэж байсан. Тэр юу болов?

-Хөвсгөлд байгаа хүү маань миний хажууд өсөөгүй л дээ. Дуулахын хувьд сайн боловч дуучин болоход хэцүү. Сонирхох төдий л байгаа хэрэг.

-Холбогдох байгууллагаас нь судалгаа хийхэд олонд хүрсэн дуунуудын ихэнх хувь нь хулгайн бүтээл болж таарсан. Хоорондоо ялгарахгүй шахам адилхан дуу олон байдаг нь үнэн шүү?

-Ардын дуу ч гэсэн хоорондоо адилхан байдаг шүү дээ. Энэтхэг, Солонгост хүртэл адилхан дуунууд байдаг. Харин гадаадын дууг хэт их хуулбарлаж байгаа нь дээрхи яриаг гарахад хүргэсэн биз. Манайд адил төстэй мэт санагдах дуунууд ч цөөнгүй сонсогддог. Тэртээ тэргүй долоохон ноотон дээр хийж байгаа юм чинь аргагүй биз дээ. Үнэхээр сайн дууг үзэгчид ямар ч үед сонсох дуртай байдаг. Нөгөө талаараа, үзэгчдэд таалагдаагүй муухан дуу хүссэн хүсээгүй арчигдана. Өнгөрсөн хоёр гурван жилийн хугацаанд 1960, 1970-аад оны үеийн дуунууд шиг мажорын дуу их зохиолоо. Одоо 1990-ээд оных шиг минорын уянгалаг дуунууд зохиовол зүгээр юм шиг ээ. Хувцас загварын ертөнцөд моод эргэнэ гэдэг шиг урлагийн салбарт дууны өнгө төрх хүртэл эргэлдэж байна шүү дээ. Яахав, одоо цагт мөнгөтэй хүмүүс захиалгын дуу их хийлгэдэг болж. Тэрнээс болж уран бүтээлчдийн нэр хүнд унаж байгаа биз. Дууны шүлэг бичиж, хөгжим зохионо гэдэг тийм амархан биш шүү дээ.

-Та захиалгын дуунууд хэр их дуулсан бол?

-Миний ихэнх дуу захиалгын шинжтэй. Бүгдээрээ л хит болсон байдаг. Анхны цомгийн дуунууд хит болж, тухайн үед миний амнаас гарсан хий болгон хүмүүст хүрч байсан гэхэд хилсдэхгүй. “Гоёлоо өмссөн ээж”, “Бүүвэй ээж” гэх мэтийн дуунуудыг хүмүүсийн гуйлтаар л дуулж байсан шүү дээ. Би тэгж их мөнгө төгрөг авч гүйгээд байсан юм байхгүй. Одоо бол яг өөрт таалагдсан дуугаа л дуулж байна. Бусдыг нь н.Машбатаараа дуулуулдаг. Авьяаслаг залуус зөндөө байхад би юм болгонд үсэрч ороод хэрэггүй биз. Тоглолт, арга хэмжээнд хүртэл гайгүйхэн шиг үнэлсэн газарт нь очно уу гэхээс биш тэр бүр явахгүй.

-Уран бүтээлээсээ олсон орлогоор амьдарч чадаж байна уу, та?

-Тийм ээ, өнөөдрийнхөө олсныг маргааш нь хэрэглээд л дуусч байна. Цомгийн борлуулалтаас хувь хүртэнэ ээ, бас. Мөнгөө үрж ядсан баячууд нь хараад “Иш, чааваас даа. Энэ ингэж амьдрах ч гэж дээ” гээд өрөвддөг байж магадгүй. Надад бол хангалттай санагддаг. Энд тэнд урилгаар дуулаад зөндөө л мөнгө олддог шүү дээ, бид нарт. Олсон мөнгөө байрны төлбөр, машины түлшинд зарцуулаад болж л байна. Үлдсэн хэсгийг нь хуримтлуулаад гадаад дотоодод аялж нүдээ баясгая л даа, энэ чинь. Үхэн хатан мөнгө цуглуулаад яах юм бэ. Аягүй бол сүнс хоргодчихно. Баян хүмүүс их зовдог юм биш үү.(инээв) Гэхдээ би олон түмэндээ хүндлэгдсэн учраас өөрийгөө баян гэж боддог.

-Уран бүтээлээс өөр юунд мөнгөө харамгүй зарцуулж байна вэ?

-Би мөнгө барьж явах дургүй хүн. Үргэлж л “халаас хоосон” явдаг. Гэр бүлийн хүн маань юу авч өгнө, түүнийг нь л хэрэглэнэ. Хоёр амьдрал зохиосон, үр хүүхдүүдийнхээ асуудлыг зохицуулж явдаг учраас одоо надад юу хэрэгтэй юм бэ. Өдий зэрэгтэй авч яваа хоёр хүүхдийн маань эх байна. Одоо энэ Пагма маань ч түшиж тулж байна. Тэднийхээ хэрэгцээнд таарсан мөнгийг нь олж өгчихөөд л санаа амар явна. Өөр юу хэрэгтэй гэж... Мөнгө гэдэг чинь сайхан атлаа муухай зүйл байхгүй юу. Хүнийг танигдахын аргагүй өөрчилж, эвдэж чадна. Тэртээ тэргүй би өөрөө мөнгө юм чинь тэгж их шаналаад явах утгагүй. 20 жилийн өмнө төрөөс надад гавьяат цол өгсөн ч, тэмдгээ зүүж явахыг минь харсан хүн ховор байх.

-Яагаад зүүдэггүй байсан юм бэ?

-Би одоо хүртэл Даянгийн орой дээр гарч үзээгүй. Төрийн тахилгат Бадар хундага дээр ч очоогүй. 50 гарч байж очно гэж боддог хүн. Завханчууд надад өөрсдөө гавьяатын тэмдэг зүүж өгсөн шүү дээ. Тухайн үед нь би “Гавьяатын дайтай болж байж тэмдгээ зүүе” гэж бодоод зүүгээгүй. Зургаан жилийн өмнө би Соёлын тэргүүний ажилтан боллоо. Одоо гавьяат руу дөхөж байгаа юм чинь энэ жилээс эхэлж тэмдгээ зүүнэ гэж бодож байгаа. Үүнийг минь буруугаар ойлгож болохгүй шүү. Миний баримталдаг зарчим,бодож санасан зүйл бий.

-Урлагийн ертөнцөд 30 жил боллоо гэсэн. Туулж өнгөрүүлсэн амьдралынхаа аль нэг мөчид эргэж очих боломж гарвал та ямар үеийг сонгох бол?

-Наймдугаар ангидаа очоод шөнө унталгүй суралцмаар байна. Залуу насныхаа хайран цагийг дэмий унтаж өнгөрөөжээ. Хүний нас их богинохон юмаа. Нэг мэдэхэд л 30 гараад 50 руу дөхөж явна. Завханы театрт ортлоо би өмнөө тавьсан зорилгогүй, их унтдаг байж дээ. Сайхан боловсрол эзэмшээд хийж бүтээхийн төлөө зүтгэхгүй яав гэж боддог л юм. Тиймдээ ч унтахаас өөрийг мэдэхгүй байгаа хүмүүсийг хараад өмнөөс нь харамсдаг. Хүн өөрөө л хичээвэл сайхан амьдрах боломж байна.

-Хүүхдүүддээ ч гэсэн ингэж сургадаг уу?

-Би хоёр хүүхэддээ бүр “Амьдралын зам” гээд зураг зурж өгсөн гээч. Амжилтанд хүрэхийн тулд ямар саад бэрхшээлийг туулах, аз жаргалыг холоос биш ойроос эрэх хэрэгтэйг сануулсан. Тэрнээс биш аав ээждээ найдах хэрэггүй гэж. Би өөрөө ч тийм зарчмаар явж ирсэн. Нэг хүү маань Япон руу явсан, нөгөөх нь энд сурч байгаа. Хүүхдүүддээ ямар мэргэжил эзэмшихийг нь заагаагүй. “Сэтгэлийн дуудлага чинь хаана байна, тийшээгээ л яв. Тэр цагт чинь би тусална. Сонгосон замаасаа хазайж болохгүй шүү” гэсэн дээ. Цаашаа өөрсдөө зүтгэх ёстой. Манайхны хайр дэндээд хүүхдүүддээ муу зан сургачихдаг. Одоо хамаатнууд дотор маань 40 хүрчихээд ээжийнхээ “өврөөс” гараагүй хүн ч байна. Биеэ даахад сургаж, өөрөөр нь зүтгүүлэх хэрэгтэй баймаар. Төрөөс ч гэсэн юу юугүй л гоё сайхан амьдруулчих юм шиг хоосон амлаж, хий горьдлого үүсгэж байна. Ээж аавууд хүртэл төрөөс юм горьдож суухад хүүхдүүд нь “Ээж аав байгаа юм чинь сургууль төгсгөж, хурим хийлгээд, байр авч өгөх байлгүй дээ” гээд давхар горьдоод суучихна.

-Та хүүдээ байр авч өгсөн үү?

-13 дугаар хороололд байр авч өгсөн. Бид хоёр мөрийцдөг юм л даа. “Сургуулиа тийм дүнтэй төгсвөл аав нь зүтгэж байгаад байр авч өгнө” гээд л... Бусад аавууд шиг хөндий царайлаад суудаггүй. Яг л найз шиг нь дотно байж, асуудлаа ярилцдаг.

-“Түрийвчээ нээх бүрт аавыгаа санаж байгаарай” гэж захидаг шигээ юу?

-Тийм ээ. Хүүхдүүд маань сайн ойлгодог. Би хүүхэд байхдаа ажилд махруу, хийнэ гэснээ заавал гүйцээдэг байсан болохоор аав их магтана аа. Яагаад ч юм бэ, тухайн үед бүх зүйл дээрээ “БНМАУ-ын Батсүх” гээд биччихдэг байж билээ. Дэрний уут, гар, цүнх гээд л явж өгнө. Аав маань харчихаад “Энэ хүүхэд их хол явна аа” гэж хэлдэг байж билээ. Одоо би Монгол Улсын гавьяат жүжигчин болсон. Үүнийгээ ч эртнээс зөгнөсөн юм билүү, хэн мэдэхэв.

-Атаман болоод бужигнуулж явсан түүх бий гэсэн?

-Миний атаман гэж юу байхав. Хөөрхөн жижигхэн биетэй болохоор цэргийн атаманууд намайг гоё  хувцаслаад л дуулуулна. Тэгэхээр нээрээ атаман болчихсон юм шиг хөөрч явсан үе бий. Аав маань зэмлэж “Энэ хүн болохоо болилоо” гэж байсныг нь ер мартдаггүй. Гэхдээ яахав ээ, би их азтай хүн. Монголын ард түмэн маань намайг хайрлаж хүндэлж байна. Наян хэдэн онд хаана хүрэхээ ч мэдэхгүй дуулж явсан бол, одоо харь газарт ч миний дуулсан дуунуудыг үзэгчид түрж байна.

-Аль нэг намын харьяалал бий юу?

-Байхгүй ээ. Би нам ч шүтдэггүй, лам ч шүтдэггүй. Уул ус, ээжийгээ шүтэлгүй яахав. Мэдээж хэрэг, өндөр настай лам нар ном хурж байхыг хараад сэтгэл ариусна. Харин улс төр, шашин шүтлэг гээд уйлж дуулаад явах дургүй. Урлагийн хүн улстөржих хэрэггүй шүү дээ. Оюуны бүтээлийг хэн үнэлж байна, түүнд нь урлагаа үзүүлээд л явна. Улс төрд орох хүсэлтэй дуучин байж болно. Яаж явах нь өөрсдийнх нь л асуудал.

-Нэг хэсэг жин нэмэх гээд байсан тал бий. Одоо харин гайгүй болж?

-Гэр, студи хоёрын дунд л гүйдэг ажилтай болсон. Бас өглөө бүр гэртээ гүйж байгаа. “Boney M”, “АВВА” хамтлагийн дуунуудыг сонсонгоо гүйнэ. Бараг арваад килограмм жин хассан байна лээ.

Ярилцсан Р.ЦЭЦЭГ

Эх сурвалж: PHOTONEWS.MN

 

Ц.Нямдорж: Гэр хороолол руу халуун хүйтэн ус, бохирын шугам татна гэдэг худлаа боллоо
Ц.Нямдорж: Гэр хороолол руу халуун хүйтэн ус, бохирын шугам татна гэдэг худлаа боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.