Б.Ганхуяг: Надад болон миний гэр бүлд ямар баталгаа өгч чадах вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
17 минут 0 секунд
Б.Ганхуяг: Надад болон миний гэр бүлд ямар баталгаа өгч чадах вэ

Б.Ганхуяг: Надад болон миний гэр бүлд ямар баталгаа өгч чадах вэ

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Гэрчээр оролцогчийн хувьд тодруулах зүйл байна.

1.Та бүхний зүгээс ямар шийдвэр гаргаж чадах вэ? Энэ нь ямар хүчин төгөлдөр эрх зүйн акт болох вэ?

2.Надад болон миний гэр бүлд ямар баталгаа өгч чадах вэ? Эрх зүйн хамгаалалт гаргаж өгнө үү.

Намайг, биднийг, миний гэр бүл, төрөл садан, найз нөхөд, хамт олныг хилс хэрэгт гүтгэж, хэлмэгдүүлэх орчин цагийн хэлмэгдүүлэлт эхлээд 370 гаруй хоног буюу бүтэн жил гаруй боллоо. Энэ хугацаанд надтай хамаарах 96 хүнийг хоморголон баривчилсан, цагдан хорьсон, байцаасан, хэрэг тулгасан, залхаан цээрлүүлсэн, дарамталж айлган сүрдүүлсэн, эрүүдэн шүүсэн 130 гаруй удаагийн харгис, ёс бус үйлдэл гаргаж ардчилсан улсад хэзээ ч байж боломгүй улс төрийн захиалгат, зохион байгуулалттай өргөн хэмжээний хэлмэгдүүлэлт явуулж одоо ч хэвээр үргэлжилсээр байна. Өөрөөр хэлбэл бүтэн жил гаруй хугацаанд цагдан хорьж Авилгатай тэмцэх газраас прокурорт, прокуророос шүүхэд шилжүүлчихээд байхад бидэнд огт хамааралгүй асуудлаар дахин дахин гэрчийн мэдүүлэг авах, байнга дуудах, хэрэг тулгах, мөрдөн мөшгөх, тагнаж чагнасаар байгаа нь эхлүүлсэн хэлмэгдүүлэлтээ далдлах гэсэн санаа, хүмүүсийг байнгын дарамтандаа байлгаж байгаа хууль бус үйлдэл гэдгийг хангалттай нотлож байна. Мөн бүтэн жил гаруй хугацаанд намайг тэнд хорьж, надтай хамаарал бүхий бүх хүнийг хуулийн дарамтанд байлгаж байгаад УИХ, ЗГ, намууд, бүх хэвлэл мэдээлэл зөвхөн над руу буюу нэг хүн рүү ичгүүртэйгээр дайрч, гүтгэж, харлуулж, энэ нийгэмд байгаа бүх муу муухайг нэг хүн рүү чихэж, өөрсдийн үйлдсэн хэрэг, бузар булхайг хүртэл тохох гэж зүтгэсэн нь дэндүү арчаагүй байлаа. Иймээс миний, бидний зовлонгоор жаргах замаа засаж яваа нөхдүүдэд сануулахад би та нараас хүн чанарын хэлтэрхий ч нэхэхгүй, харин эр хүний өчүүхэн жудаг гаргаж өдөр тутам барьцаалсан хуулийнхандаа өгсөөр байгаа чиглэлээ зогсоохыг хатуу шаардаж байна.

Та нарын албан тушаал, эрх мэдэл, эдийн шунал чинь арай бидний амь нас, эрүүл мэнд, гэр бүлийн энтэй тэнцэж байна гэж төсөөлсөөр байна уу ?

Би маш олон зүйлийн талаар үнэнийг нийтэд ил тодоор мэдээлж чадна. Тэр тусмаа Эрдэнэс Тавантолгой ХК-тай холбоотой олон зүйлийн үнэнийг хэлж чадах хүн. Учир нь ЭТТ ХК бол миний хувьд миний гэр бүл, үр хүүхдийн адил хэмжээнд хүндлэгдсэн, хайрлагдсан компани, хамт олон. ЭТТ ХК-ийн үйл хэрэг бидний хичээж зүтгэсний үр дүнд урьд, хойчдоо ч төсөөлөхөөргүй сайн байсныг би баталж чадна. Ийнхүү сайн, амжилттай байснаар миний хэтийн ирээдүй тодорхойлогдож, цаашдын зорилго маань улам тодорч байсан. Тиймээс ч би ЭТТ ХК-д ямар ч хулгайг нүүрлүүлэх нь бүү хэл хар сүүдэр ч ойртуулалгүй хамгаалж, улс төрчдийн дарамтыг үл тоон, дарга нарын бус иргэдийн компани болгохын төлөө зүтгэж байсан нь үнэн.

ЭТТ ХК-ийг компани шиг компани болгож, олон улсын жишиг бизнес зарчимд шилжүүлж, ашигтай ажиллуулж эхэлсэн нь үнэн. Цаашид ч өндөр ашигтай ажиллаж тогтмол ногдол ашгаа төрд, иргэдэд олгодог тогтолцоог бий болгож чадсан. Энэ нь иж бүрэн төсөл болон хөгжиж олборлолт, ачилт, боловсруулалт /НБЧ /, тээвэрлэлт /2 чиглэлтэй төмөр зам/, амьдрах орчин / дэд бүтэц, хот, хотхон/ бүрдсэн хөтөлбөр буюу “А6-20” бизнес төлөвлөгөөнд тусгагдсан.

Өөрөөр хэлбэл ямар ч иргэн, айл өрх амьдралын төлөвлөгөөгөө аль болох урт хугацаанд сайн төлөвлөдөг бол үүнтэй агаар нэг ямар ч компани очих газраа урьдчилан харж нарийн судалсан концепцтэй байдаг жамтай. Энэ нь ЭТТ ХК-ийн хувьд “А6-20” бизнес төлөвлөгөө юм. Монгол улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” хөтөлбөрийн эдийн засаг, санхүүгийн суурь нь “А6-20” бизнес төлөвлөгөө болсон. Гэтэл өнөөдөр яг үүний эсрэг төлөвлөөгүй, социалист дүрэм ЭТТ ХК-д үйлчилж иргэдийн биш, Сангийн яамны төсвийн цоорхой нөхдөг татварын тасаг болон хувирчээ. Бид 2020 онд анх удаа Монгол улсын 2,5 сая иргэдэд буюу 1072 хувьцаа эзэмшигчдэд компанийг ашигтай ажиллуулсан ашгаас ногдол ашиг өгсөн нь үнэн. Өмнөх хугацаанд иргэдийн хувьцааг мөнгөөр худалдан авч байсан болохоос хувьцаанд нь ашиг өгч байгаагүй. Харин “А6-20” бизнес төлөвлөгөө батлагдаж мөрдөгдсөнөөр ЭТТ ХК жил бүр өндөр ашигтай ажиллаж төрд, иргэддээ ч ногдол ашиг тогтмол өгөх боломжтой болсон. Энэ нь 2022 онд компани 1,4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж “А6-20” бизнес төлөвлөгөө буруу биш байсныг нотолсон ч хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг олгоогүй.

Бидний тооцолсоноор 1072 хувьцаатай 1 иргэнд 126,000 төгрөгийн ногдол ашиг өгөх байсан. Гэтэл иргэдэд биш төрд татвар нэрээр ашгийг нь хураалгасан нь бизнесийн зарчим зөрчигдөж, буруу тогтолцоо руу явж байгааг харууллаа. Компани улс төрчдийн, дарга нарын дор ажилладаг бус бизнесийн зарчимд тулгуурлах ёстой. Би ЭТТ ХК-д ямар ч улс төрчийг, бүлэглэлийг, тэр дотроо нүүрсний гэх хууль бусаар олон жил хөгжсөн хятад эзэдтэй компанийг огт ойртуулдаггүй, давруулдаггүй байсан нь үнэн.

Тэрнийхээ гайг, өшийг өнөөдөр үзэж өөрийгөө ч, гэр бүлээ, өрөөлийг ч зовоож байх шиг байна. Үнэндээ ажилд хүн оруулахыг шахахаас эхлээд тэр ч тендер, энэ ч гэрээг тэрэнд энэнд өг гэж доромжлох нь наад захын хэрэг байсан.Харин би тэдний даварсан санаа, дураар аашлалт, зоргоороо зорилгыг зогсоож ойртуулаагүйдээ олон ч улс төрчдийн дургүй зэвүүг хүргэсэн нь тодорхой. Зарим нь ч энд сууж байна. Тэглээ гээд би зарчимаасаа ухраагүй, цаашид ч хатуу байх зүрх надад бий. Бид Монгол улсад 1975 онд хийгдсэн Эрдэнэтийн хэмжээний их бүтээн байгуулалтаас хойш хийгдээгүй байсан “Их бүтээн байгуулалт”-ыг эхлүүлсэн нь үнэн. Удаан хугацаанд гацсан төмөр замын ажлыг эхлүүлж дуусгасан. Шинээр Зүүн баян төмөр замыг төлөвлөж бүтээн байгуулсан, хувийн хэвшлийн төмөр замууд бий болох замналыг бүрдүүлсэн, нүүрс угаах үйлдвэр, хүнд, хөнгөн үйлдвэрүүдийг олноор төрүүлэх гарааг эхлүүлсэн. Энэ Таван толгой-Гашуун сухайт төмөр замыг ашигласнаар биднийг хэрэлдүүлээд, хэлмэгдүүлээд байгаа тээвэр, хил, гаалийн гэх маргаан эцэслэгдэж 1 тонн.км нүүрсийг 400 ам долларт хүрсэн ханш 16 ам доллар болгож 20 дахин зардлыг бууруулах боломж үүснэ. Тэгтэл одоо тэр төмөр зам ашиглагдаж эхэлсэн үү, хил холболтын зам хийгдсэн үү. Үгүй л болов уу. Харин ажил хаягдаад бүтэн жил хэрүүл, хэлмэгдүүлэлт дунд явлаа. Ер нь төр, тэр тусмаа Монголын төрд зүтгэх ямар том эрсдэлтэй, хувь хүний хувьд яаж хохирдог болохыг би бие, сэтгэл, гэр бүл, орчин тойрныхонтойгоо хамтдаа мэдэрцгээлээ.

Яагаад Монголд хийгдэх гэж байгаа төсөл болгоны ард хэн нэгнийг золиосолсноор зогсож, тэр нь эргээд Монголдоо, иргэдэд өгөх ашиг орлого биш, хэрүүл тамын тогоо болж хувирдагыг мэдэх үү. Учир нь гадны хэн ч бай Монгол улсыг бүх бараа бүтээгдхүүнээ Монголдоо үйлдвэрлэж, Монгол хүн ажилтай, өндөр орлоготой байлгахыг хэзээ ч хүсэхгүй нь тодорхой. Аль болох хооронд нь муудалцуулж хэрэлдүүлж байх нь тэдний зорилго. Тэрийг нь ч бид мэдсээр байж хэрэлдэж муудалцаж, хийж чадаж байгаа нь нэгнээ шоронд хийж, тамын тогоондоо зодолдсоор ирсэн нь үнэн. Энгийн жишээ хэлэхэд Улаанбаатар хотынхоо цэвэрлэх байгууламж, бохирынхоо асуудлыг ч шийдэж чадахгүй 30 жил өмхийтэйгээ зууралдсанаа гайхцгааж өнөөдөртэй золголоо.

Бид хийсэн ажлаа тоочоод байвал олон арван өдөр хүрэлцэхгүй. Хийсэн зүйл, хэлэх үгтэй байх сайхан. Улаанбаатарын утааг багасгасан нь үнэн. Ковидыг ард нийтээрээ давах ажлын 50 хувийг бид үүрсэн нь үнэн. Улаанбаатарын утаа буурсны ачаар, ковидыг амжилттай давж гарсны үрээр, ЭТТ ХК-ийн дэмжлэгээр бүтсэн бүх ажлын үр дүнгээр манай нам олон сонгууль дамнан үнэмлэхүй ялалт авч чадсан нь үнэн. Мөн ЭТТ ХК нь Монголд байхгүй ил тод нээлттэй компани болсон байсан. Шилэн данс, санхүү, тендер, гэрээ, хүний нөөц, архив, бичиг баримт гээд бүх зүйл нь рентгенээр харсантай адил ил байсныг сэтгүүлчид андахгүй. 1072 мэдээллийн төв 24 цагаар тасралтгүй ажиллаж иргэдэд, жолооч нарт, уурхайчдад, сэтгүүлчдэд бүх мэдээллийг утсаар, цахим хаягаар харамгүй өгч байсан нь саяхан. Гэтэл одоо хаалттай, харанхуй компани болжээ.

Намайг ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал болсон цагаас эхлэн төрийн хяналт нэг ч өдөр тасралтгүй хянадаг байсан. УИХ-ын 3 удаагийн, Засгийн газрын 14 удаагийн, Үндэсний Аудитын газрын гүйцэтгэлийн 3 удаагийн, санхүүгийн 5 удаагийн, ТЕГ, ГЕГ, СЗХ, ШӨХТГ, МХЕГ, АМГТГ-ын хамтарсан болон дагнасан 12 удаагийн, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан болон дагнасан 4 удаагийн бүрэн хэмжээний хяналт, шалгалт, байцаалт, мөрдөлт хийгдэж 4 жил 5 сар 9 хоногийн хугацаанд нийт 41 удаагийн шалгалт явагджээ. Эдгээр шалгалт, хяналтын тайлангийн үр дүнгүүд тухайн үедээ зөрчилгүй гараад байсны учир хаана байна.

ЭТТ ХК-ийн бүхий л үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, тендер, гэрээ, үйлдэл бүхэн төрийн эрх бүхий байгууллагын хяналт, шийдвэр, баталгаатайгаар хэрэгжиж байсныг манай хамт олон мэднэ. Би, бид дур мэдэн том толгойлж хийсэн ажил нэг ч байхгүй,бүх зүйл шийдвэрийн хүрээнд хэрэгжиж байсан. Өөрөөр хэлбэл ҮАБЗ-ийн 4 зөвлөмж, Монгол улсын Ерөнхийлөгчийн 4 шийдвэр, УИХ-ын 11 тогтоол, Засгийн газрын 59 тогтоол, тэмдэглэл, Ерөнхий сайдын 6 захирамж, УУХҮЯ-ны сайдын 68 удаагийн шийдвэр, чиглэл, удирдамж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ, гүйцэтгэх захирлын 93 удирдамж, шийдвэр, ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-ийн 180 гаруй тогтоол, эрх олгосон шийдвэр, төсөл, гэрээ баталсан баталгаа зэрэг 427 шийдвэрийг удирдлага болгож, хэрэгжилтийг нь ханган ажилласан. Гэтэл эдгээр олон удаагийн хяналт шалгалт дор эрх бүхий байгууллагын шийдвэрүүдийн хүрээнд өндөр ашигтай, зөрчилгүй, бизнес зарчмаар ажиллаж байсан компанийн үйл ажиллагааг өнгөрсөн зуунд хүчин төгөлдөр үйлчилж байсан 1991 оны БНМАУ–ын хуулийг хэрэглэж хууль бус шийдвэрээр “Онц байдал” гэгчийг ЭТТ ХК дээр зарлаж, социалист үе рүү буцаж алхлаа. Одоо ЭТТ ХК-д бизнес зарчим устаж, хаалттай болж, уурхайчид хөлсний ажилчин мэт зүтгэхээс өөр сэтгэл хөдлөлгүй болж, хамт олны уур амьсгал хүйтэрч, залуус урлаг спортын дэмжлэггүй болж, төрд татвар төлөхийн төлөө зүтгэгч машин, машины эрэг боолт төдий болжээ. ЭТТ ХК-ийн уурхай ч гундаж эхэлсэн сурагтай. Үнэн гэдгийг зүрх, тархиараа мэдэрч байна. Уг нь ажилчид, уурхайчид чинь монгол хүн энэ уурхай, энэ улсыг нуруун дээрээ үүрээд явж байгаа баялаг бүтээгчид юм шүү. Төрчдөө, социалист төлөөлөгч өө. Бид уурхайг өнгөтэй болгож, босгож ирсэн нь үнэн. Хэн ч, хэзээ ч надтай энэ асуудлаар маргаж, үр дүнг булаацалдах эрхгүй. Олон жил гэр кемпэд байсан уурхайчид зориулалтын хотхонтой болсон. Контейнерт байрлаж байсан оффисыг орчин үеийн оффистой болгож, ажилчид, уурхайчдын цалин, үр дүнг 80 хувь нэмж, тогтмол өсдөг тогтолцоог бүрдүүлснээс гадна компани өөрийн техниктэй болж эхэлсэн.

Надад улс төрийн нэг ч дайсан байхгүй. Харин миний хийсэн, зүтгэсэн, хөдөлмөрлсөн, бүтээсэн, бусдад бодитоор харуулж чадсан үр дүн, амжилтанд атаархагчид 10, 20-оороо байгаа байх. Бас тэдний захисан, шаардсан, хууль бус зүйлийг хийгээгүйн төлөө хонзогногчид ч цөөнгүй байх. Гэсэн ч эсрэгээрээ бидний ажил хийж чаддагийг харсан, мэдсэн, цаашид ч хариуцсан ажлаа хэнээр ч чиглүүлэхгүй хийж чадахыг мэддэг, ямар ч өндөр даваа, хүнд ачааг үүрээд гарах чадвартайг мэдэх, дэмжих олон мянган монголчууд байгаа.

Ер нь Монголд ажилсаг нь асуудалд ордог, залхуучууд нь зүгээр үлддэг хууль үйлчлээд удаж байна. Зориг гаргаад зогсолтгүй зүтгэгсэд нь дандаа муулуулж, баалуулж, гүтгүүлж, доромжлуулж байдаг бол зүгээр хатавчны ард хэвчихээд хүн муулж, хор хутгагчид магтуулан мандсаар байгаа нь шударга ёсонд нийцэн гэж үү. Эцэст нь дахин хэлэхэд намайг хориод 1 жил гаруй болчихлоо. Хэн хожсон бэ? Бидний суурь тавьж үлдээсэн ЭТТ ХК ашигтай ажилласнаас бусдаар яаж гийгүүлэв. Ашгаасаа иргэдэд ногдол ашиг өгсөн үү, эсхүл төр хүчээр татвараа л авсан уу. Нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд оруулж чадсан уу. Өмнийн говьд олон компани хүнд, хөнгөн үйлдвэрээ байгуулахаар хөдөлцгөөсөн. Яасан захирлуудыг нь бас бариад хорьсон уу. 21,000 ажлын байр бий болгож чадсан уу. Хотоо барьж дуусгав уу. Эсхүл ажил нь зогссон уу. Бүгд гацсан бололтой.

Монгол дахин хожигдлоо.

Б.Ганхуяг

Брендлэг амьдрал ба шунал
Брендлэг амьдрал ба шунал
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.