МУГЖ, дуучин Т.Баясгалан: Уртаашаа ганц дуутай, урдаа барьдаг ганц цагаан даашинзтай л байсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
24 минут 14 секунд
МУГЖ, дуучин Т.Баясгалан: Уртаашаа ганц дуутай, урдаа барьдаг ганц цагаан даашинзтай л байсан

МУГЖ, дуучин Т.Баясгалан: Уртаашаа ганц дуутай, урдаа барьдаг ганц цагаан даашинзтай л байсан

Дуучин Баясгалан хэвлэлийнхний хувьд хамгийн ховор хүн болоод удлаа. Өөрийг тань тойрсон олны хов жив, хүчтэй анхаарлаас багагүй зугтаж байх шиг байна. Хаана юу хийж байна гэсэн асуултаар яриагаа эхлэе?

-Сүүлийн үед би үнэхээр таг чиг байгаа. Үнэхээр дунд сургуулиа төгсөөд, дараа нь оюутан болоод их сургуулиа төгсөнгүүт урлагийн хүний өрсөлдөөнтэй амьдралд хөл тавьсан болохоор  асар их ядарсан байна. Заримдаа эргэцүүлээд бодохоор би ямар нэг юманд хөөгдөж явсан юм шиг санагддаг. Олон жил завсар зайгүй хөдөлмөрлөж зогсолтгүй урагшаа тэмүүлж явсаар нэг талаас их ядарснаа мэдэрсэн л дээ. Тэгээд сайхан амарч авлаа. Сэтгэл зүрхээ ажлаасаа чөлөөлж өрсөлдөөнөөс  өөрийгөө сугалж аваад нам гүм амар тайван амьдарч байна. Өөртөө ингэж чөлөө олгох их сайхан байдаг юм байна.
-Нээрээ л тэгсэн байх. Хурц тод өрсөлдөөн бүр оюутны танхимаас эхэлсэн юм биш үү. Төгсөөд гараад ирэхэд тань тал талаас тань тасдаж хаяхад бэлэн ширүүн ертөнц угтсан байх. Харин ч тэр өрсөлдөөнөөс  нэг их зүрх алдаагүй, зоримогхон ороод явчих шиг харагдсан. Богино хугацаанд ч нэр алдрыг олсон байх?
-Үнэхээр зүрх алдмаар санагдаж байсан үе олон байсан. Бүх юм тийм амар биш байлаа. Шууд л хүлээн зөвшөөрөгдчихдөг дуучин гэж тэр бүр байдаггүй. Бүгд хүнд хэцүү сорилтуудыг туулдаг. Урлагийнхаа буянаар гэвч би амжилтад хүрсэн. Олон сайхан хүмүүсийн дэмээр урагшилсан. Монголоо олон ч удаа тойрч тоглолоо. Гадны олон оронд очиж тоглож үзлээ. Маш олон юмыг үзэж туулсан гэхэд хаашаа юм. Гэхдээ л зогсолтгүй давшсан. Би оюутан байхдаа үндсэндээ гарч ирсэн. Тэр үед чинь СУИС-ийн оюутан тайзан дээр гарах, том шоу тоглолтод оролцоно гэдэг ойлголт ер нь бараг байдаггүй байлаа. Тийм нөхцөлд л би том тоглолтуудын зарыг харж байгаад өөрөө зүрх гарган очиж “Тоглолтондоо оруулаач” гэж гуйж байгаад л дуулдаг байсан. Энэ бүх түүх үнэн. СУИС-ийн оюутан гэж зарлуулж  байсан үеэ би хэзээ ч мартахгүй. Үнэхээр сайхан байсан. Сургуулиа төгсөөд Дуучин Баясгалан гэж зарлуулж эхлэхэд харин надад жаахан түгшүүртэй санагдаж байсан.  Яагаад гэхээр оюутан гэдэг нэр маань хамаг алдаа оноог минь хамгаалаад гардаг маш том хамгаалалт байсан юм болов уу.”Зөвхөн чамдаа” тоглолтоо тавьж байхдаа МУСТА гэдэг цолыг хүртсэн. Яг тэр тоглолтон дээрээ Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Т.Баясгалан гэж Монголын үндэсний радио телевизийн нэвтрүүлэгч Цоодол ахаар анх зарлуулж дараагийн дуугаа дуулж байсан. Тэр үед би жингүйдчихсэн юм шиг, хаана явж байгаагаа мэдэхээ больж байв. Маргаааш өглөө нь сэрчихээд энэ үнэн үү гэж өөрөөсөө асуугаад л. Тэгж их баярлаж хөөрч байсан.
-Ер нь бол их амархан нэрд гарсан гэдгээ зөвшөөрдөг биз дээ. С.Жавхлан та хоёрыг ахархан хугацаанд дайраад л гараад ирсэн гэж ярьцгаадаг. Бид хөндлөнгөөс богино зам тууллаа, амархан байлаа гэж харж болно шүү дээ. Өөрт тань яг ямар бодол байдаг бол?
-Мэдрэмжийг л их сайн ашигласан гэж боддог юм. Яг энэ цаг үед ямар дуу дуулбал ард түмэн хүлээж авахаар байна вэ гэдгийг маш нарийн мэдэрч, тэр мэдрэмжээ алдалгүй ашиглаж чадсан. Манай Найдалмаа багш бол намайг цэвэр дуурийн дуучин болгохоор бэлтгэж байсан. Урнаа Эрдэнэтуяа гээд шавь нар нь одоо италид дуулдаг. Би бас Италид очиж үзэж байсан л даа. Тэгээд асар өндөр өртөгтэй газар. Тэр үед надад яагаад ч ээж дүүгээ орхиод явах боломж байгаагүй. Энэ боломж үнэхээр хасах 100 хувь байсан. Тийм болохоор би нийтийн дууг дуулбал дуулсан шиг дуулья, гэж шийдээд багшаасаа зөвшөөрөл авсан. Эхлээд би нууцаар клип хийлгэж байгаад  баригдчихсан. Телевизээр цацагдчихдаг. Айгаад хэд хоног мэргэжлийнхээ хичээлийг таслаад, багшийг ирж явах сургаар наагуур цаагуур нь гүйгээд л. Тэгээд нэг өдөр бүх үнэнээ хэлж зөвшөөрөл авсан. Нийтийн дууны нэгд нь л явна. Амлаж байна. Надад итгээч”  гэж. Ингээд л нийтийн дуу дуулж эхэлсэн дээ. Нэгэнт эхэлсэн учраас бүх мэдрэмжийг алдахгүй ашиглсан гэж боддог. Зах зээлийг, насыг, хүмүүсийн сэтгэл зүйг гээд  бүгдийг нь судалж хөдөлсөн. Маш их хөлс урссан. Гэрээсээ гарахгүй өнжсөн нэг бүтэн өдөр байгаагүй.
-Тэр үед тантай хэн ч тэгэж уралдаж байгаагүй биз дээ. Жишээ нь Т.Ариунааг Болгараас ирэхэд Дуучин Сарантуяа аль хэдийнээ од болчихсон байсан. Энэ тухайд тэр “ Надад ханцуй шамлаад орохоос өөр арга байгаагүй” гэж ярьдаг. Яг тэр үеийн рок попын ертөнц  шиг ширүүн өрсөлдөөн өөрийг тань угтаагүй?
-Яг үнэндээ би тэрийг давья, тэрэн шиг больё гэж аймаар зүтгээгүй. Ерөөсөө л эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг ухагдахуун миний амьдралд батлагдсан гэж үздэг. Аз болоход жинхэнэ хүмүүсийн сэтгэлийг хөвөлзтөл татаж чадсан жинхэнэ бүтээлүүдийг дуулж байсан. Жинхэнэ шилдэг,маш гоё үгтэй, маш гоё аялгуутай, тийм бүтээлүүдийг дуулж чадсан. Энэ бол миний хувьд аз юм л даа.
-Нийгмийн тухайн үеийн бүтэц нь өөрөө ийм төрлийн урлагт сонирхож байгаа юмаа тулгаад л оруулаад л ирдэг шүү дээ. Нэг хэсэг Дарханы Энхбат гэж дуучин нийтийн дууны ертөнцөд цахиур хагалж байлаа. Дараа нь Вандан, Дуламсүрэн нарын хослол гарч ирж байлаа. Хосоороо дуулах энэ төрлийг шинэ цаг үеийн тодорхой хувь үгүйлж байсан юм болов уу. Энэ тухайд хэн нэг нь зөвлөсөн үү, тохиолдол уу?
-Огт санаандгүй тохиолдлоор “ мөнхрөх ч биш дээ хоёулаа”-г анх  дуулсан. Энэ дууны үгийг СГЗ Т.Сандуйжав гуай бичиж, төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров гуай ая зохиосон. 1991 онд зохиогдсон дуу байсан л даа. Бид энэ дууг 2000 онд дуулсан. Бэлтгэлд сурч байх үеэс л манй Найдалмаа багш “Өрөвдөх л юм даа чамайгаа” гэдэг их гоё дуу байдаг. Уранцэцэг дуулж байсан юм. Би тэрнийхээ нотыг олохгүй байна, тэрийг чамаар л дуулуулмаар байна гээд байдаг байсан. Нэг удаагийн шалгалтын үеэр багш тэр нотоо олчихсон байсан. Нэгдүгээр курст орчихсон байсан. Үгийг нь уншаад, аяыг нь сонсоод үнэхээр биширсэн. Ямар гоё дуу вэ гэж. Жанцанноров гуайн дуунууд өвөрмөц шүү дээ. Нэг их гоё намуухан эхэлдэг дээ. Хүн шууд ярьж байсан яриагаа таслаад, хүн бодож байсан бодлоо шууд таслаад сонсож эхэлдэг дээ. Жишээ нь “Би чамд хайртай” дууг нь сана л даа. Хүн өөрийн эрхгүй шингээд орчихмоор доо. Яг л тийм дуу байсан. Тэр үед би төгөлдөр хуурыг би сайн тоглож чаддаггүй байсан. Одоо ч тийм мундаг биш л дээ. Дөнгөж л заалгаж эхэлж байсан. Би энэ дууныхаа аялгууг сонсож сурахын тулд сургууль дээрээ хоёр гурван шөнө нойргүй хонож байсан. Өөрөө л тогломоор санагдаад. Тэгэж уйгагүй хичээллэж байж сурсныхаа ачаар энэ дууг дуулж сурсан гэж боддог. Хичээлийн дараа манай ангийнхан  Баясаа нөгөө галзуу ганцыгаа тоглочих гээд бүгдээрээ дуулдаг. Тэгэж байгаад яагаад ч юм Жавхлан бид хоёр нэг л өдөр дуулчихсан. Тэгсэн чинь манай ангийнхан эрэгтэй  эмэгтэй хоёр дуулбал гоё юм байна гээд л. Үнэхээр хичээгээд л хамтраад заавал энийг хийе гэж хүчлээгүй мөртлөө яагаад ч юм нэг л мэдэхэд хамтраад дуулчихсан. Дээр нь бид хоёрын нэр бас нөлөөлсөн юм болов уу. Уртаашаа ганц дуутай, урдаа барьдаг ганц цагаан даашинзтай тэр л үедээ хүмүүсийн чихэнд Жавхлан Баясгалан гээд хоногшсон. Соёлын төв дотор байдаг “Гэсү” гэдэг прокатнаас /Дашиймаа багшийн нөхөр ажиллуулдаг байсан юм/ анх  тэр даашинзаа зээлээр авч байсан. Хажуугаар нь гарах тоолондоо хараад л. Тэгээд нэг өдөр зориг гаргаад өмсөөд үзтэл  надад үнэхээр гоё таарсан. Наадах чинь барагтай хүнд таардаггүй юм. Тэр үед 95 мянган төгрөгийн үнэтэй даашинз гэдэг бол үнэхээр өндөр үнэ. Чи яахав 50 мянгыг өгөөд үлдсэнийг нь цувуулаад өгөөрэй  гэж хэлэхэд нь ухаангүй баярлаж байлаа. Дэлхий ертөнц дээр байхгүй тэр гоё даашинзаараа би их гоё харагддаг байсан. Өмсөөд гарахаараа яагаад ч юм зориг орчихдог байж билээ.
-Хамгийн анхны том тоглолтод орж байсан тань хэзээ вэ?
-Бэлтгэл Курст байхдаа  МУГЖ Батсүх гуайн тоглолтод  өөрөөсөө гадна гурван охины хамт хоорт зогсож байлаа.Хамгийн анхныхаа  5000 төгрөгийг  авчихаад дуулж олсон анхны мөнгө гээд  бөөн  баяр болсоор ээждээ авчирч өгч  байж билээ.
-“Мөнхрөх ч биш дээ хоёулаа”-г дуулаад Т.Баясгалан, С.Жавхлан гэдэг дууучид гарч ирэн олон нийтийн таашаалыг хүлээх болсон. Дагаад баахан үлгэр эхэлсэн. Хүмүүс та хоёрын талаар элдэв сенсаацаар амьсгалж байсан. Энэ тухай дурсах дуртай юу?
-Энэ тухай бараг арван жил л ярьлаа шүү дээ. Одоо бол хүмүүс энэ тухай сонсохгүй болсон.
-С. Жавхлан та хоёрын дунд үнэхээр  хайр сэтгэл байсан юм уу?
-Байгаагүй ээ.Хэвлэлүүдийн л зохиож байсан үлгэр. Бид өөрсдөө энэ талаар ямар ч бодолгүй байсан. Хүмүүс тэгээд яриад эхлэхээр өөрсдөө ичдэг, бие биеэсээ гэрэвшдэг, гэрэвшдэг тийм байдалд орчихсон үе. Ингэж явсаар нэг л мэдэхэд тус тусдаа уран бүтээлээ хийх шийдвэр гаргацгаасан. Тэр замаараа л явцгаасан.
-Тэр тэгээд таны хувьд хэн юм бэ?
-Ангийн маань нэг хүүхэд.
-Гэхдээ л та хоёрын хамтын энэ эхлэл бусад үеийнхэнд үлгэр болоод явсан юм биш үү?
-Ер нь манай доод курсын хүүхдүүд, бидний дараа тэр маягаар уран бүтээл хийгээд явсан улсууд баярлах л хэрэгтэй. Биднийг хүлээн зөвшөөрдөггүйд гайхаад байдаг юм.
-Зөвшөөрдөггүй гэж үү?
-Тийм. Намайг бол бүр ч их.
-Доод үе гэж уучлаарай байгаа юм уу?
-Байдаг л юм байлгүй дээ. Би тодруулья л даа. Бидний араас гарч ирсэн манай эмэгтэй  дуучид миний нэрийг сонсоод л уур нь хүрдэг гэсэн.
-Бүгдийг нь ардаа орхисон гэдгээ мэднэ биз дээ?
-Миний хувьд бол тэр хүмүүс өрсөлдөгч биш. Баясгалан гэдэг дуучин өөрийн гэсэн орон зайтай. Өөрийн гэсэн фенүүдтэй. Өөрийн гэсэн уран бүтээлтэй. Тэр хүмүүст ч гэсэн байж л байгаа шүү дээ.
-Хувцаслалт менежмент гээд бүх зүйлээрээ та тэдэнд зам зааж ирсэн юм биш үү. Ялангуяа хувцаслалт дээр  шууд өөрийг тань хуулж байгаа харагддаг.
-Үндэсний хувцасны загварт шинэ үеийн өрчлөлтүүд оруулж ирсэн анхны загваруудыг би өмсч байсан гэж хэлж болно. Одоо бол бүх л дуучид “Торго” салон руу хошуурдаг болсон байна лээ. Тэгээд загварыг нь жаахан жаахан өөрчлөөд л захиалчихдаг. Тэр нь адилхан загварууд юм шиг харагддаг тал бий.
-Дуучин болоогүй байсан бол хэн байх байсан бол?
-Ерөөсөө тэгэж бодож байгаагүй. Бага байхаасаа л дуулдаг байсан. Ээж намайг төрүүлчихээд 45 хоноод л ажилдаа орж байсан гэсэн. Тэгээд буурал аав ээж хоёр маань авахаар ирж. Тэр үед хөдөөний хүмүүсийг хамаагүй хот руу оруулдаггүй байсан ч юм уу. Жин тээж ирж байсан гэнэ лээ. Тэр хоёр маань хөдөө бригадын  төв дээр амьдарна. Хүмүүсийг орж ирэхээр орон дээрээ зогсч байгаад л Гавьяат жүжигчин Баясгалан дуулна гэж байгаад л  дуулж өгдөг байлаа. Хүмүүс өхөөрдөөд энэ яг дуучин болох хүүхэд байна гэж өхөөрддөг. Тэр ерөөлөөр л би ерөөсөө дуучин болох ёстой гэж бодсоор яваад дуучин болсон. СУИС-д орохоосоо өмнө Хүүхдийн ордны дугуйланд явдаг байсан. Хөгжим бүжгийн, дууны, ятгын гээд л өөрийгөө бэлтгээд байсан нэг хэлбэр маань. СУИС-д орохын тулд маш их бэлтгэх хэрэгтэй. Тэр үед чинь улсын сургууль тавхан. Босго өндөртэй. Энэ бүхний хажуугаар ээждээ тусална. Би дэнжийн мянгын захад их хайртай байдаг. Тэнд зуныхаа амралтаар тов хийсэн наймаа хийдэг байлаа./инээв/. Тэр үед хамт зогсдог байсан улсууд намайг хараад ярьдаг, дурсдаг л байх. Тэд нартайгаа ерөөсөө таардаггүй. Яагаад ч юм  их хүйтэн өдөр, эсвэл бороотой өдөр, хэт халун өдөр өөрийн эрхгүй наймаачдыг өрөвддөг. Хөөрхий өнөөдөр орлогогүй харих нь дээ гэж.
-Оддыг өнгөрсөн амьдралаа мартчихдаг гэх шүүмжлэл дагадаг. Харин та тэднээс өөр юм?
-Юуг нь нуух вэ. Би Дэнжийн мянга, Баянхонгорын Бууцагаан суманд хайртай. Талын нуур, хөх дэрсэнд миний тоглож явсан, дуулж байсан, аргал түүж явсан дурсгалтай он жилүүд минь өнгөрсөн. Хайрлахгүй байхын аргагүй. Зарим нэг хүн намайг хөдөөнөөс орж ирээд тайз эзэгнэлээ гэдэг. Угтаа би чинь хотын унаган хүүхэд. Буурал аав ээж минь хөдөө байдаг болохоор тэгэж бодсон юм шиг байна лээ.
-Дуучин Баясгалан нөхөрт гарч, айл гэрийн эзэгтэй болсон?
-Миний аав бөх хүн. Буурал аав маань ч бөх хүн байсан. Тийм болохоор би бөх хүмүүсийг дотроо хүндэлж явдаг. Буурал аавтайгаа хамт сумо үзээд сууж байхдаа Батаанааг ямар мундаг хүн бэ гэж боддог, бахархдаг байсан. Тэгээд хувь тавилангаар нэг л өдөр энэ хүнтэй учирсан. Насны хувьд ч гэргий болох цаг минь ирсэн болохоор  хамтын амьдралаа эхлүүлээд аз жаргалтай сайхан амьдарч байна.  Өнгөрсөн  оны 11 сарын 1 нд сүй тавьж ээжээс маань очиж гуйж авсан.
-Тэр өдөр үнэхээр сайхан байсан уу?
Миний амьдралын хамгийн жаргалтай өдөр байсан. Гэхдээ тэр өдөр би хажууд нь байгаагүй. Сэтгэл зүрхэнд их л олон зүйл болоод өнгөрсөн байх.
-Мэдээж эх хүнд олонд хүндлэгддэг, нэртэй  зүстэй хүн охиныг нь гуйж, ёс заншлын дагуу сүй тавьж байгаа явдал онцгой сэтгэгдэл төрүүлэх байх л даа?
Би ээждээ маш их хайртай. Намайг тээж төрүүлсэн, өдий зэрэгт хүргэсэн ачийг нь хариулах гэж хичээж л яваа. Би гэртээ нэг эгчтэйгээ амьдардаг байсан л даа. Хоёулаа хуйвалдаад ээждээ хэлэхгүй нууж зөндөө явсан. КЁКҮШЮЗАН гэдэг нэрийг утгачилбал бүргэд гэсэн үг. Хоорондоо нууцаар бүргэд гээд л ярьдаг. Тэгэж явж байгаад л нэг өдөр ээждээ хэлсэн. Ээж минь маш сайхан хүлээж авсан. Тэгээд л дагуулаад орсон.
-Орохдоо яасан бол их ичимхий хүн шиг санагдсан?
-Хоёулаа л их айж байсан. Ямар цохиод авах биш. Гэтэл манай хүн сандраад байсан. Ямар ч байсан нэг хөөрөгтэй явья гээд л./инээв/
-Яагаад ингэж нууцалж байсан юм бэ?
-Хүн чинь ерөөсөө хамгийн нандин зүйлээ олны өмнө дэлгэхээс их айдаг юм билээ. Тийм болохоор миний ам яг л цоожтой авдар шиг байсан. Олны өмнө дэлгэчих хайран. Хайрласан харамласан сэтгэлийнх л байх.
-Тэр танд анх хайр сэтгэлээ яаж илэрхийлсэн бэ?
Тэр их ичимхий. Би тэр нууцыг нь дэлгэчих үү? Манай хүн чинь анх би чамд хайртай гэж хэлж чаддаггүй байсан. Анх удаа тэр үгээ цаасан дээр бичээд өгч байгаа байхгүй юу. Тэгснээ яг авах гэсэн чинь сандраад ичээд бөөн юм болсон. Бүгдийг нь хумиад амандаа хийчихсэн гээд бод доо.
-Хөгжилтэй дурсамж юм?
-Тэгэхээр нь би амыг нь ухаж байгаад авчихсан.Аваад үзсэн чинь Би чамд хайртай гээд биччихсэн байсан. Гурав тасарсан тэр цаасыг би ахиж хэзээ ч урагдахгүй болтол нь скочдоод түрийвчиндээ хийчихсэн байгаа.
-Кёкүшюзан урьд гэр нь  бүлтэй байсан. Хоёр хүүхэдтэй. Тэгэхээр та нэг ёсондоо ээж болсон гэсэн үг?
-Учиргүй сайн ээж болж байгаа гэж хэлэх нь юу юм. Мэдээж надад энэ талын ямар ч туршлага байхгүй. Миний хайртай хүний хүүхдүүд учраас миний л хүүхдүүд гэсэн үг. Би хичээж байгаа. Тэр хүнийг хайрласнаасаа дутуугүй үр хүүхдийг нь, аав ээжийг нь хайрлаж явна гэж бодож байна. Манай Бабу чинь өөрөө их бурханлиг хүмүүжилтэй хичээл сурлагандаа сайн зан аалиар ч дөлгөөн даруу хүүхэд. Бид аз жаргалтай гэр бүл болж чадаж байгаа. Үүнийхээ төлөө бид бүгдийг хийнэ.
-Охинтой нь уулзсан уу?
-Уулзаагүй байгаа. Зургийг нь харсан. Их хөөрхөн охин байна лээ. Хүүхдийн буруу гэж юу байхав. Би ч гэсэн өөрөө хойд урд эцгийн царай харж өссөн хүн.  Тийм болохоор би харин ч хүүхдүүдэд хэн хэнээс илүү хандана гэж боддог. Хүүхдийн сэтгэл эмзэг байдаг болохоор томчууд бид энийг нь үргэлж тооцож анхаарч сэтгэлийг нь амар амгалан байлгаж өсгөж хүмүүжүүлэх ёстой.
-Монгол хүүхний шииртэй хариулт байна?
-Би танд сэтгэлдээ бодож явдаг нарийн нандин зүйлсээ л хуваалцаж байна.
-Та нэг удаа Бурхан надад хайртай. Цаг нь болохоор намайг сайн ханьтай учруулна. Би бурхны зурсан зурагт итгэдэг гэж ярьсан байсан. Тэр мөч үнэхээр ирсэн үү?
-Тэр ярилцлагын дараа Баясгалан үлгэрт итгэсээр л явна гэж ганц нэг сонинууд бичиж байсан.  Бид угаасаа л үлгэрт итгэж өссөн биз дээ. Тэгээд бас үлгэр болгоны төгсгөл сайхан байдаг.
-Цагаан морьтой ханхүү ирж авраад л уу?
-/Инээв/ Би хайж явсан хүнтэйгээ учирсаан.
-Хамт байхад түшигтэй сайн залуу байх аа?
-Маш халамжтай. Бас их хөгжилтэй. Ивээл жилтэй болохоор санаа их нийлдэг. Надад их хайртай. Би ч бас хайртай.
-Танаас хэд ах вэ?
-Найм. Гэхдээ биднийг харахад насны зөрүү мэдэгддэггүй биз дээ. Хүн болгон тэгэж хэлдэг.
-Тийм шүү. Ээж аав нь таныг хэр сайхан хүлээж авсан бол?
-Маш сайхан хүлээж авсан. Би хадам аав ээж хоёртоо бас их баярладаг. Ийм сайхан хүү төрүүлж өсгөн, улс эх орондоо хэрэгтэй хүн болгон төлөвшүүлж өгсөнд. Архи уудаггүй, тамхи татдаггүй, нинжин сэтгэлтэй, үргэлж хүмүүст туслахын төлөө явдаг. Бусдын төлөө өөрийгөө зориулж явааг нь  хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг юм.
-Таныг уран бүтээлээ эрчимтэй хийхийг зөвлөдөг үү. Эсвэл амар тайван амьдрахыг хүсэмжилдэг үү?
-Өөрөө л шийд гэдэг юм. Уран бүтээлээ жинтэйхэн хий. Завсраар нь өөрөө сайхан амар л даа  гэдэг.  Би ч гэсэн санал нэг байгаа. Хувийн амьдралаа би хамгаас илүүд үзнэ.

Эх сурвалж: Shudarga.mn

Л.Батзориг: “Мод хөтөлбөр” таны захиалсан модыг хоёр дахин үржүүлж өгнө
Л.Батзориг: “Мод хөтөлбөр” таны захиалсан модыг хоёр дахин үржүүлж өгнө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.