Тавантолгойгоо “тавиад туучихсан” бол юун IPO гаргаж, 3 тэрбум ам.доллар олох...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 40 секунд
Тавантолгойгоо “тавиад туучихсан” бол юун IPO гаргаж, 3 тэрбум ам.доллар олох...

Тавантолгойгоо “тавиад туучихсан” бол юун IPO гаргаж, 3 тэрбум ам.доллар олох...

 

- Олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргаж байгаа ямар ч компани андеррайтерын үйлчилгээ авч, тодорхой төлбөр төлдөг-

УИХ-ын чуулганы 2018 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай  Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Олонхийн саналаар энэхүү тогтоолын төслийг дэмжсэн юм.  Үндсэндээ энэ тогтоолын хүрээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргахаар болж, эрчимтэй ажиллаж эхэлсэн. Компанийн 30 хүртэлх хувийн хувьцааг Олон улсын хөрөнгийн биржээр арилжаалж, хөрөнгө босгох юм.  Асар их ач холбогдолтой, чухал ажил.  “Эм Ай Би Жи” үнэт цаасны компанийн Гүйцэтгэх захирал, А.Билгүүн энэ талаар “Тавантолгойн IPO-ийн хувьд Монгол Улсад маш их ач холбогдолтой. Учир нь, аливаа нэгэн улс орон, бүс нутгууд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахын тулд нэг капиталист буюу томоохон төслийг хөдөлгөх ёстой.  

Ер нь IPO  хийж гаргаснаар аливаа нэг төсөл, компани, менежментийн өөрийнх нь зах зээлийн үнэлгээ ямар байх вэ гэдэг нь илүү тод харагдана. Зах зээлийн үнэлгээ ямар байх нь илүү сонирхолтой байна. “Тавантолгой” компани коксжих нүүрс экспортолдог. Хэдийгээр зарим хүн нүүрсний салбарыг ирээдүйгүй гэж ярьдаг ч тэр нь эрчим хүчний нүүрсэнд л хамааралтай. Коксжих нүүрсний хувьд БНХАУ цаашид авсаар л байх болно. Коксжих нүүрсний том хэрэглэгч Хятад улсын хаяанд байгаа Монгол Улсын Тавантолгой төсөл харьцангуй өндрөөр үнэлэгдэх боломжтой гэж харж байгаа. Тиймээс хөрөнгө босгох ажил амжилттай болно гэсэн хүлээлттэй байна” хэмээн ярьжээ.  УИХ-ын гишүүд ч гэсэн асар их боломж байгааг харж, судалж байж тогтоолын төсөл гаргасан байж таарна. Гэтэл нэр бүхий хүмүүс Тавантолгойн IPO-тэй холбоотой ташаа мэдээллийг санаатайгаар цахим сүлжээнд түгээж эхэллээ.  Цаад зорилго нь нэрээ таниулах л гэсэн явуургүй үзэл юм.

Өнөө цагт попорсон нь “од” болдог бичигдээгүй хууль гарчихсан.  Гэхдээ ямар сэдвээр попрохоо бас мэдэх хэрэгтэй. Тавантолгойг гадаадынханд шууд өгөх гэж байна. УИХ-аар хэлэлцүүлэлгүйгээр гадныханд 100 жилээр эзэмшүүлэх гэж байсантай адилхан үйлдэл хийж байгаа.  Зөвлөх үйлчилгээг хэтэрхий өндөр үнээр авч байна. Мөнгө төгрөг шамшигдуулах нь гэж попорцгоож эхэллээ.  Нэг нөхөр өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-өөс 10 асуулт асуулаа гээд л цахим сүлжээнд зураг оруулаад, попроод байна. “283 тэрбум төгрөгийн  IPO зөвлөх үйлчилгээг гадаадын ямар компанид өгөх гэж байгаа юм бэ. Энэ мөнгийг дотоодын инженерүүдэд өгч болох уу. Зөвлөх үйлчилгээний зардлыг хөрөнгө оруулалтад тусгасан нь ямар учиртай юм бэ. Иргэдэд ногдол ашиг бага өгөхийн тулд хөрөнгө оруулалтын зардлаа өсгөсөн тооцоо гэж харагдаад байна” гэсэн асуулт дунд нь тууж явна билээ.  

Тэд IPO  гаргах, андеррайтер үйлчилгээ гэж юу болох талаар мэддэггүй юм байна. Эсвэл мэдсэн ч албаар ингэж попорч байгаа. Бүр улсынхаа сайн сайхны эсрэг ажиллаж байгаагаас ялгаа алга. IPO гаргаж, хөрөнгө босгоно гэдэг гадаадынханд зүгээр өгч байгаа хэрэг огт биш.  Тэгээд ч “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас “Компани IPO гаргах бэлтгэл ажлын төлөвлөгөө, батлагдсан хуваарийн дагуу хөрөнгө оруулагчидтай уул­залт зохион байгуулж, ирүүлсэн саналыг судалж байгаа. Компанийн хувь хэмжээг бусдад өгөх талаар ямар нэгэн нууц хэлэлцээ хийгээгүй, гэрээ, гэрээний төсөл байхгүй” хэмээн мэдэгдсэн. Угаасаа Олон улсын хөрөн­гийн бирж дээр нээлттэйгээр хувьцаа гаргаж ажиллах гэж байгаа компанид нууж хаах юм байхгүй. Хэрвээ Тавантолгойгоо бид гадаад, дотоодын компанид үнэгүй ашиглахаар өгөөд, 100 жилээр тавиад туучихсан бол юун IPO гаргаж, мөнгө босгох, юун ард иргэддээ хувьцааны ногдол ашиг өгөх.  

Луйвар хийсэн албан тушаалтнууддаа хариуцлага тооцож чадахгүй, амаа бариад л сууж байх байсан.  Харин эх орноо гэсэн сэтгэлтэй улстөрчдийнхөө хүчээр төрийнхөө мэдэлд аваад үлдчихсэн байна. Түүнийхээ ачаар компанийн 30 хувийг Олон улсын хөрөнгийн биржээр арилжаалснаар 1.5-3 тэрбум ам.долларын санхүүжилт босгох төлөвлөгөөтэй байгаа. Үндсэндээ хоёр “Чингис бонд” гэсэн үг.  АН-ын Засгийн газар “Чингис бонд”-оор 1.5 тэрбум ам.доллар босгоод ямар их бүтээн байгуулалт хийлээ.

Ингээд бодохоор гурван тэрбум ам.доллар гэдэг асар их бүтээн байгуулалт хийж болохоор мөнгө. “Эрдэнэс-Тавантолгой” ХК үр ашгаа нэмэгдүүлэхийн тулд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлд төмөр зам тавина. Мөн Тавантолгой-Хангимандал чиглэлийн авто зам, нүүрс баяжуулах, кокс, хими техно­ло­гийн үйлдвэр барина. Тавантолгой цахилгаан станц барихаар болсон. Дээрээс нь шинэ хот, суурин байгуулж, тэндээ сургууль, цэцэр­лэгээс авахуулаад томоохон бүтээн бай­гуулал­туудыг хийхээр төслүүдийг энэ оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болоод байгаа.

Харин эдгээр бүтээн байгуулалтуудыг хийх хөрөнгө мөнгийг IPO гаргаж, татан төв­лө­рүүлэх зорилготой. Гурван тэрбум ам.доллар бос­гож чадвал дээр дурьдсанаас өөр олон бү­тээн байгуулалт хийх боломжтой болно.  Олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргаж байгаа ямар ч компани андеррайтерын үйлчилгээ авч, тодорхой төлбөр төлдөг.  Манай харлуулагчдын ярьж буй зөвлөх үйлчилгээ гээд байгаа нь үнэн чанартаа андеррайтерын үйлчилгээ юм.  СЗХ-ны цахим хуудсанд бичсэнээр бол андеррайтинг нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч томоохон байгууллагуудын өөрийн харилцагчдынхаа бүтээгдэхүүнийг нь (зээл, даатгал, моргэйж гэх мэт) авах боломж, бололцоо, эрхийг нь үнэлэх үйл ажиллагаа аж.  Мөн  эрсдлийн мэдээлэлд гарын үсгээ зурна гэж ойлгож болох юм.

Өөрөөр хэлбэл, эрсдлийн мэдээллийг уншиж танилцан гарын үсэг зурж баталгаажуулснаар тухайн эрсдлийг өөрөө хүлээнэ гэсэн утгатай ажээ. Андеррайтер нь үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний дагуу гаргаж буй үнэт цаасны тухай танилцуулга бэлтгэдэг аж. Мөн шинээр болон нэмж байгаа үнэт цаасыг бүгдийг нь эсвэл тодорхой хэсгийг нь худалдан авах, худалдах, үнэт цаас гаргагчийн нэрийн өмнөөс нийтэд санал болгон арилждаг байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК Хонконгийн хөрөн­гийн биржид IPO гаргаж, 1.5-3 тэрбум ам.доллар босгох төлөвлөгөөтэй байгаа. Тэгэх­дээ заавал андеррайтер үйлчилгээ авах ёстой.

Олон улсад IPO гаргах учраас гадаадын нэр хүнд бүхий компанид хандаж таарна. Тэр компани нь гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзаж, Тавантолгойн хувьцааг танилцуулж, сур­тал­чилж, хөрөнгө босгож өгнө гэсэн үг л дээ. Харин андеррайтерын төлбөрийг дээд тал нь 3.17 хувь байхаар тооцоод байгаа аж. Энэ нь өнөөх харлуулагчдын яриад байгаа 283 тэрбум төгрөг. Гэхдээ энэ мөнгийг Тавантолгойн аш­гаас гаргаж өгөөд, иргэдэд олгох ногдол аш­гийн хэмжээг багасгах гэж байна гэдэг нь зөрүү­тэй ойлголт. Андеррайтер үйлчилгээ үзүүлж буй компани ажлаа хийгээд, хөрөнгөө бос­гоно. Тэд гурван тэрбум ам.доллар босгож чаддаг юм гэхэд 3.17 хувийг нь авна. Тодорхой хэлбэл, 95 сая ам.доллар буюу 250 тэрбум төг­рөгийг үйлчилгээний хөлсөндөө авах юм билээ

Бусад оролцогчид буюу брокерийн төл­бөр, хууль, техник, санхүүгийн зөвлөх үйл­чил­гээ, Хонконгийн СЗХ, Хөрөнгийн бир­жийн шимтгэл зэрэгт зарцуулах төлбөр нь нэмэгдээд, 283.3 тэрбум төгрөг байхаар тооцсон байна.  Энэ үйлчилгээний хөлс, бусад хураамжийг монгол инженерүүдэд өгөөд, Олон улсад IPO гаргах боломжгүй. Нөгөө талаар Олон улсын хөрөнгийн биржид IPO гаргахдаа андеррайтерын үйлчилгээ авсан жишээ байна. Тухайлбал, “Энержи Ресурс” ХХК-ийн толгой компани “Mongolian Mining Corporation” 2010 онд 637.8 сая ам.доллар босгож, үнийн дүнгийн гурван хувь буюу 19.13 сая ам.долларыг зөвхөн андеррайтерын үйлчилгээнд өгсөн байна.

Бусад үйлчилгээний зардалтайгаа нийлээд босгосон  хөрөнгийнхөө 5.5 хувийг төлбөрт төлсөн байгаа юм. Андеррайтерын үйлчилгээнд төлсөн мөнгө нь 19 сая ам.доллар байгаа нь босгосон мөнгөний хэмжээ багатай холбоотой. Харин “Эрдэнэс-Тавантолгой” компани гурван тэрбум ам.доллар босгох талаар ярьж байгаа болохоор үйлчилгээнд төлөх мөнгө нь ихэсч таарна. Ийм л учиртай. Эцсийн дүндээ “Эрдэнэс-Тавантолгой” компани Олон улсын зах зээлээс хоёр “Чингис бонд”-ын дайтай хөрөнгө босгож чадвал Монгол Улсын хөгжилд л хэрэгтэй. Компанийн үр өгөөж улам нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр жил ирэх тусам ашиг нь өсч, иргэдэд өгөх ногол ашгийн хэмжээ ч нэмэгдэх учиртай юм.

Төрийн банкны харилцагч 1900-1950 мэдээллийн лавлахаас хэрэглээний төлбөрөө лавлах боломжтой боллоо
Төрийн банкны харилцагч 1900-1950 мэдээллийн лавлахаас хэрэглээний төлбөрөө лавлах боломжтой боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.