Б.Гарамгайбаатарт нэр дэвшигчийн үнэмлэх өгөх эсэхээс СЕХ-нд итгэх эсэхээ шийдье!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 4 секунд
Б.Гарамгайбаатарт нэр дэвшигчийн үнэмлэх өгөх эсэхээс СЕХ-нд итгэх эсэхээ шийдье!

Б.Гарамгайбаатарт нэр дэвшигчийн үнэмлэх өгөх эсэхээс СЕХ-нд итгэх эсэхээ шийдье!

1464927469575104ed90148

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар парламентад сонгогдсон цагаасаа эхлээд хамгийн нэр хүнд муутай яваа нэгэн гэхэд хилсдэхгүй. Гэвч тэссээр дөрвөн жилийг арайхийн үдлээ. Харамсалтай нь “үхрийн сүүлэн дээр хутга” гэгчээр албан тушаалдаа эрдэж  “ногоон гэрлээр” нэр дэвшсэн түүнийг сонирхолтой сюрприз  хүлээж  байжээ. Энэ нь яг нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авахаас дөрөв хоногийн өмнө хагас тэрбумын өртэй гэдгийг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд цацсан явдал байв.

Худалдаа үйлчилгээний “Тэс петролиум” ХХК-аас СЕХ-нд энэ оны тавдугаар сарын 30-нд мэдэгдэл хүргүүлж тус компанид 506  сая төгрөгийн өртэй болохыг нь мэдэгдэж холбогдох шүүхийн шийдвэр,  шүүхийн албадан гүйцэтгэх хуудас тэргүүтнийг хүргүүлжээ. Энэ нь “Б.Гарамгайбаатар сонгуульд  өрсөлдөж ялаад УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхэн дор нуугдаад авбал прокурорын зөвшөөрөл авах зэргээс эхлээд “Тэс петролиум” тус компаниас хагас тэрбум төгрөгийн өрөө барагдуулж хохиролгүй болоход тун хүнд болоод явчихна.

Хоёр жилийн өмнөөс буюу 2014 онд байгуулсан Нефть бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний биелэлттэй холбоотой энэ асуудлаас болж Б.Гарамгайбаатар нэр дэвших үү. “УИХ дахь олонхийн бүлгийн дарга учраас” л гэдэг юм биш бол хуулиа мөрдвөл тэр нэр дэвших эрхгүй. Эндээс СЕХ-г хардах хардлагаа Б.Гарамгайбаатараар хэмжчихэж болмоор харагдаж байна.

СЕХ энэ сарын 2-нд мэдээлснээр есөн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан. Тодорхой нэр дурьдаагүй ч заримыг нь мөн л өр ширийн асуудалтай гэж тайлбарлаж байсан. Тэгвэл Б.Гарамгайбаатар даргад энэ шаардлага, шалгуур үйлчлэх үү. Мөн түүнд “Монроуд” компанидаа Хөгжлийн банкнаас мөнгө шилжүүлж зам тавихдаа төсөвт өртгийг үндэслэлгүйгээр нэмж давхардуулан нийт 46.3 тэрбум төгрөгийг шууд аваад өгчихсөн гэх асуудлыг АТГ-аас мэдээлж байсан.

 Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь нийт 38 орчим хувьтай байхад, уг газарт шинээр зам тавих гэж байна хэмээн Засгийн газарт ойлгуулж, шинээр тогтоол оруулж батлуулсан аж. Ингээд нэмээд 46,3 тэрбум төгрөг гаргуулж аваад “Монроуд” гэдэг компанид шууд шилжүүлэн өгсөн байна. Мөн Зам-Үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцолборт 8,7 км хатуу хучилттай замын ажил гүйцэтгэхээр өмнө нь техник эдийн засгийн үнэлгээ хийгдэж байсан юм байна.

20 тэрбум төгрөгөөр ажлыг гүйцэтгэх боломжтой байна гэсэн үнэлгээ гарсан байхад түрүүчийн Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн замын асуудлыг шийдсэн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг давхар оруулж, 20 тэрбумын ТЭЗҮ-тэй замын ажлыг 33 тэрбум хэмээн хөрөнгийг нь батлуулж, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид санхүүжилтийг нь шууд шилжүүлсэн нь илэрсэн байдаг. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн талаар олон нийт, сонгогчид нь ч тодорхой ойлголтгүй хэвээр байна.

 Тэгэхээр нэлээд “Но”-той нэр дэвшигчийг Хэнтийд АН-аас илгээчихсэн болж харагдаж байна. Ядахдаа телевизээр ярихдаа “Та хэдэн хүүхэдтэй вэ”, “Гэр бүлийнхнээ танилцуулаач” гэх асуултуудад айхавтар эмзэглэсэн түүнийг олон нийт бүр ч сонирхон харах болсон. Энэ удаад нэр дэвшихдээ намтартаа юу гэж бичсэнийг нь сонирхуулаач гэж Хэнтийн сонгогчоос гуйж байх нь хүртэл сониуч монголчуудын саваагүй зан гэхээсээ ил цагаан хүнд дуртайн шинж болов уу. Харин одоо СЕХ хэрэв эрх баригчдад үйлчлээгүй бол, ашиг сонирхлын зөрчилтэй аливаа бүлэглэлийн шийдвэрийг үг дуугүй даган биелүүлдэг биш бол энэ удаад Б.Гарамгайбаатарыг нэр дэвшүүлэхгүй байх учиртай. Хэрэв нэр дэвшүүлбэл их л сонирхолтой ажиллагаатай болоод ирнэ. Иймээс СЕХ-г хардах эсэхээ азнаж, Б.Гарамгайбаатарт энэ сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэх өгөх үү, дээрх шалтгаануудыг ядаж дурьдаад хуулиа мөрдөх үү гэдгийг нь харахыг хүсч байна. Энэ бол хамгийн бодит хэмжүүр биш гэж үү.

 Г.Сүрэн

1000 төгрөгний хүч аянаар өрх толгойлсон эмэгтэйд гэр бэлэглэнэ
1000 төгрөгний хүч аянаар өрх толгойлсон эмэгтэйд гэр бэлэглэнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.