Хавьтлуудыг барьж авах ажлыг сүүлийн хоёр сар хийлээ. Энэ хэр үр дүнтэй арга вэ? Зарим талаас шүүмжлэл их гарч байна?
Цар тахлын үед авдаг гол арга хэмжээ бол хавьтлуудыг тодорхойлох. Үүнийг зөвхөн манай улс хэрэгжүүлж байгаа хэрэг биш. Хавьтлуудыг хөөж, илрүүлэх, тусгаарлан эмчлэх нь хамгийн чухал. Цар тахлын үед олон улсад яг энэ арга, туршлагыг мөн хэрэглэж байна. Нөгөөтэйгүүр халдварын тархалтыг зогсоох үр дүнтэй гол ажил бол хөл хорио. Өнөөдөр олон улсын нөхцөл байдлыг харахад хөл хорио л үр дүнгээ өгч байгаа нь судалгаагаар гарсан. Хөл хорионы хувьд халдварын тархах хүчийг хэд дахин бууруулж байгаа юм. Цаашид халдвар голомтолсон хэлбэрээр явж байгаа тохиолдолд хавьтлуудаа л хөөнө. Мөн идэвхтэй тандалтуудыг өргөн хүрээнд хийж, өргөжүүлнэ. Улаанбаатарын хэмжээнд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа бүх зах, худалдааны төвүүдээс шинжилгээ авсан. Эмнэлгүүдэд мөн шат дараатай тандалт хийж байгаа. Энэ мэтээр байнгын идэвхтэй тандалт хийж, олон нийтийн дунд халдвар байгаа эсэхийг тандах нь халдвар голомтлон гарч байгаа үед хамгийн зохимжит арга гэдгийг олон улсын судалгаанд нотлон гаргаж ирсэн. Бид олон улсын туршлагыг судлан үр дүнтэй гэсэн боломжит бүх аргачлалуудыг ашиглаж, олон улсын байгууллагуудтай нягт хамтран тогтмол зөвлөмж авч, мэдээлэл солилцож ажиллаж байна.
Ковидын үед эмнэлгийн тусламж үзүүлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж байгаа юу?
Улсын хэмжээнд нийт 9300 ор, түүнээс нийслэлд 4640 ортой. Ковидын үед 1000 орчим орны нөөц бэлдсэн. Шинээр Эх нярайн үндэсний төвийг ашиглалтад оруулж, 500 ор бэлтгэн тусгаарлалтын хүмүүсээ авч байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд 960 амьсгалын аппарат, 213 рентген аппарат, 1202 хяналтын монитор, 1178 хүчилтөрөгч өтгөрүүлэгч, 1000 орчим тарианы автомат шахуурга гэх мэт шаардлагатай нөөцийг бэлтгэсэн байгаа. Бид лавлагаа шатлалын эмнэлгүүдээ амьсгалын аппаратаар хангасан. Шинжилгээний лабороториудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж ХӨСҮТ-д гурав, ЗӨСҮТ-д суурин нэг, явуулын хоёр, НЭМҮТ-д хоёр, Дархан, Орхон, Ховд, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ, Замын-Үүдэд нэгдсэн лаборотори ажиллаж байна. Удахгүй шаардлага хангасан дүүргийн эмнэлгүүдэд лаборотори шинээр байгуулахаар ажиллаж байна. Хүчилтөрөгчийн үйлдвэртэй зургаан эмнэлэг байна. Бүх аймгуудыг хүчилтөрөгчийн үйлдвэртэй болгохоор ажиллаж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн мэдээллийг burtgel.mohs.mn цахимаар өдөр бүр харж, хянаж байна. Бид одоо эм, эмнэлгийн хэрэгслийн нэг сарын нөөцтэй байгаа.
Цар тахлын үед бусад төрлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ тасалдуулахгүй тулд төрөлжсөн болон дүүргийн эмнэлгүүдэд хуваарилалт хийн зохион байгуулсан. Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдэд гэхэд хоногт л 132 мэс засал, 128 осол гэмтэл, амбулаториор 1900 орчим хүн яаралтай тусламж авсан байна. Тиймээс хамгийн их эрсдэлтэй газар бол эмнэлгүүд байдаг. Тусламж авах гэсэн бүх хүмүүсд үйлчилдэг учраас бид эмнэлгүүдийн халдвар, хамгааллын сахих, шат дараатай эмч, ажилтнуудаа шинжилгээнд хамруулах ажлуудыг зохион байгуулж байна.
ХӨСҮТ-д Коронавирусийн халдвараар хэвтэн эмчлүүлж байгаа иргэд хуучин, хүйтэн өрөөнд хүндрэлтэй нөхцөл байдалд байна гэж их гомдол ирдэг. Нөхцөл байдлыг сажруулах боломж байгаа юу?
ХӨСҮТ-ийн орчин нөхцөлийг сайжруулах, хэвтэж эмчлүүлж байгаа иргэдийн тав тухыг хангах талаар олон ажлыг зохион байгуулж байна. Яалт ч үгүй халдвартай иргэд хэвтэн эмчлүүлж байгаа учраас тав тухыг хангах, дотор зохион байгуулалтыг хийж, хүмүүсийг дотогш оруулж болохгүй байна. Гэхдээ ХӨСҮТ-ийн дөрвөн хэсэг газарт Коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийг тусгаарлан эмчилж байна. Үүнээс нэг л хэсэгт нь эмчилгээг явуулж байгаа. Бусад хэсэгт нь орчин нөхцөл, зохион байгуулалтыг сайжруулах ажлууд хийгдэж эхэлсэн. Шаардлагатай санхүүжилтийг шийдсэн.
Ер нь манай улсын эрүүл мэндийн салбар, эмнэлгийн орчин нөхцөл ямар түвшинд байгааг та бид бүгд мэднэ. Тиймээс л олон улсын стандатад нийцсэн орчин, нөхцөл, техник, тоног төхөөрөмж, бэлтгэгдсэн боловсон хүчинтэй болгохыг зорьж сүүлийн хэдэн жил ажиллаж байна. Энэ олон эмнэлгүүдийг ганц, хоёр жилийн дотор олон улсын түвшинд хүргэх боломж, бололцоо бага боловч бид богино хугацаанд сайжруулах зорилт тавин ажиллаж байна.
Халдварын голомтонд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад урамшуулал, илүү цагийг мөнгийг өгч байгаа гэж мэдэгдсэн. Гэхдээ ХӨСҮТ-д лабораторид ажиллаж байгаа ажилчдад илүү цагийн мөнгийг одоо хүртэл өгөөгүй. Дотоодод хяналт шалгалт хэр байна вэ?
Цар тахлын үед голомтонд орж ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууддаа урамшуулал, илүү цагийг олгож байгаа. Энэ хугацаанд 2.1 тэрбум төгрөгийн урамшуулал, илүү цагийг олгосон. Голомтонд ажиллаж байгаад өвдсөн эмч, эмнэлгийн ажилчдынхаа ар гэрт үзүүлэх тусламжийг мөн үзүүлсэн. Шинээр голомт руу орж ажиллаж байгаа эмч, ажилтнууддаа дараагийн ээлжинд олгоод явна. Илүү цагийн хувьд хуулиараа нэмэгдлүүдийг нь тооцоод олгож байгаа. Илүү цаг, урамшуулалтай холбоотой гомдлууд ХӨСҮТ-ээс ирсэн. Үүний дагуу аудитын шалгалт оруулан шалгаж байна. Бид энэ хүнд цаг үед эмч, ажилтнуудынхаа хөдөлмөрийг үнэлэх, халдвар хамгаалал, ажлын зохион байгуулалт дээр анхаарч ажиллаж байна. Цар тахлын үед эмч, ажилтнуудаа амь насны даатгалд хамруулах шаардлагатай. Тиймээс ойрын хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэнэ.