Засаг огцрохоос эхэлсэн хариуцлагын “шуурга” танай салбарт шуурах болоогүй юу Л.Халтар сайд аа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 52 секунд
Засаг огцрохоос эхэлсэн хариуцлагын “шуурга” танай салбарт шуурах болоогүй юу Л.Халтар сайд аа

Засаг огцрохоос эхэлсэн хариуцлагын “шуурга” танай салбарт шуурах болоогүй юу Л.Халтар сайд аа

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирал Н.Төмөрхүү, дэд захирал Н.Алтанзагас, М.Цэрэндорж тэргүүтэй албан тушаалтнууд хорио цээрийн үед тусгай горимоор ажиллах шийдвэрийг үл тоомсорлож, ажлын байрандаа архидан согтуурсан. Улмаар хоорондоо зодолдож, цагдаад баривчлагдахдаа тулсан байдаг. Энэ зөрчлийнх нь улмаас өчигдөр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тушаал гаргаж, Н.Төмөрхүүг ажлаас нь халж, хариуцлага тооцлоо. Салбарын сайдад баяр хүргэе, сахилга хариуцлагын тогтолцоог төрийн албанд тогтоох ажилд хувь нэмрээ оруулж буйд чинь.  Н.Төмөрхүү гэдэг нөхрийг ажлаас нь халсанд баярлаж байгаа юм биш шүү. Хэн гэдэг дарга байх нь хамаагүй, төрийн албанд ажиллаж байгаа бол дүрэм, журмыг ягштал барьж, ёс зүйтэй байж, ард иргэдэд үйлчлэх ёстой. Түүнээс биш “хурган дарга” болсныгоо хэмжээгүй эрхтэй мэт сэтгэж, дураараа дургих ёс хаана ч байх учиргүй. Үүнийг л алхам тутамдаа мэдэрч, мэдрүүлж баймаар байна. Н.Төмөрхүүд төдийгүй энэ мэт “хурган дарга” нарт том сануулга өгсөн үйл явдал болсонд сэтгэл тэнэгэр байгаа юм.

Нэг үеэ бодвол Монголд дарга нарт хариуцлага тооцдог болоод байна. Дөнгөж амаржсан эхийг өвлийн хүйтэнд углааштай нь зөөснөөс болж бүхэл бүтэн Засгийн газар огцорч, эрүүл мэндийн салбарт хариуцлагын “бөмбөг” тэсэрсэн.  У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон нь амаржсан эхтэй ямар ч холбоогүй, урдаас төлөвлөсөн “жүжиг” байсан байх. Гэхдээ хариуцлага үүрч болдог гэдгийг тодорхой хэмжээнд харуулсан. Харин Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, ХӨСҮТ-ийн дарга ажлаасаа халагдсан нь арай өөрийг өгүүлж байгаа юм. Эрүүл мэндийн салбарт гарсан олон алдаа, дутагдлыг бөөгнүүлж байгаад нэг сайн бангадсан ч байх. Ямар ч байсан суудлаасаа ховхроогүй удсан зарим нэг “хүнд гар”-ыг хариуцлагын “шуурга”-нд өртүүлсэн нь сайн жишиг. Өөрийгөө буруугүй хэмээн зад заргалдаж, суудлаасаа тас зуурч байсан Нэгдүгээр төрөхийн дарга Г.Баясгаланг хүртэл энэ “шуурга” дайраад өнгөрлөө. 

Үүнээс цааш, түүнээс хойно албан тушаалтнууд хүнд суртал гаргавал, иргэдийг үл тоовол, гарцаагүй байдалд оруулан авлига, хээл хахууль авбал, ажлын байрандаа архидан согтуурвал хариуцлага тооцдог боллоо. Тэгж итгэж байна. Цаашид энэ жишиг улам төгөлдөржиж, өөрийгөө хаан болчихсон мэт санадаг “хурган дарга” нар ажлаа ном журмаар хийдэг болох байх.

Салбар болгонд шахуу хариуцлагын “шуурга” шуурч байхад нэг л газрын дарга ургаа хад шиг үл ажран байсаар байна. Тэр нь “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа. Хошууны бузрыг уудалбал далай гэдэг шиг Улаанбаатар төмөр замтай холбоотой, Д.Жигжиднямаа даргын хутгалдсан асуудлыг тоочиж бичвэл дуусахгүй. Зөвхөн галт тэрэг осолдсон, элдэв ослын улмаас хүний амь эрсэдсэн талаар бичихэд л хэдэн арван хуудас болно. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд, цагаан сарын шинийн 1-ний өдөр “Айраг” өртөөний зам дээр чингэлэг тээвэрлэж явсан гурван вагон төв замаас гарч, ноцтой осол гарсан. Энэ ослын дараахан дахин вагон онхолдох шахсан асуудал ч үүссэн юм билээ. Гэтэл Улаанбаатар төмөр замаас энэ мэт асуудлыг нуугаад өнгөрөхийг оролдоод л байж байна.

Монголд коронавирусийн халдвар хурдацтай тархаж эхэлсэн үед хамгийн томд тооцогдох голомт нь төмөр зам л байсан.  Гэтэл өнгөрсөн хугацаанд “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа гадаад руу “зугтаад” эзгүй байна. Оны өмнө буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн Улаанбаатар-Франкфуртын тусгай үүргийн нислэгээр Д.Жигжиднямаа хүү Ж.Гарьдынхаа хамтаар ниссэн талаар хэвлэлүүд мэдээлсэн. Энэ талаар дэлгэрэнгүй бичвэл бас л цаг, цаас хүрэлцэхгүй. Ганцхан үнэн зүйл байгаа нь Д.Жигжиднямаа дарга хариуцлагаа хүлээх болзлоо аль хэдийнэ хангасан. Засгийн газар огцрохоос эхлэлтэй хариуцлагын “шуурга” салбар болгон шуурч байхад яагаад танайх нүдэн балай, чихэн дүлий байгаад байгаа юм бэ, Л.Халтар сайд аа.  Танаас дампуурсан төмөр замын салбарынхаа болж бүтэхгүй бүхэн рүү хэзээ ханцуй шамлан орж, “цэвэрлэгээ” хийх гэж байгаа талаар УИХ-ын гишүүдээс авахуулаад жирийн сэтгүүлчид асуусаар байна. Ямар ч хариу үйлдэл алга.  Төмөр замд нь вагон онхолдож, осол гарч, авлигынх нь хэргүүд хууль, хяналтын байгууллага дээр “овоорсон” хэвээрээ байсаар байх уу.  Харин дарга нь гадаадын аль ч юм оронд байгаа. Хэвлэлийнхэн “Германд байгаа юу”  гэх мэт таамаг дэвшүүлээд сууж байна.

Төмөр замд цэвэрлэгчээс нь ажлын гараагаа эхэлж байсан гэгддэг Л.Халтар сайд та салбараа аврахыг, төмөр замаа өөд нь татахыг боддоггүй хэрэг үү. Хөгжлийг тушиж, 1000 вагоны хэрэг нь “домог” болох шахаж байгаа хүнийг байлгасаар байх юм уу.  Салбарын сайдын албан тушаал чинь Д.Жигжиднямаа гэдэг нөхөрт хариуцлага тооцоход жижигдээд байгаа юм уу.  Та У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гэсэн хоёр ч Ерөнхий сайдын Засгийн газар дамжиж, Зам, тээврийн хөгжлийн сайдын албыг хашлаа. МАН-ын эрх мэдэлтэй тал таны ард байгаа гэсэн үг биш үү.

Өнөөдөр Монголд МАН-аас илүү эрх мэдэлтэй улс төрийн хүчин гэж алга. Тийм байтал танд эрх мэдэл, түшиг тулгуур дутна гэж байхгүй байлтай.  Эсвэл хүсэхгүй байна уу.  Тийм бол удахгүй Д.Жигжиднямаагийн чинь тарьсан балаг таныг татаж унагах вий дээ.

 

Н.Пунцагболд

Newspress.mn

Зургаан боксчин Риог зорино
Зургаан боксчин Риог зорино
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.