УИХ-ын сонгуулийн 69 дүгээр тойрог Баянгол дүүрэгт Иргэний Зориг Ногоон нам-аас нэр дэвшигч С.Батбаатар нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10–д “эд мөнгөөр татах”, 3.1.11-д “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл…” гэж заасан болон 70 дугаар зүйлд заасан цөөнгүй зөрчил гаргасаныг Цагдаа, Шүүхэд өгчээ.
Энэ зөрчлийг гаргасан “аливаа этгээд”-д хариуцлага тооцох ажил улсын хэмжээнд явагдаж байгаа билээ.
Шинэ хуулийн олон заалтууд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт үйлчлэхгүй байгаад бухимдсан иргэд хэвлэлийн бага хурал хийжээ.
Учир нь, яагаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус хуулийн 70.1.8-д “хишиг, хувь, хувьцаа өгөх … зэрэг амлалт авах” гэснийг зөрчиж Хувьцаа, мөнгө олгох тухай хэвлэлээр олон нийтэд мэдээллийн хэрэгслээр мэдээлсээр байтал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар түүнийг хаацайлсан шинжтэй албан бичиг гомдол гаргагчид өгчээ.
Энэхүү албан бичигт:
1-рт. Ч.Сайханбилэг-ийг зөрчил гаргасанг зөвшөөрч “Зөрчил гаргагч” гэжээ.
2-рт: Төрийн ордонд ажлаа хийдэг мөн хэвлэлийн бага хурал хийсэн хүнийг хаана зөрчил гаргасан нь мэдэгдэхгүй байна гэжээ.
3-рт: Зөрчил гаргагч Ч.Сайханбилэгийг “хэрэгтэй танилцуулаагүй”, “биеэр оролцуулаагүй”, “тайлбар өгүүлээгүй”, “зөрчлийн тэмдэглэлд гарын үсэг зуруулаагүй” гэх зэргээр “тухайн зөрчлийг шалгах үүрэг гомдол гаргагчийн үүрэг мэтээр бичиж, улмаар цагдаад ханд” гэж өөрийн хийх ажлыг гомдол гаргасан хүнд шууд хамааруулсан байдаг.
Гэтэл, Сонгуулийн тухай хуулийн 116.2т “Энэ хуульд заасан захиргааны зөрчил гарсан талаар аливаа этгээд сум, сум дундын шүүх, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид шууд гомдол, мэдээлэл гаргаж болох…” гэснийг үл тоож Ерөнхий сайдад үйлчилсэн албан тоот гаргасан гэж тэрээр үзжээ.
Шүүгч нотлох баримтыг шалгуулахаар Цагдаад шилжүүлэх бүрэн боломжтой байтал цаг хугацаа хожих зорилгоор нэр дэвшигч С.Батбаатарт хариуг хүргүүлсэнд маш их гомдолтой гэв.
Учир нь: Сонгуулийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д “Захиргааны зөрчлийн асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийн шийтгэвэр, захирамжид гаргасан гомдлыг захиргааны зөрчлийн хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ” гэснээс харвал “Шүүгчээс зөвхөн шийтгэвэр, захирамж гаргах ёстой байх ба шийтгэвэр, захирамжид гомдол гаргаж болох байхад албан тоотоор хариуг ирүүлсэн нь бидэнд тухайн албан тоотод гомдол гаргах эрхийг олгохгүй зөрчил үүслээ”.
Хуулиар нэгэнт тодорхой заалт байсаар байхад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар яагаад 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 55 тоот “Хүсэлтэд хариу өгөх тухай” албан бичиг гаргах болсон нь ойлгомжгүй байна.
Тэрээр уг албан бичгийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ асуудлаар дараа дараачийн шатны арга хэмжээг авах болноо гэдгээ илэрхийлсэн байна.
Одоо тэрээр Үндсэн Хуулийн Цэцэд хандах нь тодорхой боллоо…
УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт Иргэний Зориг Намын нэр дэвшигч
С.БАТБААТАР-ын хэвлэлийн бага хурлын мэдээлэл