Х.Бадамсүрэн: Ний нуугүй хэлэхэд, эрдэнэтийн шахааг зогсоох гэж олон хүний дургүйг хүргэлээ дээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
40 минут 18 секунд
Х.Бадамсүрэн: Ний нуугүй хэлэхэд, эрдэнэтийн шахааг зогсоох гэж олон хүний дургүйг хүргэлээ дээ

Х.Бадамсүрэн: Ний нуугүй хэлэхэд, эрдэнэтийн шахааг зогсоох гэж олон хүний дургүйг хүргэлээ дээ

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ЭРДЭНЭТИЙН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ҮР ШИМ ЭНЭ ХҮНД ЦАГ ҮЕД МОНГОЛ ХҮН БҮРТ ХҮРЧ БАЙНА-

-Монголчууд холын хүнээс үг сонс гэдэг. Та ОХУ-д айлчилсан Ерөнхийлөгчийн айлчлалын багт багтсан. Айлчлалын үр дүнгийн талаар ямар сэтгэгдэлтэй байна?

-ОХУ-тай манай улс олон жил найрсаг хөршийн харилцаатай байсаар ирсэн. Энэ удаа Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлал хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг улам зузаатгах, үр ашигтай болгоход чиглэсэн айлчлал боллоо хэмээн харж байна. Тухайлбал, хоёр орны төрийн тэргүүнүүдийн ганцаарчилсан уулзалт ярилцлагын үргэлжилсэн хугацаанаас энэхүү айлчлалд ямар их ач холбогдол өгснийг харж болох байх.

ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд төмөр зам, хийн хоолой гэх мэт стратегийн олон асуудлуудыг ярилцсан. Энэ бол зөвхөн хоёр улсын хамтын ажиллагаа төдий бус бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагааны асуудал яригдаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч өмнө нь “Монгол Улс усан далайд гарцгүй ч, хүн далайд гарцтай улс” гэж хэлж байсан. Энэ удаагийн айлчлал, өмнө нь хийгдсэн айлчлалуудаас нэлээд ахиц дэвшил, үр дүнтэй айлчлал болсон. Мөн хоёр орны хамтын ажиллагааны үр дүнд өчигдөр, өнөөдөр, маргаашийг цогцоор нь харж, цаашдын хамтын ажиллагааны цар хүрээг илүү тодорхой болголоо.

-Цар тахлын хүндхэн хоёр жилийг бид туулж байна. Энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэр улсын мэдэлд 100 хувь байгаагийн ач тусыг Монголын ард түмэн бодитоор хүртэж байх шиг байна. Цахилгаан, дулааны төлбөрийг Эрдэнэт үйлдвэр бүтэн жил даалаа шүү дээ?

-Бид одоо ч энэ цаг үеийг туулж байна. Энэ үед Эрдэнэт үйлдвэрийн нийт хамт олны нуруун дээр хариуцлагатай үүрэг даалгавар ирсэн. Монгол Улсын Засгийн газар “Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг” зарчмыг баримталж, “Коронавируст халдварын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай” 211 дүгээр тогтоолоор түүхэн шийдвэр гаргасан. Энэхүү тогтоолын дагуу 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг Эрдэнэт үйлдвэрт хариуцуулахаар шийдвэрлэсэн. Энэ үүргийг Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид хамт олон бүрэн хэрэгжүүлж, 600 орчим тэрбум төгрөгийг төлсөн. Улмаар 211 дүгээр тогтоолын хэрэгжилтийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, үүнтэй холбоотой нэмэлт санхүүжилтийг Эрдэнэт үйлдвэр үргэлжлүүлэн хариуцах үүрэг өгсөн. Энэ хүрээнд Сангийн яамтай хамтран баталсан журмын дагуу бид сар бүр иргэд, аж ахуйн нэгжүүдийн хэрэглэсэн ус, цахилгаан, дулааны төлбөрийг цаг тухайд нь шилжүүлсээр ирлээ. Өнөөдрийн байдлаар нийтдээ дээрх зардалд 830 тэрбум төгрөг төлөөд байна. Засгийн газрын энэхүү тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангаж дуусгахад нийт 1.1 их наяд төгрөгийг зарцуулах тооцоо гарсан. Манай хамт олон үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасалдалгүй, хэвийн жигд явуулах, улс орны эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхийн төлөө одоо ч хичээн зүтгэцгээж байна. “Цар тахлын үед болон улс орны хэмжээнд эдийн засгийг сэргээх, өсгөх төлөвлөгөөг хэрэгжүүлэх үеийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр”-ийг батлан санхүү, мөнгөн хөрөнгийг зөв, оновчтой удирдаж, орлого нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэн ажилласны үр дүнд үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтүүдээ байнга давуулан биелүүлж, улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр хэрэгжүүлж ирлээ.

-Таныг Ерөнхий захирлын үүрэгт ажилд томилогдсоноос хойш Эрдэнэтийн ашиг, орлого хэдэн хувиар нэмэгдэв?

-Би Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар 2016 оны арванхоёрдугаар сард томилогдож байлаа. Намайг томилогдох үед Эрдэнэт үйлдвэр тухайн жилийн санхүүгийн тайлангаар 1.2 их наяд орчим төгрөгийн борлуулалттай, 126 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан. Бид борлуулалтын орлогоо түүхэндээ анх удаа 2018 онд хоёр их наядад хүргэсэн бол энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр гурван их наяд төгрөг давсан борлуулалт хийж байна. Энэ бол 2016 онтой харьцуулахад 2.6 дахин өссөн үзүүлэлт юм. Ерөнхий захирлаар томилогдсоноос жилийн дараа буюу 2017 онд 323 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан бол 2021 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2017 онтой харьцуулахад бараг гурав дахин өсөх төлөвтэй байна. Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

-Энэ хугацаанд улсын төсөвт хичнээн төгрөг төвлөрүүлэв?

-Сүүлийн таван жилд нийтдээ улс, орон нутгийн төсөвт 4.4 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байна. Энэ нь Эрдэнэт үйлдвэр 43 жилийн түүхэндээ улс, орон нутгийн төсөвт төлсөн нийт орлогын 40 хувийг сүүлийн таван жилд төлсөн үр дүн гарч байна даа.

-Цар тахлын хүндрэлээс иргэд, аж ахуйн нэгжүүд гарах хараахан болоогүй байна. Тиймээс цахилгаан, дулааны мөнгийг дахиад хэдэн сар Эрдэнэт үйлдвэр төлөх боломжтой болов уу?

-Монгол Улсын Засгийн газрын цаг үеэ олсон, зөв бодлого, шийдвэрийн үр дүнд цар тахлын амаргүй үед Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмал айл өрх бүрт орж, монгол хүн бүр байгалийн баялгийнхаа үр шимийг хүртсэн дээ. Нэг үеэ бодвол бид цар тахлын хүндэрлийг давж байна. Нөхцөл байдалдаа уялдуулж, эдийн засгаа сэргээх ажлыг үе шаттайгаар хийж байна. Ард иргэд ч, аж ахуйн нэгжүүд ч цар тахлын үед ажиллаж, амьдрах учраа олж байх шиг байна. Тиймээс улс орныхоо эдийн засгийг сэргээхийн тулд бүгд хичээх хэрэгтэй л дээ. Бидний хэнд нь ч цар тахал дэгдэнэ гэсэн тооцоолол, түүнд зориулсан бэлтгэл, хариу арга хэмжээний нөөц байгаагүй. Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг онцгойлон авч үзэж, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Ерөнхий сайд байхдаа, Засгийн газрын 224 дүгээр тогтоол гаргаж, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах асуудлыг тусган Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжсэн. Энэхүү үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар баталсан. Батлагдсан үндсэн чиглэлийн хүрээнд хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүд Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт мөн тусгагдсан юм. Эдгээр төслүүд хэрэгжсэнээр манай улсын аж үйлдвэрийн салбарын хөгжилд томоохон түлхэц болох учиртай. Бид эдгээр том төслүүдээ хэрэгжүүлэх, үйлдвэртээ үр ашиг авчрах, хөрөнгө оруулалтыг үе шаттай хийхээр 2017 оноос бэлтгэл хангаж эхэлсэн. Тухайлбал, санхүү, эдийн засгийн суурь баазаа бэхжүүлж, 2019 онд өр зээлээ бүрэн төлж дуусган, мөнгөн хөрөнгийн хуримтлалыг бүрдүүлж чадсан юм. Дундаршгүй баялаг гэж үгүй шүү дээ. Тиймээс үүлэн чөлөөний нар шиг олдож буй ашигт малтмалын гаралтай түүхий эдийн үнийн өсөлтийн циклийг ашиглаж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж, төлөвлөсөн ажлуудаа цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэх нь үйлдвэрийн ирээдүйд ч, улс орны хөгжилд ч чухал юм.

-Бид Эрдэнэтийн бодит нөөцийг хэдэн жил ашиглаж болохоор байна вэ?

-Уул уурхайн баяжуулах үйлдвэрийн оршин тогтнох үндсийн үндэс бол нөөц баялаг. Саяхныг хүртэл Эрдэнэт үйлдвэрийн нөөц 30-40 жил ажиллаад дуусна гэсэн яриа хөөрөө байсан. Миний бие Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилогдоод онцгойлон анхаарсан асуудал бол эрдэс баялгийн нөөцийг өсгөх явдал байсан юм. Он жилүүд өнгөрөх тутам уурхай гүнзгийрэхийн хэрээр уул-геологийн нөхцөл хүндэрч, уулын цул тээвэрлэлтийн зай нэмэгдэж, өртөг зардал өсч байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан сүүлийн жилүүдэд явуулсан уулын ажил, ордын геологийн болон ашиглалтын нөөцөд иж бүрэн дүн шинжилгээ хийсний үндсэн дээр энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлсэн. Бид геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх бодлого барьж, сүүлийн жилүүдэд 30 орчим сая ам.долларыг зарцуулаад байна.Үүний үр дүнд Эрдэнэт үйлдвэрийн насжилт, ажиллах хугацааг бид нэмэгдүүлж чадлаа. Саяхан буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр дээрх судалгааныхаа үр дүн, нөөцийн тайланг хэлэлцүүлж, Эрдэнэтийн овоо зэс-молибденийн ордын баруун хойд болон төвийн хэсэгт 10.7 сая.тн зэстэй, 0.5 сая тн молибдентой, 2.9 тэрбум тн хүдрийн нөөцийг баталгаажууллаа. Энэ нь Эрдэнэт үйлдвэр цаашид 60-70 жил ажиллах боломжтой болж байгаа гэсэн үг юм.

-Эрдэнэт үйлдвэрийн нэр дээр хичнээн ширхэг эрдэс баялаг, ховор элементийн лиценз байна вэ?

-Эрдэнэт үйлдвэр одоогоор зэс-молибдены хоёр, үйлдвэрлэлийн хэрэгцээнд болон бүтээн байгуулалтын төслүүддээ ашиглах зориулалттай барилгын чулуу, элсний ордын таван тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

-Эрдэнэт үйлдвэрийн нийт үнэлгээ яг хэд вэ?, Эрдэс баялгийн лицензүүдээ оруулаад шүү дээ?

-Эрдэнэт үйлдвэрийн үнэлгээг хэрхэн үнэлэх вэ гэдгийг бид янз бүрийн хувилбараар судалж, тооцож байна. Тухайлбал санхүү, нягтлан бодох бүртгэл талаас нь, эдийн засгийн агуулгаар нь, түүнчлэн хөрөнгө оруулалт татах талаас нь тооцдог олон янзын аргачлалууд байна. Ер нь газрын доорх баялгийг үнэлэхдээ хэрэглэдэг олон улсын аргачлалууд нэг мөр биш байдаг. Дөч гаруй жил ажилласан, цаашид 60 гаруй жил ажиллах нөөц, баялагтай ордыг олон улсын түвшний ойлголтоор оновчтой үнэлэх асуудал их чухал.

-Дэлхийн томоохон 10 том уурхайн нэгт Эрдэнэт үйлдвэр багтаж чадаж байна уу?

-Зэсийн баяжмалын зах зээлд 2019 онд нийт 30 орон 34 орчим сая тонн баяжмалыг эдийн засгийн эргэлтэд оруулсан байдаг. Дэлхийн зэсийн баяжмалын 36 орчим хувийг Чили, 23 хувийг Перу, таван хувийг Австрали, найман хувийг Канад, Мексик, дөрөв орчим хувийг Монгол, гурван хувийг Казахстан улс экспортолж байна. Харин зэсийн баяжмалын импортоор БНХАУ тэргүүлдэг бөгөөд 2019 онд 22 сая тонн зэсийн баяжмал буюу нийт худалдааны эргэлтийн 65 орчим хувийг дэлхийн 30 гаруй улсаас импортолсон байдаг. Хамгийн том нийлүүлэгч болох Чили улс Хятадын зэсийн баяжмалын импортын 35 хувь буюу найм орчим сая тонн, Перу улс 27 хувь буюу зургаан сая тонн, Монгол Улс зургаан хувь буюу 1.3 сая тонныг тус тус нийлүүлсэн байдаг. Энэ нь Хятадын зэсийн баяжмалын импортын 68 хувийг бүрдүүлж байна.Үйлдвэрлэгчдийн зах зээлд өрсөлдөх нэг үзүүлэлт бол тоо хэмжээний үзүүлэлт байдаг. Тэгвэл Эрдэнэт үйлдвэр хүдэр олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн 60 компанийн 2019 оны дундаж үзүүлэлтүүдтэй харьцуулахад эхний 10-т багтаж байна.

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авсны ач тусыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-2023 онд Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах тухай Монгол Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 50 жилийн ой, Эрдэнэт үйлдвэр анхны баяжмалаа гаргасны 45 жилийн ой тохионо. Энэ түүхэн хугацааны 38.5 жилд үйлдвэр маань хоёр улсын хамтарсан үйлдвэрийн статустай, 2.5 жилд Монголын хувийн хэвшлийн оролцоотой ажилласан. Харин 2019 оноос хойш зуун хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болон ажиллаж байна. Энд би хэдэн тоо баримт дурдъя. Эрдэнэт үйлдвэрийн хүдэр боловсруулалтыг өмчлөлийн гурван хэлбэр тус бүрээр авч үзэхэд, жилд дунджаар хамтарсан үйлдвэр байх үедээ 26.7 сая тн хүдэр боловсруулж байсан бол хувийн хэвшлийн оролцоотой ажиллаж байх үедээ 31.4 сая тн, зуун хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон энэ цаг үед 32.4 сая тн болж өссөн байна. Эндээс дүгнэхэд, зуун хувь төрийн өмчит үйлдвэрийн статустай ажилласан сүүлийн гурван жилийн дунджаар хамтарсан үйлдвэр байх үеэс 21.3 хувь, хувийн хэвшлийн оролцоотой ажиллаж байх үеэс 3.2 хувиар хүдэр боловсруулалтыг нэмэгдүүлсэн байна. Санхүү, эдийн засгийн үзүүлэлтийг аваад үзвэл борлуулалтын орлого төрийн өмчит үйлдвэрийн газар болж ажилласан хугацаанд жилд дунджаар хамтарсан үйлдвэр байх үеэс 2.2 дахин, хувийн хэвшлийн оролцоотой байх үеийнхээс 1.5 дахин өссөн байна. Цэвэр ашгийг харьцуулахад төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажилласан хугацаанд хамтарсан үйлдвэр байх үеийнхээс тав дахин, хувийн хэвшлийн оролцоотой байх үеэс 2.6 дахин нэмэгдсэн байна. Улс, орон нутгийн төсвийн орлогын дүнг харьцуулбал, хамтарсан үйлдвэр байх үеийнхээс болон хувийн хэвшлийн оролцоотой байх үеийнхээс 2.3 дахин нэмэгдсэн байгаа юм. Энэ бол бодит үр дүн. Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, уурхайчид, хамт олон бид “Төр муу менежер биш” гэдгийг энэ цаг хугацаанд харуулж чадсан.

-Стандарт банкны 100 сая ам.долларыг төлчихсөн болов уу. Эсвэл хараахан төлөөгүй байна уу?

-ӨАБНУ-ын Стандарт банкнаас “Жаст” групп зээл авахад нь Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасан гэж буруутган 51 сая ам.доллар төлүүлэх шийдвэрийг 2013 онд Лондонгийн олон улсын арбитрын шүүхээс гаргасан байдаг. 2019 оны эхэн гэхэд үндсэн өр төлбөр, хүү, торгууль нийлээд 120 орчим сая ам.долларт хүрсэн байсан. Засгийн газрын чиглэл, дэмжлэгтэйгээр уулзалт, хэлцлийг зохион байгуулсны үр дүнд гурав дахин буюу 40 сая ам.доллар хүртэл бууруулж төлснөөр гадаад талдаа өр төлбөрийн асуудал, арбитрын хэрэг бүрэн хаагдсан. Харин дотооддоо буруутай этгээдээр хохирлоо төлүүлэх асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ хэргийн анхан шатны шүүх хурлаар Жаст группээс Эрдэнэт үйлдвэрт 137.9 тэрбум төгрөгийг төлж барагдуулах шийдвэр гарсан. Эрдэнэт үйлдвэр нь төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай, онцгой дэглэмтэй ажилласан хугацаанд гадаад авлага, өр төлбөрийг бүрэн шийдвэрлэж, гадаад болон дотоодын банк, санхүүгийн байгууллагад зээлийн өр төлбөргүй болсон.

-Тэгвэл Жаст группээс Эрдэнэт үйлдвэрт төлөх 137.9 тэрбум төгрөгөө төлж эхэлсэн үү?

-Арбитрын дээрх хэрэгтэй холбоотой Жаст групп ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Уг эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны аравдугаар сарын 5-22-ны өдөр хянан хэлэлцээд Ш.Батхүүгээс 137.9 тэрбум төгрөгийн хохирлыг гаргуулж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т олгохоор шийдвэрлэсэн. Уг хэрэгт холбогдсон хүмүүсийн асуудал хамт яригдаж байгаа учраас дараагийн шүүхийн шатанд үргэлжилж байгаа юм билээ. Шүүхийн үйл явц хараахан бүрэн дуусаагүй байна.

-Саяхан 200 сая ам.долларыг гадны барьцаанд Эрдэнэт үйлдвэрээс өгсөн талаар нэг хэсэг шуугьсан. Энэ яг юу болов?

-Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар болсон 2019 онд өмнө нь банк, санхүүгийн байгууллагад үүссэн байсан бүхий л өр төлбөрийг төлж барагдуулсан. Үүнээс хойш нэг ч төгрөг, нэг ч ам.долларын зээл авалгүй зээлийн хүүгийн дарамтгүй, өөрийн үйл ажиллагааны орлого, өртөг зардлын хэмнэлт, нэмэлт орлогын бүрдүүлэлтээр үйл ажиллагаагаа бүрэн санхүүжүүлэн, хэвийн жигд ажиллаж байна. Энэ нь лав сүүлийн 15 орчим жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд байгаагүй эерэг үр дүн болсон. Эрдэнэт үйлдвэрийн 2021 оны бизнес төлөвлөгөөг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2020 оны арванхоёрдугаар сард баталсан. Энэхүү батлагдсан төлөвлөгөөгөөр 230 сая ам.долларын зээл авч, үндсэн чиглэлд тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтын ажлаа санхүүжүүлэхээр төлөвлөсөн байсан. Гэсэн хэдий ч дээрх мэдээлэл гарах үеэр Эрдэнэт үйлдвэр нэг ч төгрөгийн зээл аваагүй байсан, 240 сая долларын зээл үйлдвэрийн дансанд орж ирээгүй. Үйлдвэрийг барьцаалсан гэх мэдээлэл нь санаатай, зохион байгуулалттай тараасан худал мэдээлэл. Харин бид 2022 онд төлөвлөсөн том төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн тулд зээлийн эх үүсвэр, хамтран ажиллах хөрөнгө оруулагчид болон шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр татах асуудлыг судалж байна. Ирэх онд хэрэгжүүлэх томоохон хөрөнгө оруулалтуудын ажлыг хийхэд санхүүжилтийн эх үүсвэр тодорхой хэмжээнд шаардлагатай. Энэ бол бизнесийн зарчим. Тодорхой хэмжээнд үр ашигтай зээл, хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил, төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бизнесийн шийдэл, боломжууд байдаг шүү дээ. Энэ л зарчмаар бид 2022 оны бизнес төлөвлөгөөндөө тусгаад ажиллаж байна.

-Эрдэнэс MGL компанид Эрдэнэтийг нэгтгэх гээд байх шиг байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Би Монголросцветмет нэгдлийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2004 онд шиг санаж байна, ийм компани байгуулах хэрэгтэй гэдэг саналыг салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачийн хувьд Засгийн газарт тавьж, шийдвэрлүүлсэн түүхтэй. Тийм болохоор энэ компанийн үйл ажиллагаанд санаа тавьж, өсөлт бойжилтод нь анхаарч байдаг л даа. Анх байгуулах саналыг тавьж, шийдвэр гаргуулж байсны хувьд энэхүү компанийн үйл ажиллагаа, ач холбогдол улам бүр өсч байгаад сэтгэл хангалуун байдаг. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчит компаниудыг дээрх зорилгоор төвлөрүүлэн нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК-ийг анх байгуулсан юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулснаа салбарын мэргэжилтнүүдэд хэлэлцүүлсэн. Манай улс газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх Үндсэн хуулийн суурь зарчимтай улс. Ер нь баялгийн санг хуримтлалын, тогтворжуулалтын болон хөгжлийн чиглэлийн сангуудаас бүрдүүлээд зааг, ялгааг нь хуульчлан амжилттай хэрэгжүүлж буй олон улсын жишээ түгээмэл бий. Өнөөдөр эхний хоёр санг Ирээдүйн өв сангийн тухай хууль болон төсвийн холбогдох хуулиар зохицуулж буй. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газраас ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйлдвэржилтийн төслүүдийн санхүүжилтийн механизм, стратегийн хөрөнгө оруулагчтай хамтран ажиллахад хөгжлийн сангийн талаарх хууль эрх зүйн орчин дутагдаж байгааг

Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар зохицуулна. Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдахаар баялаг бүтээгч төрийн өмчит компаниудын бүтэц, зохион байгуулалтыг дахин оновчилж корпорацийн зарчимд нийцүүлэх шаардлагатай болно. Үүнд: Зэс, нүүрс, хар металлурги, металл бус ашигт малтмал, үнэт металл, цөмийн энерги, эрчим хүч, дэд бүтэц, байгаль орчин, зах зээл, судалгаа, шинжилгээний чиглэлээр чиг үүрэг, үйл ажиллагааг нь дагнан төрөлжүүлэх нь оновчтой бүтэц, зохион байгуулалт болов уу гэж уурхайчин хүний хувьд, салбарын судлаач хүний хувьд бодож явдаг даа. -Таныг “Эрдэнэтийн даргын албан тушаалаас буух гэж байна, баригдаж, хоригдох гэж байна” гэсэн яриа үе үе нийгэмд шуугиан тарих юм. Энэ ямар учиртай юм бол?

-Намайг өөрчлөх нь, өөрчлөгдөх нь гэсэн дэл сул тэнэмэл яриа энд тэнд яригддаг бололтой юм билээ. Ний нуугүй хэлэхэд, иймэрхүү асуудалд анхаарах завгүй он жилүүд үргэлжилж байна даа. Миний хувьд Монгол төрийн буянд бэлтгэгдсэн, хатуужсан, туршлагажсан хүний хувьд албан тушаал мөрөөдөж явсангүй. Хариуцсан, ногдсон ажлаа хүн шиг хийх хүсэл эрмэлзэлтэй, зарчимтай хүн. Харин тэр хоригдох, баригдах тухай асуудлыг чинь бол би л сонсоогүй юм байна.Засгийн газрын бодлого, дэмжлэгтэйгээр бид хүний нөөц, боловсон хүчний болон худалдан авалтын үйл ажиллагаанд зарчмын шинэчлэл хийж, хүний болон барааны шахаанаас салж чадсан гэж үзэж байгаа шүү. Ний нуугүй хэлэхэд, энэ шинэчлэлийг хийх амаргүй байсан. Үнэндээ, тэр ч даргын гуйлт, энэ ч даргын хүн гэх мэтчилэн бараа таваар, хүний шахааг зогсоох гэж их юм болсон доо. Олон ч хүний дургүйг хүргээ биз. Магадгүй олны хэлдгээр өмнө нь Эрдэнэт үйлдвэрт шахаа хийж байсан зарим нөхдийн эрх ашиг хөндөгдөөд ирэхээр өөрийн чинь асуугаад байгаа яриа хөөрөө, нөхцөл байдлыг үүсгэдэг байхыг үгүйсгэх аргагүй. Миний хувьд уурхайчид, хамт олонтойгоо баг болж Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн асуудлыг тодорхой болгож, урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадсан. Энэ бол хариуцлагатай ажил. Тийм учраас би миний хувьд гэж хэллээ.

-Эрдэнэт үйлдвэртэй холбоотой тендерийн асуудал байн байн шуугиан дэгдээх юм. Та Эрдэнэт үйлдэрийн буюу улсын мөнгийг үр дүнтэй зарцуулахад хэрхэн анхаарч байна. Одоо дарга нар өрөө тасалгаагаа гоёдог, үр хүүхдээ гадаад сургадаг, архи согтууруулах ундаа худалдаж авдаг байдал зогссон гэж ойлгож болох уу?

-Эрдэнэт үйлдвэр тухайн жил хийх бүхий л ажлаа бизнес төлөвлөгөөндөө тусган Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар батлуулдаг. Батлагдсан төсөв төлөвлөгөөний хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Ажилтан, ажилчдынхаа эмчилгээ үйлчилгээ, орон сууцны санхүүгийн дэмжлэг, сургалтын төлбөр, ахмадуудын тэтгэврийн нэмэгдэл, хүүхдээ асарч байгаа ээжүүдэд олгох тэтгэмж гэхчлэн тусламж, дэмжлэг, нийгмийн чиглэлийн зардалд нийт зардлын долоо орчим хувийг зориулдаг. Эрдэнэт үйлдвэр уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхээс гадна уурхайчдынхаа болон аймаг, орон нутгийнхаа ард иргэдийн нийгмийн үйлчилгээнд чиглэгдсэн олон цех нэгжүүдтэй шүү дээ. Үүний нэг болох Сэлэнгэ амралт аялал жуулчлалын цогцолбор халуун хоол, ресторан, амралтын газар, зочид буудлын үйлчилгээ үзүүлдэг. Энэ чиглэлээр ажилладаг, архи дарсаар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий дөрвөн нэгж байдаг. Эдгээр нэгжүүддээ худалдан борлуулах зорилготой архи дарсыг Эрдэнэт үйлдвэрийн дарга нар хувьдаа хэрэглэдэг мэтээр нэг хэсэг буруу зөрүү мэдээллийг санаатайгаар тараасан. Тухайн үед нь бид бодит байдал, үнэн зөв мэдээллийг хэвлэл мэдээллээр өгч байсан. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг бид хуулийн дагуу шилэн болгосон. Үүнийг би хаана ч хэлнэ. Эрдэнэт үйлдвэрийн бүхий л үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд явж байгаа гэдгийг би дахин хариуцлагатайгаар хэлье.

-Тэгвэл хуулийн дагуу ил тод, үнэн зөвөөр тавьсан мэдээллийг олон нийтэд хүргэхдээ мушгин гуйвуулж, олон нийтэд буруу ойлголт төрүүлээд байдаг гэж та хэлэх гээд байна уу?

- Мэдээлэл ил тод, шилэн байх нь сайн хэрэг. Гэхдээ ил тод, шилэн байгаа мэдээллийг агуулгаар нь тоо баримтаар нь баталгажуулж ухаж ойлгохгүй бол нийгэмд, олон нийтэд буруу ойлголт төрүүлээд байдаг. Улсдаа байтугай дэлхийд данстай томоохон үйлдвэрийн удирдлага, хамт олон ямар нэгэн байдлаар үргэлж хардалтад өртөж байдаг. Тийм учраас буруу ташаа мэдээлэл гарахад хуурай өвсөнд шүдэнз зурсан мэт тардаг. Араас нь үнэн учрыг нь мянга тайлбарлаад ч үр дүн тун бага. Ялангуяа ил тод байршуулчихсан байгаа мэдээллийг дундаас нь тасалж, өөрийнхөө харуулахыг хүссэн өнцгөөр тасдаж аваад ташаа мэдээлэл тараачихаар бидний хийж, хэрэгжүүлж байгаа ажлын утга учир, зорилго хазайчихдаг. Мэдээлэл ил тод, үнэн зөв байх ёстой. Мэдээллийг дамжуулж байгаа этгээд түүний агуулгыг алдагдуулахгүйгээр асуудлыг тал талаас нь бодитой мэдээлэх ёстой болов. Хэн нэгэн өөрийн дур зоргоор аашилж, хувийн хүслээ гүйцэлдүүлэх боломжгүй. Эрдэнэт үйлдвэрийн бүхий л үйл ажиллагаа хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд ил тод явж байгаа. Миний зарчим бол аливаа байгууллагын удирдлага ч бай, ажилтан, алба хаагч ч бай ажиллаж байгаа газартаа сэтгэлээсээ ажиллах ёстой гэж үздэг. Аливаа юманд хүн, сэтгэлээсээ хандаж байж л үр дүнд хүрдэг. Хэдийгээр Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит компани мөн боловч, Эрдэнэт үйлдвэрт би “минийх” гэсэн сэтгэлээр хандаж ирсэн. Энэ миний хандлага, энэ миний зарчим.

-Эрдэнэт үйлдвэр олон нийтийн компани болох боломжтой юу?

-Эрдэнэт үйлдвэр бүтэн жилийн турш айл өрх, аж ахуйн нэгжүүдийнхээ тог цахилгаан, дулаан, уур ус, хог хаягдлын зардлыг бүрэн төлж 1.1 их наяд төгрөгийг зарцуулж байна. Энэ бол Эрдэнэт үйлдвэр олон нийтийн болох эхний алхам гэж харж байна. Цаашдаа стратегийн ач холбогдол бүхий Эрдэнэс Монгол зэрэг уул уурхайн компаниудынхаа үр шим, өгөөжийг Үндэсний баялгийн сангаараа дамжуулан ард иргэддээ хүртээдэг, улс орныхоо хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх эх үүсвэр болгодог байх нь чухал л даа.

-Эрдэнэтийн зэсийн овоолгыг дагаж гарч ирсэн П.Цагаан даргын хамаарал бүхий зэсийн үйлдвэр ямар учиртай юм бэ. Зарим хүмүүс үүнийг томоохон луйвар байсан хэмээн хардах юм?

-Ачит ихт компани 2010 оноос хойш Эрдэнэт үйлдвэртэй ядуу агуулгатай хүдрийн овоолгыг ашиглах гэрээг байгуулан ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрээс гарч байгаа исэлдсэн хүдэр болон ядуу агуулгатай хүдрийн ашиглалтын талаар янз бүрийн л яриа хөөрөө байдаг. Эрдэнэт үйлдвэр цаашдаа хүдрийн овоолгуудын талаар цэгцтэй бодлого баримталж, илүү үр ашигтай ашиглана. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Би хувь заяаны төөргөөр харьцангуй залуудаа Ардын их хурлын депутатаар Бор-Өндөрийнхөө ард иргэдийн итгэлийн хүлээн сонгогдож, Монгол Улсын анхны үндсэн хуулийг батлалцаж, хүний эрхийн суурь зарчмуудыг батлалцаж байлаа. Тиймдээ ч аливаа асуудалд ул суурьтай хандаж, албан ёсны баримт, нотолгоотой зүйлд байр сууриа илэрхийлдэг зарчим надад хар залуугаас суусан байх. Ачит ихт компанийн тухайд луйвар байсан эсэхийг нь мэдэхгүй юм. Цаашдаа энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай харилцан үр ашигтай хамтран ажиллах асуудлыг Засгийн газарт тавьж, нэг мөр шийдвэрлүүлнэ.

-Дэлхийд бий болж байгаа шинэ технологи бүрд зэсийг ашиглах юм байна. Энэ эрэлт хэрэгцээг мэдэрч технологийн дэвшил, шийдлийг хэрхэн бий болгож, үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэхэд анхаарч байна вэ?

-Эрдэнэтийн овоо ордын уул-геологийн нөхцөл хүндэрч, хүдэр дэх зэсийн агуулга буурч, хүдрийн хатуулаг өсч байна. Энэ бол үйлдвэрлэл буурах, зардал өсөхөд шууд нөлөөлж байгаа байгалийн хүчин зүйл шүү дээ. Энэ бүхнийг уурхайчны болоод инженерийн оюун ухаан, сайн менежмэнтээр л ялан дийлж, давж гарах учиртай. Ингэж бид чадаж байгаа, цаашдаа ч чадна. Мөн технологийн үндсэн тоног төхөөрөмжийн насжилт өндөр, инженерийн шугам сүлжээний ашиглалтын хугацааны хэтрэлт үүссэн учраас үйлдвэрлэлийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийх зайлшгүй шаардлага бий болсон. Ард түмнийхээ хайртай Эрдэнэт үйлдвэрийг өөд татаж авах, ялангуяа хэт ирээдүйг нь тодорхой болгох тал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар өмнөх Засгийн газарт хамтарч ажиллаж байх үедээ их зоригтой, шуурхай хөдөлсөн дөө. Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн асуудлыг тусгайлан авч үзэж, Засгийн газрын 224 дүгээр тогтоолыг 2019 онд гаргаж, тус үйлдвэрийг 2031 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжсэн. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2019 оны 262 дугаар тогтоолоор уг үндсэн чиглэлийг баталсан юм. Батлагдсан үндсэн чиглэлийг тав таван жилээр төлөвлөн жил бүрийн бизнес төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна. Төр засгийн бодлого, шийдвэрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэр тасралтгүй, хэвийн жигд ажиллаж, түүхэндээ байгаагүй өндөр амжилт, үр дүн гаргаж байна. Миний хувьд зөвхөн өнөөдрөөрөө амьдрахыг хүсдэггүй, ирээдүйдээ илүү анхаарахыг эрхэмлэдэг хүн. Эрдэнэт үйлдвэрийг удирдаж байгаа хүний хувьд аль болохоор сайн ажиллуулах үүрэгтэй. Тэрнээс илүү цаашдаа үйлдвэр, хамт олны маань ирээдүй сайн сайхан байх суурь, боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө байна. Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сүүлийн гурван жилд 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, төлөвлөсний дагуу томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй явагдаж байна.Энэ бүхний хүчинд үйлдвэр маань сайн ажиллаж байгаа. Нэг үеэ бодвол техник, технологийн хувьд айдаггүйгээ авдрандаа хийчихсэн гэж бодож байгаа шүү. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводод өргөтгөл, шинэчлэлийг хийж, үйлдвэрлэлийн хүчин чадал, өгөөжийг нэмэгдүүлэх төслүүд тусгагдсаныг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэсийн үйлдвэр барих болон Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барьж байгуулахаар төлөвлөж байна. 2020-2024 онд үйлдвэрлэлийн орлого, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хүдэр боловсруулалтыг 20 гаруй хувиар нэмэгдүүлэн 40 сая тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэж байна. Үүний үр дүнд зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг энэ хэмжээгээр өсгөж, улсынхаа экспортын орлого, нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Нэмүү өртөг шингэсэн зэс бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр зорьж байгаа. 2020 оны байдлаар Эрдэнэт үйлдвэрийн борлуулалтын орлого жилд 2.1 их наяд буюу хоногт 5.8 тэрбум төгрөг байна. 2025 он гэхэд жилд 5.6 их наяд, хоногт 14 орчим тэрбум, 2028 онд жилд 11 орчим их наяд төгрөг, 1 хоногт 30 гаруй тэрбум төгрөг болгохоор зорьж байна.

-Өнгөрсөн жил улсын төсөвт зэсийн үнийг хэдэн төгрөг байхаар төсөөлөв. Бодит байдал дээр хэдэн төгрөг хүрэв?

-Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар болсон цагаас хойш жил бүр төсөв, төлөвлөгөөгөө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар батлуулан ажиллаж байна. Бидний 2021 оны бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2020 оны арванхоёр дугаар сард баталж өгсөн. Энэ онд зэсийн үнийг 6500 орчим ам.доллар байхаар төсөөлж байсан ч энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр зэсийн үнэ дунджаар 9,000 орчим ам.доллараар хаагдах төлөвтэй байна. Зэсийн үнийн өсөлтийг ярьж байгаатай холбогдуулан хэлэхэд, зэсийн үнийн өсөлтийн зөрүү бүгд цэвэр дүнгээр орлого болж ордоггүй гэдгийг манайхан төдийлөн сайн мэддэггүй юм шиг байгаа юм. Эрдэнэт үйлдвэр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг үнийн өсөлттэй уялдуулан шатлалаар төлдөг. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн хувьд цэвэр зэсийн үнийн өсөлтийн 45 орчим хувь нь бүх төрлийн татвар хураамжид, 15 орчим хувь нь ашигт малтмалын гаралтай түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотойгоор үйлдвэрлэлд ашиглагддаг гол гол түүхий эд, төмөр гангийн үнийн өсөлтөд зарцуулагдаж байна. Ингээд тооцохоор үлдсэн 40 орчим хувь нь л үйлдвэрт цэвэр орж ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, зэсийн үнэ 100 ам.доллараар өслөө гэж бодоход 40 орчим ам.доллар л үйлдвэрт ашиглагдах боломжтой орлого болдог юм.

-Ирэх жилийн зэсийн үнийг хэрхэн төсөөлөв. Цаашид дэлхийн зах зээл дээрх үнэ нэмэгдэх боломжтой юу?

-Бид 2022 оны зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө дөнгөж сая Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар батлуулаад гарч ирж байна. Ирэх оны хувьд дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийг Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг үндэслэн 8915.6 ам.доллар байхаар тооцсон. Олон улсын банк, санхүү, судалгааны байгууллагуудын сүүлийн үеийн төсөөлөл, таамаглалаар ирэх онд зэсийн эрэлт өсөх хандлагатай тул үнэ харьцангуй тогтвортой байх хандлагатай гэж үзэж байгаа. Гэхдээ олон улсын зах зээл, худалдааны нөхцөл сараар биш өдрөөр өөрчлөгдөж, томоохон сорилтууд тулгарч байна. Тэр тусмаа энэ ковид төсөөлшгүй, таашгүй нөхцөл байдлыг үүсгээд байна шүү дээ. Улс хоорондын хил гааль, тээврийн асуудлууд ч таамаглах боломжгүйгээр өөрчлөгдөж байна. Иймд бид эрсдэлийг тооцож, зөв менежмэнт хийж ажиллах нь чухал байна.

П.Батзаяа

Эх сурвалж: Өдрийн сонин

АНУ-ын Засгийн газраас 35 машин бэлэглэлээ
АНУ-ын Засгийн газраас 35 машин бэлэглэлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.