Ерөнхийлөгч VS З.Баянсэлэнгийн зүтгэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 10 секунд
Ерөнхийлөгч VS З.Баянсэлэнгийн зүтгэл

Ерөнхийлөгч VS З.Баянсэлэнгийн зүтгэл

Байнгын үйл ажиллагаатай парламенттай болсон 25 жилийн ойд зориулж их хурлаас Өршөөлийн хуулийг санаачлан гаргасан. Гэвч "авилга, хээл хахууль болон албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөх гэж байна" хэмээн Ерөнхийлөгч хориг тавьсан.

Хоригийг УИХ хүлээж авах уу, үгүй юу гэдэг нь хорь гаруй хоногийн турш нийгэмд таамаг төдий байсан. Тэгвэл өчигдөр хуралдсан ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа. Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх заалтад тавьсан хоригийг хүлээн авъя гэсэн томъёоллоор санал хураахад гишүүдийн 81.1 хувь нь дэмжсэн. Хуралдаанд нийт 59 гишүүн оролцсоноос 48 нь зөвшөөрсөн юм. Мөн хуулийн долдугаар зүйлд тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад хуралд оролцсон 59 гишүүнээс 49 нь зөвшөөрч 83.1 хувийн саналаар дэмжлээ. Тогтоолыг батлахад гишүүдийн 59-49 нь зөвшөөрч 83.1 хувийн саналаар батлагдсан.

Тэгвэл дээрх асуудалтай холбоотой зарим нэгэн сонирхолтой үйл явдлууд болж өнгөрлөө. Хоригийг хамгийн их эсэргүүцэж байсан гишүүн бол УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ. Учир нь хоригийг УИХ хүлээж аваагүй тохиолдолд намын дарга Н.Энхбаяр нь өршөөгдөх боломжтой. Гэвч харамсалтай нь хоригийг хүлээгээд авчихлаа. Шинэ сайд хориг тавигдсан өдрөөс эхэлж эсэргүүцэж буйгаа илэрхийлж байсан. Энэ үүднээс Ерөнхийлөгч рүү чиглэсэн нэлээдгүй үгсийг хэвлэлээр болон төрийн ордны индэр дээрээс "чулуудаад" амжсан. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн хоригийг МАН болон АН-ынхан хүлээж авахаа мэдэгдмэгц Шударга ёс эвслийн дэд дарга З.Баянсэлэнгэ яаравчлан завсарлага авсан. Тэрбээр хэлэхдээ "Үнэндээ Ерөнхийлөгчийн хориг ард түмнийг талцуулж байна. Ерөнхийлөгч хүн эв эеийг эрхэмлэдэг байтал иргэдээ ингэж талцуулж болохгүй. Улсад 350 тэрбум төгрөг завшсан хэрэгт 112 хүнийг шалгаж байгаа гэж АТГ-аас мэдэгдлээ. Эдгээр хүмүүсээ зарла. Ерөнхийлөгчийн хоригийн зүйл заалт нь санал биш гэж Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр хэллээ. Санал биш юм бол бид энд хэлэлцэх шаардлага байна уу”. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөхийг “Гишүүдийг доромжилдог хэн юм чи. Том зантай амьтан. Зайл. Бичиг үсэгт тайлагдаагүй хүн хэн байгаа юм. Ийм нөхдүүдийг яах гэж танхимд байлгаад байгаа юм, гаргаач" гэж эсэргүүцэж байсан. Энэ бол хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байсан байнгын хорооны хуралдаан. Ингээд нөхцөл байдал хүндэрч эхлэхээр байнгын хорооноос завсарлага авсан. Харин дараа өчигдрийн чуулган дээр Өршөөлийн хуульд хориг тавьсан Ерөнхийлөгчид хамгийн сүүлийн үгээ хэлж хатуухан шүүмжлэв.

Тэрбээр "Хууль тогтоох байгууллагын дээр гарсан байгууллагыг шийдэх ёстой. Бид олон удаа ярьсан. Хэлмэгдүүлэлт аль эрт явчихсан. Ах, дүү, амраг садан, туслах, зөвлөхүүдээр нь явчихсан.Ерөнхийлөгч маш их хохирол учруулсан асуудлыг өөрөө өршөөчихдөг. Жирийн иргэдийг яагаад өршөөж болдоггүй юм бэ. Тийм эрхэлчихсэн юм гэж юу байдаг юм бэ. УИХ-ын хууль тогтоох эрх рүү халдаж байна. Өнөөдөр хэсэгчилж байна гэдэг нь үгүй. Үндсэн дээрээ гол цөмийг нь аваад хаячихлаа. Ийм байж болохгүй" гэж бухимдлаа.

Харин Ерөнхийлөгч өөрийн гаргасан шийдвэртээ бат зогссон хэвээр байсаар Өршөөлийн хуульд тавьсан хоригийг УИХ-аар хүлээн зөвшөөрүүллээ. Тэр ч бүү хэл чуулганы индэр дээрээс "Өмнө нь зарим ярьдаг байсан хүн өнөөдөр албан тушаалын сураг сонсохоороо зарчмаасаа ухарлаа. Ямар адгийн юм бэ" хэмээн өгүүлэв. Энэ үг нь шинээр томилогдсон зургаан сайдад хаяглагдсан гэдэг нь тодорхой.

Ямартаа ч УИХ өөрийн гаргасан хуулиндаа засвар хийхээр болсон. Шударга бус нөхцөл байдлаа өөрчлөн залруулахаар болсон. Гэвч "бадарчин баярлах болоогүй" бололтой. Өчигдөр оройноос эхэлж ордноор хоригийг тойрох ямар нэгэн "мэх" явж эхэлсэн сурагтай. Цаашид үйл явц хэрхэн өрнөхийг харах л үлдлээ. Ардчиллалаа амьд хэвээр нь авч үлдэх үү, Авилгачдаа өршөөх үү гэдгийг нь.

Г.Ган

Zaluu.com

 
 
Нээлттэй сонсголын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна
Нээлттэй сонсголын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.