С.Төгс: Малын шөрмөснөөс хүний биед ээлтэй мэс заслын утас гаргаж авахаар ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
14 минут 29 секунд
С.Төгс: Малын шөрмөснөөс хүний биед ээлтэй мэс заслын утас гаргаж авахаар ажиллаж байна

С.Төгс: Малын шөрмөснөөс хүний биед ээлтэй мэс заслын утас гаргаж авахаар ажиллаж байна

Манай улсад шинжлэх ухаан, технологийн салбарыг дэмжин ажилласнаар эрдэмтэн, судлаачид амжилт олж буй олон жишээ байна. Жишээлбэл, манай эрдэмтэн, судлаачид адууны яснаас кальц, хонины тосоор гар нүүрний саван зэрэг олон зүйлийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, иргэддээ түгээж байна. Үүний адил нэгэн профессор багийнхантайгаа нийлэн малын шөрмөсөөр мэс заслын утас хийх судалгаа явуулж амжилттай ажиллаж буй нь олон улсын хувьд өндөрт үнэлэгдэж байна. Энэ талаар доктор, профессор, Монгол Улсын зөвлөх эдийн засагч, “Мэргэшсэн инженерүүдийн нийгэмлэг” ТББ-ын тэргүүн С.Төгстэй ярилцлаа.

-Малын шөрмөсөөр мэс заслын утас хийх санааг анх хэзээ, юунаас олж авсан бэ?

-Ер нь 1998 оноос судалж эхэлсэн юм. Миний аав М.Санждорж шинжлэх ухааны салбарт ажиллаж байсан юм. Тэр үед аав минь надад анх шөрмөсний боловсруулалтыг судалж үзвэл ямар вэ гэж санал болгож байлаа.

 

-Шөрмөсийг яагаад сонгох болсон юм бэ?

-Шөрмөсний бат бөх чанар миний сонирхлыг их татсан. Тэгээд ч монголчууд эртнээс малын шөрмөсийг боловсруулан гутал, ширдэг оёх гэх мэтээр амьдрал ахуйдаа өргөнөөр ашиглаж ирсэн. Монголчууд шөрмөсөн утсаар гутлаа оёод гурван үеэрээ хэрэглээд байхад ханзардаггүй нь их сонин шүү. Судлаачийнхаа хувьд энэ уламжлалт технологийг цааш хөгжүүлж байгаа юм. Бид уламжлалт технологийг судлах, технологийн процесс, стандартын судалгаа зэргийг хийж, патентаа авчихсан. Манай багийнхан шөрмөсөн утсыг мяндсан, даавуун зэрэг тав, зургаан төрлийн утастай харьцуулан бат бөх чанарын судалгаа хийж үзсэн. Гэтэл малын шөрмөсөөр хийсэн утасны бат бөх чанар мяндсан утастай ижил байсан.

 

-Одоо Монгол Улсад ашиглаж байгаа мэс заслын утаснаас малын шөрмөсөөр хийсэн утас юугаараа онцлогтой вэ?

-Манай улс мэс заслын утсаа 100 хувь импортооор авч байна. Бүгд химийн гаралтай байдаг. Малын шөрмөс бол цэвэр органик аргаар гаргаж авсан нь хамгийн их онцлогтой бүтээгдэхүүн болж байгаа юм. Ер нь хүний биед органик, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хамгийн тохиромжтой гэж үзэж болно. Дэлхий дахинд үхэр, адуу, цаа буга гэх мэт амьтны шөрмөсийг хэрэглэдэг юм билээ. Гэхдээ монголчуудын, үхрийн шөрмөсөөс бидний гаргаж авч байгаа мэс заслын утас бусад орнуудынх шиг эрчгүй шууд цуулбараар нь биш, эрчилж ашиглаж байгаа учраас утасны бат, бөх чанар өндөр байхын зэрэгцээ, урт болгож болон гэх мэт янз бүрийн даваа тал их бий. Үхрийн шөрмөс бол цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн.

Бид үхрийн шөрмөсөн мэс заслын утсаа боловсруулах явцдаа ямар нэгэн химийн найрлагатай хольц бага боловч оруулдаггүй.
 

Иймээс хүний биед нийлэмжтэй байх тал дээр манай бүтээгдэхүүн маш өндөр үр дүнтэй гарсан байгаа.

 

-Бүтээлээ ямар нэг амьтан дээр судалж үзсэн үү?

-Хүн дээр туршиж болохгүй учраас АУ-ны мэс заслын хэдэн залуутай хамтран нохойн дээр туршилт явуулсан амжилттай болсон байгаа. Нохойн 3-4 газарт мэс засал хийгээд, долоо хоногийн дараа туршилтынхаа үр дүнг харсан. Микроскопоор мэс ажилбарыг харахад үрэвсэх шинж чанаргүй, маш сайн хайлсан, нохойн махнаас буюу биеэс ялгарахааргүй маш сайн нийлэмжтэй гарсан.

- Дэлхийн хаана ч шөрмөсийг мэс заслын зориулалтаар ашиглаагүй-

-Та бүхний хийж буй утсыг ямар төрлийн мэс засалд ашиглах боломжтой талаар судалсан уу?

-Энэ талаар дагнан судлаагүй. Гэхдээ шөрмөсөн утсыг бэлтгэж байгаа явцдаа нарийн, дунд зэргийн, бүдүүн гэсэн гурван янзаар бэлтгэх нь хамгийн тохиромжтой гэж үзэж байгаа. Мэдээж бүдүүн утас бол аливаа биетийн гадаргууг оёход тохиромжтой. Дэлхийн хаана ч шөрмөсийг мэс заслын зориулалтаар ашиглаагүй. Ганц манай улс шөрмөсийг мэс заслын зориулалттай ашиглья гэж ярьж байгаа. Бусад оронд бол үддэг, оёдог, ширдэг ажиллагаанд ашигладаг.

-Та бүхний хөдөлмөрийг үнэлэн манай оюуны өмчийн байгуулага шагнал гардуулсан гэсэн энэ талаар дэлгэрэнгүй яривал?

-Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Солонгос болон Монголын оюуны өмчийн байгууллага хамтран зохион байгуулсан “Инновацийн шийдэл бидний амьдралд-2015 ” уралдаанд оролцож, оны өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 18-нд тэргүүн байр эзэлсэн.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас миний “Мэс заслын зориулалттай шөрмөсөн утас-Экологийн бүэтэгдэхүүн” бүтээлд “Алтан медаль” мөнгөн шагналаар шагнасан.
 

Ер нь үхрийн шөрмөсийг мэс засалд ашиглах шинэ санааг минь олон нийт үнэлж байгаа гэж ойлгож байна. Хүний биед ямар нэгэн химийн аргаар боловсруулагдсан материал орох шаардлагагүй, байгалийн гаралтай органик материал ашиглах боломж байна гэдгийг судалгаа, шинжилгээнээс минь олж харж болно.

 

-Энэхүү утсыг ямар арга, технологиор гаргаж авч байгаа вэ?

-Шөрмөсөн утсаа боловсруулах арга одоогоор жаахан болхи гэж хэлж болохуйц гар ажиллагаатай байна. Үүнийг бид янз бүрийн туршилт хийж, механикжуулахаар ажиллаж байна. Гар аргаар биш механикаар боловсруулахад шөрмөсний үндсэн шинж чанар алдагдах тул эрчилж байгаа аргаа механикжуулахаар ажиллаж байна.

-Та судалгаа, шинжилгээний төсөлд олон ажил ажилласан туршлагатай. Тиймээс өөр олон шинэ зүйлийн судалгаа, санааг гаргаж байсан байх. Тухайлбал та нийгэмд хэрэгтэй өөр ямар төрлийн судалгааны ажил хийж байсан бэ?

-Би хөнгөн үйлдвэрийн салбар болон судалгаа шинжилгээний байгууллагад нийт 35 жил ажиллаж байна. Монголд аж үйлдэр, тэр дундаа хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд чиглэж судалгаа хийдэг. Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнд ажиллаж байхдаа 2005 онд “Малын дайвар бүтээгдэхүүнийг боловсруулан шинэ материал гарган авах технологи, тоног төхөөрөмж” хэмээх шинжлэх ухаан, технологийн төсөл боловсруулсан. Би энэ төслийн удирдагчаар ажиллаж байлаа. Энэхүү төсөлд арьс ширний технологийн инженер А.Санжаа, зохион бүтээгч инженер Д.Сахъяа, механикч Б.Болдбаатар болон туршилтын ажилчин А.Алтанхуяг, Д.Тэгшээбаатар нартай нэг баг болж хамтран ажилласан. Энэ төслийн хүрээнд нохойд хаяж өгдөг хаягдлыг ашигласан. Тодруулбал, үхрийн гүзээний хар хуулдсыг хуулаад, үйлдвэрийн аргаар технологийг нь боловсруулж гүзээн савхи гэдэг материал гаргаж авсан. Гүзээ, сархинаг, давсаг, шөрмөс гээд малын амьсгалаас бусдыг нь бид ашиглах боломжтой.

-Шөрмөсөн утсаа хэзээ үйлдвэрлэлд гаргах бодолтой байгаа вэ?

-Хүний эрүүл мэндтэй холбоотой, ялангуяа мэс засалтай холбоотой учраас бид их няхуур ажиллах учиртай. Гаргасан шөрмөсөө би нэг удаагийн зүү тариурын үйлдвэрт ариутгалын газарт ариутгуулж, судалгаа шинжилгээгээ хийж байсан. 2013 онд үүний дагуу Шанхайг зорьж өндөр темпратурт хайлчихдаг учраас хайлуулахгүйгээр ариутгал хийх боломжтой тоног төхөөрөмжийг судалсан. Ингээд ийм боломжтой газрыг олж, холбоо тогтоож, гэрээ хийн техник худалдан авах бүрэн боломжтой болсон. Иймээс манай иргэд энэ утсыг ариутгал багатай, үрэвсэл үүсгэх магадлалтай, малын гаралтай, түүхий эд гэх мэтээр айх хэрэггүй. Хоёрдугаарт, мэс заслын утасны сав баглаа боодлыг мөн судлаж, хаанаас яаж авах вэ гэдгээ шийдчихсэн. Одоо гар ажиллагааг механик болгох техникийн асуудлаа шийдчихвэл бусад бүх зүйлсийн тооцоо гарчихсан бэлэн болсон байна. Дэлхийн түвшинд мэс заслын утсанд тавигдах стандарт шаардлагад бүрэн нийцэх утас үйлдвэрлэх боломжтой юм. Энэ жилдээ багтаан үйлдвэрлэлд хэзээ, хэрхэн гаргахаа тодорхой болгохоор шийдсэн.

 

-Эх орондоо үйлдвэрлэх болохоор зах зээл дээр хямд үнээр худалдаалах боломжтой гэж ойлгож болох уу?

-Үхрийн шөрмөсөөр хийсэн утасныхаа шинж чанарын судалгааг хийсэн, дэлхийн стандартын шаардлагыг хангахуйц эрч, даац, бат бөх байгаа. Үнийн хувьд ч бүрэн тооцоо хийсэн. Монгол улс жилд дунджаар 400 орчим мянган үхэр гаргадгийн 10 хувийнх нь шөрмөсийг стандартын дагуу үйлдвэрийн аргаар бэлтгэж, боловсруулна гэж тооцъё. Мөн манайл улсад жилдээ 160-180 орчим мэс засал хийдэг. Үүнд гараа эсгэх, толгой хагарах гэх мэт гэнэтийн өвчлөлүүдийн оёдлын хагалгааг оруулаагүй. Ингэж тооцвол жилд гаргаж байгаа үхрийн дөнгөж 10 хувийнх нь шөрмөсөөр хийж байгаа утасны дөнгөж 10 хувийг Монголдоо ашиглаад, үлдсэн 90 хувийг экспортлох бүрэн боломжтой гэж үзэж байна. Монголд импортолж байгаа утсууд аль улсаас орж ирж байгаагаас шалтгаалаад янз бүрийн үнэтэй байдаг. Эдгээр утасны үнийг судлаж, дундажлан харьцуулахад бид дөрөв дахин хямдхан утас үйлдвэрлэнэ гэж үзэж байна. Энэ үнээрээ дэлхийн зах зээлд гаргавал жилд 3.4-3.6 тэрбум төгрөгийн цэвэр орлоготой ажиллах үйлдвэр байгуулах боломж бий.

-Түрүүн та гүзээн савхи гаргаж авлаа гэсэн шүү дээ. Энэ судалгааныхаа тухай дэлгэрэнгүй ярина уу?

- Үхрийн гүзээний хуулдас, хэрхнэгийг эко-технологиор /байгальд халгүй технологиор/ боловсруулан үсэрхэг ба хээтэй гадаргуутай, нимгэн хөрстэй савхины төрлийн шинэ материал гарган авч түүнийг “Гүзээн савхи” гэж нэрлэн хими-физик, механик үзүүлэлтүүдийг MNS 5393:2004 стандартаар баталгаажуулсан болно. Гүзээн савхи гэж бас дэлхийн хаана ч байхгүй гайхалтай бүтээл болсон. Энэ бүтээл маань Худалдаа аж үйлдвэрийн танхимийн шилдэг 99 бүтээлийн нэгээр шалгарч байлаа. Бид энэ төсөл дээр маш сайн ажилласан гэж боддог. Энэ бол үхрийн шөрмөсөн мэс заслын утас шиг дутуу боловсруулалттай зүйл биш. Үйлдвэрлэл явуулж болохуйц түвшинд байгаа юм. Хог болон хаягдаж байгаа зүйлийг бид баялаг болгож чадсан. 2005 оноос хойш сурталчилаад байхад энэ талаар мэдэхгүй хүн манай улсад олон байна. Энэхүү байгалийн гаралтай материалаар хийсэн өнгөний өргөн сонголттой жижиг эдлэл, бэлэг дурсгалын зүйлсийг хийсэн.

Үхрийн гүзээний өвөрмөц хээ, үсэрхэг гадаргуу нь хүний арьсанд эерэг нөлөөтэй, химийн хорт бодисгүй тул биед халгүй, гулгаж хаягдахгүй зэрэг давуу талтай.

Нэгэн удаа бид энэхүү гүзээн савхиар хийсэн зангиаг япон руу явж байгаа хүнд 8 ам.доллараар заруулахаар явуулж байсан юм. Гэтэл японы зангиа цуглуулагч хоёр хүн үнэ хаялцсаар байгаад 300 ам.долараар худалдаж авсан байдаг юм. Ойрын хугацаанд энэ бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг явуулахаар ажиллаж байгаа.

-Цаашдын таны зорилго юу вэ?

-Аж үйлдвэрийн салбартай насаараа холбоотой явсан хүний хувьд Монгол Улсад аж үйлдвэр хөгжөөсэй л гэж хүсч явдаг. Монгол хүн бүр бүтээгч, бүтээлч байх хэрэгтэй гэж би бодож явдаг. Малын гаралтай түүхий эдийн боловсруулалтыг улам боловсронгуй болгож, дэлхийд эх орноо таниулсан өвөрмөц бүтээгдэхүүнийг амжилттай гаргахыг зорин ажиллаж байна.

-Аж үйлдвэрлэл хөгжихийн ач холбогдол юу вэ?

 

-Аж үйлдвэрлэл бол аливаа улс орны хөгжлийн тулгуур хүчин зүйл гэж үздэг. Олон улсын байгууллагын аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр бий. Энэхүү хөтөлбөрт аль 1962-1963 оны үед аж үйлдвэрлэл хөгжүүлсэн тухайн орон хөгжинө гэдгийг гаргасан байдаг. Ер нь монголчууд эртнээс гэр орондоо хүртэл аж үйлдвэрэл явуулж ирсэн. Бид чинь зөвхөн сүүүнээс 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж авч чаддаг гэж байгаа юм. Мөн орчин үеийн үйлдвэрлэл хөгжлийн чиг хандлагын дагуу аливаа улс орны аж үйлдвэрлэл хөгжинө гэдэг дан ганц иргэдийнхээ хэрэгцээг хангах биш гэж үзэж байна. Иргэдийнхээ хэрэгцээг хангана гэдэг нь тухайн орны үүрэг гэж үзэх болжээ. Тиймээс гадаад орон руу улс орныхоо онцлогийг шингээсэн бүтээгдэхүүн экспортлох нь жинхэнэ аж үйлдвэрлэл хөгжиж буйн илрэл гэж үзэх болсон байна.

Г.Наран

Эх сурвалж: Gereg.mn

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын есдүгээр хуралдаанаас мэдэгдэл гаргалаа
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын есдүгээр хуралдаанаас мэдэгдэл гаргалаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.