ШАГИЙН АРХИ ПИВО БИЗНЕС БОЛТОЛ ЦЭЦЭГЛЭВ ҮҮ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 35 секунд
ШАГИЙН АРХИ ПИВО БИЗНЕС БОЛТОЛ ЦЭЦЭГЛЭВ ҮҮ

ШАГИЙН АРХИ ПИВО БИЗНЕС БОЛТОЛ ЦЭЦЭГЛЭВ ҮҮ

Б.ТАМИР

Хорио цээрийн хугацаанд баар, цэнгээний газрууд хаалттай, дэлгүүрийн ажиллах хугацаа багассанаар шагийн архи пивоны гар харсан залуусын бөөгнөрөл их хотын шөнийн бас нэгэн эмгэнэлт дүр зураг болжээ. Архи, пиво борлуулах зөвшөөрөлтэй дэлгүүрүүд 22:00 цагт хаалгаа барьсны дараа нууцаар архи дамлан борлуулах бизнес эрчээ авдаг.

Энд тэндэхийн буланд хэнд ч мэдэгдэхгүй зогсч, согтуу хүмүүсийг ажиглах, автомашинтайгаа хүргэж өгөх, таксинд зарах, фэйсбүүк, утсаар захиалга авах зэргээр шагийн наймаа цэцэглэхийн хэрээр бизнес эрхлэгчдийн арга нарийсч, гэмт хэргийн бүлэглэл болтлоо хөгжжээ. Шагийн архи дуудлагаар худалдаалдаг хувь хүмүүсийн тоо нэмэгдэж байгаагийн цаана архи залуу, шинэ үеийнхний баяр, зоогийн ширээ рүү хяналт, зөвшөөрөлгүй шууд залагдаж байгааг илэрхийлэх шиг.

Шагийн архи худалдаалагчид 22:00 цагаас хойш дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй архи, пивоны үнийг амандаа орсон үнээрээ зарж бас фэйсбүүк, утсаар захиалга авч хүргэж өгдөг шинэ төрлийн бизнес ч бас эрчээ авч цэцэглэжээ. Фэйсбүүкт “Архи пиво хүргэлтийн үйлчилгээ”, “Архи пиво захиалгаар хүргэж өгнө”, “Архи, пиво тамхи хүргэлт” гэх мэт пэйж, группүүд мөн л дэлгүүрүүд хаалгаа барьсны дараа идэвхждэг нь анзаарагдсан. Энэ төрлийн бизнес эрхлэгчид өөрсдийн байгаа хаяг байршлаа нууцлах бөгөөд аль болох хүргэж өгөхийг илүүд үзэх аж.

Фэйсбүүк болон утсаар холбогдож үнийн мэдээлэл лавлахад архинаас илүүтэй пиво их байгааг хэлж байв. Үнийн хувьд Сэнгүр, Боргио, Нийслэл зэрэг 2.5 литрийн савлагаатай “үнээ” гэх пиво 20 мянган төгрөг. Харин дэлгүүрийн лангуун дээр Сэнгүр 8200-8500, Боргио, Нийслэл пиво 7500 төгрөгийн үнэтэй. Мөн шагийн наймаачид Eden архи 0.75 нь 50000, Соёрхол 0.75 нь 50000, 500 EX 0.75 нь 45000 төгрөгийн ханш тогтоожээ. Энэ нь мэдээж ердийн үеийнхээс хэд дахин нугалсан үнээр борлуулдаг нь тодорхой. Дэлгүүр, худалдааны төвүүдэд “Соёрхол” 0.75 литр нь 21.500, 0.5 литр нь 19.500, ЕX 0.75 литр нь 17.500, 0.5 литр нь 13.500, Chingis 0.75 литр нь 23.800 төгрөгийн үнэтэй. Хэдийгээр зөвшөөрөлгүй архи, худалдан борлуулдаг үйлчилгээ олон жил амь бөхтэй тогтож ирсэн ч хорио цээр тогтоосноос хойш улам “цэцэглэж” фэйсбүүк, утсаар захилга авч машинаар хүргэдэг үйлчилгээ шинээр бий болжээ. Фэйсбүүкээр хөврөх архи, пивоны захилга авч байна гэх утга бүхий зар, мэдээлэлд цагдаагийн алба хаагчид хатуу хяналт тавьж, илэрсэн зөрчилд хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа гэнэ.

ШАГЛАХ ЗӨРЧЛҮҮД НЭМЭГДСЭЭР

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас харъяа дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдын хамтаар өдөр бүр хяналт шалгалт зохион байгуулдаг аж. Уг хяналт шалгалтын хүрээнд хоногт дунджаар гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулж буй 10-15 орчим зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу шалгаж хариуцлага тооцдог байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Нямсүрэн “Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжаар зарим аж ахуйн нэгж байгууллагуудын цагийн хуваарьт өөрчлөлт орсон. Архи, пиво зөвшөөрөлтэй худалдан борлуулдаг дэлгүүрүүд 22:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Цагийн хуваарьт өөрчлөлт орсонтой холбоотой иргэд архи согтууруулах ундааг гар дээрээс худалдан борлуулах буюу “Шаглах”-тай холбоотой зөрчлүүд нэмэгдэх хандагатай байна. Ялангуяа архи согтууруулах ундааг facebook буюу олон нийтийн цахим хуудсуудаар дамжуулан, тээврийн хэрэгслээр хүргэж худалдах зэрэг зөрчил түгээмэл илэрдэг” гэсэн юм.

Түмэн.мн

Улаанбаатарт 21-23 хэм дулаан байна
Улаанбаатарт 21-23 хэм дулаан байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.