Зүгээр амьдар гээд байхад зүгээр л амьдарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
12 минут 36 секунд
Зүгээр амьдар гээд байхад зүгээр л амьдарна

Зүгээр амьдар гээд байхад зүгээр л амьдарна

Монгол Улсын төрийн тогтолцоонд томоос том гажиг байгааг судлаач, шинжээчид нэгэнт тогтоосон. Гэхдээ яаж ч чадахгүй байна. Нөгөө талаар Монгол Улс үйлдвэрлэгч орон биш бөгөөд төр нь иргэндээ нэн халамжтай. Мөн уул уурхайн асар их баялагтайгаас гадна мал сүргээр баян орон. Тиймдээ ч сүүлийн 30 жилд халамж хүртээд юм уу, авлига аваад зүгээр амьдрах сонирхол давамгайлсан ийм улс орон болж хөгжсөн гэхэд болно. Үүнийг ардчиллын гэх жилүүдэд төрийн эрхийг ээлжлэхдээ ээлжилж, хамтрахдаа хамтран барьж ирсэн МАН, АН хоёр бидэнд хөгжүүлж өгсөн. Аргагүй л ачтнууд. Төр нь “Та ажил хийж яах юм. Халамжаа ав, авлигаа ав. Зүгээр суугаад өгөөч” гээд байхад хэн ч гэсэн биеийн амрыг харна биз дээ. Сүүлдээ ямар ч хөдөлмөрч хичээнгүй иргэн төрийнхөө энэ хайр халамжид дасчих шинжтэй. Зарим нь ч нэгэнт дасаа биз. Харин үүнийхээ лайг өнөөдөр бид жинхэнэ утгаараа эдэлж суугаад л хамаг учир бий.

Зөвхөн Их Монгол Улсаас нааш бодож үзэхэд 800 гаруй жил дэлхийн талыг эзлэхдээ эзэлж, зарим үед бусдын эрхшээлд орж гээд нүүдлийн маягаар амьдарч иржээ. Ийн явахдаа торго дурдан хэрэгтэй бол уулгалан дайраад аваад ирнэ, амттан дарс хэрэгтэй бол аль амттантай орон руу дайраад л авчихна гэх мэтээр явж иржээ. Ногоо тарих ч хэрэг байгаагүй. Үлдсэн жилүүдэд нь “импорт” гэх нэрийн дор бусдаас зөөж идэж хэрэглэж ирсэн ийм л улс орон аж. Үүнээс хойш ардын хувьсгал ялахад хойд хөршийн бүрэн хараат болж, эрх биш нэрлэгдэж үлдэх хэд хэдэн үйлдвэр байгуулсныг үгүйсгэхгүй. Харин зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш эдгээр үйлдвэрүүд дампуурч, цөөн хэдэн нөхөд хувьчлал нэрээр өөрийн болгоод авсан. Үүнээс “АПУ”, “Талх чихэр” гэх мэт цөөн үйлдвэр ажиллаж, бусад нь зориулалтын бусаар ашиглагдаж байна. Түүнээс Гутлын, Шаазан баарны, Шүдэнзний, Гурил тэжээлийн, Хивсний гээд олон үйлдвэр ажиллаж байсан. Энэ үйлдвэр объектын хувь заяаг “Женко” Х.Баттулга, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, “АПУ” Г.Батхүү гэх мэт цөөн хүний гарт очсон гэдгийг ч бид мэднэ. Хоёр жилийн өмнө дэлхий нийтэд дэгдсэн цар тахал үүнээс үүдсэн хилийн хориг, өдгөө өрнөж байгаа Орос Украйны мөргөлдөөн гээд бидэнд шалтгаалах зүйл бий. Өмнөд хөрш өнөөдрийг хүртэл хил гаалиа бүрэн нээгээгүйн улмаас импортын барааны үнэ нэмэгдсэн гэдэгтэй санал нийлнэ. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өссөн, шатахуун түлшээ авдаг ОХУ-д нөхцөл байдал таагүй байгаа учраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гэдгийг ойлгоно. Учир нь бид үйлдвэрлэгч бус импортлогч орон, импортын барааны 80 гаруй хувь нь орж ирдэг бол ОХУ-аас үлдсэн хэсэг нь орж ирдэг.

Одоогийн байдлаар монголчууд бид шүдэнзээ ч үйлдвэрлэж чадахгүй байдалтай сандарч сууна. Үүнийг цар тахал, хөл хорионы цаг хугацаа ямар их сануулж өгч байгааг ч харлаа. Гэтэл бид өөрсдийгөө “Аугаа Монгол Улс” хэмээн цээжээ дэлдээд байгаа ч үнэн хэрэгтээ огтхон ч тийм биш. Магадгүй энэ дэлхий дээрх хамгийн сул дорой улсын нэгэнт болчихсон. Энэ хэрээр буурай орны улстөрчид иргэдийнхээ аманд бага ч атугай хоол хийж өгч байж өөрсдийгөө байршуулдаг замаар 30 жил явчихлаа. Одоо төр нь ч, иргэн нь ч зүгээр л амьдрах сонирхолтой болсон мэт. Иргэн нь ажил биш халамж нэхэхээр төр нь сандраад гүйдэг. Төр нь ажил биш халамж санал болгохоор иргэн нь баярлаад гүйдэг ийм жишиг тогтлоо. УИХ-ын гишүүн нь тэтгэврийн насыг нааш нь татах санал оруулна. Ард түмэн нь эрт тэтгэвэрт гаргасангүй гэж уурлана. Төрийн ордноор дүүрэн тэтгэвэр тэтгэмж, халамжийн чиглэлийн хуулийн төсөл тэнүүчилж байгаа. Магадгүй 76 гишүүний тал хувийнх нь ширээнд ийм хуулийн төсөл хэвтэж байгаа.

Санаж байгаагаар 2014 онд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Д.Батцогт, С.Бямбацогт, А.Бакей нар Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гурван хуулийн төслийг өргөн барьж байв. Үүний цаана өнөөх л тэтгэврийн насыг нааш нь татах тухай асуудал байгаа юм. Мөн 2015 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Я.Содбаатар “тэтгэврийн насыг наашлуулах тухай хуулийн төсөл хөдөө орон нутагт хамгийн хүлээлттэй байна” хэмээн байн байн ярьдаг байв. Мөн УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Т.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа нар “Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг оруулж ирж байв. Ийнхүү зүтгүүлсээр байгаад ихэнхийг нь батуулаад авсан. Шанд нь өнөөдөр УИХ-д сууж байна. Сонгогч олон нь авахын тулд төр нь өгөхийн тулд амьдарч байна. Нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмж, халамжийн чиглэлд хууль, эрх зүйн талаасаа засаж сайжруулах зүйл байлгүй яахав. Сайн ч байх ёстой.

Гагцхүү энэ бүхний цаана тэс өөр ашиг сонирхол байдгийг л хэлэх гээд байгаа хэрэг. Учир нь УИХ-ын гишүүд маань сонгогч олондоо тэтгэврийн насыг нь нааш татсан бэлэг барих гэж байгаа хэрэг. Мөнхүү тэднийг ажил хийгээд яахав гээд халамж тэтгэмж өгөх гээд байгаад л хамаг учир бий. Эрүүл тогтолцоонд ийм зүйл байдаггүй аж. Хэн ч гэсэн Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагаас тэтгэврийнх нь насыг нааш нь татаж, зүгээр мөнгө өгөх гээд байхад дургүй байх юм. Үүнээс гадна гишүүд маань халамжийн чиглэлд зөндөө хууль батлана. Уг нь бусад улс орны жишгээс харж байхад иргэд нь ч тэтгэвэрт гарах дургүй ажиллах сонирхолтой юм. Төр нь ч энэ тал дээр иргэдээ ажиллуулах сонирхолтой байдаг аж. Ямар гээч нийгэм байгуулчихаад түүнийг “аугаа” хэмээн сууна вэ.

Тэр тусмаа улс төрийн нам ялагдаад ирэхээрээ ард түмэндээ жигтэйхэн хайртай болж, хийж бүтээхийн их хүслээр жигүүрлэн байн байн хэвлэлийн хурал зарлана. Тэдний цэцэн цэлмэг, ухаантай болно ч гэж юу гэхэв. Эгэл дорд биднийгээ өрөвдөхдөө уйлан дуулна, ядуу дорой явуулж байгаа эрх баригчдаа хараан зүхнэ гээд их юм болно. Тэгээд ард түмэн юу ч дуугараагүй байхад “татвар нэмлээ” хэмээн хошуу цорвойн хэвлэлийн хурал зарлана, ээжүүд “хүүхдийн мөнгөө авна” гээгүй байхад өгсөнгүй хэмээн хэвлэлээр нэг “уйлах”, сүүлдээ “эрх баригчид хүүхдүүдээ алагчилж үзлээ” хэмээн бүр уйлаад тайвширч өгөхгүй олон л зүйл болдог байв. Энэ мэт асуудлаар хөөцөлдөөд бүтэхгүй болохоор нь “Засгийн газар юу ч хийхгүй байна, ерөөсөө Засгийн газрыг огцруулж хариуцлага тооцно” гээд л Монгол Улс даяар дөвчигнөнө.

Энэ мэтээр өдөр бүхэн л ард түмэндээ хайр зарлах авч, эрх баригчид нь ч тоохгүй, ард түмэн нь эргээд тэднийгээ өрөвдөнө. Өөрсдөө эрх барьж байхдаа ч тоож байсан өдөр үгүй гэдгээ ор тас мартана. Уг нь өдөр бүхэн сануулж уйлж байх ёстой асуудал Монгол Улсад дүүрэн байна. Нэн тэргүүнд тал талд тавьсан их өрийн асуудлыг нэг ч сөхөхгүй байгаа нь хачирхалтай. Яагаад гэхээр өөрсдөө хамтрахдаа хамтарч, дангаараа тавьсан өр ч энд хамаарах учир ерөөсөө энэ тухай уйлан дуулан ярихгүй. Тэр тусмаа “Монгол Улсад нэг ийм үйлдвэр яаралтай барих хэрэгтэй байна” хэмээн өдөр бүхэн хэвлэлийн хурал зарлаж, сонин хэвлэлээр төлбөртэй мэдээлэл тараалгаж байсан түүх байна уу. Сэтгүүлчдийг цуглуулаад, “Манай улсад нэн шаардлагатай Хөнгөн үйлдвэр барих хэрэг байна. Үнэ өртөг ч гайгүй. НӨАТ шингэсэн эцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Сэтгүүлчид та бүхэн минь нэг дэмжээд өг” хэмээн аминчлан гуйж байсан түүх байна уу гэвэл хэн ч байхгүй гэнэ. Даанч өнөөдөр ийн худлаа уйлаад өгөх ч сөрөг хүчин алга. Түүнийг нь сонсох эрх баригчид ч алга. Саяханы нэг жишээ дурдъя.

Цар тахал, хөл хорио, хил гааль, төрийн бодлого гэх мэт олон зүйлээс шалтгаалан иргэдийн амьдрал уруудсаар өнөөдөрт ирэхэд яах аргагүй нэн шинэ үеийн залуусыг талбай дээр гаргаж ирэв. Энд нэн шинэ үеийн залуус байв. Түүнээс бусад очиж байгаа нь бол зүгээр хутган үймүүлэгчид. Өөрөөр хэлбэл өнгөрөгч 30 жилийн халамж өглөгт багтаагүй. Түүнээс өөрийг хүсдэг залуус гэсэн үг. Бүр тодотговол, ерээд оны сүүл, 2000 оны эхээр төрсөн залуус бололтой. Түүнээс өмнө төрсөн нөхөд бол эрх биш энэ төрийнхөө хайр хишиг гэж юу байдгийг мэддэг болсон залуус. Үзэл бодлоо илэрхийлэгчдийн зүгээс тодорхой хэдэн шаардлага хүргүүлж, Ерөнхий сайдыг талбай дээр гарч ирэхийг шаардсан учраас Ерөнхий сайд гарч ирж, тэдний санаа бодлыг сонссон төдийгүй Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулан, хуралдааны шийдвэрийг ч танилцуулсан юм. Саяхан болж өрнөсөн үйл явдлаас ийм л үр дүн гарсан, өнөөдөртөө.

Гагцхүү ямар гээчийн нийгэм байгуулчихаад түүн дээрээ өөр зүйл яриад яваад байна вэ гэдэг асуудал зүй ёсоор хөндөгдөнө. Тэр цаг нь ч нэгэнт иржээ. Ийм гажуудсан суурин дээр ямар ч сайхан зүйл өрөх гээд нурна гэдгийг ихэс дээдсээсээ эхлээд эгэл түмэн ч мэдэх шаардлага байна.

С.Төрболд

Түмэн.мн

“Эрүүл монгол хүн” үндэсний фестиваль төв талбайд зохиогдоно
“Эрүүл монгол хүн” үндэсний фестиваль төв талбайд зохиогдоно
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.