Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн “мэдэгдэл хийнэ” гэсэн зар хоёр, гурван өдрийн турш цахим сүлжээгээр түгэв. Гэвч мэдэгдлээ хийгээгүй байна. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр тэр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг эрчимжүүлэх тухай тогтоолын төслийг гишүүд дэмжихгүй байхаар нь баахан уцаарлаж, С.Баярцогт болон МАН-ынхан руу “Тэгвэл хариуцлагыг АН-ынхан ч хүлээнэ. МАН-ынхан дэмжихгүй бол засгаас гарах хэрэгтэй” хэмээн зандрав. “Эрдэнэс Таван толгой”-н гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийн “Ганц”-д сууж мөрдөгдөх болсон нэг шалгаан нь түүний хүргэн Г.Дэндэнтэй холбоотой тул тэр байж сууж чадахгүйд хүрсэн болов уу. Я.Батсуурийн хувьд тэдний “Говь повер” компанийг Таван толгойн нүүрс олборлолт, тээврийн ажил руу оруулсандаа харамсаж байгаа. Гэрээг нь цуцлахад “Говь повер”-ийн эзэд буюу Г.Дэнзэн нар шүүхдэж, “Эрдэнэс Таван толгой”-гоос “Нөхөн олговор”-ын мөнгө гаргуулж авсан. Үүнд нь Я.Батсуурийг АТГ-ынхан буруутгасан. Одоо Я.Батсуурь намынхаа дэмжлэгээр “Ганц”-аас гарч, байцаалтаа өгч байгаа. Харин Г.Дэнзэн нь гадаад руу гараад эргэж ирэхгүй, мөрдөн шалгах ажиллагааг гацааж байна. Я.Батсуурийг шоронгоос гарч ирмэгц “Эрдэнэс Таван толгой”-н гүйцэтгэх захирлаар томилогдоод байсан Ч.Сайнбилэг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхөө мэдэгдэв. Ингээд Я.Батсуурийн хэргийг хэрэгсэхгүй болгуулж, хуучин ажилд нь буцааж тавих тухай яриа АН-ын лидерүүдийн дунд өрнөх боллоо. Ийм нөхцөлд Н.Алтанхуяг хүргэн Г.Дэнзэнгээрээ дамжуулан Таван толгойн нүүрс тээвэрлэлт, олборлолтоос олох орлогоо “цавчуулсан” хариугаа нэхэж, тийнхүү бухимдаж сууна. Үүнтэй нь зэрэгцээд бас түүний толгойлж байсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг АН, МАН-ын аль аль “өшөө” авалтаар бусниулж бас болохгүй гэсэн “өмгөөлөл” төрийн ордонд тэнүүчилж явна.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn