Д.Отгондалай: ДАШТ-д амжилттай оролцож, олимпын эрхээ заавал авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 48 секунд
Д.Отгондалай: ДАШТ-д амжилттай оролцож, олимпын эрхээ заавал авна

Д.Отгондалай: ДАШТ-д амжилттай оролцож, олимпын эрхээ заавал авна

Тайландын Бангкок хотноо наймдугаар сарын 26-ны өдөр эхэлсэн сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр өндөрлөсөн. Тус тэмцээнээс манай баг тамирчид хоёр хүрэл, нэг  алт хүртсэн. Тэгвэл ази тивийн аваргаас 11 дэх алтан медалийн эзэн болсон ОУХМ Доржнямбуугийн Отгондалайтай ярилцлаа.

-Тайландын Бангкок хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэнд сайтынхаа өмнөөс баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-За баярлалаа, Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотноо наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 5-ны хооронд болж өндөрлөлөө. Миний тоглосон -60 кг-ын жинд 24 шилдэг ширэн бээлийтэн өрсөлдсөн. Би энэ жил азидаа нэгдүгээрт эрэмбэлэгдэж жингээ тэрүүлж оролцлоо. Нийт дөрвөн тулаан хийж аварга боллоо. Индонез, Тайланд, Узбекстан, Казакстаны шилдэг боксчидтой нударга зөрүүлж аваргын алтан медаль хүртээд эх орондоо ирлээ.

-Телевизээр харахад аваргын төлөөх тулаан ширүүн болж харагдсан. Ер нь медалийн төлөөх тулаанууд хэр хүнд байв?

-Тоглолт болгон маш өрсөлдөөнтэй болсон. Хүрэл медалийн төлөө эзэн орны тамирчинтай тоглож 3:0-ээр хожиж медалийн болзлоо хангасан. Мөнгөн медалийн төлөө Узьбекстаны тамирчинтай тоглож мөн 3:0-ээр ялалт байгуулсан. Харин алтын төлөө Казакстаны тамирчин З.Сафиуллинтай ширүүн өрсөлдөж 2:1-ээр ялсан. Өмнө нь энэ тамирчинг нутаг дээр нь Н.Назарбаяевийн цомын төлөөх тэмцээнд нэг удаа хожиж байсан. Өөртөө итгэлтэй байсан шүү.

-Олимпын наадам хаяанд ирлээ. Олимпын эрх олгох хамгийн том тэмцээнд оролцох эрхээ хэдхэн хоногийн өмнө авлаа?

-Боксын спорт олипын эрхээ маш чанга шалгуур тавьж өгдөг. Ази тив болон ДАШТ хоёр жилд нэг удаа болдог. Энэ утгаараа маш хариуцлагатай, өрсөлдөөн ихтэй болдог. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эхний долоод орсон тамирчид ДАШТ-д оролцох эрхээ авдаг. Харин ДАШТ-ий эхний гурван байранд орсон боксчид олимпын эрхээ авдаг болохоор тамирчдаас ихээхэн хөдөлмөр шаардана даа.

-Олимпын эрхийн төлөөх хамгийн том тулаан Дохад болно. Энэ жилийн хамгийн хариуцлагатай тэмцээн үлдлээ. Мэдээж тамирчин хүнд бодсон, санасан зүйл байгаа байх?

-Тэгэлгүй яахав, Азийн аваргаас ирээд манай баг сэргэлтийн хөнгөхөн бэлтгэл хийж байна. Маргаашнаас эхлээд “Говь Ресорт” дээр ДАШТ-ийн бэлтгэлдээ гарна. Дэлхийн аварга маань аравдугаар сарын 5-18-ны хооронд Катарын Доха хотноо зохиогдоно. Тамирчин хүн өөрт тавьсан зорилгогүй бол амжилтаа ахиулахад хэцүү л дээ. Би хувьдаа энэ дэлхийн аваргаас медаль авч улмаар олимпын эрхээ авах. Миний хувьд энэ жил ази тивийн аварга болно гэсэн эхний зорилгоо биелүүллээ. Зорилго болгоноо тэмдэглэлийн дэвтэр дээр бичдэг л дээ. Одоо бичигдэж үлдсэн дэлхийн аварга болно гэсэн ганцхан зүйл үлдсэн. Тэр зорилгоо биелүүлэхийн тулд хичэээж, зүтгэнэ дээ.

-Залуу хүн зорилготой байна гэдэг хамгийн чухал хэрэг. Тэр тусмаа тамирчин хүн. Саяын тэмцээний үеэр хөмсөг задарч харагдсан. Дэлхийн аваргад нөлөөлөхгүй биз дээ. Бэртэл гэмтэл холуур байг?

-Узбекстаны тамирчинтай тоглож байгаад сүүлийн үе дээр хөмсгөө задалсан. Тэгээд алтан медалийн төлөө хөмсөгөө нааж байж тоглосон. Азаар ямар нэгэн асуудал үүсээгүй. Монголдоо ирээд “Монгол Хюндай” эмнэлгээр хөмсгөө оёулсан. Хэд хоногоос оёогоо авна. Бусдаар бол бэртэл гэмтэл гайгүй дээ.

-За урилга хүлээн авч манай сайтад ярилцлага өгсөнд баярлалаа. Мэдээж тамирчин хүнд амжилт гаргахад маш олон хүмүүс туслаж дэмждэг байх. Тэдгээр хүмүүүстээ хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Тэгэлгүй яах вэ. Маш олон хүмүүс, сайхан сэтгэлтэй ах нар маань надад туслаж дэмждэг. Эрүүл мэнд спортын яам, спортын бэлтгэлийн төв, анагаах ухаан эрдэм шинжилгээний алба, МБХ болон боксын холбооны удирдлага, МИАТ  болон баг хамт олон, багш дасгалжуулагч нарын хамтын хүч хөдөлмөрөөр энэ амжилтад хүрдэг юм аа. Энэ хүмүүсийн сэтгэлийн дэм, тусламж дэмжлэгээр Монголын боксын спортын олимп, дэлхийн медалийн буухиай тасрахгүй явж байгаа болов уу. Би АПУ ХХК, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн тамирчин байгаа. Өнгөрсөн жил азийн наадмын дараа хил хамгаалах газраас дэслэгч цол өгсөн. Сая азийн аварга болоод ирэхэд “Хилчний алдар 2” медалиар шагналаа. Мөн намайг хувиараа байнга дэмжиж байдаг Шинээ, Мөнхбат, Цэнгэл, Мөнхнаран, Бат-Амгалан ах нартаа маш их баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй ДАШТ-д амжилттай оролцож, олимпын эрхээ заавал авна аа гэж хэлмээр байна.

 Баянзүрх дүүрэг 77 байршилд хог ангилан ялгах савтай болов
Баянзүрх дүүрэг 77 байршилд хог ангилан ялгах савтай болов
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.