Дөрөв дөрвөн жилийн мөчлөгтэй сонгууль дагасан амьдралын хөлд жирийн иргэд л үрэгдэнэ үү гэхээс эрх мэдэлтнүүд, улстөрчид бол үрэгдэхгүй л дээ. Нэгэнтээ эрх мэдэлд донтсон этгээдүүд эрх мэдэлгүй болж үлдэхээс бол айна. Тэгээд “айсан хүн хүн ална” гэгчийн үлгэрээр л элдэв янзын шийдвэрүүдийг гаргаж, өөрсдийнхөө төлөө ажилладаг. Яг л тэр байр байдал өнөөдрийн Монголын улстөрөөс нэвт шувт харагдаж байгаа юм. Улстөрийн гол хүчнүүд сонгуулийн үр дүнд л санаа зовж байгаагаас бус өөр бусад зүйл бол падлийгүй харагдаж байгаа. АН-ын дарга чуулганыг сар гацаасан асуудлыг наанаа бол шүүмжилж харагдах нөхдүүд цаагуураа бол тойргоо бодоод юун тэр чуулганы хуралдаан манатай байгаа. Ерөөсөө л Монголын төр дэх эрх баригчдын үнэн дүр төрх бол энэ. Угтаа бол хэрээ хэрээнийхээ харыг гайхсан Засаглал дор Монголчууд бид хорь гаруй жилийг өнгөрөөж байна.
Тэрчлэн одоогоос 4 жилийн өмнөх улстөрийн өнгө төрхийг одоо эргэн санахад гэмгүй байх. Гол нь тэр үед сонгууль угтсан улстөрийн тэсрэх бөмбөг нь Н.Энхбаяр байсан юм. Ямартаа л түүний баривчилгааны ард ямар ч улстөр байхгүй гэсэн тайлбарыг АТГ-ын зүгээс өгч байсан ч, улстөрчдийн зүгээс үзэгдэж байгаа үйлдлүүд нь улстөр байгаа гэсэн хэвлэлийнхний харыг улам лавшруулж байсан даа. МАН-ынхан бүлгийн хурал дээрээ мэнгэт сайдыгаа баахан загнасны сацуу МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгээс “Хууль хяналтын байгууллагууд үйл ажиллагаа явуулахдаа бусдын өмч хөрөнгөд хууль бусаар халдаж болохгүй бөгөөд ийм зөрчил завхрал гаргасан албан тушаалтан хэнтэй ч болов хатуу хариуцлага тооцох ёстой” гэж дүгнэсэн нь АТГ-ын баривчлах ажиллагааны үеэр үзээгүй юмаа үзэж, үгээ барсан нэр бүхий дөрвөн гишүүнд “өгөөш” болсон. Тэд Д.Балдан-Очир, Ц.Батбаяр, Д.Загджав, Р.Раш, Ц.Даваасүрэн нарын хэд хэдэн гишүүнтэй сэтгэл нийлэн, дээрх дүгнэлтэд үндэслэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаас нь огцруулах саналыг өргөн барьж байв. Харин өмнө нь Үндсэн хуулийн цэцтэй чамгүй тулсаны эцэст УИХ-ын даргын суудлаас бууж байсан Ц.Нямдорж эрхэм их тайван загнаж байв. За харин олигархижсан төрийг өөрчлөхийн төлөө хэмээн ярьж өөр бусадтай эвсэн сонгуульд хүч үзэхээр зэхэж байгаад баригдсан Н.Энхбаяр тухайн үед хорихоос илгээсэн захидалдаа МАН болоод АН-ын аль алиныг нь буруутгасан юм.
Тэрээр “…7-р сарын 1-ний хэргийг ил тод шүү гэхэд нууцалсан хэвээр, эхлээд сонгууль луйвардсан намуудын удирдлагуудтай хариуцлага тооцох ёстой гэхэд луйвраар төрийн өндөр албан тушаалд очсон эрхмүүд луйвар булхайгаа далдлан нуух гэж 3 хурандаа, 1 генералыг золиосолж асуудлыг хаах гэж зүтгэж байна, амь насаа алдсан 5 хүний хувьд тэднийг зөвхөн шоу болгон “бөмбөг” мэт “өшиглөж тоглож ” байна. Ар гэрийнхэнийг нь олигтойхон ч харж үзсэн юм байхгүй, бүгд тэднээс уулзахгүй цэрвэж, тойрч гүйгээд л байна…” хэмээн тэр хэлж байна. Түүний хэлж ярьснаас харахад найман оны сонгууль болоод долдугаар сарын нэгэнтэй холбоотойгоор тэр хэтэрхий их зүйлийг хэлж ярьсан нь сонгууль тулсан хоёр том намд гай болжээ. Бүр тодруулбал, улстөрийн хоёроос илүү хүчнүүдийн хоорон дахь тэмцлийн золиос нь жам ёсоор жижиг нь болж төгсөх гээд байгаа ч юм шиг ойлгогдож байлаа. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгон томилсон дарга нараар удирдуулж буй АТГ-ын зүгээс хийсэн баривчилгаа эсрэгээрээ Н.Энхбаярт бас АН-д хожил дагуулж магадгүй нь, МАН-аас гарч МАХН-ыг бараадагчдын тухай мэдээллээс анзаарагдаж байгаа талаар үүнийг бичигч би вээр тухайн үед бичиж байсан юм. Үнэхээр ч сонгуулийн дүн гарахад тийм л юм болсон. МҮАН-тай эвссэн Н.Энхбаярын МАХН АН-ын дуудлагаар засагт орж ажиллаад 4 жилийг өнгөрөөлөө. Ч.Сайханбилэг хэдэн өдрийн өмнө МАХН-ын сайд нарыг явуулах шийдвэр гаргасан ч, сайд нар нь засагт байгаа хэвээрээ билээ. Хэдийгээр Н.Энхбаярын дэргэдээс хамтрагчид нь явж, тэрээр өөр бусад залуу гишүүдтэйгээ уул хадаар аялж, бас гүйж байгаа ч, яг одоогоор бол түүний намын сайд нар засагт байгаа. Чухам харин Н.Энхбаяр тэсрэх бөмбөг байхаа больсон эсэх нь бол тусдаа асуудал болоод байна.
Ер нь бол засгийг залагчдын өнгөрсөн жилүүдийн алхмуудыг харахад нэг нь нэгийгээ унагахдаа нөгөөг нь ч давхар унагах гэсэн, эсвэл хамгийн хүчтэйг нь унагахын тулд түүний сул талаар тоглох гээд ч байгаа юм шиг дүр зураг харагдаж ирснийг хэлэхэд илүүц болохгүй биз ээ. Өнөөдрийн өнцгөөс харахад Монголын улстөр дэх намуудын хувьд тэсрэх бөмбөг нь Н.Энхбаяр ч биш бас өөр бусад нь ч биш өөрөө өөрсдөдөө л тэсрэх бөмбөг болоод байгаа харагдана.
Э.Болор
Эх сурвалж: Шуурхай.мн