Залуусаа улс төрийн намуудыг эсэргүүцье
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 31 секунд
Залуусаа улс төрийн намуудыг эсэргүүцье

Залуусаа улс төрийн намуудыг эсэргүүцье

Бодлого, систем нь зөв улс оронд бол ид ажиллаж, амьдрах насны залуус нам нам дамжин, тэдний “Хувцасны өлгүүр” Цүнхний бариул” болж, хайран залуу насаа үгүй хийх хэрэг алга. МАН, АН хэмээх хоёр том хүчин 200 мянга хол давсан гишүүнтэй гэдгээ удаа дараа зарлан баярхана.  Гуравдагчдын зүгээс ч олон мянган гишүүнтэй хэмээн “Шинэ баян цээж өвчтэй”-н дүр эсгэнэ. Монгол Улсад улс төрийн гучаад нам албан ёсны бүргэлтэй. Тэд бүгд л хэдэн мянгаар тоологдох гишүүний тоог тэнгэрээс буулган ярьдаг.

Гурван сая гаруй хүнтэй улсад хэдэн зуун мянгаар тоологдох гишүүнтэй хоёр нам, хэдэн арван мянгаар тоолох гишүүнтэй гучаад нам гэдэг зарчмаасаа хазайсан тоо. Тэдний тоо баримтаас харахаар би лавтай 20 сая хүн амтай улсын иргэн болж таарна. Энэ нь өнөөх л системын гажуудал. Намын гишүүний тоо хөөстэй байж болох ч нам дагагчид олон байгааг харуулсан хэрэг. Нам дагаж байгаа хүмүүс чухам ямар үзэл баримтлал дагаж байгаагаа мэдэхгүй. Улс төрийн нам нь ч өөрөө ямар үзэл баримтлалтайгаа мэдэхгүй, цаасан дээр л албан төдий зүйл байх. Тийм дээ ч баруун төвийн үзэлтэй улс төрийн нам зүүнийхээ үзлийг баримталж, зүүн нь барууныхаа үзлийг хольж хутган самарна. Гуравдагч этгээдүүд аль аль талаас нь хулгай хийнэ. Үүнээс харахад үзэл баримтлалтай, түүнийгээ дагадаг нам байхгүй гэхэд болно. Тэгэхээр гишүүд нь ч хаана ямар үзэл баримтлалтай намд элсэж байгаагаа үл мэднэ. Тэдэнд гагцхүү нам дагах шаардлага л зайлшгүй бий. Тэгэхээр залуус маань болж өгвөл намаас зайлсхийж, өөрийнхөөрөө амьдрах гээд үз.

Эрүүл мэндийн салбарт ямар ч сайн мэргэжилтэн, эмч байгаад та намгүй бол өөрт байгаа онцгой чадвар, эзэмшсэн мэргэжлээ бодлогын хэмжээнд гаргах боломжгүй. Эдийн засгийн салбарыг зохион байгуулж, олон улсын түвшинд гаргаж ирдэггүй юм гэхэд улс орноо эрсдэлд оруулахгүй аваад явчих залуус олон байгаа ч тэд намгүй учраас мэргэжилтнээр ажиллавал их юм. Шинжлэх ухаан, боловсрол гээд нийгмийн бүхий л салбарт тогтсон жишиг болчихлоо. Тэд намгүй, хэн нэгэн даргын цүнх барьж гүйдэггүй учраас ийнхүү бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд орж чадахгүй байна. Иймээс л “Би намгүй амьдарч чадахгүй” хэмээн арга ядаж байгаа хэрэг.

Мэдээжийн хэрэг, нам дагасан дүр эсгэгчид, цүнх баригчдын хувьд өндөр боловсрол, онцгой чадвартнуудыг дарна, хэргээр хэвлэл мэдээллээр харлуулах, тэднийг замаасаа зайлуулах зарчмаар амьдарч ирсэн. Түүнээс нийгмийн цэвэр өрсөлдөөн байдаг бол дүр эсгэгчид байрандаа очиж, чадвар бүхий залуус бодлогын түвшинд байх учиртай.

Үүнийг өнөөдрийн нийгэмд шууд 100 хувь наах нь өрөөсгөл байж болно.  Учир нь социалист нийгмийн үед нам шүтэгчид байсан уу гэвэл бас л байсан. Шүтэх хандлагаас эхлээд үзэл баримтлал өөр байсан нь ойлгомжтой. МАХН-аас өөр шүтэх ч нам байсангүй. Үзэл баримтлал нь тодорхой ганц нам шүтдэг учраас намын гишүүн тээврийн жолооч хэзээ ч хэний ч цүнх барьж яваад дарга болохыг боддоггүй, ажлаа л сайн хийж, амьдралаа авч явах нь тэдний үзэл баримтлал байв. Намын гишүүн малчин намаа шүтдэг ч тэр дарга болохыг хүсдэггүй, гагцхүү малаа өсгөхийг л хүсдэг байснаараа туйлын ялгаатай. Ялангуяа дарга нарын хүрээнд бол намаас арга хэмжээ авхуулах, намаас хасуулна гэдэг бол амьдралаас хөөгдсөнтэй ижил зүйл болно. Харин өдгөөгийн системтэй нэг адил төстэй тал байсан. Тэр нь коммунист дэглэмийн үед чөлөөтэй сэтгэдэг, чадвартай, авьяастай нөхдөө байнга л хэлмэгдүүлж ирсэн. Олон ч авьяас чадварын туйл болсон аавын хүүхдүүд шоронгийн хаалга татаж, цөллөгт орж, тэр ч бүү хэл халуун амиа ч өгч байсан гашуун түүх бий. Ардчилал хэмээх зүйлд социалист нийгмээс авсан сайн нөлөө алга, харин муу нөлөөг нь  боловсронгуй болгож авчихаад коммунист хэмээн зүхэж суугаа улс.

Хэдийгээр социалист нийгэм задран унасан ч залуусын мөрөөдөөд байгаа цэвэр өрсөлдөөний систем бүрдсэнгүй, ихэс дээдэст ч тийм сонирхол алга. Ямар сайн даа л шинжлэх ухаан, технологийн салбарт чамгүй амжилттай явсан, боловсролын салбарт онцгойрч байсан залуус намын сонгуулийн сурталчилгаанд оролцож, шан харамж авснаар салбараа орхисон байх жишээтэй. Зарим нэг нь ч хурган даргын суудлаар өөрсдийгөө арилжаалж байна. Тэднийг шууд утгаар нь буруутгаад байгаа юм биш, нийгмийн бүтэц өөрөө ийм болчихсон. Ихэс дээдэст үүнийг эвдэх, өөрчлөх сонирхол алга.

Гэтэл залуус маань үй олноор нам дагах юм. Намгүй амьдрах гээд үз л дээ. Залуус бүгдээрээ улс төрийн намын энэхүү системыг эсэргүүцээд үзэх хэрэгтэй. Олон мянган залуус дуу хоолойгоо нэгтгэж чадвал нам ноёрхсон систем аяндаа задран унана. Түүнээс өөр ямар ч арга алга.

З.Шатар 

Түмэн.мн

 

П.Насанжаргал: Сүрьеэ өвчнийг устгахад илүү их анхаарч, “ЦАГ ЯВСААР БАЙНА” уриатайгаар ажиллаж байна
П.Насанжаргал: Сүрьеэ өвчнийг устгахад илүү их анхаарч, “ЦАГ ЯВСААР БАЙНА” уриатайгаар ажиллаж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.