Өндөр их Алтайгаас алс баруун хязгаар руу түүчээлэн буй хөгжлийн замаар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
20 минут 38 секунд
Өндөр их Алтайгаас алс баруун хязгаар руу түүчээлэн буй хөгжлийн замаар

Өндөр их Алтайгаас алс баруун хязгаар руу түүчээлэн буй хөгжлийн замаар

Урин цагийн нар салхин хором хормоор илч гэрлээ хумиж буй намрын өдрүүдэд хөдөө гадаагүй хадлан тарианаас эхлээд бүхий зүйлээ базааж, нэг л өглөө хучаад авах хяруунаас урьтах гэж яарч байгааг замын туршид юухнаас ч болов харж болно. Үүн лугаа “Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж” буй өдрүүдэд Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаар ахлуулсан баг баруун аймгуудад хийгдэж буй зам, гүүр, нисэх буудлуудын ажлын явцыг шалгах, зарим зам гүүр, нисэх буудлын хөдөлгөөнийг нээх зорилго дор их хотын чимээг орхин одож байгаа нь энэ. Мэдээжийн хэрэг тэдэнд бүтээн байгуулалт, замчдад тулгамдсан асуудал гээд олон зүйлийг шийдэх давхар ажил ч бий. Нөгөө талаар хүлэг сульдаам уулсын хөх салхи ч хүйтэн сэрүүний цаг хаалга тогшиж байгааг сануулаа биз ээ. 

Энэхүү багт Сайдын зөвлөх Н.Амарсайхан, Авто замын бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын Замын ашиглалт засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ, мэргэжилтэн Б.Дархандаръяа болон албаны бусад хүмүүс багтсан юм.

Тэдний эхний ажил бол Баян­хонгор Байдрагийн гүүр хүртэлх 129,4 километр хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг нээх байв. Тиймээс хүрээнээс үд хугаслан гарсан бид намрын наран баруунаа таширлаж, тэртээх хөглөгөр уулсын цаана одож ахуйд Өврийн сайхан хангайд аяны дөрөө мулталлаа. Өвөрхангай аймаг бол нийслэл хоттой хатуу хучилттай 430 кило­метр замаар холбогдон орших бөгөөд Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийг зоригсод дамжин өнгөрдөг, Монгол Улсын газрын хүйс төв цэг болон оршдог нутаг. Энэ аймаг өөрөө түүх дурсгал, алдартнуудаар дүүрэн, байгалийн үзэсгэлэн бүрдэн оршдог учраас “өврийн сайхан” хэмээн нэрийдсээр иржээ гэдгийг юу юунаас харж болно. Мэдээжийн хэрэг, Зам тээврийн хөгжлийн яамныхан Өвөрхангай аймгийн Авто замын засвар арчи­лалт компанийн ажил үйлстэй танилцаж тулгамдсан асуудал, хийж хэрэгжүүлж буй ажил юу эсийг уудлан ярихсан билээ. Орон нутагт ажиллаж буй замынхан салбарын сайддаа тулгамдаж буй асуудлаа сайтар уудлана билээ. Ийнхүү Өвөрхангайн төвөөс аяны жолоо сунгасан багийнхан Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт замын хөдөлгөөнийг нээсэн. Бөмбөгөр хайрхны сүр бараанд хөдөлгөөнөө нээсэн энэ замыг чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэсэн гэдгийг гүйцэтгэгчид ч, мэргэжлийнхэн  ч, иргэд ч ам уралдан ярьж байв.

Хамгийн гол нь Баянхонгор-Байдрагийн гүүр хүртэлх 129,4 км хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг нээснээр баруун айм­гуудыг холбосон хэвтээ тэнхлэгийн автозамын сүлжээнд хамрагдах боломж бүрдэж байгаа юм. Мөн ч олон амьтны аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлыг даан зурайх энэ зам нас урттайгаас гадна үргэлжлэл бий. Тус зам барилгын ажлыг БНХАУ-ын “Эксим” банкны 56,7 сая ам долларын санхүүжилтээр 2017 онд эхлүүлж энэ намрын сард улсын комисс ямар ч асуудалгүй хүлээн авсан байдаг. Тус замыг орон нутгийн "Их монгол барилга", “Их Богд Зам”, “Ди Ар Жи”, “Төгс зам” зэрэг дотоодын аж ахуй нэгжүүд туслан гүйцэтгэжээ. Замын хөдөлгөөнийг нээх үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Монголчууд бид хүн болж төрснийх зам тавих, мод тарих, түүх бүтээх ёстой гэж ярьдаг. Алтан шар зам тавьсан хүнд буян хурдаг гэдэг. Аргагүй, зам гэдэг холыг ойртуулж хоёрыг уулзуулдаг, зам дагаж хөгжил явдаг, зам дагаж бүтээн босголт бий болдог болохоор тэр байх. Энэ төсөл амжилттай өрнөж дууслаа. Монголчууд түүхэндээ анх удаа өөрсдөө Нефть нэрэх үйлдвэрийнхээ 27 километр төмөр замыг барилаа, одоо хэвтээ тэнхлэгийн Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замыг өөрийнхөө хөрөнгөөр өөрсдөө барьж байна. Энэ жил зам тээврийн салбарт маш олон бүтээн байгуулалтууд амжилттай явж байна” хэмээн салбартаа өрнөж буй зарим бүтээн байгуулалтын талаар иргэд олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Ийнхүү замын уртад уулзаж, хөөрөг зөрүүлсэн иргэд “Энэ жил зам тээврийн чиглэлд олон бүтээн байгуулалтын ажил амжилттай өрнөж байна. Говь-Алтай чиглэлийн замыг мөн ч олон жил ярьж хүлээсэн дээ. Одоо л нэг биелэлээ олох нь” хэмээн талархалтай хандах нь сонор шүргэнэ.

АЛТАЙЧУУДЫН МӨРӨӨДЛИЙГ ТЭЭСЭН ЗАМ АЙСУЙ ЦАГ ДОР

Байдрагийн гүүрний энэ замын ажилтай залгаад Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хүртэлх 126.7 километр хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Замчид маань ёстой л зогсоо зайгүй ажиллаж, хүчирхэг техникүүдийн дуу үл тасрах нь ажил хичнээн дөхөмтэй байгааг төвөггүйхэн илтгэнэ. Энэ замын ажлыг үндэсний “Макс рөүд” компани хувийн хөрөнгөөр барьж гүйцэтгэж байна. Баянхонгор аймгийн Бууцагаан сумыг дайран өнгөрөх уг замын ажил чамгүй хүнд нөхцөлд хийгдэж байгааг гүйцэтгэгчид ярьж байв. Бид бүхэн ч нүдээрээ харлаа. Учир нь хад чулуун дэвсгэртэй, хайрга ихтэй, газрын хэвгий олонтой учир зам барилгын ажил явуулахад ихээхэн хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл байгалийн өөрийнх нь зүй тогтоц замын ажилд ихээхэн нөлөөлж, техник хэрэгслийг эвдэж, гацаадаг байна. Гэвч нэгэн үе зөвхөн хятадууд л зам барьдаг гэх ойлголт ард үлдсэнийг “Макс рөүд” компани жинхэнэ утгаар нь харуулж байгааг газар дээр нь очсон хэнд ч ойлгомжтой. Тус айл нь 450-иад ажилтан, 200 гаруй техник хэрэгсэлтэйгээр 13 үйлдвэр байгуулан, хоёр туслан гүйцэтгэгчтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тэд энэ ондоо багтааж эхний 80 километр авто­замын асфальтан хучилтыг хийх бол үлдсэн 60 километр автозамын цементэн хучилтыг хийж үлдээх гэнэ. Байгаль цаг уурын бэрхшээл гарахгүй бол төлөвлөсөн ажил хугацаандаа бүрэн амжина гэж байв. Тэд өөрсдийн 13 үйлдвэртэй учраас материал түүхий эдээр дутагдах зүйл байхгүй, хоёр ч худаг гаргасан учраас усны асуудал ч байхгүй, эвдэрсэн техник хэрэгслүүдээ өөрсдөө засварлаад хоёр ээлжээр өдөр шөнөгүй ажил­лаж байгаагаа салбарынхаа сайдад дуулгасан. “Макс рөүд”-ийн барьж буй энэ зам ашиглалтад орохоор зөвхөн Говь-Алтайчууд төдийгүй Ховд, Баян-Өлгий аймгийн иргэд ч арчсан толь шиг замаар зорчих юм. Бүтээн байгуулалт буцалж буй ажлын талбар дээр Авто замын бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын Замын ашиглалт засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ бидэнд мэдээлэл өгсөн. Тэрбээр “Байдрагийн гүүр Говь-Алтай чиглэлийн 126.7 километр замын ажил өнгөрөгч тавдугаар сарын 15-нд эхэлсэн. Ухмалын ажил 75, газар шороо, далангийн ажил 50, суурийн ажил 15 хувьтай явж байна. Энэ жил 80 километр замыг ашиглалт оруулна гэсэн төлөвлөгөөтэй асфальтаа тавьж эхэлсэн. Асфальтын өргөн найман метр, хоёр метрын урттай бэхэлгээ бүхий хөвөөтэй чанарын стандартад нийцсэн зам барьж байна” гэсэн юм. Ийнхүү бидний баг үндэсний компанийн бүтээж буй хөглөрсөн их ажил дундуур давхисаар өндөр их Алтай, Хөх сэрхийн нурууны сүр бараан дор Дэлгэрийн тал дундаас 126.7 километр зам явж уулзах засмал замд нийлснээр Говь-Алтай аймгийн төвд аяны жолоо эвхлээ. Энэ хоёр зам Дэлгэрийн талд, Тайгам нуурын уур мандалд уулзаж байж алтайчууд нийслэл рүү хатуу хучилттай замаар холбогдоно гэсэн үг. Эндээс Алтайн төв рүү хатуу хучилттай замаар ерээдхэн километр давхиад орчихно. Тус аймгийн төвд ч замын салбарынхан сайд дарга нараа угтан авч аанай л тулгамдаж буй асуудал, хийж гүйцэтгэж буй ажлаа тайлагнав.

Ерөөсөө бидний ярианы гол агуулга зам гүүр учраас яриа ч үндсэн сэдвээсээ тэгтлээ хазайхгүй. Ийнхүү сүрлэг уулсын өлгий нутаг Алтайд төлөвлөсөн ажлаа нугалсан бид төлөвлөгөө ёсоор олон ястны өлгий нутаг Ховд аймаг руу аяны жолоо сунгах учиртай. Говь-Алтай аймгийн хилийн дээс алхахаас өмнө нутгийн иргэдтэй мэнд мэдэж, зам гүүрийн ажилтай яваагаа дуулгахад “Монгол Улс бүх аймагтай хатуу хучилттай замаар холбогдоно. Тэр тусмаа алтайчууд бидний эртний мөрөөдөл биелэнэ гэхээс хүн бүр баяртай байгаа. Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан чинь манай нутгийн хүн, аймаг бүрт зам барилгын бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлуулж байгаад баяртай байна” хэмээн ихэд нутгархан талархаж байгаа нь анзаарагдав. Ямартай ч Монгол Улсын Засгийн газрын 2016-2000 оны мөрийн хөтөлбөрт бүх аймгийг хатуу хучилттай замаар нийслэл хоттой холбох зорилт багтсан дагуу аливаа зам гүүрийн ажил энэ онд маш шуурхай явж байгаа. Тус зорилтот хугацаанд Зам тээврийн хөгжлийн сайд болон албаны хүмүүс чамгүй анхааран ажиллаж байгаагийн нэгээхэн жишээ иргэдийн энэ мэт сэтгэгдэл байх. Зарим газарт гацаад байсан замын ажлыг ч эхлүүлсэн гээд дурдах зүйл олон бий энэ салбарт. Говь-Алтай аймаг бол газар нутгийнхаа хэмжээгээр улсдаа хоёрт жагсдаг томоохон аймаг төдийгүй Сутай, Бурхан буудай гээд өндөрлөг уулс, нуур ус, ховор зүйлийн ан амьтантай учраас аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой. Гагцхүү олон жилийн хүсэл болсон хатуу хучилттай замаар холбогдож байж сая энэ боломж бүрдэнэ гэдгийг хаа хаанаа дурдаж байсан. Ямартай ч “Макс рөүд”-ийн захирал н.Батбаяр болон мэргэжилтнүүдийн төлөвлөн баталснаар Говь-Алтай аймаг ирэх хавар гэхэд нийслэл хоттой хатуу хучилттай замаар бүрэн холбогдоно. Тэгэхээр алтайчууд энэхүү замаар “Тэвэрч таныгаа даахгүй ч гэсэн тээж явдаг шүү сэтгэлдээ” хэмээн сүлд дуугаа дуулалдан давхих цаг маш ойрхон иржээ. 

БАРУУН БҮСИЙН ТУЛГУУР ТӨВ ХОВДЫН ХЯЗГААРТ

Мөнх цаст уулс нь үүл манан, нар салхиар “хүйн” холбоотой Говь-Алтай аймгаас Ховд аймаг хүрэх зам зуурт аанай л зам гүүрийн ажилтай танилцаж явав. Уулсын сүр бараа, усны урсгалаар садансан орших энэ хоёр аймаг байгаль цаг уурын хувьд ижил төстэй зүйл олон бий. Сүрлэг уулсын тэргүүн оргилд үүлс унаад удтал хөөрөхгүй байгаа нь нэгэнт намар болсныг илтгэнэ. Олон ястны өлгий нутагт мөн л зам барилгын бүтээн байгуулалтын ажил амжилттай өрнөж буй. Тухайлбал, Шургын гүүр Ховд чиглэлийн 53.9 километр замын ажлыг “Эйч Кей Би Интернэйшнл Холдинг” компани барьж гүйцэтгэн ашиглалтад өгсөн бол Баруун босоо тэнхлэгийн авто замаас Мөст сум чиглэлийн 20.3 километр авто замыг барьж эхэлсэн бөгөөд энэхүү замыг ирэх онд ашиглалтад оруулахаар идэвхийлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар зам барилгын ажил 46.8 хувтай байгаа нь төлөвлөгөөт хугацаандаа ашиглалтад орно гэсэн үг. Энэ бүх зам барилгын ажил ашиглалтад ороход ховдчууд зүүн тийш нийслэл хоттой, баруун тийш Баян-Өлгий, цаашлаад ОХУ, БНХАУ-тай шууд автозамаар холбогдоно. Ховд аймгийнхан уул усаа аргадан эртнээс зам тавьж хил гаалиа зарим газраар холбосон аймгуудын нэг. Тухайлбал аймгийнхаа төвөөс баруун хил рүүгээ 400 гаруй километр хатуу хучилттай замаар холбогдсон нь ч тэдний ажил үйлс, эдийн засагт ихээхэн нэмэр болж буй. Өдгөө тэд Булган сумаараа дамжин Байтаг, Ярант хэмээх хоёр ч боомтоор хатуу хучилттай замаар зорчин хил гаалийн худалдаа эрхэлдэг аж. Тэгэхээр дээр дурдсан зам барилгын ажил ашиглалтад орохоор хил гаалийн худалдаа ч өргөжих юм байна. Биднийг ийнхүү явахад нэг зүйл анзаарагдаж байв. Үүнийг Говь-Алтай аймгаас цааш Ховд, Увс, Баян-Өлгий аймагт замын бүтээн байгуулалт өрнүүлж буй замчид ч давтан хэлж байлаа. Тэд “өндөрлөг сэрүүн газарт эрт хүйтэрч, цас унаад даваа гүвээ мөстөхөөр ажил явуулах боломжгүй болдог тул цаг нартай уралдан ажиллаж байна” гэдгээ өгүүлж байсан бол энэ тухай ч салбарын сайд сануулж хүйтэн сэрүүнээс өмнө ажлаа дуусгахыг үүрэг болгож байсан юм. Монгол Алтайн уулсын ай савд орших энэ нутагт зам барилгын ажил хийх нь үнэхээр хүнд хэдий ч замчид маань тавьсан зорилгынхоо төлөө цаг нарыг умартан ажиллаж байгааг сайшаах нь зүйн хэрэг. 

ӨНДӨРЛӨГ НУТАГ БАЯН-ӨЛГИЙД ЗАМ ДАГАСАН ХӨГЖИЛ НЭГЭНТ ИРЖЭЭ

Ховд аймгаас бидний хандах зүг, маршрут бол Баян-Өлгий аймаг.  Орчин цагийн хүчит төмөр хүлэг хөлөглөсөн бид зарим газарт шороон замаар зарим газарт толийсон хатуу хучилттай замаар довтолгосоор казак түмний нутагт хөл тавилаа. Өлгий хот бол нийслэлээс 1800 орчим километрт орших алс хязгаар нутаг. Аймгийн төв очих зам зуурт мөн л зам барилгын ажилтай танилцаж явав. Бидний зам зуурт зам гүүрийн ажил, бүтээн байгуулалт олон байгаагаас  Хашаатын даваанаас Толбо сумын чиглэлийн 60 километр хатуу хучилттай авто замын барилгын ажлыг онцлон дурдах хэрэгтэй. Энэ замын ажил дөрвөн жил үргэлжилсний эцэст дуусгавар болж зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээв. Толбо нуурын хойд эрэг хөвөөгөөр зурайх энэ замын хөдөлгөөнийг нээснээр хүн ардын зорчих тав тухаас гадна баруун бүсийн босоо тэнхлэгийн Азийн автозамын сүлжээний АН-4 чиглэлд холбогдож байна гэсэн үг. Тодотговол ОХУ, БНХАУ гурван улсын Новосибирк, Барнау, Горно Алтайск, Ташанта, Улаанбайшинт, Ховд, Ярант, Такешкен, Өрөмч, Каши, Хонкираф гэсэн чиглэлээр дайран өнгөрч, Монгол Улсын нутаг дэвсгэрээр нийт 756 километр авто замын сүлжээг хамрах ийм урт зам. Монгол Улсын хамгийн өндөрлөг цэг Алтай таван богд хайрхнаас эхлээд байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар олон байгааг дурдах нь илүүц биз ээ. Монгол Улсын өндөрлөг хэсэгт орших энэ аймгийн нутагт мөнх цастай уулс олон таарч байгаа нь нэгэн өвөрмөц тогтоц бүхий газар гэдгийг харуулна. Тэгэхээр үүнийг дагасан аялал жуулчлал хөгжинө гэсэн үг. Энэ үеэр Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан “Бид босоо тэнхлэгийн замд холбогдсоноор ОХУ, БНХАУ  болон тус улсын олон хоттой хил гаалийн худалдаа хөгжинө. Иргэд маань ая тухтай зорчихоос гадна бүс нутгийн төдийгүй Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах юм. Энэхүү сүлжээ замд нэгдсэнээр баруун бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд төдийгүй бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болж байна” хэмээв. Харин одоогоор замын зарим хэсэгт тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч зэрэг ажил хийгдэх үлдсэн бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайд есдү­гээр сарын 15 гэхэд үлдсэн ажлаа хийж дуусгасан байхыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо. Дашрамд дурдахад, баруун босоо тэнхлэгийн авто замын кори­дорын трасс Баян-Өлгийн аймгийн төв дундуур гарсан байдаг ба коридорын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор трассыг Өлгий хотыг тойруулан гаргах шийдвэрийг гарган, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр болсон сайхан мэдээг ч энэ үеэр дуулгасан. Тус аймгийн төвөөр Цэнгэлийн гол урсан өнгөрдөг бөгөөд үер усны асуудал ч үүсдэг гэдгийг нутгийнхан хуучилж байв. Хашаат Толбо чиглэлийн зам барилгын ажлыг урьд өмнө Алтайн нуруу, Бодончийн хавцал, байгалийн хүнд хэцүү нөхцөлд 110 километр замыг тавьсан туршлага бүхий компани тавьж гүйцэтгэжээ.

Уг төслийн зөвлөх компанийн замын инженер Б.Бат-Оргил “Уг зам тавигдахаас өмнө Өлгийгөөс Улаанбаатар хот руу явахад бартаа­тай шороон замаар 35 цаг гаруй явдаг байсан бол одоо дийлэнхдээ хатуу хучилттай замаар аймгууд холбогдсон тул торох саадгүй боллоо гээд нутгийн иргэд ам сайтай байна. Саяхныг хүртэл манай Баян-Өлгий аймаг зам, дэд бүтэц, холбоо харилцаа муутай, алслагдсан аймаг гэдэг утгаараа хөгжлөөс хоцрогдсон байлаа. Одоо бол бусад аймгуудын адилаар шинэхэн замаар саадгүй зорчдог боллоо. Олон жил, үлгэр домог мэт яригдсан энэ зам ашиглалтад орж байгаад баяртай байна" хэмээсэн юм. Бидний явсан газарт зөвхөн зам гүүрийн ажил бус нисэх онгоцны буудлууд ч нисэх буух зурвасаа өргөжүүлэн тэлж, хөгжил дэвшлийг урин дуудаж байгаа учраас энэ тухай дараагийн дугаараар хүргэх болно. 

Үргэлжлэл бий

МСЭ-ийн ерөнхийлөгч, МУСГЗ Б,Галаарид мэндчилгээ дэвшүүллээ
МСЭ-ийн ерөнхийлөгч, МУСГЗ Б,Галаарид мэндчилгээ дэвшүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.