Танилц! Дараагийн Ерөнхий сайд, ирээдүйн Ерөнхийлөгч Э.Бат-Үүл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 0 секунд
Танилц! Дараагийн Ерөнхий сайд, ирээдүйн Ерөнхийлөгч Э.Бат-Үүл

Танилц! Дараагийн Ерөнхий сайд, ирээдүйн Ерөнхийлөгч Э.Бат-Үүл

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах гарын үсэг 19 хүрэхэд ганц, хоёрхоноор дутуу байгаа гэх энэ цаг мөчид дараагийн Ерөнхий сайд хэн байх тухай яриа улс төрийн хүрээ, намын даргын өрөөнд өрнөөгүй гэвэл худал болно. Хамгийн сүүлийн эх сурвалжийн мэдээлснээр нэгэн кандидатыг ёстой л “битүү морь” гэдэг шиг ихэд нууцалж байгаа нь хэн гээч. Тэгэлгүй яах вэ, Ардчилсан намын “цагаан толгой” буюу хотын мээр Э.Бат-Үүл гэнэ дээ. Ардчилсан намаас аль ч кандидатыг шилж сонгосон нийт иргэдээс нэмэх үнэлгээ авах нь ховордоод байгаа энэ мөчид Э.Бат-Үүлийг сойгоод үзэх нь арга ядсан хэрнээ муугүй сонголт гэж үзэж байгаа юм байх.

АН-ынхны хувьд 1998 оны арванхоёрдугаар сарын 8-нд тухайн үед хотын даргаар ажиллаж байсан Ж.Наранцацралтыг Ерөнхий сайдаар томилон ажиллуулж байсан түүхтэй. Хэдийгээр ОХУ-ын Элчин сайдад захиа бичсэн гэдэг шалтагаар “Ордны хуйвалдааны” аргаар огцруулж байсан ч Элчин сайдад очсон бичиг, Ж.Наранцацралт агсны бичсэн захидлын сар, өдөр зөрдөг. Мөн уг захидлыг орчуулсан эмэгтэй нь “намайг хүмүүс загнаад шөнөжин орчуулуулсан, таныг огцруулах үндэслэл болгох баримт бичиг байсныг тэр үед мэдээгүй юм шүү” хэмээн Ж.Наранцацралт агсанд хэлсэн байдаг юм. “Ерөнхийлөгч Н.Багабанди захидалд гарын үсэг зурчих гэхээр нь би зурсан гээрэй. Тэгвэл чамайг огцруулахгүй” гэж үг зааж өгөөд “шантаажилж” байсан Р.Гончигдорж ч, Ерөнхийлөгч асан Н.Багабанди ч өнөөдөр энэ явдлын амьд гэрчүүд. Бас түүнийг огцруулах гарын үсэг цуглуулах гэж гурав хоног хуралдаж байсан улстөрчид ч амьд сэрүүн, тарган цатгалан хэвээрээ. Харин Ж.Наранцацралт агсан хэнд ч үзүүлэлгүй хэлэх үгээ индэрт авч гараад Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх тухайгаа “ардчилал” яригчдын зүрхэнд зүү шивэх мэт үг хэлчихээд нэг их хүнд ачаа нуруунаасаа авч хаях шиг болсон гэж хожим ярьж билээ.

АН-ынхан засгийн эрх барихаараа ингэж л хүн чанараа гээдэг онцлогтой. Харин шинэ үеийнхэн нь яах бол гэсэн хүлээлтийг өнөөдөр Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдын суудлаас огцруулахаар гарын үсэг цуглуулж хуруу даран тоолж байгаа хүмүүс бэлхнээ харуулж байна. Ж.Наранцацралт агсныг Хотын дарга болохоосоо өмнө Нийслэлийн газрын албыг үүсгэн байгуулж даргаар нь ажиллаж байсан, дараа нь Газрын албаны дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий даамал, улмаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг даргын ажлыг хийсэн зэрэг нь хэн нэгний татаас гэхээс илүүтэйгээр чимж Ерөнхий сайдын албыг нэр төртэй хашиж, нэр төртэйгээр ажлаа өгсөн билээ.

Үүний дараа МАН-ын дарга М.Энхболд 2006 онд хотын даргын албан тушаалаас шууд Ерөнхий сайдаар томилогдсон түүхтэй. Гэвч мөн л нам доторх хуйвалдааны улмаас буюу намынхаа 25 дугаар их хурлын үеэр зохион байгуулалттай ажиллагааны “үр дүн” болж Ерөнхий сайдын албыг хүлээлгэн өгч байлаа. Тэрбээр дараагийн хоёр Ерөнхий сайдын танхимд уригдах нь холгүй ажиллаж байснаас харахад Н.Энхбаярын хийсэн Асгатын гэрээнд саад учруулснаас болж огцорсон гэдэг нь үнэн бололтой байдаг.

Харин одоо яригдаж эхлээд байгаа Э.Бат-Үүлийн хувьд энэ чинээнд хүрэх болов уу. Гэхдээ Засгийн эрхийг авсан үедээ АН-ынхан яаж бялуу булаалддаг билээ, үүнээс Үүлд юу оногдов гээд бодохоор үнэхээр түүний цаг үе ирсэн ч байж мэднэ.

Цаг үе гэснээс Э.Бат-Үүл одоогоос таван жилийн өмнө 2010 оны зургадугаар сарын 28-ны өдөр “Би яг одоо Ерөнхий сайд болмоор байна” гэж хэлсэн удаатай. 1990-ээд оны үед түүнтэй ардчиллын төлөө мөр зэрэгцэж явсан нэг нөхөр нь “Э.Бат-Үүл бол Ардчилсан намын ч хүн биш. Одоо бол олигархи болсон” гэж хэвлэлд ярьсан удаатай. Хариуд нь Үүл баатар “Малыш Б.Энхтүвшин гэж аль социализмын үед л Дотоод яамны бууны нохой байсан. Энэ өрөвдөм хүний үгээр үг хийгээд яах вэ дээ. Байдаг л нэг адал балмад хүн шүү дээ” гэж тайлбарласан юм даг. Бодит байдал дээр бол тэр адал балмад нь харин ч үнэнийг хэлчихсэн мэт.

Ямартай ч өнөөдрийн байдлаар Э.Бат-Үүл эхлээд Ерөнхий сайд, дараа нь Ерөнхийлөгч болох гэж байгаа гэсэн яриа газар аваад байгаа юм. Түүнийг энэ замналаар явж болохгүй гэх шалтгаан алга. Хүн амын дийлэнхийг элгэндээ багтаан эвтэйхэн тэвэрч яваа тэрбээр яагаад Ерөнхий сайдын албыг хашиж болохгүй гэж. Ер нь түүнээс өөр хэн байгаа юм бэ гэхнээ “Энэ” гээд хэлчих хүн алга.

Zaluu.com

Уух усгүй болвол амандаа алтаа зуугаад үхэх үү?
Уух усгүй болвол амандаа алтаа зуугаад үхэх үү?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.