20-р зууны Монголын цуутай зодоонууд-2
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
29 минут 19 секунд
20-р зууны Монголын цуутай зодоонууд-2

20-р зууны Монголын цуутай зодоонууд-2

Зохиолч, сэтгүүлч Б.Ойдовын "20-Р ЗУУНЫ МОНГОЛЫН ТҮҮХЭНД ГАРСАН ЦУУТАЙ ЗОДООНУУД" номноос (өмнөхийг нь эндээс)

1912 оны Маймаа хотын зодоон

Манжийн төр ганхаж эхлэх үед Монгол оронд тариачин хятадуудын тоо бараг 120 мянгад хүрч байсан гэдэг. Нийслэл хүрээнд оршин сууж буй монгол эрчүүдийн дийлэнх нь лам нар байсан бөгөөд 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөс өмнө болсон гурван том зодоонд банди зодоонч “Өвөг” Найдан, “Шар” Гэлэгжамц, Пэрэнлэй, Жүгдэржав нарын дөрвөн хуварга эрс ялгарч байсан ажээ. Амбаны баруун гар болсон хятад түшмэл яваандаа байдал ноцтой хүндэрч иймэрхүү зодоон олон удаа гарч болохыг ухамсарлаад Бээжингээс нударган эрдмийн гарамгай мастеруудыг татан авчирч монгол лам нарын хандыг дарахаар шийдсэн байна.

Удалгүй урд газраас амбаны хөсгийг дагасаар тариа ногоо эрхлэх нэрийдлээр зэвсэг тулааны эртний урлагт гүнзгий нэвтэрсэн хорь гаруй хужаа эр орж иржээ. Тэд ирмэгцээ тухайн үеийн Маймаа хот буюу одоогийн Амгалан хавьцаа байрлаж байсан хятад хорооллын захдуу оромжнуудаа босгож Улиастайн голын эрэг дагуу ногоо тарьж эхэлсэн байна. Харин 1911 онд Сандо амбанг Монголоос хөөж гаргах үед тэд Маймаа хотын хятад наймаачдын дунд үлдчихэж. Ингэж байтал 1912 онтой золгосон байна. Тухайн үед угаасаа манж, хятадуудад өширхөн дургүйцсэн сэтгэл нь үлэмж болоод байсан монголчууд Сандо амбангаас үлдэж хоцорсон хэдэн хятадыг гол ус бузарлалаа гэсэн шалтгаанаар хашраахаар шийдэж арваад морьтой залуу ташуур далайж очсон байна.

Гэвч ердөө гуравхан хужаа л ногоо тарьж байсан тул залуусыг толгойлж очсон “Хөмхий” Дугар гэгч “Цөмөөрөө эд нарыг нүцгэлж халгайгаар гуядаад хөөчихъе” гэсэн шийд гаргажээ. Хөөрсөн залуусын зарим нь мориноосоо буугаад л түрийнээсээ хутга сугалан “Муусайн шоохуузнууд хувцсаа тайл” гэж орилсон боловч цаадуул нь өчүүхэн ч хөдөлсөнгүй. “Яасан их зантай ямаан сахалтанууд вэ” гэсээр нэг нь ташуураа далайгаад хамгийн захад зогсож байсан туранхай хөх эр лүү дүүлэн очтол нүдэнд нь итгэмээргүй зүйл болж ширэг ногоон зүлгэн дээр хүнтэй морьтойгоо харуулдаад уначихсан байна. Туранхай хятад ганцхан зайлах шиг болоод л хуруугаараа мориных нь эгэм рүү чичээд унагачих шиг бусдад нь харагдсан гэдэг.

Уур нь хүрсэн залуус цөм мориндоо мордож бөөнөөрөө ташуураа далайн дайрч орсон боловч хужаа нар үл ялигхан хөдөлгөөн хийхэд л бас дөрөв таван эр морьтойгоо хамт нуран унасан аж. Толгойлж очсон “Хөмхий” Дугар нэг хужаагийн далан дундуур буулгаад орхитол нөгөөх нь ташуурынх нь үзүүрээс барьж авангуутаа эмээл дээрээс нь хуу татан толгой дээгүүрээ өргөөд тээр хол пидхийтэл нь чулуудаж орхих нь тэр. Дугар арайхийн босч ирсэнээ бүснээсээ хэт хутгаа суга татан дайрч орвол мөнөөх хятад доошоо суух шиг болоод л гүйсэн эрчинд нь дахиад л толгой дээгүүрээ гурав дөрөв эргэлдүүлэн нисгээд тээр хол түрүүлгээ харуулдан унатал шидэж орхижээ. Энэ удаа Дугар босч ирсэнгүй. Харин нэг залуу хутгаа сугалан хамгийн ойр байсан хужаа руу шидэж орхитол цаадах нь урдаас нь зүгээр л тосоод барьж авсан байна.

Дөрөвхөн муу хужааг дөнгөх гэж очоод өөрсдөө ёстой хэмх нүдүүлж ухаангүй нэгнийгээ морин дээр дүүрч ирсэн тухай яриа монголчуудын цөсийг хөөргөж орхижээ. Маргааш нь Улиастайн гол дээр арав гаруй хужаа ажиллаж байхад наанаас нь морьтой явган нийлсэн зуугаад хүн хүрч очсон гэдэг. Гэвч нөгөө хятадууд хүний олноос айж эмээсэнгүй, харин ч урдаас нь саваа мод эргэлдүүлэн зодолдож, биедээ бараг хүн хүргэхгүй атлаа хорь орчим залуусын толгой тархи, хөл гарыг хуга цохин гэмтээж, сүүлдээ аргагүй хүний олонд шахагдан хөөгдсөөр Амгалан дахь хятад хороолол руу орсоноор хүрз, жоотуугаар зэвсэглэсэн наймаачин хятадуудаар хүчээ сэлбэсэн байна.

Ингэж түүхэнд Маймаа хотын зодоон гэж нэрлэгдсэн хятад, монголчуудын томоохон мөргөлдөөн эхэлсэн ажээ. Хувьсгалын үед гарсан түүхийн сурах бичигт энэ зодооныг пүүсийн өр авлагад дургүйцсэн ядуу ардуудын тэмцэл мэтээр дурдсан байдаг. Уг чанартаа манж, хятадуудыг эх нутгаасаа бүрмөсөн хөөж гаргах гэсэн олны дургүйцэл хүрээнд асар ихээр нэмэгдсэнээр дээрхи мөргөлдөөн гарсан байна.

Зодоон олныг хамран хавтгайрах үед Гандангийн дэнжээс ар халхын цуутай нударган зодоонч болох “Өвөг” Найдан, “Хар” Дэмчиг нар хүрэлцэн иржээ. Хүрээний нударган зодоончид олны дотроос үнэхээр ялгарч байсан байна. Тэд Хятадын кунфугийн мастеруудыг сонгон авч түлээ модоор зодолдон, хөл гар нь сэнс шиг үзэгдэж харагдахгүй эргэлдэж байсан тухай нүдээр үзсэн хүмүүс хожим нь ярьж байжээ. Амарсанаа, Чингүнжавын бослогоос хойш Хятад, Монголын гардан тулалдах урлаг ийнхүү анх удаа халз тулгарсан түүхтэй.

Энэхүү зодоонд хожим Архангайн Зая бандид гэгээний бие хамгаалагч болсон хуварга Дашванчиг гоц тодрон ялгарч хятадуудыг толгойлж байсан их мастертай халз тулаан хийжээ. Тэр хужаа өөр лүүгээ дайрсан монголчуудыг дөрвөн мөчөөрөө үсэрч ойчтол нь өшиглөн унагаж, агаарт маш өндөр эргэлдэн бууж сүрийг үзүүлж байсан гэдэг. Хийдийн банди зодоон, Шаолиний бясалгал, Түвдийн даяанч архадуудын нууц эрдэмд суралцсан хуварга Дашванчиг түүний өмнө очиж зогсоод алгаа хавсран залбирсанаа хөлөөрөө бүжиглэж буй тогоруу шиг өшиглөн, цовхорч байгаа адуу шиг нударгаараа цавчлан дайрч очсоноо гэнэт хөдөлгөөнгүй зогтусаад хуруугаараа ганцхан удаа л чичсэн гэдэг. Гүрээнийхээ судас руу чичүүлсэн хятад мастер амнаас нь бөөн цус гарч ирээд л газар дээрээ нам унасан байна.

Нөгөө хятадууд ч ахлагчаа үхэхийг хармагц муухай чарлан биенээсээ тохой хэрийн сэлэм сугалж гаргаад Дашванчиг рүү цөмөөрөө довтолжээ. Гэвч тэрбээр өчүүхэн ч сандарсан шинжгүй сэлэмнээс нь зулзаган хус нахилзах лугаа бултан зайлаад хөлөөрөө тойруулан өшиглөсөөр бүгдийг нь тэрий хадуулж байсан гэдэг. Ийнхүү жижиг чулуугаар том хадыг байрнаас нь ховхлон унагасны дараа зодоонч хуварга Дашванчигийг 5-р Зая бандид Жамбалдорж өөрийн бие хамгаалагч, амь сахигчаа болгож авсан түүхтэй аж.

Барын сүүл мөрөн дээгүүрээ тохож атгасан сүрлэг бие хамгаалагч Заяын гэгээний дэргэд 1930 оныг хүртэл шадарлан дагалдсаар иржээ. Зая гэгээн ардын намынханд баригдахаасаа өмнө Дашванчиг хуваргад “Намайг орхиж зүсээ буруулан эхнэр хүүхэд авч амьдар” гэж лүндэн буулгасан байна. Тэрбээр одооны Архангай аймгийн Хотонт сумын нутагт очиж хар болон эхнэр аваад таван хүүхдийн эцэг болж эгэл жирийн амьдарсаар 1950-иад оны сүүлээр нас барсан ажээ. Одоо түүний ач хүү нь болох Ловон лам Доржцэвээн нутагтаа сүм хийд босгож өвөг эцгийнхээ үйл хэргийг залгамжлан бурхан номын үйлсэд зүтгэж явна.

1961 оны хятад, монголчуудын зодоон

1961 онд олон зуун хятад иргэн, Монголын цагдаа нарын хооронд аймшигтай зодоон болсон тухай тэр үеийн хүмүүс болон цагдаагийн ахмадууд ярьдаг. Энэхүү зодоон 1961 оны 5-р сарын 21-нд Улаанбаатарын галт тэрэгний буудал дээр болсон аж. Хэдэн арван хятад хүн, монгол цагдаа нар шархдаж бэртэн олныг хамарсан ийм том зодоон гарсан нь амгалан тайван жараад оныг үнэхээр цочроосон үйл явдал байлаа.

Цагтаа хөдөлж чадаагүй галт тэрэгний хагархай цонхнууд, цусаа савируулан ёолох монгол цагдаа, хятад хүмүүс, энд тэндгүй унасан чулуу, шилний хагархай яг л эх орны дайны фронтын талбар мэт үзэгдэж байжээ. Эхэндээ дугуйтай, явган цувран ирсээр вокзалын өмнөх талбайг пиг дүүргэсэн хятадууд ачааны гурван “ЗИЛ-130” машинаар дүүрэн ирж десантаараа буусан нөхдөө хараад улам зоригжин хашгиралджээ. Тухайн үед Улаанбаатар хотод цэцэглэн хөгжиж байсан “Пэйцай” хэмээн хятад сургуулийн анги бүрээс хамгийн сайн сурлагатай, биерхүү гэж шилэгдсэн өсвөрийн дайчид ч мөн ачааны машинаар ирсэн гэдэг.

Ингээд тэд малгайнуудаа давхарлан өрөөд довтолгоонд бэлтгэж эхэлсэн байна. Яагаад ийм олон хятад эрс Монголын нутагт бослого гаргахаар шавааралдсан бэ гэвэл тухайн цагт Хятадын удирдагч Маогийн дэвшүүлсэн Зөвлөлтийн ревизионизмыг устгах уриалга гарч хоёр их коммунист гүрний хооронд ан цав гарсантай холбоотой байв. Аль ч цагт Зөвлөлтийн ахаа дагадаг байсан Монгол улс Хятадын үзэл суртлын эсрэг аянд ийнхүү мордсоноор хөрш орнуудын хагарал гаарч, эцэстээ вокзалын зодоонд хүргэсэн гэдэг.

“Пэйцай” сургуулийн сурагчдыг БНМАУ-ын эсрэг өдөөн турхирсан учир багш Ван Зы Хань, Чень Лу, Зуо Гуй И нарыг Монголоос хөөн гаргах болсон тул тэднийг дэмжих гэж олон хятад цугларчээ. Тэр гурван багш сургуулийнхаа дөчөөд хүүхдийг удирдаж тухайн үед гардаг байсан “Монголын мэдээ” сонины хаалгыг эвдэн орохоор завдаж, самбарт хадаатай Монголын удирдагчдын гэрэл зураг руу нулимж, доромжлон өдөөн хатгажээ.

Ингэж байсаар тэд хамгийн эхэнд галт тэргийг саатуулсан байна. Хөөгдсөн гурвыг үдэхээр цугларсан хятадуудын дотор Хятадын элчин сайдыг түр хамаарагч Лэо Зи гэгч дипломат ажилтнуудынхаа хамт очжээ. “Засварлах үзэлтэй Монголчууд Хятадын ард түмний шар үсийг ч гэмтээж чадахгүй” гэсэн хятад ажилчдын даргын үг гал дээр тос нэмжээ. Яг тэр үед Ардчилсан Солонгосын нэгэн томоохон сайд галт тэргээр нутаг буцахаар Монголын 20 гаруй цагдаагаар хамгаалуулан купенд орох үед хятадууд хашгиралдан дайрчээ.

Тэд цөөхөн цагдааг ээрэн бүчиж аваад нүүр лүү нь нулимж, малгайг нь авч шидсэнээ шууд цохиж эхэлсэн байна. Тухайн үед бороохой гэдгийг мэддэггүй байсан цагдаа нар тэдэнтэй улаан гараараа ач тач үзэлцсэн ч хүний олонд аргагүй л дийлджээ. Тиймээс хятадууд энд тэндгүй үсдүүлж, чирүүлж унасан цагдаа нарыг орилолдон өшгичиж, дэвсэж гарчээ. Тэд бүр зүүгээр шивж, хадаасаар хатгасан тул цагдаа нарын албаны хувцас нь дорхноо салбайн урагдаж, цус нөжтэйгөө хутгалдаж хүнд хөнгөн шархадсан байна.

Ингэснээр Монголын жижигхэн вокзал дайны цагийн гардан тулааны талбар мэт болсон бөгөөд гар хоосон цагдаа нар хятадуудад зүгээр зогсч байгаад зодуулсангүй. Тэд мод, чулуу, зүү, хадаасаар зэвсэглэсэн хэдэн зуун хятадын өөдөөс ан мана үзэлцсэн гэдэг. Ардчилсан Солонгосын сайдыг гаргаж өгсөн 20 орчим цагдаа аюулаас хамгаалахын цөөхөн ажилтан нэгэнт дийлдэх нь тодорхой болсон тул нэмэгдэл хүч дуудуулсан байна. Тиймээс арми болон цагдаагийн том дарга нар яаралтай зөвлөлдөж хотод байрладаг бүх анги нэгтгэлийг түгшүүрийн дохиогоор байлдааны бэлэн байдалд оруулжээ.

Төдөлгүй вокзалын зүг хэдэн машин дүүрэн цагдаа, аюулаас хамгаалахынхан, Ардын армийн цэргүүд хүрэлцэн ирсэнээс гадна гал командын машинууд хүртэл дохиогоо хангинуулан ирж ус цацахад бэлэн болжээ. Ингээд хятад, монголчуудын хоорондох жинхэнэ гардан тулаан эхэлсэн байна. Гал командын машинаас цацсан усанд шалба норсон хятадууд давшихаа болиод ухрахад тэдний ар талд байсан Хятадын элчингийн ажилтнууд “Та нар нэгэнт л зодоон үүсгэсэн бол хэзээ ч ухарч болохгүй” гэж турхирсан гэдэг.

Үүнтэй уялдаад Монголын офицерууд цэрэг, цагдаагаа өндөр дуугаар командлах нь нэн сүртэй байжээ. Гэвч Маогийн үзэл сурталд гүн автсан, их Хятадыг Монгол байтугай нь хөндөж чадахгүй гэж бүрэн итгэж зоригжсон хятадууд няцаж зугтах шинж ер байсангүй. Тиймээс ахлах офицерын “Давшаад” гэсэн огцом дуугаар цэрэг, цагдаа нар бүслэлтээ хумин дайрчээ. Монголчууд нь үүрч тонгороод, хятадууд мөргөн ноцолдож, зодолдож эхэлсэн бөгөөд сэлэм, жадгүй л болохоос биш тэдний тулалдаан Чингис хааны Сүн улсыг дайлаар мордсонтой нэн төстэй байж. Үүний улмаас жижигхэн талбай чих дөжрөм орилолдох ёолох, тас няс хийсэн их дуу чимээ, цус нөж, энд тэндгүй гулдайн хэвтэх бэртсэн хүмүүсээр дүүрчээ.

Улаанбаатарын түргэн тусламжийн бүх машинууд шархдагсдыг эмнэлэг рүү зөөж байсан бөгөөд цэргийн зохион байгуулалттай, өндөр сахилга баттай Монголын цагдаа, армийнхан эрээвэр хураавар энгийн хятад иргэдийн эгнээг саринулан бутаргаж чадсан байна. Чулуугаар шидэж хэд хэдэн цагдаагийн тархийг хагалсан “Пэйцай” сургуулийн сурагчид хамгийн түрүүнд бууж өгчээ. Тэд “Өршөө” хэмээн хятадаар хашгирч гараа өргөн өвдөг сөхөрсөн бөгөөд баривчлагдагсдыг бүхээгтэй машин руу чихэж, автомат буутай цэргүүд харгалзаж байсан байна. Байдал бишдэж дийлдэх нь гарцаагүй болмогц хятадууд тал тал тийшээ бутран зугтсан хэдий ч цэрэг, цагдаа нар тэднийг хөөн барьж, гарыг нь мушгин номхотгожээ.

Уг зодооныг удирдан санаачилсан Хятадын элчин сайдын яамны таван ажилтан ч баривчлагдсан байна. Хятадын элчингийн нарийн бичгийн дарга Гу Шу, цэргийн аташе Жан Дэ Линь, Син Цай Пин нарыг цагдан сэргийлэхийн дарга С.Рэнцэнхорлоо удалгүй суллажээ. Баривчлагдсан бусад хятадууд нь жирийн ажилчид, сурагчид байсан бөгөөд ихэнх нь 15-21 насны залуучууд байж. Тэд уг хэрэг явдлын гол жанжин нь Монголд суугаа цэргийн атташе Жан Дэ Линь гэж мэдүүлжээ. Мөн Маогийн үзэлд үнэнч, хэт зүүний улаан хамгаалагчдын бүлгийг “Пэйцай” сургуулийн сурагчдаар бүрдүүлэн өдөөн хатгах явуулга зохион байгуулсаныг ч өчицгөөсөн байна. Жан Дэ Линь нар нь уг зодооны тактикийг боловсруулахдаа бослогод оролцсон хүүхдүүдийг элчингийн байранд хүлээн авч цайллага хийсэн нь тогтоогджээ.

Монголын эрх баригчид уруу татагдсан хүүхдүүдийг сулласан бөгөөд хамгийн идэвхтэй зодолдож, цөөнгүй цагдааг шархдуулсан Жо Шу Вэнь, У Фу хэмээх хоёр хятадад таван жил хорих, нэг жил засан хүмүүжүүлэх ял оногдуулсан гэдэг. Тэр хоёр эртний Хятадын тулааны урлаг ушу-г гарамгай эзэмшсэн дайчид байсан бөгөөд монголчуудын довтолгооныг хаан бултах, хөл гарын эгзэгтэй хурдан цохилт хийх зэргээрээ бусдаасаа илт ялгарч байжээ. Дайны сорви, ул мөр шингээсэн фронтын талбар мэт үлдсэн вокзалыг засч сэргээхэд багагүй хөрөнгө зарцуулсан байна. Харин цагаасаа хоцорч хөдөлсөн галт тэргийг Бээжинд баатруудаа угтан авч байгаа юм шиг л ёслол төгөлдөр угтжээ.

Гэвч Бээжинд очсон тэр галт тэргээр ирсэн Солонгосын гадаад явдлын яамны орлогч сайдыг угтахаар очсон Монголын элчингийхнийг хятадууд элдвээр давшилсан байгаа юм. Улмаар Бээжин дэх Монголын Элчин сайдын яамны үүдэнд олон мянган хүн цугларч, элчинд хүн нэвтрүүлэхгүй бүслэн хааж чулуу модоор шидлэн доромжилсон гэдэг. Мөн Маогийн үзэл суртлыг гадаад Монголд баатарлагаар нэвтрүүлж тэмцсэн гурван хятадыг Бээжингийн нэг бүдүүн дарга хүлээн авч уулзаад магтан сайшааж шагнасан гэдэг. МОНЦАМЭ, Синьхуа агентлагууд ч өөр өөрсдийн үзэл суртлыг хэт дөвийлгөн магтаж нэг нь нөгөөгөө муулсан мэдээлэл цацжээ.

Тухайн үед уг зодоонд оролцож явсан жар гаруй насны “Маахуурын” Зийдаа гуай өгүүлэхдээ “Өнөөгийн хүмүүс жаран нэгэн оны тэр зодооныг зөвхөн вокзал дээр болсон гэдэг ойлгоцтой байдаг юм билээ. Тийм биш. Энэ зодооны гол цөм нь вокзал дээр болсон юм. Гэхдээ энэ зодоонд голдуу манай цэрэг, цагдаагийнхан оролцсон. Харин Улаанбаатар хотын зартай хулигаанууд тэргүүлсэн зодоон бол Арслантай гүүрнээс эхлээд Баруун дөрвөн зам хүртэл үргэлжилж байсан юм. Би тэр үед дөнгөж л эрийн цээнд хүрэх аядаж байлаа. Нэг өдөр гэртээ хэвтэж байтал хорооны зохицуулагч нар цагаан хоолойгоор “18-30 насны залуучууд яаралтай хороон дээр ирнэ үү” гэж зарлаад байхаар нь сониучирхаад яваад очтол хятадуудын өдүүлсэн зодоонд дайчлагдчихдаг байгаа. Эхлээд биднийг хамгаалагч, зохицуулагч маягаар авч явсан юм. Төдөлгүй дээрээс “Төв шуудангийн урд хятад, монгол иргэд хоорондоо зодолдож байна.

Очиж зохицуул” гэсэн тушаал ирсэн. Биднийг тэнд яваад очтол яг л хар зах дээр байгаа юм шиг олон хүн шаагилдан зодолдож байлаа. Толгой тархиа хагалуулж, цус нөжтэйгөө холилдсон хүмүүс байдагаараа улайрчихаад л нүдэлдэж байсан. Бидний дэргэд хоёр монгол залуу нэг хятадыг элбэн зодож байхаар нь болиулах гэтэл цаанаас нь гартаа мод барьсан нэг хятад гарч ирээд биднийг цохих гээд хөөсөн. Тэгээд нэг л мэдэхэд бид өөрсдөө зодоонд хутгалдаад орчихсон байлаа. Хятадууд их олуулаа байсан. Дан барилгын хятад ажилчид байсан болохоор гартаа мод, тоосго, хүрз, сүх барьчихсан байсан. Энэ үед цагдаа, цэргийнхэн вокзал дээр хятадуудтай ширүүхэн үзэлцэж байсан болохоор мань мэт нь зохицуулагч болж дээшээ дэвшсэн хэрэг л дээ. Энэхүү зодооны талаар одоо ярьж, бичих хүн ховордож дээ. Дал, наяад оны Дөчин мянгатын хулигаанууд тэр үед нялх хүүхдүүд байсан болохоор юу ч мэдэхгүй л дээ. Ер нь жаран нэгэн оны хятад-монголчуудын зодоонд Улаанбаатарын хулигаанууд улсаа төлөөлж зодолдсон гэж хэлж болно шүү. Улс төрийн нарийн шалтгааныг нь мань мэтийн хулигаан яаж ч мэдэх билээ. Гэхдээ зориуд өдөөн турхирсан байж мэдэх янз бүрийн яриа зөндөөнийг сонсож байлаа. Тэр зодооны дараа Намын төв хороо хуралдаад хятадуудыг Монголоос албадан гаргаж нутаг буцаасан. Тийм болоод ч тэр үү, тухайн үед “Төр засгийн удирдлага хятадуудыг Монголоос гаргахын тулд вокзалын зодооныг зориуд өдөөсөн” гэдэг яриа гарч байлаа.

Уг нь вокзалын зодооныг манай цагдаа, цэргийнхэн тэр даруйд нь таслан зогсоох бүрэн боломж байсан юм билээ. Гэтэл тэд зориуд хятадуудыг өдөж дэвэргээд зодолдсон байдаг. Яг л 2008 оны 7-р сарын нэгний үймээн самуун шиг. Тэгээд зодоон болсоны маргааш “Хотын хулигаанууд зодооныг өдөөсөн” гэдэг яриа дэгдээж, цагдаа, цэргийнхэн өөрсдөө нэр цэвэр үлдэж байлаа. Муу нэртэй, луу данстай хотын хулигаанууд хамаг бурууг нь нуруун дээрээ үүрсэн. Тэгсэн хэрнээ төр засаг ганц ч хулигааныг яллаж шийтгээгүй. Ингээд бодоход хулигаануудыг ерөөсөө л халхавч маягаар ашигласан байгаа биз. Тэр үед хороон дарга хийж байсан манай нэг хамаатан “Жаран нэгэн оны хятад, монголчуудын зодооныг дээрээс зориуд зохион байгуулсан юм. Зодоон болохын урьд өдөр Сүхбаатарын районы намын хорооны дарга над руу утасдаад “Маргааш хороон дээрээ 18-30 насны тавь гаруй хүнийг цуглуулах хэрэгтэй.

Нэг томоохон ажиллагаа болох байх” гэж үүрэгдэж байлаа. Би ч маргааш нь хэлсэн ёсоор нь гуч гаруй залууг цуглуулсан боловч шууд л зодоонд дайчлагдсан” гэж ярьдаг байлаа. Ер нь хятадуудын ямаан омгийг төр засгийн эрхэмүүд зориуд хөдөлгөсөн байж мэдэх юм шүү. Тэгээд ч тэр зодоон хятадуудыг Монголоос хөөж гаргах томоохон шалтаг болсон байх” гэсэн юм. Мөн тухайн үед хулигаан явсан “Шар” Мийгээ гэгч эр хүүрнэхдээ “Хотын хулигаанууд оролцсон зодоон ч яахав тэгсхийгээд намжсан. Харин вокзал дээр өрнөсөн цагдаа, цэргийнхэн оролцсон зодоон ёстой нүсэр юм болсон. Төв шуудангийн урд талд өрнөсөн зодоон дуусмагц хүмүүс “Вокзал дээр цэрэг, цагдаагийнхан ирчихсэн ёстой аймаар зодоон болж байна” гэж ярьцгаагаад бүгд л тэр зүг рүү хуйларцгаасан. Ер нь хүн гэдэг амьтан чинь зодоон нүдээн харж таашаал авах их дуртай байдаг шүү дээ. Биднийг вокзал дээр очиход үнэхээр аймаар юм болж байсан. Толгойт, Чингэлтэй, Хайлаастын хужаанууд вокзал дээр зодоон болж байгааг сонсчихоод ачааны машины тэвшин дээр бөөн бөөнөөрөө сууж ирээд шууд зодоонд оролцож байлаа. Гартаа бүгд л нэг нэг мод барьчихсан, зарим нь хөрөө, сүх барьчихсан ч байх шиг. Үүнийг харсан хотын хулигаанууд бас яаж зүгээр байх билээ дээ.

Зүгээр байхдаа хоорондоо зодолдоод байдаг хүмүүс чинь бэлээхэн зодоон гараад ирэхээр ёстой алалцана биз дээ. Хэзээнээсээ муу нэртэй “Чийчаан” Лувсандорж, “Торгон” Түдэв, “Хогийн” Жамбал нарын бүлэг тэр чигээрээ зодоонд оролцсон. Тэр үеийн хотын хулигаанууд хэний ч шахалтгүйгээр үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн юм шүү. Шаардлагатай үед эх орныхоо төлөө амь хайргүй тулалдах л хүмүүс байлаа. Тухайн үед дал, наяад оны Дөчин мянгатын атаманууд сураггүй байлаа шүү дээ. Ер нь би дал, наяад оныхоныг нялцгар амьтад гэж боддог. Эдний дунд эрийнхээ чадлаар биш дуу хөгжмөөрөө, хувцас хунараараа, уран панаалаараа, сүр дуулианаараа, нүүр царайгаараа тодорсон хүн олон байдаг юм. Бидний үеийнхэн бол арслан шиг сүр дуулианаар биш бар шиг эр чадлаараа атаман болж байлаа.

Тэр үед армийн генерал Батын Доржийн хамаатан Баянбулаг, нэг том багшийн хүү Хашхүү нар яг л бар шиг эр чадлаараа ид мандаж байлаа. Тэр үеийн цэргүүд “Улаанбаатар хотод дайн болж байгаа гэнэ. Тэгсэн мөртлөө дарга нар буу зэвсэг авахуулсангүй. Ямар сонин юм бэ” гэж ярьж байсан гэдэг. Буу зэвсэг авахуулах л юм бол жинхэнэ дайн болно шүү дээ. Оройхон хэрд Улаанбаатарын жижигхэн вокзал цэрэг, цагдаагаар дүүрсэн. Гал командын машинууд ус цацахад шалба норсон хятадууд аргагүйн эрхэнд ухарч байлаа. Тэгтэл цаанаас нь Хятадын элчингийн ажилтанууд “Та нар нэгэнт л зодоон үүсгэсэн бол ухарч болохгүй.

Дайраад бай, дайраад бай” гэж тушааж байсан гэдэг. Зодоон болсоны дараа хүмүүс энэ тухай үлгэр домог шиг л юм ярьдаг байлаа. Ямар сайндаа л “Торгон” Түдэв гэдэг хулигаан зодоон болсоны дараа надтай тааралдаад “Хятадуудад булуу болтолоо цохиулсан нүд маань одоо л нэг юм харахтайгаа болж байна. Ингэж зодолдсоныхоо хүчинд би төр засгаас цусан гавъяаны одонгоор шагнуулсан шүү дээ” гэж дамшиглаж байлаа” гэж өгүүлсэн юм. 1961 оны энэхүү нүсэр зодоон нь Хятад-Монголын ард түмний хоорондох дайсагнал биш хоёр улсын төр засгийн тухайн үеийн бодлого, үзэл сурталтай холбоотой байж. Оросын хэт коммунист үзлийн турхиралтаар Хятад, Монгол хоёр хэмхэртлээ балбалцсан түүх ийм буюу.

Дараачийн удаад 1965 оны Есөн гудамжны зодоон, 1976 оны Хандгайтын зодоон, 1982 оны Хүнсний хорийн зодооны тухай өгүүлэх болно. Энэ мэтээр тэртээ 1904 оноос эхлээд л Монголд, тэр дундаа нийслэл Улаанбаатарт том том зодоон болж байсан байх бөгөөд магадгүй 21-р зууны эхэн үеийн хамгийн том зодоон болох 2008 оны 7-р сарын нэгний үймээн самуун ч хожим түүх болж бичигдэх биз ээ.

Цуутай тулаануудыг нэхэн сурвалжилсан Б.Ойдов

Зохиолч, сэтгүүлч Б.Ойдов нь "Эрх танхай нүргэлээн" шүлгийн түүвэр, "Ар Халхын шилийн сайн эрчүүд", "Монголын цуутай нударган тулаанчид" зэрэг 30 гаруй ном хэлвлүүлжээ.

Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, сүлдэт хуурыг цэнгүүллээ
Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, сүлдэт хуурыг цэнгүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.