Үндсэн хуулийн Цэцийн V дүгнэлтийг УИХ өнөөг хүртэл хүлээж авах эсэх нь эргэлзээтэй байгаагаас үүдэн Сонгуулийн тухай хуульд заасан зарим хугацааг өөрчлөх магадлал үүсчээ. Учир нь УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд энэ долоо хоногт багтаан нэр дэвшигчдээ тодруулах тухай хуульд заасан. Гэвч УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Үндсэн хуулийн Цэцийн V дүгнэлттэй холбоотойгоор завсарлага авсан. Тэрхүү хугацаа нь өнөөдөр дуусгавар болох учиртай. Гэтэл УИХ дахь АН-ын бүлгийнхэн саналаа нэгтгэсэн хэмээж байсан ч мөн л дотоод асуудал нь дээрх дүгнэлттэй холбоотойгоор дахин сэдрээд байгаа аж. Тиймээс санал авах өдрөөс 55 хоногийн өмнө нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгах хуулийн заалтыг хэрэгжүүлэн биелүүлнэ гэдэг өнөөдрийн байдлаар тун эргэлзээтэй болж байгаа хэрэг. Тодруулбал Үндсэн хуулийн V дүгнэлт нь УИХ-ын сонгуулийн жагсаалтын 28-тай шууд холбоотой учраас нэр дэвшигчдээ тодруулна гэдэг асуудлаар намуудын гишүүд нь бойкот хийж мэдэх аж. Тэр ч утгаараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Нэр дэвшүүлэх ажиллагаа эхлүүлнэ гэдэг тавдугаар сарын 5-наас эхлээд 9-нд дуусгавар болсон байхаар цаг хугацааг зааж өгсөн. Гэтэл яг энэ зохицуулалт нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй холбоотой учраас УИХ-ын сонгуулийн хувьд энэ процесс явагдахгүй болчихоод байгаа. Тэгэхээр УИХ-ын жагсаалттай холбоотой Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсан тохиолдолд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж таарна. Хугацаа нь өнгөрч байгаа учраас нам, эвслээс УИХ-д нэр дэвшүүлэх ажиллагааны цаг хугацааны графикт өөрчлөлт орж таарна” хэмээн мэдэгджээ. Эндээс харахад Үндсэн хуулийн Цэцийн V дүгнэлтээс шалтгаалаад Сонгуулийн тухай хуулийн суурь зохицуулалт хөдөлгөөнд орохоор байгаа юм. Тодруулбал Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдааны дүгнэлтэд “Сонгуулийн тухай хуулийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөнийг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж, сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцооны суурь зохицуулалт өөрчлөгдсөнтэй уялдуулан дагалдаж өөрчлөгдөх зарим заалт тусгуулж байгаа болохыг дурдсугай” гэжээ. Өөрөөр хэлбэл, 76-ын 48х28 эвдэгдэж байгаа учраас дагалдах буюу нэр дэвшүүлэх хугацаанаас эхлээд өөрчлөхөөс аргагүйд хүрэх аж. Ядахад УИХ-д суудалтай намуудын бүлгүүд ч асуудлаа шийдэж чадахгүй мэт явсаар холбогдох хуулийн заалтуудыг өөрсдийн дураар өөрчилж, шинэчлэх бололтой.
Эх сурвалж: