Ховд аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй “Ховд Эко цементийн үйлдвэр байгуулах төсөл” амжилттай үргэлжилж байна.
Одоогийн байдлаар барилга угсралтын ажил дуусах шатандаа буюу 98 хувьтай, тоног төхөөрөмж угсралт, суурилуулалтын ажил 60 гаруй хувьтай явж байгаа. Уг бүтээн байгуулалтын ажлын явцыг бүхэлд нь дүгнэхэд 80 орчим хувьтай байна гэж тус ажлыг гүйцэтгэгч инженерүүд танилцууллаа.
2019 оноос эхэлсэн уг бүтээн байгуулалтын ажилд одоогоор орон нутгийн иргэдээс гадна гадаадын туршлагатай инженер, техникийн ажилтнууд гээд нийт 400 гаруй хүн ажиллаж байна.
Тэд ажлаа 2022 оны 10 дугаар сар гэхэд дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийллээ.
Үйлдвэр ашиглалтад орсноор чанартай, хямд үнэ бүхий цементийг Ховд аймаг төдийгүй баруун бүсийн аймгуудын зах зээлд нийлүүлэх аж.
Ингэснээр байр, орон сууцны үнэ буурах, 300 орчим хүнийг байнгын ажлын байраар хангах боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүтэй албаны хүмүүс энэ оны зургаадугаар сарын 24-нд “Ховд Эко цементийн үйлдвэр”-ийн барилга, бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.
Энэ үеэр “Ховд Эко цементийн үйлдвэр” нь цаашдаа 300 орчим хүнийг ажлын байраар хангах тул мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлд түлхүү анхаарах шаардлагатай гэж УИХ-ын гишүүн С.Бямбацогт онцоллоо. Түүнчлэн шууд бусаар 3000 орчим малчин, жижиг, дунд үйлдвэрлэл, тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн орлого нэмэгдэх давуу талтай гэв.