ХБНГУ-ын Бонн хотноо зургадугаар сарын 28-наас энэ сарын 8-ны өдрүүдэд болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганд оролцоод ирсэн БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, Байгаль хамгаалах хөгжлийн төвийн тэргүүн, доктор А.Намхай, Хөшөө, Хөшөө дурсгалт газрын олон улсын зөвлөлийн үндэсний хорооны дарга, доктор Н.Уртнасан, БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албаны дарга Т.Бүдээхүү, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ц.Түвшинжаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Чуулганд эдгээр төлөөлөгчдөөс гадна БСШУЯ, Эрчим хүчний яамны дэргэдэх Эгийн гол төсөл, Гадаа хэргийн яамны төлөөлөгчид оролцсон байна. ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны энэ удаагийн ээлжит чуулганаар Монгол Улстай холбогдох гурван асуудал хэлэлцжээ. Үүний нэг нь Байгаль нуурын нөхцөл байдлын үнэлгээний талаарх асуудал аж. Манай Сэлэнгэ мөрөн, Орхон гол дээр Шүрэнгийн болон Эгийн голын усан цахилгаан станц барьж байгуулах асуудлыг Байгаль нуурын эко системд нөлөөлнө гэж үзсэн учраас уг асуудлыг Дэлхийн өвийн чуулганаар хэлэлцүүлэхээр ОХУ-ын тал оруулж иржээ. Харин Монголын төлөөлөгчид усан цахилгаан станц барьж байгуулах хэрэгцээ шаардлага, Байгаль нуурын эко системд нөлөөлөхгүй үндэслэлийг сайтар тайлбарлан таниулсны хүчинд ямартай ч ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны шийдвэрт Монгол улсын байр суурийг тусган, илүү уян хатан болгож өөрчлүүлж чадсан байна. Өвийн хорооны Монголыг дэмжсэн улс орнууд хөгжиж буй орныг дэмжих хэрэгтэй гэсэн байр сууриа хүчтэй илэрхийлжээ. Мөн Өвийн хорооны чуулганаар “Дагуурын газар нутгийн төрх байдлыг” Дэлхийн өвийн жагсаалтад Монгол, ОХУ-ын хамтран бүртгүүлэх асуудлыг өмнө оруулаад байсан ч буцаах шийдвэрийн төсөл оруулж иржээ. Харин Монголын тал ул суурьтай тайлбараа хийсний дүнд олон улсын байгууллагын зарим зөвлөмжийг тусган дараагийн чуулганаар дахин оруулж ирж хэлэлцүүлэхээр болсон байна. Дагуурын газар нутгийн Монголын талын хэсэгт Дорнод аймгийн хойд талын ОХУ-тай хиллэдэг гурван сумын тусгай хамгаалалттай газар нутаг ордог.
Дэлхийн өвийн хорооны чуулганд оролцогсод Бурхан Халдун Уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар, нутгийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн нь онцлууштай амжилт байв. Бурхан халдун хайрханыг Дэлхийн соёлын өвийн дөрөв, зургадугаар шалгуураар бүртгэж авчээ. Дөрөвдүгээр шалгуураар бол Бурхан Халдун хайрхан хүн төрөлхтний түүхийн тодорхой үеийг харуулсан баталгаа, нотолгооны үлгэр жишээ болжээ. Бурхан Халдун нь Монголын эзэнт гүрэн, их эзэн Чингис хааны түүхийг өлгийдсөн газар нутаг билээ. Харин зургадугаар шалгуураар бол хүн төрөлхтний нэгэн үеийн үзэл бодлын илэрхийлэл, урлагийн бүтээлтэй холбогдох ёстой аж. Бурхан Халдун “Монголын нууц товчоо”-той шууд холбогдох бөгөөд уг үнэ цэнэтэй бүтээлд Бурхан Халдун 27 удаа нэр нь дурдагдсан байдаг ажээ. Ингэж Бурхан Халдуныг Дэлхийн өвд бүртгүүлснээр Монголын тусгаар тогтнол баталгаажиж, түүхийн үнэ цэнэ тодрон товойж байгаа тухай хэвлэлийн бага хуралд оролцогчид тэмдэглэлээ.