Л.Чинбатын хууль бус барилгын маргаанд хотын захиргааныхан хөгөө дэлгэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 35 секунд
Л.Чинбатын хууль бус барилгын маргаанд хотын захиргааныхан хөгөө дэлгэж байна

Л.Чинбатын хууль бус барилгын маргаанд хотын захиргааныхан хөгөө дэлгэж байна

Гацуурт компанийн захирал Л.Чинбатын хууль зөрчиж бариулсан барилгатай холбоотой хэрэг Захиргааны хэргийн шүүх дээр 4 дэх жилтэйгээ золгоод хэвтэж байна. Хэрэг шийдэгдэхгүй сунжирсаар.

Саяхан, энэ сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүх хуралдааныг хийсэн боловч бас л хойшлуулав.  Хойшлох  шалтгаан бодитой  тул яая гэхэв. Харин эдгээр шалтгааны хамгийн сониролтой нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шүүхэд төлөөлж буй  албан тушаалтнуудыг нь 100 хувь сольж өөрчлөх талаар нэхэмжлэгчийн гаргасан гомдол хүсэлтийг  бүрэн хангаагүй байлаа. Түрүүчийн нөхөд нь илт хууль зөрчсөн Л.Чинбатын талд үйлчилж, “Уг барилга хууль журмын дагуу боссон” гэсэн утгатай юм яриад “ус утгаад” болохгүй болохоор нь өөр шинэ хүмүүсийг төлөөллөөр оролцуулахыг шүүгч нар  зөвшөөрч, хотын  захирагч Э.Бат-Үүл рүү бичиг илгээсэн юмсанж. Үүнийх нь дагуу Э.Бат-Үүл  ирсэн бичгийн хяналтын картандаа “Итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг бүгдийг сольё. Энэ албан хаагч нар миний саналын эсрэг зүйл ярьсан эсэхийг  тогтоож дүгнэлтээ зөвлөхийн хамт яаралтай танилцуул” гэжээ.  Даргын шийдвэр бол шийдвэр. Заавал биелэх ёстой. Биелэх ч үндэстэй шийдвэр аж. Энэ үүргийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, хуулийн хэлтсийн мэргэжилтэн Д.Цолмон, Ерөнхий архитектор бөгөөд Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Я.Болор нарыг оруулсан байна. Гэтэл Н.Нацагдорж, Ш.Төмөрбаатар нар нь шүүх хуралд өөрсдөө ирэлгүй орны хүнээ явуулсан нь нөгөө хуучин “хор”-ын эзэн Д.Хан-Уул гэгч нөхөр байсан бөгөөд тэдний энэ үйлдэл нь шүүхийг үл хүндэтгэсэн хэрэг болжээ. Д.Хан-Уул нь түрүүчийн шүүх хурал дээр “...Иргэн Л.Чинбатын барилга хот байгуулалтын норм дүрэм, иргэдийн эрх ашгийг зөрчөөгүй...” гээд гүрийгээд байж. Иймд арга буюу шүүх хурлыг хойшлуулсан байна.

Ер нь Л.Чинбатын уг барилга хот төлөвлөлтийн нормыг дэндүү эрээ цээргүй зөрчсөн байдаг. Энэ бүхэн нь Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржтой салшгүй холбоотой. Н.Нацагдорж  Ерөнхий аритектороор олон жил ажилласан. Одоогийн энэ албандаа хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж байгаа. Түүний шууд ба шууд бус оролцоотойгоор Л.Чинбат хууль бус барилгаа барьж эхэлсэн нь олон баримтаар нотлогддог.  Тиймээс Н.Нацагдорж шүүх хуралд өөрийн биеэр очихоос цэрвээд байгаа биз.

Л.Чинбат Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, Бага тойруугийн 47 дугаар байрны подвальд байрлах “Ус дулаанаар хангадаг “ЦТП”-гийн газраас хууль бусаар авч, уг “ЦТП”-г нурааж,  13 давхар барилга барьсан нь анхнаасаа хууль зөрчсөн байв. Нийслэлийн өмчид хэвээр байгаа “ЦТП”-гийн газраас дарга нартай хуйвалдан авсан байлаа. Уг нь тэр хавийн айлуудын дулааны хангамжийг сайжруулахын тулд 2010 онд тэрхүү ЦТП-гийн барилгыг шинэчлэн барихаар НИТХ-аас шийдвэрлэн, орон сууцны “Опен хаус” компани тухайн хөрөнгөнд нь багтаан ЦТП-г шинэчлэх зургийг гаргаж, тендерт шалгарсан “ЖАМА” компани барилгын ажлыг эхлүүлээд байтал Л.Чинбат гэнэт дээгүүр  ярьж явсаар зогсоож, худалдан авсан гэх хуурамч нэрээр 13 давхар барилгаа хууль бусаар барьсан байв. Тухайн үед хотын захирагчийн ажлын албаны дарга байсан Ч.Бат нь Л.Чинбаттай хуйвалдан 0.043 га газрыг шууд олгосон байжээ. Нийслэлийн Газрын албаны дарга асан С.Сандуй ч мөн энд холбоотой. Тэр Газрын тухай хуулийг зөрчин дуудлага худалдаа хийлгүйгээр Л.Чинбатын 222.3 квм талбай бүхий газрын хэмжээг 794 квм болгож өгсөн байлаа.

Нэхэмжлэгч Н.Бумбар шүүхэд өгсөн бичигтээ “...газрын тухай, барилгын тухай, барилга хот байгуулалтын тухай хуулиуд, шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, НИТХ-ын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж, Дэд бүтцийн сайд, УМХГ-ын даргын тушаал зэргийг улайм цайм зөрчиж, техник эдийн засгийн үндэслэл, экспертизийн актгүй, холбогдох газруудаас стандарт техникийн нөхцөл авч бүрдүүлээгүй, батлагдсан зураг төсөвгүй, зөвшөөрөлгүй байхад Нийслэлийн Засаг даргын 2011 оны 295 дугаар захирамжийн 40 дэх заалтаар Гацууртын Л.Чинбатад 0.043 га газар олгосон захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна” гэжээ. Л.Чинбатын энэхүү зөвшөөрөлгүй бүхнийг Ерөнхий архитектор бөгөөд Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл түүний илгээсэн албатууд нь шүүх дээр очоод “Л.Чинбат хууль зөрчөөгүй” гэсэн нь хуйвалдааны ил цагаан явуулга  гэвэл  ташаарсан, эсвэл хатуудсан болохгүй  байх.  Ямартаа л Өмчийн харилцааны газар нь Захиргааны хэргийн шүүхэд өнгөрсөн онд Л.Чинбатын өмнөөс нэхэмжлэл гаргаад хөглөж явахав. Уг нь  Л.Чинбат нийслэлийн мэдлийн газраас хууль бусаар авчихсан байдаг. Л.Чинбатаас газраа яаж чөлөөлж авах вэ гэж хөөцөлдөхийн оронд тус газрын дарга Ш.Төмөрбаатар  нь тийм л хөгийн юм сэдээд гүйж явжээ. Овоо лут хуйвалдаан хийж, тэд. Гэвч нэхэмжлэгч нар тэднийг урагш алхуулаагүй аж.

Олон улсын харилцааны дээд сургуулийн хажуухан талд баригдсан Л.Чинбатын тэрхүү хууль бус барилгыг хотын удирдлагууд газар дээр нь очиж үзээд хот байгуулалтын норм журам илт зөрчигдсөнийг өөрсдийн нүдээр харсан байлаа. Энэ тухайгаа ч удирдлагын өргөтгөсөн зөвлөлгөөн дээр ярьцгаасан гэдэг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун “Энэ барилга үнэхээр хэтэрсэн асуудал болсон байна. Хүүхэд тоглох, хөгшид нарлах талбай битгий хэл машин ч орж гарах зайгүй. Энэ жижигхэн газар дээр орчных нь орон сууцны байгалийн гэрлийг хааж, яагаад ингэж 13 давхар барилга барьсныг миний хувьд ойлгохгүй байна” гэсэн байлаа. Э.Бат-Үүл дарга нь ч мөн “Хууль зөрчиж зөвшөөрөл олгосон болон хууль бус үйлдэл хийсэн холбогдох хүмүүст хариуцлага тооц” гэжээ. Гэвч шүүх дээр очихоороо  итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь итгэл алдсан хөгийн үйлдлүүдээ хийгээд байдаг юм байна. Шүүх хэрхэн шийдэгдэхийг харж л суухаас.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

Санаад байхын учир юу вэ?
Санаад байхын учир юу вэ?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.