Хэрэглэгчийн эрх энд 250мянга, Тэнд 160сая төгрөгөөр үнэлэгддэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 13 секунд
Хэрэглэгчийн эрх энд 250мянга, Тэнд 160сая төгрөгөөр үнэлэгддэг

Хэрэглэгчийн эрх энд 250мянга, Тэнд 160сая төгрөгөөр үнэлэгддэг


 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын удирдлагууд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчоонд айлчилж, хамтран ажиллахаар болсон талаар бид мэдээлж байсан. Тус товчоо шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зах зээлийн зохицуулалт, хүнсний аюулгүй байдал, аж ахуйн нэгжийн бүртгэл, барааны шошго, тэмдэг болон зар сурталчилгаанд хяналт тавих зэрэг үндсэн чиг үүрэг хүлээн ажилладгийн хувьд өмнөд хөршийн ШӨХТГ юм.

САНАМЖ БИЧИГТ

ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Т.Аюурсайхан тэргүүтэй ШӨХТГ-ынхан Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 15-нд ӨМӨЗО-ы Эрээн хот болон Замын-Үүд суманд ажиллалаа. Эрээн хотын нийт бараа эргэлт, худалдааны 60 орчим хувийг манай улсын иргэд, аж ахуйн нэгжүүд эзэлдэг. ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан Эрээн хотын Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчоонд айлчлахдаа тус байгууллагын дарга Юү Хонг Литэй хэлэлцээр хийж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тус байгууллага хуурамч бараа худалдан борлуулж, иргэн, аж ахуйн нэгжийг хохироосон мэдээллийн дагуу шалгалт явуулж, торгох, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авч ажилладаг.

Ингэснээр манай улсын иргэд Эрээн хотоос бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотойгоор эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзвэл тэндхийн Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчоонд хандах боломж бүрдэж буй. Мөн өөрийн биеэр болон тус товчооны 12315, 7533315 дугаарт хандах боломжтой. Танд монгол хэлтэй байцаагч тусалж, мэдээллийн мөрөөр шалгаж, шаардлагатай бол хохирлыг тань барагдуулах нь. Үүнээс гадна “Монголд үйлдвэрлэв” гэсэн хуурамч шошготой бараа, бүтээгдэхүүнд хяналт тавих, худалдахыг нь таслан зогсоох чиглэлд хамтран ажиллахаа Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчооныхон илэрхийлсэн юм.

ШӨХТГ-ын даргын хэлснээр ганц Эрээн хот төдийгүй Монгол Улсын хоёр хөрштэйгөө холбогдох бүхий л хилийн боомт, түүний ойр орчмын бүс нутагт хэрэглэгчийн эрхийг хамгаалах, холбогдох хууль, журмыг хэрэгжүүлэх, хуурамч бараа бүтээгдэхүүнд тавих хяналтаа сайжруулж, таслан зогсоох энэ мэт арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэх аж. 2014 онд тус товчоонд манай улсын 84 иргэн гомдол ирүүлснийг хуулийн дагуу шийдвэрлэжээ.

ЭРЭЭНД МУСТА ТЭМДГИЙГ

50 ЮАНИАР ХУДАЛДАЖ БАЙНА

Манай хэрэглэгч, худалдан авагчид Эрээнээс өөрийн биеэр аваад ирж болдоггүйнх үү овор ихтэй тавилга, цахилгаан хэрэгсэлтэй холбоотой гомдол жин дардаг гэнэ. Мөн Монголын ноос, ноолуур, сүлжмэл эдлэлийн зарим брэндийг хуурамчаар үйлдвэрлэн худалдаж байна гэх гомдол тасардаггүй аж. Тиймээс ШӨХТГ-ынхны хувьд тухайлан дээрх чиглэлээр ажиллаж, бодит байдалтай танилцах нь энэхүү айлчлалын томоохон зорилго байв. Гэсэн ч БНХАУ-ын тал үүнд маш болгоомжтой хандахыг сануулж, эс зөвшөөрөв. Учир нь дээрх чиглэлээр ирүүлсэн өргөдөл, гомдлыг шалгаж, үнэн худал, зөв буруу, эсэхийг нь эцэслэн тогтоогоогүй байхад үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөл өөлөхийг тус улсын хуулиар хориглодог юм байна.

Харин Эрээн хотын Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчооны байцаагч нарын хамт явж байгаад Монгол Улсын боловсролын тэргүүний ажилтан, биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, тэргүүний барилгачин, соёлын тэргүүний ажилтан гэхчлэн манай улсын Засгийн газрын шагнал, одон, тэмдэг, бүр зарим хүчний байгууллагын ажилтны үнэмлэхийг хүртэл худалдаж буйтай тааралдсан юм. Ширхэг нь 60, бөөнд нь 50 юань буюу 15000-18000 төгрөгөөр үнэлжээ. Ийм гомдол өмнө нь ч гарч байв. Юутай ч хоёр улсын байгууллагынхан хамт явж байсных тэдгээр одон, тэмдгийг лангуунаас хурааж, Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчоо шалгаж, манайд талд хариу мэдэгдэхээр боллоо. Гэвч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэг Хятад хүнд хэрэггүй. Тэгээд ч тэдгээрийг худалдаж авдаг болохоор л тэнд зарж, борлуулж буй хэрэг.

Магадгүй манайхан тэнд тэдгээр одон, тэмдгийг захиалж хийлгэдэг биз. Тэгэхээр Монголын төр, засгийн шагнал, урамшуулал өөрт ч, өрөөлд ч үнэ цэнээ алдан шалдаа бууж, шалдар бульдар металл, хуванцар төдийхөн болж хувирсан нь л эмгэнэл байлтай. Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Эрээн хотын Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчоо болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах бусад чиг үүргийг хэрэгжүүлэгч 27 байгууллага хамтран өдөрлөг зохион байгуулсан. Хэрэглэгч хийгээд үйлдвэрлэгчдэд эрх, үүргийг нь таниулах энэхүү өдөрлөгийн үеэр манай хууль тогтоогчид Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиа хэдийнэ эргэж харах болсныг хүлээн зөвшөөрөв. Тухайлбал, манайд хадгалах хугацаа нь хэтэрсэн бараа, бүтээгдэхүүн худалдсан иргэн, аж ахуйн нэгжид 250 мянган төгрөг хүртэл торгууль ногдуулдаг бол өмнөд хөршид 500 мянган юань буюу 160 сая төгрөгөөр торгодог аж.

Мөнгөн торгууль ногдуулаад зогсохгүй бас бус шийтгэл хүлээлгэх хуультай. Ер нь л БНХАУ-д хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэлд хүлээлгэх хариуцлагын арга хэмжээ маш өндөр гэдгийг дээрх товчооныхон хэлж байсан. Юутай ч ШӨХТГ-аас холбогдох хууль тогтоомжийг шинэчлэхээр төсөл боловсруулаад байгаа аж. Түүндээ энэ мэт хариуцлагын арга хэмжээг нэмэгдүүлэхээр тусгаад буй гэнэ.

ШӨХТГ АНХ УДАА

ОРОН НУТАГТ БАЙЦААГЧ АЖИЛЛУУЛНА

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1985 онд Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчмуудыг баталснаас хойш жил бүрийн гуравдугаар сарын 15-ныг Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж ирсэн. Олон улсын хэрэглэгчийн байгууллагаас энэхүү өдрийг жил бүр тодорхой сэдвийн дор зохион байгуулж, тэмдэглэдэг. Тухайлбал, 2012 онд банкны салбар дахь, 2013 онд үүрэн телефон хэрэглэгчийн эрхийг хамгаалах уриалга дэвшүүлж байсан бол энэ жил эрүүл хооллох эрхийг эн тэргүүнд тавихаар болжээ. Тэр дундаа элсэн чихэр давсны хэрэглээг бууруулах, сургуулийн ойр орчимд хүнсний хяналтыг сайжруулахад бүтэн жилийн турш голлон анхаарах юм.

Эрүүл хооллох эрхийг хангах чиглэлд зохион байгуулах энэ жилийн арга хэмжээг 2016 оны гуравдугаар сарын 10-нд хаахаар төлөвлөжээ. Манай улсын хувьд хүнсний бараа, бүтээгдэхүүний дийлэнхийг импортолж, тэр дундаа БНХАУ-аас авч буй. Үүнд Замын-Үүд боомт ч чухал үүрэгтэй оролцдог. Иймд стандартын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүнээр хангагдаж буй, эсэхэд төр болон төрийн бус байгууллагуудад чиглэл өгөх зорилгоор ШӨХТГ Эрүүл мэнд, спортын яам, Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар, Хилийн хорио цээрийн албатай хамтран өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр бараа, бүтээгдэхүүн худалдан авах явцад эрх нь зөрчигдсөн хэрэглэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх, гомдлыг шийдвэрлэхээр ШӨХТГ-ын хамт олон ажилласан.

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ШӨХТГ-аас зохион байгуулсан энэ жилийн арга хэмжээний нээлт Эрээнээс Замын-Үүдэд үргэлжлэв. ШӨХТГ тус суманд Хэрэглэгчид үйлчлэх төв нээж, анх удаа орон тооны улсын байцаагч ажиллуулахаар боллоо. Орон нутагт албан ёсны салбаргүй, улсын байцаагчгүй ажилладаг ШӨХТГ Замын- Үүд суманд анх удаа Хэрэглэгчид үйлчлэх төв нээж, байцаагч ажиллуулж, санаачилга, идэвх гаргаж буйд иргэд талархаж байлаа. Улсын байцаагч нь орон нутагт Өрсөлдөөний болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, Зар сурталчилгааны тухай хуулиудын хэрэгжилтийг хангаж ажиллах юм.

Мөн Эрээн хотоос бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах явцад эрх нь зөрчигдсөн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалуулахаар Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчоонд хүсэлт тавьж, гомдлыг нь барагдуулах арга хэмжээг зохион байгуулж ажиллах учиртай. ШӨХТГ-ын шинэ байцаагч А.Намхайравдандоржийг хүлээсэн нэг бус ажил байгааг орон нутгийн удирдлагууд хэлж байсан. Тухайлбал, тус суманд сүүлийн үед ашиглалтад орж буй орон сууцны барилгуудын талбай худалдан авсан хэмжээндээ хүрэхгүй байгаа талаар иргэд нь гомдоллох болсныг Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх учирласан. Тэрбээр ШӨХТГ-ын үйл ажиллагаанаас олны талархал хүлээж буй орон сууны талбайн зөрүүний асуудлыг шийдвэрлэх ажил ийнхүү орон нутагт ч ажил хэрэг болох нь хэмээн олзуурхаж байлаа.

Эх сурвалж: Tumen.mn

 

Дундговь, Говьсүмбэр аймгийн иргэд У.Хүрэлсүхийн багийг бүрэн дэмжихээ илэрхийллээ
Дундговь, Говьсүмбэр аймгийн иргэд У.Хүрэлсүхийн багийг бүрэн дэмжихээ илэрхийллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.