Бидний олж авсан мэдээлэлд:
“2014 оны арванхоёрдугаар сарын 8. Тухайн үеийн ТЕГ-ын дарга Б.Хурц нь УИХ-ын нэгэн гишүүнтэй уулзаж, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн талаар ярилцсан.
2014 оны арванхоёрдугаар сарын 10-15. ТЕГ-ын дарга Б.Хурц “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт Н.Энхбаяр оролцсон дугаарын хасагдсан хэсгийг олж ирэх үүргийг тусгай мэргэжлийн албан хаагч нартаа өгчээ.
2014 оны арванхоёрдугаар сарын 23-25. ТЕГ-ын тусгай мэргэжлийн алба хаагч нар нь “Hero entertainment” студийн ажлын байранд тусгай ажиллагаа явуулж, дээрх хасагдсан бичлэгийг хакердаж авсан.
2015 оны нэгдүгээр сарын 6. Тусгай мэргэжлийн ажилтнууд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хасагдсан бичлэгийг ТЕГ-ын дарга Б.Хурцад хүлээлгэж өгсөн.
2016 оны нэгдүгээр сарын 9. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хасагдсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
2016 оны нэгдүгээр сарын 11. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар алдагдсан бичлэгийн талаар хэвлэлийн хурал хийв.
2017 оны долдугаар сар. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар болон тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүх нар тэр жилийн баяр наадмын өмнө утсаар ярьсан.
Энэ бичлэгийг ТЕГ-ын ажилтан М гэгч нь хуулбарлаж, тус газрын дарга Б.Хурцад өгсөн.
2017 оны наймдугаар сарын 16. “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар болон тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүх нарын утсаар ярьсан бичлэг олон нийтийн сүлжээнд дэлгэгдсэн” гэжээ.
БИЧЛЭГ ЗАХИАЛСАН УИХ-ЫН ГИШҮҮН ХЭН БАЙСАН БЭ?
“Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар ТЕГ-т хандаж, тус газраас болоод хууль хяналтын байгууллагаас ажлын хэсэг байгуулагдаж, удаан хугацааны туршид шалгалтын үйл ажиллагаа явуулсны дараа ийм “хариу” гарчээ. Хэн гэдгийг нь сонсоод Б.Баатар “шок”-д орсон гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.
Гэхдээ Б.Хурц гүйцэтгэгч юм бол захиалагч нь хэн байсан бэ гэдэг нь тодорхой бус байна.
Тодруулбал, 2014 онд Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлгийн хасагдсан хэсгийг захиалсан УИХ-ын гишүүн хэн байв гэдэг анхаарал татаж байна.
Мөн тэр “гишүүн” нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө М.Энхболдын өрөөнд болсон явдлын бичлэг, УИХ-ын гишүүн Г.Уянга Л.Эрдэнэчимэг нарын “алдагдсан” бичлэгтэй ч холбогдож болзошгүй болсон байна.
Б.ХУРЦЫГ БАРИВЧЛАХ НӨХЦӨЛ ҮҮСЧЭЭ
Ийм нөхцөл байдал илэрч, холбогдох хууль хяналтын байгууллагаас Б.Хурцыг байцаах шаардлага бий болжээ. Түүнийг хоёр удаа байцаалтад дуудсан ч очоогүй байна. Тиймээс хуулийн дагуу албадан баривчлах нөхцөл үүссэн гэдгийг эх сурвалж тайлбарлаж байна.
Б.ХУРЦ НАРЫГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ХЭРГЭЭР НӨГӨӨДӨР ШҮҮНЭ
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нараар С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг хүлээлгэхдээ эрүүдэн шүүсэн гэх хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт 2020 оны долдугаар сарын 22-нд Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон. Б.Хурцыг гурван жилийн хорих ялаар шийтгэсэнг. Харин 2020 оны аравдугаар сарын 29-нд Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцаасан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улмаар түүнийг анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрээр 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд батлан даалтад гаргасан.
Тэгвэл Б.Хурцын холбогдсон эүүдэн шүүсэн хэрэг 2021 оны хоёрдугаар сарын 17-нд прокуророос анхан шүүхэд очжээ. Шүүх хурлыг энэ сарын 17-нд буюу нөгөөдөр товлосон байна.
ШҮҮГЧ НАР Б.БААСАНЦОГТЫН ДАНС РУУ “ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ” УТГААР МӨНГӨ ШИЛЖҮҮЛЖЭЭ
Б.Баасанцогт 11 шүүгчид тус бүр 10 сая төгрөг, заримд нь нэмээд Iphone гар утас өгчээ. Тэр нь илрээд эхлэхээр шүүгч нар Б.Баасанцогтын данс руу “Зээлийн эргэн төлөлт” гэсэн утгаар мөнгө шилжүүлцгээх болжээ.
Үүний улмаас 11 шүүгчийг түдгэлзүүлэх асуудал яригдах нөхцөл үүсээд байна. Эх сурвалжийн мэдээллээр дээрх 11 шүүгчийн 2-3 нь эрүүдэн шүүсэн хэрэгт оролцсон шүүгч нар байж болзошгүй ажээ.
Б.Хурцыг тойрсон ийм хурц асуудлууд өрнөж байна. Эрүүдэн шүүсэн хэргийнх нь тухайд нийгэмд нэлээд дуулиан тариад байгаа. Шинээр “ТЕГ-ын дарга байхдаа бичлэг олж авч, захиалагчид “нийлүүлсэн” гэх асуудалд холбогдсон бололтой. Ийм зүйл саяхнаас яригдаад эхэлсэн. Харин захиалагч нь хэн бэ гэдэг ихээхэн анхаарал татаад байгаа юм. Юутай ч өнөөдрийг хүртэл Б.Хурцын өмнө Монголын улс төр, хууль хяналтын байгууллага тэр чигтээ сөхрөөстэй байсан. Тэгэхээр улс төрд, хууль хяналтын байгууллагад нөлөө бүхий эрхэм 2014 онд Б.Хурцтай уулзаж, захиалга өгдөг байсан эрхэм бололтой. Товчхондоо 2012-2016 оны УИХ-д сууж байсан 76 гишүүний нэг, өнөөдөр ч эрх мэдэл, нэр нөлөөтэй яваа нэгэн эрхэм тэрхүү захиалагч нь гэдгийг эх сурвалж “шивнэж” байна.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ