Эдийн засагт халтай хүмүүстэй танилц!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
12 минут 2 секунд
Эдийн засагт халтай хүмүүстэй танилц!

Эдийн засагт халтай хүмүүстэй танилц!

 

  Global-Wie zijn we-Wie is wie in het VBO-WEB_h_Wie-IsWie

Монголын эдийн засаг бараг л тэнгэрт тулахаа шахтлаа өсөлтийг үзүүлж байсан цаг хэдхэн жилийн өмнө билээ. Гэтэл одоо амаараа шороо үмхэж мэдэхээр амаргүй дүр зураг ноёлсон харагдаад байна. Гэтэл уг чанартаа бол хямрал болоогүй байна гэж хэлэгсэд ч бас байх. Ер нь бол өнөөгийн уруудсан нөхцөл байдлын учиг шалтгаан өнгөрсөнд бий гэдэг нь эргэлзээгүй хэрэг. Ийм байдалд хүрэхгүй байх боломж байсан ч, тэрийгээ ашиглаж чадсангүй гэж буй. Мэдээж тийм байх магадлал өндөр. Харин хаанаас аль цэгээс эхэлж анхаарсан бол бид ийм хэмжээнд хүрэхгүй байж болох байв. Чухам хаанаас эхэлж буруутав гээд асуухын цагт  асуудлын агуулга илүү лавшраад ирнэ. Дотоодын нөхцөл байдал амаргүй болоод байгаа нь бид эдийн засгаа төрөлжүүлнэ, солонгоруулна, ганц эх үүсвэрээс хараат байхаа болино энэ тэр гэж олон жил  ярьж байгаа ч, чадахгүй л явж ирснийг харуулж байна. Түүнчлэн эдийн засгийг уруудахад тодорхой хувь нэмрийг оруулж ирсэн нөхдүүд одоо сэтгэл амар сууцгааж байгаа биз. Тиймээс ч тэд хэн хэн бэ гэдгийг сануулан өгүүлье.

                                    Н.Алтанхуягийн оролцоо

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал манай улсын хувьд хамгийн том асуудал итгэл дааж чадах уу, үгүй юу гэдэг дээрээ тулчихаад байгааг хэлсний сацуу Монголчуудыг 50-100 жил тэжээх учиртай Тавантолгой дампуурсан тухай Ерөнхий сайдын сүржин мэдэгдэл гадаад ертөнцөд тун сөрөг сурталчилгаа болж байсан үеийг эргэн нэг санацгаая. Тэгвэл тэр хэргийн эзэн нь Н.Алтанхуяг. Түүний удирдаж байсан Засгийн газар олон улсын зах зээлд өрийн бичиг гаргаж чамгүй хөрөнгө мөнгө татсан ч, зарцуулалт нь асуудал дагуулаад байгаа. Эдийн засаг хүндрээд байна гээд байхад л Ерөнхий сайд маань “Гудамж” төслийнхөнтэй хэрүүл хийгээд л сууж байсан. Нөгөөдүүл нь бас л бондын мөнгөөр ажил хийж байсан улсууд л даа, хөөрхий.

Томоохон төслүүдтэй холбоотойгоор үүсээд байгаа асуудлуудаа улсынхаа эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэх тал дээр засгийн тэргүүн шиг шийдвэртэй ажиллаж, бас хөрөнгө оруулагчдыг бүрмөсөн үргээчихгүйн тулд ухаалаг зохицуулалт гаргах тал дээр анхаармаар байсан ч, тэр дутуу ажилласан. Би Монгол гэж цээжээ дэлдэхээс гадна дэлхийн уул уурхайн салбарын нэгэн том тоглогч улс болж тодорсон гэдгээ ухамсарлаж, хариуцлагатай тоглогч болж төлөвших хэрэгтэйг сануулсан цаг үед тэр амин хувиа их бодсон доо.

                          Тэнгэрлэг сайдтан

Нэг тийм тэнгэртэй ярьдаг сайд байсан билээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэнгэрлэг сайхан зүйлсийг ярьж суусан даа.Ерөнхий сайдын Япон улс дахь айлчлалын бэлтгэлийг бараг хангах зорилгоор тус улсад айлчлаад ирсэн тэрбээр Япон бидэнд баахан мөнгө зүгээр өгье гээд байна. Ер нь бид тэнгэр заяатай болохоор болохгүй байгаа юм гэж алга. Эзэн хааныхаа нэрээр нэрлэсэн бондоороо зөндөө л мөнгө олоод ирсэн. Ер нь энэ дэлхий дээр мөнгөнөөс их юм алга гэж ирээд ярьж өгсөн. Гэтэл үнэн хэрэгтээ манай улсыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт хумигдаад, ам.долларын хомсдол зах зээл дээр үүсээд байна гэдэг чинь тэр их мөнгөний урсгал наашаа чиглээгүйг л илтгэж байгаа хэрэг шүү дээ. Тэрчлэн өрийн бичиг гаргаж олж ирсэн мөнгөө эдийн засагтаа зөв эргэлдүүлж чадахгүй байгаа нь ч бодит байдлаас харагдаад л байна шүү дээ. Гэтэл эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны оновчтой бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх замаар хүн амын амьжиргааны түвшинг тогтвортой дээшлүүлнэ гэсэн эрхэм зорилготой Эдийн засгийн хөгжлийн яамны сайд нь амнаасаа үг унагах болгондоо араас нь тэнгэрийг дурдаж, энгийн номхон ард иргэдийн тархийг угааж суусан билээ.

Н.Батбаяр сайдын хувьд “Чингис” бондыг гаргаж мөнгө босгосноо түүхэнд үлдэх гавьяа хэмээн тодотгодог.  Гэтэл бодит байдал дээр валютын нөөц арвижсан ч тэр хэрээр улсын өрийг нэмсэн, хаана юунд зарцуулагдаж байгааг ганц хүнээс өөр хэн ч мэдэхгүй.  Чингис нэртэй өрийн бичиг.  Энэ бонд анх 4.125 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай байсан бол өнөөдөр 92.837 центээр арилжаалагдаж 6 хувь болсон байна. 10 жилийн өрийн бичиг нь бүүр аймаар. 87.245 центээр арилжаалагдаж хүү нь 5.125 ээс 7 хувьд хүрч өссөн гэдгийг эдийн засагч гишүүн хэлээд л сууж байх юм. Түүнчлэн  Монголын Засгийн газарт итгэж бондыг нь худалдан авсан хөрөнгө оруулагчдыг их хэмжээний алдагдалд түлхэж орхисныг, хариуд нь тэд бидэнд талархахгүй нь ойлгомжтой болохыг, гол нь тэр их өрийг Ч.Улаан, Н.Батбаяр  нар төлөхгүй, иргэдийн нуруунд үрүүлэх нь харин ойлгомжтой гэдгийг ч хэлж байлаа.

                                            Н.Золжаргал хаа хүрэх вэ?

Н.Золжаргал Ерөнхийлөгчийн хувьд Монголбанкны тэргүүн болохоосоо өмнө гоё үгсийг харамгүй унагаж, ерөөсөө асуудлыг шийдэх шийдэл ойрхон байна гээд л байсан. Гэтэл одоо юу вэ. Бараг улстөрждөггүй байх гэхэд болохоор нэгэн эдийн засагч хэлэхдээ “Төвбанкнаас хэрэгжүүлж буй дэд хөтөлбөрүүд эдийн засагт ач тусаа өгч байгаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр шим гарч байгааг үгүйсгэх аргагүй. Түүнийг онцолж хэлэх нь зүйтэй. Гэхдээ Засгийн газраас Монголбанк зайгаа авч, өөрийн дархлаагаа сайжруулах цаг болсон. Монголбанк улстөрөөс хол байх учиртай. Тэгж эс чадваас мөнгөний бодлого жинхэнэ мөнгөний бодлого болж чадахгүй. Тиймээс Төвбанкны хараат бус байдалд хөндлөнгөөс төр оролцохгүй байх нь дэмжиж байгаа хэрэг.” хэмээн ярьжээ. Уг нь энэ бол шив шинэхэн яриа огтоос биш. Аль тэртээд л нөгөөх А.Батсүх, Л.Пүрэвдорж нарын удирдлагууд байх үед ч энэ тухай улиглан ярьсаар ирсэн. Тэгээд одоо ардчиллын үед төв банкны тэргүүний сандалд шигдсэн Н.Золжаргалын үед ч бас л яригдсаар. Гэтэл Н.Золжаргал Ерөнхийлөгчийн хувьд энэхүү албан тушаалд ирэхээсээ өмнө гоё үгсийг харамгүй унагаж, ерөөсөө асуудлыг шийдэх шийдэл ойрхон байна. Гагцхүү улстөрийн хүчний бодлогын золиос нь эдийн засаг болоод байна гэх агуулгатай зүйлийг хэлдэг байсан. Харин одоо бол өөрийг ярьж байна.  Н.Золжаргал та ийм янзаараа байвал бусад шиг зүгээр л  ярьдаг хүн болоод мөнхрөх нь дээ.

                                                                 Эргэн ирсэн Г.Занданшатар…

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Занданшатарын талаар хэлэх хэдэн үг бий. Тэрбээр  популист шийдвэрүүд хөрөнгө оруулагчдад цаг хугацаа, мөнгөний асар их хохирол авчирлаа хэмээн хэлж ярьсан биш өөртэйгөө холбоотой но-той асуудлуудын талаар бусдыг чангахан ярихад хүргэсэн. Түүнийг хөрөнгө оруулалтыг боомилох популист хуулийг өөрөө санаачилж батлуулсныг нь сануулах хүмүүс цөөнгүй байгаа. Харин тэрээр хариуд нь “-Би анхлан Гадаадын стратегийн хөрөнгө оруулалтын гэрээ  контрактуудад Засгийн газар зөвшөөрөл олгодог журмын тухай хууль санаачилсан. Тэр хуулийг би олон улсын стандартын дагуу Австрали, ОХУ-ын ижил төстэй хуулиудыг судалж байж түүндээ үндэслэн боловсруулсан. Угаасаа дэлхийн олон оронд байдаг тийм л хууль. Харин хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед зөвшилцлийн журмаар хоёр намын бүлгийн ажлыг хэсгүүдээс нэмэгдсэн саналуудаар өнөөгийн хууль төрсөн. Миний анх санаачилсан хууль УИХ-ын Тамгийн газарт байгаа. Авч үзээрэй. Тэгээд ч ер нь хууль болохгүй байгаа бол засч, залруулж, сайжруулах  боломж нь одоогийн олонхид бий. Урд өмнөх үеэ шүүмжилж суухаар урагшаа харж ажиллах цаг болсон байна.” хэмээн ярьсан.  Эндээс харахад тэр  огтоос гэмгүй амьтан гэж өөрийгөө  ам бардаж хэлж чадахгүй байгаа. Алдсан бол засчихаач гэсэн зөрүүд үгсийг ч тэр хэлээд байгаа юм.

Х.Баттулга та хөгжлийг чангаагч юм биш үү?

2021 он гэхэд нэг Монгол хүнд ногдох Дотоодын Нийт Бүтээгдхүүний хэмжээ 12 мянган ам. доллар болж өснө гэсэн гэгээлэг прогнозыг эхлээд дуулгая. Гэхдээ зүгээр байж байгаад тэгэхгүй нь мэдээж. Ингэж өсөхөд нөлөөлөх гол хүчин зүйл нь аж үйлдвэрийн салбарын үсрэнгүй хөгжил дэвшил. Тэрдундаа Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын гайхамшигт бүтээн байгуулалт гэж байгаа юм. Энэхүү нүсэр бүтээн байгуулалтыг нь дагаад хүнд үйлдвэрүүдээс гадна 200 гаруй хөнгөн үйлдвэр босчих боломжтой гэх судалгаа бий. Гэтэл судалгаа цаасан дээр байгаад байхаас төслийн ажил урагшилж гавьсангүй. Цогцолборт байгуулагдах үйлдвэрүүдийн усны нөөцийн судалгааг багагүй хугацаанд дуншиж байж нэг юм хийгдэж эхэлсэн гэх мэдээлэл байгаа. Гэтэл цогцолбор байгуулах 3520 га газар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн эцэслэгдэн тодорхой болоогүй л байна. Тэгвэл энэ төслийг хариуцсан яам нь Үйлдвэр хөдөө аж ахуйн яам. Сайд нь  Х.Баттулга байж байгаад яваад өгсөн.

 Өмнөх засгийн үед ЗТБХБ-ын сайд байсан тэрбээр монголын уул уурхайн бүтээгдхүүнийг үнэд хүргэх гол хүчин зүйл болох төмөр замын төслийг ч олигтой урагшлуулж дийлээгүй нэгэн билээ. Харин нам нь ялж, засаг солигдсоны буянаар дахин нэг яамны сайдаар суусан ч Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гэх том төслийг хамсаатнуудтайгаа нийлэн дураараа удирдаж байгаагийн сацуу улсын хөгжлийг хойш нь татаж ирсэн нэгэн юм.

Эх сурвалж:  Б.Тамир, Шуурхай.мн

УЛААНБААТАР ХОТ ӨДӨРТӨӨ 14-16 ГРАДУС ДУЛААН БАЙНА
УЛААНБААТАР ХОТ ӨДӨРТӨӨ 14-16 ГРАДУС ДУЛААН БАЙНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.