Эзэн богд Чингис хаан Мөнх тэнгэрийг шүтээнээ болгож, төрт улсаа байгуулан, дэлхий нийтийн хөгжилд том хувь нэмэр оруулсан гавъяатай. Түүнийг өдгөө олон улсын эрдэмтэд тал бүрээс нь судалсаар байна.
Мөнх тэнгэрийг оньс, зарлигийг хүмүүст хүргэж яваа И.Мөнхсаруул гэдэг эмэгтэйг олон нийт ихээхэн сонирхох болжээ. Тэрбээр Мөнх тэнгэрийн зарлигийг шүлэглэн хэлдэг аж. Мөнх тэнгэрийн айлтгал сонсгох ажлаа бүх аймаг сумдаар зохион байгуулж байгаагаас гадна нийгмийн салбар бүрийн онцлогоор хүмүүстэй тусгайлан уулзах болсон байна. Өнгөрсөн баасан гарагт тэр эрдэмтэн судлаачдад зориулсан айлдвараа Соёлын төв өргөөнд хийлээ. Тэнгэрээс илгээсэн захидал буюу “Мөнх тэнгэрийн хүчин дор нэгдэцгээе” хэмээх түүний шүлэглэсэн айлдвар утга санааны хувьд их энгийн мэт атлаа бүхэлдээ гүн ухааны номлол гэмээр, нэлээд өвөрмөц ажээ. Энэ талаар зарим шавь нар нь “Манай багш Мөнх тэнгэртэй оюун санаагаараа шууд холбогдож Чингис хааны зарлиг айлдварыг буулгаж байгаа” гэсэн юм.
И.Мөнхсаруулыг гаднаас нь харсан хэн ч харсан эгэл жирийн нэгэн эмэгтэй л гэх болов уу. Гоёж гоодсон элдэв юм түүнд алга. Тэр тайзнаа гарч ирээд шууд л шүлгэн “мөндөр” буулгах ажээ.
Тэр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 26 жил цэцэрлэгийн багшаар ажиллажээ. Нэг удаа хотод орж ирээд мэргэжлийн багш нарын семинарт оролцож байх үедээ огт санаандгүйгээр гэв гэнэт тэнгэртэй холбогдож эхэлсэн байна. 2012 оны тэр нэгэн шөнө тэнгэрт үүл хуралдаж, “Бүтээл” гэсэн үг болж нүдэнд нь тусчээ. Удалгүй тэнгэрээс луу, солонго үзэгдэх болж, зүүдээр нь дамжин маш олон янзын мэдээлэл түүнд өгөгдөх болсон байна. Ийнхүү И.Мөнхсаруул Мөнх тэнгэртэй шууд холбогддог болжээ.
И.Мөнхсаруулын шавь нарын нэг Мэдээлэл эмчилгээ, био энергийн засалч Ж.Отгонбаатартай Соёлын төв өргөөнд уулзахад тэрбээр, “13 дугаар зуунд Чингис хаан нэгдмэл хүчирхэг улсыг захирч байлаа. Энэ цаг үед И.Мөнхсаруул багшийн далд бие буюу сахиусан бие түүний гарын бичээч байжээ. И.Мөнхсаруул багшийн сүнсэн бие хоёр дахь удаагаа төрсөн нь Өндөр гэгээн Занбазарын бие дэх сүнсэн бие юм. Өндөр гэгээн Занабазар маш олон бурхан бүтээсэн. Занабазарын өөрийн сэтгэлийг шингээж бүтээсэн бурхадын нэг нь Ногоон дарь эх бурхан. Занабазар өөд болохдоо өөрийн ид шидийг Ногоон дарь эх бурхандаа шингээсэн. Тиймээс багш маань Ногоон дарь эхийн сахиустай” хэмээн ярьж байлаа.
И.Мөнхсаруул багш удахгүй энэ сарын 30, ирэх 6 дугаар сарын 22-ны өдрүүдэд Чингисийн талбайд олон нийтийн өмнө Мөнх тэнэгрийн зарлиг, айлдварыг тэнгэрээс дуудан буулгах ажээ.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn