Сангийн сайд Б.Жавхлан хятадад арматурын үнэ 2 дахин өслөө гэж байгаа нь гадаад худалдааг огт мэддэггүйн илрэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
29 минут 37 секунд
Сангийн сайд Б.Жавхлан хятадад арматурын үнэ 2 дахин өслөө гэж байгаа нь гадаад худалдааг огт мэддэггүйн илрэл

Сангийн сайд Б.Жавхлан хятадад арматурын үнэ 2 дахин өслөө гэж байгаа нь гадаад худалдааг огт мэддэггүйн илрэл

Хямрал үүссэн нөхцөл байдал

1990-ээд оны эхээр Засгийн газрын шийдвэрээр ТӨЛӨВЛӨГӨӨ, ТӨРИЙН ӨМЧ, ТӨРИЙН ХЯНАЛТЫГ устгахын тулд Улсын Төлөвлөгөөний Комисс, Гадаад Худалдааны Яам, Гадаадтай Эдийн Засгийн талаар харилцах Улсын Хороо, Үнэ Эдийн Засгийн Улсын Хороо, Худалдаа, Бэлтгэлийн Яам, Усны Аж ахуйн Яам, Ардын Хянан Шалгах Хороо зэрэг Монгол улсын Эдийн засгийн төвлөрсөн мэргэжлийн удирдлагыг төлөвлөгөөтэйгээр гүйцэтгэж байсан, Улс ардын аж ахуйн салбар хоорондын уялдаа зохицуулалтыг ханган хэрэгжүүлж байсан, Гадаад орнуудтай гадаад худалдаа, гадаад эдийн засгийн талаар харилцах ажлыг хариуцан гүйцэтгэж байсан, Улсын хэмжээний төрийн хяналт шалгалтыг гүйцэтгэж байсан байгууллагуудыг ор мөргүйгээр устгаснаар Монгол улсын Төр Засаглалын /засаглалгүйн хямрал гэх нь зөв байх/ хямрал эхэлсэн бөгөөд хямралаа засах оролдлогыг аль ч Улсын Их Хурал, Засгийн газар хийгээгүй учраас энэ хямрал одоо хүртэл үргэлжилсээр...

Ингээд Монгол улс гадаад худалдааны эдийн засагтай улс болж, бүх хэрэглээний барааны 90%-ийг импортоор, үүний дотор хүнсний барааны 50%-ийг гаднаас авдаг, инфляцад импортын хүнсний барааны эзлэх хэмжээ 50%-д хүрсэн бөгөөд бүх импортын барааны төлбөрийн 96%-ийг чөлөөт валютаар гүйцэтгэнэ. Хэрэглээний зүйлийн 90%-ийг гаднаас авдаг учраас импортын барааны үнийн өсөлт ард түмний амьдралд ч, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний үнэд ч шууд нөлөөлнө. Жишээ нь: Өгөөжийн гурилан боовны үнийн 86% нь ургамлын тос, элсэн чихэр, цөцгийн тос зэрэг импортын бүтээгдэхүүний үнээс шууд хамаардаг учраас импортын барааны үнэ нэмэгдэхэд гурипан боовны үнэ дагаад шууд өснө.

ГАДААД ХУДАЛДААНЫ ЭДИЙН ЗАСАГТАЙ Ч ГАДААД ХУДАЛДААНЫ БОДЛОГО ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА /ЯАМ/ БАЙХГҮЙ

Гадаад худалдааны эдийн засагтай ч Гадаад худалдааны бодлого хариуцсан Төрийн захиргааны төв байгууллага / яам/ байхгүй. Дэлхийн 205 улсаас 195 улс Гадаад худалдааны бодлого хариуцсан яамтай бол манай улс ийм яамгүй 10 улсын тоонд багтана. Дараах тэвчихийн аргагүй байдлуудыг Засаглалын хямралаас болж байна гэж ойлгоод цаашид ийм байдлыг давтахгүй байх зорилгоор зарим баримтуудыг эргэн санацгаая: Үүнд:

а/ Нутаг дэвсгэрийнхээ ихэнхийг хамарсан 7000 гаруй хайгуулын лиценз олгосон, Монгол улсад 550 сүм хийд, 60-70 телевиз, 200 их дээд сургууль байгуулах зөвшөөрөл олгосон.

б/ Монгол улсад жилд 10-15 сая ширхэг малын арьс шир бэлтгэх боломжтой, боловсруулах үйлдвэрүүдийн жилийн хүчин чадал 22 сая ширхэг. Төрийн санаачилгаар Дарханд арьс шир боловсруулах цогцолбор барьж байгаа гэсэн. Арьс шир бэлтгэж боловсруулах ажлыг Монгол улс маш сайн хийж байсан үе бий.

в/ Хэдэн жилийн өмнө Монгол улс жилд 36 сая тонн нүүрс гаргаж байсан бол одоо бараг гурав дахин буурсан, Хөрш Хятад улс жилд 300 гаруй сая тонн нүүрс импортолж байна. Нүүрсний Дэлхийн зах зээлийн үнэ сүүлийн жилүүдэд 2-3 дахин өсчихөөд байхад бид нүүрсний экспортоо 2-3 дахин багасгадаг энэ ямар бодлого вэ? Ковидоос болсон, Боомтын үйл ажиллагаанаас болсон гэдэг тайлбарыг сонсох ч хэрэггүй энэ бол бодит шалтгаан биш, олон нийтийг хуурах төөрөгдүүлэх төдий зүйл гэдэгт итгээрэй.

г/ Тавантолгой компани нүүрсээ Улсын торгон хил дээр зарах гадаад худалдааны үнээс 3 дахин хямд үнээр уурхайн аман дээрээс зардаг гэвэл Та итгэх үү ? Уурхайгаас Улсын хил хүртэл хоёр зуу гаруй км. Уурхай, Улсын хилийн хоорондох тээврийг зохион байгуулж байгаа бүлгүүд (“Их замын дээрэмчид”) нүүрсний валютын орлогын 2/3-ыг хувьдаа авдаг гэвэл Та итгэх үү?

д/ Хөрөнгө мөнгө санхүүжилт нь шийдэгдсэн төслийг хэрэгжүүлж чадахгүй байгаа төслүүд: Дарханы автозам, Улаанбаатар хотын нийтийн тээвэр гэх мэт. Ийм ажлыг зохион байгуулж гүйцэтгэж чадахгүй байгаа Төрийн түшээдийг ажлаас халахад ч багадмаар.

е/ Тавантолгой Гашуун сухайтын төмөр замыг хувийн хэвшил барьж байсныг Х.Баттулга хувийн сонирхлоор 14 жилийн өмнө зогсоосноос болж улсад учирсан шууд хохирол 60 их наяд төгрөг. Төмөр замын бүтээн байгуулалтыг саатуулсан "этгээд”-ийг Ерөнхийлөгч болгож Монголын ард түмний амьдралыг самарч байгаа этгээдүүдтэй хариуцлага тооцох болоогүй юү ?

ж/ Манай улсын Халамжийн тогтолцоо оновчтой бус, Ерөнхий сайдын хэлснээр сүүлийн 1-2 жилд зургаан төрлийн 4,4 их наяд төгрөгийн халамжийг 2,5 сая хүнд олгосон, үүний 1,4 их наяд төгрөг нь Хүүхдийн мөнгө, нэг их наяд төгрөг нь төсвөөс олгодог халамж, үлдсэн хоёр их наяд төгрөгийг зүгээр л “тараачихсан” (манай тэрбумтануудад ч ноогдсон), энэ мөнгөнөөс ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгаад дээр нь тэтгэврийг нэмэх боломж байсан, мөн эрчим хүчний үнийг чөлөөлж болох байсан гэх мэт шийдлээ хүлээсэн тулгамдсан асуудлуудаа шийдэж болох байлаа.

ГАДААД ХУДАЛДААНЫ ГЭРЭЭНИЙ ҮНЭ ДЭЛХИЙ НИЙТЭД ИЛ БАЙДАГ, МАНАЙД НУУЦ БАЙДАГ

Монгол улсын Засаглалын хямралд гадаад худалдаа, гадаад эдийн засгийн бодлогын хямрал голлох байр суурь эзэлнэ. Монгол улс бүх хэрэглээний болон үйлдвэрлэл-техникийн зориулалттай барааны 90%- ийг импортоор авдаг гадаад худалдааны эдийн засагтай улс.

Гадаад худалдаатай холбоогүй салбар, ААН, компани, үйлдвэр, байгууллага үгүй болов уу. Аль ч улсын Гадаад худалдааны Систем нь доор дурдсан байгууллагуудаас бүрдэг. Үүнд: Гадаад худалдааны Яам буюу түүний үүргийг гүйцэтгэх Төрийн захиргааны төв байгууллага (нэр өөр байж болно). Тухайн улсын гадаад худалдаа, гадаад эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах үндсэн үүрэгтэй. Чөлөөт бүсүүд байгуулагдаад 20-иод жил болж байгаа ч тэнд архины дэлгүүрээс өөр ажилладаг ААН байхгүй байгаа нь мэргэжлийн удирдлага байхгүйгээс болж байх шиг. Замын-Үүд, Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомтууд яаж ажиллаж байгааг бид мэднэ.

Дээрээ мэргэжлийн удирдлагагүй, Монголд олон улсын худапдааны хууль эрх зүйн дүрэм журам үйлчилдэггүй, импортоор бараа худалдан авах гэрээнд бараа нийлүүлэх (бараа хүлээн авах) Хилийн цэгийг тодорхой заадаггүй, бараа боомтод ирэхэд нааш нь ачуулах тодорхой хариуцсан эзэнгүй (гэрээгээр үүрэг хүлээсэн) байгаа зэрэг нь БАРАА БООМТОД СААТАХ үндсэн шалтгаан болсоор байна. Боомтыг хөгжүүлэхийн тулд 26 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах 44 төслийг хэрэгжүүлнэ гээд байгааг хэн ч ойлгохгүй, Ерөнхий сайдын толгойд байгаа бодрол бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэх болохоор мэдээж иргэд эсэргүүцээд жагсаад эхэлнэ тэр үед Ерөнхий сайд бодлоосоо татгалзана, ийм л төслүүд шүү дээ.

Жишээ нь, Арцсуурь- Шивээ хүрэнгийн төмөр замаар хэн зорчих вэ? Ямар ачаа тээвэрлэх вэ? Монгол улстай өрсөлдөгч ОХУ-ын Хятадад нийлүүлэх НҮҮРСНЭЭС өөр ачаа байна уу? Төмөр зам барихын тулд онгон дагшнаараа байгаа хангай нутгийг, тал хээрийг талхалж там болгох уу? Үүнийг Монголын ард түмэн хэзээ ч зөвшөөрөхгүй. Аугаа их БОРЗОНГИЙН ГОВИЙГ талхалж там болгох гэж байгааг нутгийн иргэд зогсоолоо. Мэдээж Борзонгийн говио устгах уу? Засгийн газраа огцруулах уу? гэвэл хоёрдохын төлөө ард түмэн хоёр гараа өргөн дэмжинэ.

Гадаад худалдааны хууль эрх зүйн хөгжил дэлхийн далайн тээвэртэй хамт үүсэж мянга гаруй жилийн турш хөгжиж өөрчлөгдөн боловсронгуй болсоор, улс хоорондын худалдааны харилцааг зохицуулах Тариф Худалдааны Ерөнхий Хэлэлцээр (General Agreement on Tariff and Trade-GATT) 1995 онд эцэслэн батлагдаж Дэлхийн худалдаа байгууллага байгуулагдсан бөгөөд манай улс 1997 онд гишүүнээр элссэн. НҮБ-ын “Олон Улс Бараа худалдах, худалдан авах гэрээний тухай Венийн конвенц 1980 онд батлагдсан, манай улс 1997 онд элссэн. Олон улс худалдаанд дэлхий нийтээр мөрддөг чухал баримт бичиг бол ИНКОТЕРМС (INCOTRMS-international commercial terms) Улс хоорондын худалдааны нэр томъёог олон улсын хэмжээнд нэг мөр болгохоор Олон улсын худалааны танхимаас 1936-1953 онд боловсруулж ИНКОТЕРЬ 53-ыг баталж гаргасан бөгөөд цаашид боловсронгуй болсоор одоо ИНКОТЕРМС-202-ыг хэрэглэж байна.

Гадаад худалдааны тулгын гурван чулуу

1.Гадаад худалдаа мэргэшсэн компани, Захиалагч буюу Экспортлогч байгууллагын хамт.

2. Гаалийн байгууллага.

3.Төлбөр тооцооны ЭКСИМ Банк

Гадаад худалдаа мэргэшсэн компани нь ихэнх тохиолдолд Захиалагч буюу Экспортлогч үйлдвэрүүд компаниудын даалгавраар бараа экспортлох, эсвэл импортлох ажиллагааг мэргэжлийн түвшинд гүйцэтгэнэ. Захиалагч буюу Экспортлогчтой тохиролцсоноор импортолсон буюу экспортолсон барааны үнийн дүнгийн гурав хүртэлх хувиар санхүүжих бололцоотой. Энэ тохиолдолд одоогийн будлиантай Тендер устах ёстой. Гадаад худалдааны мэргэшсэн компани орж ажилласнаар импортлох барааг дэлхийн зах зээлийн дундаж үнээр (ДЗЗДҮ-ээр) байнга худалдан авах, барааны үнийг тогтвортой байлгах, барааг Улсын хилийн “О’’ цэг дээр гэрээгээр тохиролцсон хугацаанд хүлээн авах, боомтод бараа саатах асуудал арилах зэрэг олон чухал ач холбогдолтой. Гаалийн байгууллага экспорт, импортын барааны гаалийн бүрдүүлэлтийг тогтоосон журмын дагуу хийж гүйцэтгэнэ. ЭКСИМ банк тогтоосон журмын дагуу экспортолсон буюу импортолсон барааны төлбөр тооцоог Захиалагчийн буюу Экспортлогчийн даалгавраар Банкны сүлжээгээр гүйцэтгэнэ.

Гадаад худалдааны үйл ажиллагаа Гэрээний (Контрактын) үндсэн дээр явагдана. Гэрээний үндсэн нөхцөлүүд нь Олон улсын хэмжээнд буюу хоёр Улсын хооронд тохиролцсон нэг хэлбэрийн (маягийн) гэрээний нөхцөл давамгайлдаг. Гэрээний нөхцөл, үүний дотор барааны үнэ Дэлхийд НЭЭЛТТЭЙ, ИЛ байдаг. Манай улсад нууц байдаг.

Эндээс импортын барааны үнийн өсөлт, луйвар, тодорхойгүй байдал, инфляцын өсөлт, иргэдийн ядуурал, хоосрол, орон сууцны үнийн огцом өсөлт зэрэг Монгол улсын хөгжлийг хойш татаж байгаа үйл явдлууд эхэлдэг. Энэхүү луйврыг би энэ танилцуулгад дэлгэрүүлэн тайлбарлах болно. 1990 оноос өмнө гадаад худалдааны гэрээний нөхцөл, барааны үнэ Монгол улсад ИЛ байсан. Импортын үйлдвэрлэл- техникийн зориулалттай барааны дотоодын бөөний үнийг тогтоохдоо гадаад худалдааны (хилийн) үнийг албан ханшаар төгрөгт шилжүүлээд дээр нь 27%- ийн нэмэгдэл нэмж тогтоодог. Импортын өргөн хэрэглээний барааны жижиглэн худалдах үнийг Үнэ эдийн засгийн Улсын хороо тогтоож батапдаг байв. Энэ үед үнийн өсөлт, үнэ нэмэгдчихлээ, инфляц өснө гэсэн ойлголт байсангүй. Үүнийг социалист системийн төлөвлөгөөт эдийн засагтай холбож тайлбарлах шүүмжлэх шаардлагагүй, хамгийн зөв систем байв.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН ХЯТАДАД АРМАТУРЫН ҮНЭ ХОЁР ДАХИН ӨСЛӨӨ ГЭЖ БАЙГАА НЬ ГАДААД ХУДАЛДААГ ОГТ МЭДДЭГГҮЙН ИЛРЭЛ

1990-ээд оны эхээр гадаад худалдааны системийг ор мергүй устгаснаар гадаад худалдаа, гадаад эдийн засгийн харилцааны бодлогын хямрал Монгол Улсад бодит байдлаар эхлэв. Монгол улс хэдэн жилийн өмнө ОХУ, БНХАУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтоож хоёр аварга хөрштэйгээ гадаад худалдаа, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааг бүх салбарт, бүх түвшинд хөгжүүлэх өргөн боломж нээгдсэн ч Гадаад худалдаа, Гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг Монголд хариуцах Төрийн Захиргааны төв байгууллага байхгүй (Төр Засгийн түвшинд эзэнгүй), онцгой чухал асуудал гарвал Гадаад харилцааны яамаар дамжуулж дипломат шугамаар хэл дамжуулах төдийгөөр хязгаарлагдана. Хоёр хөрштэй тоггоосон иж бүрэн түншлэлийн харилцааны үр шимийг хүртэж чадахгүй, манай талаас санал санаачилга гаргах эрх бүхий, мэргэжлийн байгууллага байхгүй, асуудлыг мэргэжлийн түвшинд ойлгох улстөрчид байхгүй болсон, одоогийн улстөрчид, Төрийн албан хаагчид үндсэндээ гадаад худалдааны систем устаад 30-аад жил болж буй хугацаанд сурч боловсорч төлөвшсөн хүмүүс учраас гадаад худалдааны хууль эрх зүйн ойлголтгүй, мэдлэггүй, ийм хүмүүс төрийн эрх барих дээд байгууллагуудад шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа нь Монголын хувьд эмгэнэл.

Жишээ татъя. Сангийн сайд Б.Жавхлан шийдвэр гаргах түвшингээр өндөр эрх мэдэлтэй сайд, Барилга, хот байгуулалтын сайд Мөнхбаатар бас л мундаг сайд, гэвч тэд гадаад худалдааны талаар анхан шатны мэдлэггүй хүмүүс, учир нь тэд: Хятадаас авдаг барилгын арматурын үнэ сүүлийн хоёр жилд хоёр дахин өслөө гээд яриад байх юм. Арматурын хийц хэлбэр,металлын бүтэц (сталь-3, сталь-5) өөрчлөгдөөд байдаггүй, дэлхийн зах зээлийн (гадаад худалдааны үнэ) үнэ нь хамгийн тогтвортой байдаг бараа. Миний хэлснийг шалгахад маш амархан. Хятадын Бугатын Төмөрлөгийн үйлдвэрийн Арматурын үнийн жагсаалт (прейскурант)-ыг аваад харчих, Хятадаас хөрш орнуудад нийлуүлж байгаа үнийг үзчих, эдгээр үнийн материалууд ил байгаа, манай ЭСЯ-аар дамжуулаад үнийн материалыг авч болно. Импортын бүх барааг Дэлхийн зах зээлийн дундаж үнээр л худалдан авна. Алт, нефть, өнгөт металлаас бусад барааны Дэлхийн зах зээлийн дундаж үнэ жил бүр өөрчлөгдөөд байдаггүй гадаад худалдааны алтан дүрмийн нэг шүү.

Гадаад худалдааны хамгийн энгийн мэдлэггүй хүмүүс ьөрийн түвшинд зөв шийдвэр гаргаж чадах эсэх нь маш эргэлзээтэй. Ерөнхий сайд өнгөрсөн өвөл Хятадад айлчлахдаа олон чухал асуудлуудыг богино хугацаанд шийдээд ирснийг бид харсан, биечлэн уулзаж асуудлаа ярина гэдэг бол амжилтын хагас. Хэрэв Гадаад худалдааны сайд сар тутам Хятадад очоод асуудлаа яриад ойлгуулаад байсан бол Боомт дээр бараа саатах, экспортын барааны ачилт саатахгүй л байсан, үүнд би бүрэн итгэлтэй байна.

Гааль, Чөлөөт бүс, Боомтууд, Гадаадын хөрөнгө оруулалт зэрэг гадаад эдийн засгийн харилцааны мэргэжлийн байгууллагууд дээрээ мэргэжлийн удирдлагагүй, мэргэжлийн туслалцаа зөвлөгөө байхгүй учраас тэдгээр байгууллагууд хэвийн ажиллаж чадахгүй байна. Үүнээс болж Монгол улс маш их хохирч байна даа. Гадаад худалдааны бас нэг АЛТАН ДҮРЭМ - ИНКОТЕРМС (international Commersial terms) - 2020.

Энэ дүрмээр Экспортлох барааг ямар цэгт хүлээлгэн өгөх буюу тушаах, импортлох барааг ямар цэгт нийлүүлэх буюу хүлээн авахыг тогтооно. Энэ цэг нь хуурай газраар хиллэдэг орнуудын хувьд Улсын торгон хил буюу “О” цэг байдаг. “О” цэг дээр худалдагчийн үүрэг хариуцлага дуусч, бараа Худалдагчийн өмчлөлөөс Худалдан авагчийн өмчлөлд шилжинэ. “О” цэг хүртэл Худалдагч тал бүх зардал, хариуцлага, эрсдэлийг даана. Хятадын Боомтод бараа саатвал түүний зардал, эрсдэл, хариуцлагыг Худалдагч өөрөө хариуцах ба энэ хугацаанд барааныхаа төлбөрийг нэхэмжилж чадахгүй, учир нь бараагаа зөвхөн хилийн “О” цэгт хүлээлгэж өгсний дараа төлбөрийн баримтаа худалдан авагчид илгээх боломжтой болно. Олон улсын худалдаанд хатуу баримталдаг ИНКОТЕРМСийн нөхцөлийг баримтлахгүй, барааныхаа үнийг урьдчилж төлөөд барааг Эрээн рүү ачуулаарай гээд орхидог нь одоогийн боомт дээр бараа саатдаг үндсэн шалтгаан болоод байгаа юм. Боомтын ажлыг сайжруулахын тулд 26 их наяд төгрөгийн 44 төслийг заавал бүгдийг хэрэгжүүлэх шаардлагагүй учир эхлээд хөрөнгө мөнгө зарахгүй гадаад худалдааны гэрээний нөхцөлийг боловсронгуй болгох асуудлаар Хятадын талтай хэлэлцээ хийж тохиролцох хэрэгтэй.

ИМПОРТЫН БАРААНЫ ҮНИЙН ӨСӨЛТ БОДИТОЙ ЗҮЙЛ БИШ УЧИР НЬ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ДУНДАЖ ҮНЭ БАРАГ ХӨДӨЛДӨГГҮЙ

Хөрөнгийн биржийн мэргэжилтэн эдийн засагч Д.Ангар: Монгол улс импортын хамааралтай байхад үнийн өсөлтийг хязгаарлаж чадахгүй гэсэн утгатай зүйл хэлсэн. Энэ бол манай нийт эдийн засагчдын санаа бодол байх. Импортын барааны үнийн өсөлт бол Монголын Төр засгаас үл хамаарах учраас цаашид үүнтэй эвлэрэхээс өөр аргагүй гэсэн үзэл баримтлал. Энэ үзэл баримтлалыг би хүлээн зөвшөөрөхгүй, импортын барааны үнийг хэвийн байлгах, жил бүр өсгөхгүй байх арга зам, бодит боломж бий. Монголд бараа импортлох үйл ажиллагаа нь луйврын, мафийн шинжтэй болсон бөгөөд барилгын материалын үнийн огцом өсөлт (үүнийг дагасан орон сууцны үнийн өсөлт), хүний эмийг 5-10,5 дахин өндөр үнээр борлуулж байгаа зэрэг нь импортын мафийн дөнгөж үзэгдэх хэсэг орой нь юм.

Импортын барааны үнэ жил бүр нэмэгддэг шалтгаан, түүнээс болж учирч буй хор хохирлын талаар тодорхой баримтаар тайлбарлая:

1.Барилгын материал үүний дотор арматурын төмрийн үнийн өсөлтийн шалтгаан, учирч буй хор хохирлын талаар БХБЯ-ны Барилгын материалын хэлтсийн дарга Батзоригийн мэдээлснээр 2020 онд 821 иргэн, 4190 ААН. 2021онд 1000 гаруй иргэн, 4000 гаруй ААН барилгын материап импортолжээ. Манай улс жилд 2 их наяд төгрөгийн барилгын материал (62%) импортолдог.

Барилгад жилд хэрэглэдэг үндсэн материалын нэр төрөл 2000- аас хэтрэхгүй, үүнийг худалдан авахын тулд жилд багаар бодоход арван мянга гаруй хүн Хятад руу явжээ. Энэ хэвийн явдал мөн үү? Ямар их илүү зардал чирэгдэл вэ? Гэрээ байна уу? төлбөр тооцоо банкаар хийгдсэн үү? Ямар үнээр авсан бэ? гээд олон асуудап урган гарч байна. 2020 онд дотоодод зарагдах арматурын үнэ тонн нь 1,5 саяас 3,2 сая төгрөг болж өсчээ, 2021 онд дахиад 49 хувь өссөн бололтой. Үнэ ингэж өсөх бодит шаптгаан үндэслэл байна уу ? БАЙХГҮЙ.

Учир нь арматурын ДЗЗДҮ бараг өөрчлөгддөггүй бараа, дахин дахин шалгаарай, Бугатын Төмөрлөгийн үйлдвэрийн арматурын үнэ сүүлийн 10 жилд өөрчлөгдсөн эсэх, Хятадаас хөрш орнуудад нийлүүлсэн арматурын үнэ сүүлийн 10 жилд өөрчлөгдсөн эсэхийг шалгаарай. Ийм өөрчлөлт гараагүй, арматурын үнэ өөрчлөгдөөгүй, үүнд итгэлтэй байна. Таван толгойн нүүрсийг Уурхайн амнаас гурав дахин хямд үнээр аваад хил дээр үнийг гурав дахин өсгөөд зардаг “Их замын дээрэмчид"-ийн үйл ажиллагаатай адил процесс энд (Эрээн-Замын Үүдэд) явагдаад байгаа гэсэн үг.

Би өнгөрсөн онд Ерөнхий сайдад бичиж байсан захидалдаа:

2020, 2021 оны барилгын материалын үнийн зөрүү гэдэг бол Монгол улсад гадаад худалдаа, үнийн асуудал удирдлагагүй зохицуулалтгүй байгааг ашиглан ганзагын наймаачдын хийж буй үйл ажиллагаа (тэд хууль зөрчөөгүй учраас тэднийг буруутгах аргагүй)- наас шууд хамааралтай бөгөөд цаашид ч хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд нэмэгдэх тутам энэ зөрүү өссөөр байх болно.

Энд маш хариуцлагатайгаар хэлэх зүйл бол бүх төрлийн барилгын материалын Дэлхийн зах зээлийн дундаж үнэ бол нэмэгдээгүй, харин бага сага өөрчлөлт (корректировка) гарсныг үгүйсгэхгүй. Ингээд санал болгох нь: Улсын төсвөөр 2023 онд баригдах барилгуудад шаардлагатай бүх импортын материалын захиалгыг энэ оны 9-р сараас өмнө гаргаж нэгтгээд гадаадын нийлүүлэгч компаниудад хүргүүлээд, энэ ондоо багтаан гэрээлж ирэх оны туршид гэрээнд заасан хугацаанд хүлээн авна. Материалын үнийг дэлхийн зах зээлийн дундаж үнээр Захиапагчдын мэргэжлийн хүмүүсийг оролцуулан гэрээг байгуулна. Үнийн өсөлтийн асуудал гарахгүй. Харин Эдийн засаг, хөгжлийн салбарын удирдлага дор гадаад худалдааны мэргэшсэн цомхон орон тоотой компани байгуулна. Энэ компани гэрээлж нийлүүлсэн барааны үнийн дүнгийн гурав хүртэлх хувиар санхүүжнэ.

1.Манай улсын Эмийн импорт нь том мафи болсныг УИХ-ын гишүүдээсээ эхлээд ойлгоод эхэлллээ. Монгол Улс жилд 500 тэрбум төгрөгийн эм хэрэглэдэг, ихэнх гэр бүлүүд өрхийн орлогын 30-40 хувийг эмэнд зарцуулдаг гэсэн тоо баримт бий. Манайд зарж байгаа эмийн үнэ дэлхийн зах зээлийн үнээс 5-10,5 дахин өндөр, дээр нь хуурамч эм маш их хэмжээгээр зардаг. Монгол улсын Эрүүл мэндийн салбараас ойрмогхон хугацаанд 130 гаруй тэрбумтэн төрснийг Эрүүл мэндийн даатгалын хяналт ТББ- аас мэдээлсэн. Энэ салбарын будлиантай асуудлуудыг шийдэх зохицуулах арга нь өнгөн дээрээ байгаа. Эдийн засаг, хөгжлийн яамны салбарын удирдлага дор мэргэжлийн эм зүйчид, гадаад худалдааны мэргэжлийн ажилтнуудаас бүтсэн цомхон аппараттай гадаад худалдааны мэргэшсэн компани байгуулна. Тэр компани Улсын хэмжээний эмийн захиалгыг авч нэгтгээд гадаадын эмийн компаниудтай гэрээ байгуулан жинхэнэ сайн чанарын эмийг дэлхийн зах зээлийн үнээр нийлүүлнэ. Гадаад худалдааны компани гэрээлж нийлүүлсэн эмийн үнийн дүнгийн 3 хүртэлх хувиар санхүүжнэ.

ЦААШИД ДАВЫН ӨМНӨ ГАДААД ХУДАЛДААНЫ ЯАМТАЙ БОЛОХ УЧИРТАЙ

Гадаад худалдааны яам, Гадаадтай Эдийн Засгийн талаар харилцах Улсын хороо, Улсын төлөвлөгөөний комиссыг ор мөргүй татан буулгаснаар Монгол улсын гадаад худалдаа, гадаад эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны нэгдсэн бодпого алдагдаж, энэ асуудлыг Төр Засгийн түвшинд хариуцах эзэнгүй болоод 30 гаруй жил өнгөрлөө. Дэлхийн бүх улсуудын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй өргөжин хөгжсөөр байгаа энэ хавтгай дэлхий дээр Монгол улсад энэ салбар огт эзэнгүй 30 жил болж байгаа нь Монгол улсын хөгжил дэвшил урагшилж, ард түмний амьдрал сайжрахгүй байгаагийн үндсэн шалтгааны нэг мөнөөс мөн. Дэлхийн 205 улсын 195 улс нь гадаад худалдаа, гадаад эдийн засгийн асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллагатай (яамтай), манай улс яамгүй 10-ын тоонд багтана. Гадаад худалдаа, гадаад эдийн засгийн бодлого эзэнгүй, огт хэрэгжихгүй байгаагаас болж бид маш их зүйлийг алдаж, хамгийн наад зах нь барааны үнэ тэнгэрт хадаж ард түмэн ядуурсаар байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд гадаад худалдаа, гадаад эдийн засгийн бодлогын асуудлаа хариуцсан яамаа бүрэн хэмжээгээр нь ажиллуулах хэрэгтэй.

Одоо яаралтай Гааль, Хилийн боомтууд, Чөлөөт бүсүүд, Хөгжлийн банк, гадаадын хөрөнгө оруулалтын байгууллагуудаа удирдлагадаа аваад, яамны аппаратад гэрээ эрх зүйн нэгж, гадаад зах зээлийн судалгааны нэгжийг байгуулаад ажилдаа эрчтэй орох хэрэгтэй. Яамыг байгуулсны дараа гадаад худалдааны бүх гэрээ контрактуудыг ил болгох зайлшгүй шаардлагатай. Гадаад худалдааны гэрээ 1990-ээд оноос өмнө манайд ил байсан бөгөөд дэлхийд ил байдаг баримт бичиг. Гэрээ, барааны үнэ ил болсноор импортын барааны үнийн өсөлт хөөрөгдөл бүрмөсөн зогсоно.

Хуурамч гэрээ байгуулах, хэд хэдэн хуурамч гэрээ байгуулдаг асуудлыг байхгүй болгоно. Импортын барааны дотоодод худалдах үнийг гадаад худалдааны үнийг үндэслэн Эдийн засаг, хөгжлийн яам тогтоож мөрдүүлнэ. Эдгээр арга хэмжээний үр дүнд импортын барааг цаашид Дэлхийн зах зээлийн дундаж үнээр худалдан авч байх бөгөөд жил бүр барааны үнэ нэмэгдэх асуудал арилна. Энэ бол гадаад худалдааны хууль эрх зүйн үндэслэлтэй, дэлхий дахинд мөрдөгддөг эрх зүйн дүрэм журмаар зохицуулагдсан асуудлууд учраас биелүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй гэсэн шалтгаан байхгүй, гагцхүү маш сайн судалж, төлөвлөж, бэлтгэсний үндсэн дээр зохион байгуулж хэрэгжүүлэх учиртай. Монголд импортын барааны үнэ янз бүрийн мэдээллийн эх үүсвэрээр ямар ч жолоодлогогүй буюу 15-200 хувийн өсөлттэй, инфляц 15 хувь гэж байгаа боловч бараа бүтээгдэхүүний үнэ нийтдээ 30 хувиар өсчихсөн, үнийн өсөлт, инфляц, валютын ханш, татварт жирийн иргэн бүр дарамтлуулж өдөр тутам аж амьдрал нь хүндэрсээр байгаа энэ цаг үед миний гаргасан саналуудыг Засгийн газар эрхбиш анхааралдаа авах байх гэсэн итгэлээр танилцуулгаа дуусгая.

Гадаад худалдааны Ахмад ажилтан С.Чадраавал

Өртэй компанийн цахилгааныг тасалнаас болж айлууд бохир усанд “живэхэд” хүрэв
Өртэй компанийн цахилгааныг тасалнаас болж айлууд бохир усанд “живэхэд” хүрэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.