Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Испани улсын Барселона хотод зохион байгуулагдаж байгаа Дэлхийн үүрэн холбооны конгресс /MWC 2023/-т оролцож байна.
Энэ хүрээнд “SpaceX” компанийн зах зээлийн нэвтрэлт эрхэлсэн захирал Ryan Goodnight-тай албан уулзалт хийжээ.
100 mbps хурдтай “SpaceX” компанийн “Starlink” төсөл өнгөрсөн онд Монголд үйлчилгээгээ нэвтрүүлэхээр УБЕГ-т “Старлинк Сервисес Монголиа” компанийн нэрээр бүртгүүлсэн хэдий ч яриа хэлцлүүд удаашралтай байгаатай холбогдуулж төсөл хэрэгжих хугацаанд нэг жил алджээ.
Элон Маскийн “Starlink” нь олон хиймэл дагуулуудад суурилсан интернэтийн систем бөгөөд “SpaceX”-ийн дэлхийн үйлчилгээний хомсдолтой бүс нутгийн иргэдэд үнэгүй интернэт бий болгох зорилгоор хэрэгжүүлж буй төсөл юм. Тус төслийг Монголд хэрэгжүүлснээр өргөн уудам газар нутагтай манай улсын өнцөг булан бүрт интернет хэрэглээ хангагдах хийгээд гамшгийн үед, онцгой байдлын үед онц чухал ач холбогдолтой.
Тус төслийн танилцуулга, холбогдох дүрэм журмын өөрчлөлтийн төслийг “Сансарын үндэсний зөвлөл”, Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанд танилцуулж зохих шийдвэрийг гарган хамтран ажиллахаар тохиролцсон байна.