Эдийн засаг хүндэрсэн ч иргэд нэг тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 9 секунд
Эдийн засаг хүндэрсэн ч иргэд нэг тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ

Эдийн засаг хүндэрсэн ч иргэд нэг тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ

Энэ жилийн Цагаан сараар дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх уриалга урьд жилүүдээс ч их цацагдлаа. Үүнийг нь үндэсний үйлдвэрээ сурталчлах, дэмжих, импортын бүтээгдэхүүний хэрэглээг багасгах зорилготойгоор “Үндэсний Үйлдвэрлэлээ дэмжицгээе” гээд албан ёсоор лоозондсон. Гэхдээ жил, жилийн сар шинийн баярын үеэр Эрээн-Улаанбаатар хоорондын арилжаа наймааг сааруулах гэж оролддог дээрх хөтөлбөр үр дүнгээ өгдөг үү гэдэг нь эргэлзээ дагуулсаар ирсэн юм. Учир нь иргэдийн хувьд дотоодын бараа бүтээгдэхүүнийг сонгох эрмэлзэлтэй байдаг ч Эрээний бараанаас үнэ өндөр, сонголт бага, эдийн засгийн чадамж муудсан гээд асуудал мундахгүй. Дотоодын үйлдвэрлэгчид ч ялгаагүй, худалдан авагч муу бол тэр чинээгээрээ сөхөрнө.



Тэгвэл энэ онд найм дахь жилдээ зохион байгуулж байгаа “Монголд үйлдвэрлэв-2015” Цагаан сарын үзэсгэлэн худалдааны үеэр ямар бараа материал дэлгэгдэж, иргэд юуг түлхүү сонирхож байгааг сурвалжиллаа.

“Хамгийн хямд хэвийн боов 2000 төгрөг”

“Мишээл экспо” танхимын төв хэсгээр байрлах бэлэн хувцас, гутлын хэсгүүдээр бараг хүнгүй байсан бол танхим захалж байрласан хүнсний бүтээгдэхүүний хэс­гээр худалдан авагч олон­той харагдлаа. Тэр дундаа “Алтан говь” шоколадны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг харьцангуй олон хүн сонирхож байв. Тэдний борлуулж байсан хямд шоколад дунджаар 1400 төгрөгийн үнэтэй байсан бол ихдээ дунджаар 3000 төгрөгөөр борлуулагдаж бай­сан юм. Импортоор орж ирдэг шоколад, чихэр, жигнэмэгтэй харьцуулахад өрсөлдөхүйц үнэтэй байгаа нь иргэдэд тус компанийн бүтээгдэхүүнийг бэлгэнд сонгох өргөн боломж олгожээ. Харин сар шинийн хамгийн эрэлттэй хэвийн боов, еэвэн зэргийн худалдаа сүүлийн өдрүүдэд багасч байгаа гэдгийг “Монгол гүрмэл” нарийн боовны компанийн борлуулагч хэллээ. Тэдэнтэй зэрэгцэн 4-5 үйлдвэрийн хэвийн боов, еэвэн зэрэг борлуулагдаж байсан ч үнэ ялгаатай юм. Тухайлбал, “Суман гүн” нэг ширхэг хэвийн боовыг 2000 төгрөгөөр зарж байсан бол “Талх Чихэр” компани “Атар” хэвийн боовоо 2300 төгрөгөөр үнэлжээ. Еэвэнгийн хувьд 0.9 кг-тай гурван ширхэг нь 3800, 1.7 кг-тай гурван ширхэг нь 9200 төгрөгөөр зарагдаж байна. Гэхдээ иргэд хэвийн боовыг 15 эсвэл 21 ширхгээр нь худалдан авч, урамшуулалд нь суурь болон дунд, жижиг еэвэн дагалдуулан авах сонирхолтой байгаа аж. Харин хонины махан бууз дунджаар 5500 төгрөг, хонины ууц чанахад 45 мянга, үхрийн өвчүүг 40 мянга, утлагад оруулахад 10 мянган төгрөгийн үнэтэй байна.  

Бэлэн хувцасны борлуулалт муудсан

“Мишээл экспо”-д зохион байгуулагдсан “Монголд үйлд­вэр­лэв-2015” Цагаан сарын худалдаа өчигдөр өн­дөр­лөсөн. Долоо хоногийн турш үргэлжилсэн худалдаа, най­маанд оролцохоор үндэсний олон үйлдвэр нэрээ өгсөн ч албан ёсоор бүртгүүлсэн 800 гаруй үйлдвэрээс “Мишээл”-д 78 аж, ахуйн нэгж бараа, бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Сүүлийн өдөр учраас хол хөдөлгөөн ихэсч байгаа талаар Багануур дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд Монгол дээл хувцас худалдаж байгаа иргэд хуучилсан ч борлуулалт тийм ч сайн биш байгаа гэнэ. Учир нь, иргэд бэлэн дээл сонгохоос илүүтэй, даавуу материалаа сонгоод захиалгаар хийлгэх боломжтой эсэхийг олноор асууж иржээ. Харин бараг худалдан авагчгүй шахуу байсан лангуунууд нь ноос ноолууран бүтээгдэхүүн дэлгэсэн байв.Тэдний хувьд яагаад худалдан авагчгүй байгаад тодорхой хариулт хэлээгүй ч иргэд материал, загвараас илүүтэй үнэ наасан шошгыг л сонирхож байгаа нь харагдсан юм. Юутай ч “Мишээл”-д бэлэн хувцаснаас илүү, хүнсний бүтээгдэхүүний эрэлт их байна.

Нэг тэрбум төгрөгийн орлого олсон

Өнгөрсөн жил “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2014” үзэсгэлэнд оролцсон аж, ахуйн нэгжүүд нийтдээ нэг тэрбум 950 сая төгрөгийн бор­луулалт хийж байсан бол энэ жил зөвхөн “Мишээл экспо”-д зохиогдсон үзэсгэлэн худалдааны үеэр иргэн, аж ахуйн нэгжүүд тэрбум төг­рөгийн борлуулалт хийсэн байна. Энэ талаар Аж үйлд­вэ­рийн яам “Хүнсний 48 томоохон үйлдвэр, сүү цагаан идээ үйлдвэрлэгч 30 аж ахуй нэгж, нийт 78 аж ахуйн нэгж, хүнсний үйлдвэр эрхлэгчид бүтэн долоо хоногийн турш “Мишээл экспо”-д үргэл­жилсэн “Монголд үйлд­вэр­­лэв, Цагаан сар-2015” үзэс­­гэлэн худалдаанд оролц­лоо. Өнгөрсөн жилтэй харь­цуу­ла­хад иргэд сайн арилжаа най­маа хийсэн байна. Энэ нь зөвхөн Мишээл экспо”-д худалдаа хийсэн иргэн, аж ахуйн нэгжүүд нэг тэрбум төгрөгийн орлого олсноор мэдрэгдэж байгаа юм. Гэхдээ үзэсгэлэн худалдаа ингээд дуусаагүй. “Драгон”, “Шөнийн зах” болон төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдаж байгаа учраас иргэд "Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015" үзэсгэлэн худалдаатай сар шинийн баяр хүртэл танилцаж, худалдаа хийж болно” гэлээ.

Шилдэг аж, ахуйн нэгжийг тодруулав

Бүтээгдэхүүн сонгон шал­га­руулах комиссоос “Монголд үйлдвэрлэв-2015” үзэс­гэлэн худалдааны шилдэг бүтээг­дэхүүнийг сонгон шалга­руу­лалтыг хийж, хаалтын үеэр зарласан юм. Ингээд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор найм дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн худалдааны “Гран при” шагналын эздээр "Hero kids", "Живэртийн оргил", "Монгол нэхмэл", "Сэлэнгэ пресс", "Мастер додо" компа­ни тодорсон бол шилдэг аж ахуй нэгжээр "Эрдэнийн гоёл", "Ном хур", "Говь", "Эрдэнэт хивс" шалгарлаа. Харин тусгай байранд “МТОТ”, "Милко”, "Зураас", иргэн н.Мөнхтүвшин , "Stary sky" компани бичигджээ.

Дотоодын үйлдвэрлэгчдийн Цагаан сарын үзэсгэлэн худалдаа Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүр болон Бөхийн өргөөний гадна талбай, “Тэнгэр” бөөний худалдааны төвд үргэлжилж байгаа бол Сүхбаатар дүүргийн Цэрэндоржийн гудамжинд, Тусгаар тогтнолын талбай, Урт цагааны зүүн талд зэрэг газруудаар үзэсгэлэн худалдаа үргэлжлэх юм.


Эх сурвалж: www.assa.mn

Зарим гудамж, замыг нэршүүллээ
Зарим гудамж, замыг нэршүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.