Удирдагч хүн багтаа хайртай байж, хүнээ хайрладаг үүднээс “нойр хоолны асуудал гоншгоносон” Хотын дарга Д.Сумъяабазарын хүнд цаг үед хийж амжуулж байгаа бүхнийг нухчин дарах зохион байгуулалттай кампанит ажил Ковидтой тэмцэх шуурхай ажиллагаанаас муугүй байгаа харагдана.
Улсынхаа хүн амын талаас илүү хувийг амьтай нь, амьдралтай нь, эрүүүл мэнд, гэр бүлтэй нь мэнд авч үлдэх нь Хотын даргын том зорилт. Үүнийгээ биелүүлэхийн тулд юу ч гэж доромжлуулж ямар ч үнэ цэн төлж мэдэх боловч Д.Сумъяабазарын сонгосон зам л энэ. Одоо түүний амнаас гарах хийний ньюансиийг шинжих биш ажлын үр дүнг л хэмжье. Утга зохиолыг улстөржүүлэхэд ашигласан зарим хүнийг орхиод бодит баримт фактад тулгуурлаж ажилладаг үзэг нэгтнүүд надтай нэгдэнэ гэж найдаж байна.
“Нийслэл бол Монголын зүрх” гэж байгаад тэр зүрх рүүгээ онилж буудан цэцэрхэх цаг биш. Бөх барилддаг байсан нь энэ Хотын даргын буруу биш. Бизнес эрхэлдэг байсан С.Амарсайханыг ч шоолж дооглосоор угтсан. Ажлаа сайн л хийсэн. Түгжрэл бууруулна гээд ажлаа эхэлж байтал цар тахлын улмаас хөл хорио тогтоож зам хоосорсон нь ерөөсөө инээдтэй сэдэв биш юм аа. Гартаа эрхи зүүсэн нь Үндсэн хуулиар олгогдсон эрх нь юм аа. Харин үүний оронд төрөөс авдаг цалингаасаа хэд давсан үнэтэй брэндийн цагийг шоолж байсан удаагүй санагдана. Бүр тэр хэсэг газрын наймаачдын гарын үсэг шиг нь гүйж явсан сэтгүүлчид ч энд бий.
Одоо тэгж ажиллахаа больё оо, найзууд аа. Д.Сумъяабазарыг шоолж амжина, хэдүүлээ. Шүүмжлэлээр “алж өгнө”, бүгдээрээ. Харин өнөөдөр бидний үүрэг бол иргэд, олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх явдал. “Хотын удирдлага, Нийслэлийн онцгой комисс ингэж ажиллалаа, тийм үр дүн гаргалаа...”. Энэ бол долигносон мэдээ биш шүү, бодит факт. Алдаа гаргасан бол олон нийттэйгээ хамт шүүмжилье, засуулъя. Түүнээс биш мэдээлэл өгч байхад нь мушгин гуйвуулж болох хэсгийн бичлэгээс тасдаж, эвлүүлгийн аргаар муу муухай харагдуулах үүрэг бидний мэргэжлийн үйл ажиллагааны зарчимд хэзээ ч байгаагүй. Түр зуур муу муухай зорилгоор орж ирсэн золбин тактик болохоос энэ бол мэдээллийн арга барил яавч биш.
За одоо, надтай санал нэг байгаа нь наашаа сууцгаагаарай. Бодит тоон мэдээлэлд тулгуурлаж мэдээ хүргэе. Муу ажиллах вий, алдаа гаргах вий, сонор соргог байцгаая. Тэр алдаа бол “олз” биш, цаашид ажлыг сайжруулах ташуур болох ёстой. Бид нийгэмд гэрэл гэгээ авчрах ариун үүрэгтэй болохоос биш муу муухай мэдээ олж ирэх харанхуй даалгавартай фронт биш билээ.
Өнөөдрийн байдлаар буюу 2020оны11дүгээр сарын19-ний байдлаар Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн гаргасан мэдээг харцгаая. Ердийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд 400-450 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог юм байна. Засгийн газрын 178 дугаар тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд өдөрт 60 000-80 000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон байна. Бараг 5 дахин буурсан байгаа биз. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 17-ны ажлын өдөр эхлэхэд энэ тоо буцаад 100 000 давжээ. Энэ үед Нийслэлийн Засаг даргын 2020 оны A/1248 тоот захирамж гарч нийтийн тээврийн үйлчилгээг Тээвэр зохицуулалтын тусгай хуваарьт шилжүүлэн өглөө 07.00-10.00цагт, орой 17.00-20.00 цагийн хооронд нийтэд үйлчлэхээр тогтоож бусад цагт явган хүн, автомашины хөдөлгөөнийг хориглосон.
Мэдээж “хэцүү” шийдвэр. Хэнд ч таатай бус байх нь ойлгомжтой. Гэхдээ үр дүнд нь 48 000орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож автомашины хөдөлгөөн 87 орчим хувиар буурсан байна. Хотын дарга, Нийслэлийн онцгой комиссийн энэ шийдвэр УОК-той ч уялдаа холбоотой учраас энэ дүнг УИХ-ын чуулганы цахим хуралдаан дээр УОК-ийн дарга мэдээлсэн.
Хотын удирдлагуудын зүгээс цаашид автомашины хөдөлгөөнийг 90 хувь хүртэл бууруулна гэсэн. Өөрөөр хэлбэл дээрх 48 000тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгааг 24 000 хүртэл бууруулах юм байна.
Харамсалтай нь Коронавируст /Covid19/-ийн дэгдэлт хэний ч таамаглаагүй хэмжээнд нэмэгдсээр байгаа энэ тохиолдолд бидэнд өөр аврал байхгүй. Одоо бидэнд хөл хориогоо баримталъя, дор бүрнээ хичээе, хамгийн гол нь ҮАБЗ дээр ярьсан дараагийн шатны хатуу зэрэглэл Онц байдалд хүрэхгүй юмсан гэсэн болгоомжлол байна. Онц байдалдаа хүрэхгүйгээр хумьж болох ганц арга зам энэ л байна. Тиймээс ч Ерөнхий сайд “Сонголтгүй сонголтыг хийж байна” гэж хэлсэн байх.
Жирийн үед 518 мянган зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Хатуу хөл хорионд шилжсэнээр 28 мянган иргэн буюу нэр дурдсан 13 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагын ажилчид, албан хаагчид л нийтийн тээврээр зорчиж байна. Бусад нь гэртээ хатуу хөл хорионы дэглэмээ сахиж байгаа гээд бодохоор Хотын даргын захирамж зөв байжээ. Тархах магадлал төдийчинээ буурчээ. Ийм бодит үр дүнг бол хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм.
Учир нь Онц байдал миний ард түмэнд, миний хотын иргэдэд маш хатуу тусна. Хотоороо байтугай улсаараа “Тэг зогсолт” хийж хуягт машинууд гудамжинд дүрэм сахиулахыг хэн ч хүсэхгүй. Тиймээс хотын удирдлагуудын одоо авч байгаа үр дүнг хүлээн зөвшөөрч хүндэтгэн дагаяцгаая. Сайн, муу, сайхан муухай, таалагдах, эс таалагдах бол эрүүл энх, тайван цагийн яриа. Үүнийг мартаад тахлын аюулаас иргэний эрүүл мэнд амь насыг хамгаалах нь хамгийн чухал болоод байна.
Нийтлэлч: Оргилмаа