Олимпизмыг “оршуулагч”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 10 секунд
Олимпизмыг “оршуулагч”

Олимпизмыг “оршуулагч”

Олимпын аварга Н.Түвшинбаяр дотны найз улсын начин Э.Энхбатыг зодож, хүнд гэмтээсэн асуудал нийгмийн хамгийн шуугиантай сэдэв болоод байна. Ямар ч асуудал гарсан олон нийт хоёр хуваагдаж, үзэл бодлын дайн өрнүүлдэг нь ёс. Энэ удаад олон нийтээс олонх нь олимпын аварга Н.Түвшинбаярыг буруутгаж байна. Янз бүрээр л хэлж, харааж байх шиг. Хоёр эр хүний хооронд тухайн үед юу өрнөсөн, яагаад нударга зөрүүлсэн бэ гэдгийг шалгах газар нь шалгаад, шүүх эрхтэй нь шүүнэ биз. Шийтгэлээ ч хүлээж байх.  Харин нэг л зүйлийг зөвтгөх арга байхгүй. Монголын Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч хүн архидан согтуурч, бусадтай зодолдсон гэдгийг дэлхий нийтийн олимпимзын төлөөлөл сонсоод юу гэх бол. Олимпын алт, мөнгөн медальтай шилдэг тамирчин архидан согтуурч, бусдыг хэвтэрт ортол балбажээ гэдэг мэдээг дэлхийн жүдо бөх сонирхогчид уншаад юу гэх бол оо.

Олимп гэдэг хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон спортын наадам. Таван тивийн бүх хүмүүс олимпын наадмын дор эвлэлдэн нэгддэг. Тэгвэл даян дэлхийн эв нэгдлийн бэлэгдлийг Монгол Улсад сурталчлах. Монголын спортыг дэлхийд таниулах ёстой Олимпын хорооны дарга нь архи ууж, эвийг эвдэж, эеийг хагалж, эрхэм нөхрөө гэмтээсэн гэдэг нь уучилж болшгүй алдаа.  Монголын олимпизмыг тэр “оршуулчихлаа”. Өөрийнхөө нэр хүндийг ч унагалаа. Одоо түүнд Олимпын хорооны Ерөнхийлөгч гэгдэж явах нэр нүүр үлдээгүй байх. Ажлаа ч өгөх биз. Олон нийт түүний олимпын медалийг хураасан байж магадгүй гэх мэдээллийг тараасан. Олимпын наадмын алт, мөнгөн медалийг тийм ч амархан хураагаад авчихдаггүй байх. Гэхдээ Олон улсын Олимпын хороо огт дуугүй суухгүй болов уу. Хүн төрөлхтний эв нэгдлийг зорилго болгон ажиллаж буй энэ байгууллага нэг гишүүн орных нь Олимпын хорооны дарга архидан согтуурч, хүн зодож гэмтээснийг зүгээр хараад суухгүй байх.

Олны хайрыг татах хэцүү. Тэр хайрыг дааж явах бүр ч хэцүүг энэ үйл явдал харуулав. Зарим нэг хүн монголчуудыг бахархлаа барьж иддэг гэж буруутгасан байна билээ. Н.Түвшинбаяр бидний бахархал мөн үү гэвэл мөн. Гэхдээ Чингис хаанаас 9 удаа удаа алдаа эндэгдэл гаргахад өршөөгдөх зарлиг хүртсэн хүн биш. Монголчууд нэг биш удаагийн алдаа эндэгдлийг чинь уучилсан. Энэ удаа уучлахгүй л болов уу.

“МОНГОЛРОСЦВЕТМЕТ”-ИЙН ӨР ЗУРГААН САРЫН ДОТОР 12.5 ТЭРБУМААР НЭМЭГДЖЭЭ
“МОНГОЛРОСЦВЕТМЕТ”-ИЙН ӨР ЗУРГААН САРЫН ДОТОР 12.5 ТЭРБУМААР НЭМЭГДЖЭЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.