Ц.Цэцэгдарь: Нөөцийн мах борлуулалтад хэзээ гарах нь тодорхойгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 46 секунд
Ц.Цэцэгдарь: Нөөцийн мах борлуулалтад хэзээ гарах нь тодорхойгүй байна

Ц.Цэцэгдарь: Нөөцийн мах борлуулалтад хэзээ гарах нь тодорхойгүй байна

Монголчуудын хүнсний гол хэрэглээ бол мах, махан бүтээгдэхүүн. Тиймээс жил бүрийн өдийд нөөцийн махыг худалдаанд гаргадаг уламжлалтай. Нөөцийн махны худалдаа араасаа сайн, муу олон хэл ам дагуулдаг ч иргэдийн нуруун дээрх ачааг бага ч болов нимгэлдэг. Энэ онд нийслэлчүүдийн махны хэрэгцээнд зориулж зургаан аж ахуйн нэгжийн долоон агуулахад 14 мянган тонн нөөцийн мах бэлтгээд буй. Гэсэн ч өнөөг хүртэл нөөцийн мах хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа юм. Энэ асуудлаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ц.Цэцэгдариас дараах зүйлийг тодрууллаа.

-Энэ жилийн нөөцийн мах өнөөдрийг хүртэл худалдаанд гараагүй байна. Уг нь өнгөрсөн нэгдүгээр сарын 25-наас нөөцийн махыг худалдаалж эхлэх ёстой байсан. Нөөцийн мах яагаад худалдаанд гарч, иргэдийн гарт очихгүй байна вэ?

-Бид яг наад асуудлаар чинь ярилцаж байна. Бидний төлөвлөгөөгөөр бол нөөцийн мах өнгөрсөн нэгдүгээр сарын 25-наас худалдаанд гарах байсан. Гэвч Засгийн газар нөөцийн махыг худалдаанд гаргахын өмнөхөн буюу нэгдүгээр сарын 15-нд болсон хурлаараа нөөцийн махны урамшууллын зардлыг 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хассан. 14 тэрбум төгрөг тусгасан ч бүгдийг нь хасчихсан шүү дээ. Түүнчлэн 2014 оны төсвийн үлдэгдэл болох 4.5 тэрбум төгрөгийг нөөцийн мах бэлтгэсэн компаниудад өгөх ёстой. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд хандсан. Өөрөөр хэлбэл, дээрх мөнгийг шийдэж өгсөн үед нөөцийн мах бэлтгэсэн компаниуд борлуулалтаа эхлэх ёстой

-Тэгэхээр нөөцийн махны борлуулалт яг хэзээнээс эхлэх нь тодорхойгүй байх нь ээ?

-Тийм ээ, тодорхойгүй байна Ямар ч байсан бид холбогдох газруудад нь асуудлаа тавьсан. Гэвч өнгөрсөн оны төсвийн үлдэгдэл болох 4.5 тэрбум төгрөгийг Сангийн яам шийдэж өгөхгүй байна. Тэд бидний тавьсан саналыг маргааш өнөөдөр/ хэлэлцэнэ.

-Сангийн яамны өнөөдрийн хурлаар нөөцийн мах борлуулалтад гарах эсэхийг нь шийднэ гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Сангийн яам ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй. Ямартай ч бид шийдвэрийг хүлээж байна. Шийдвэр гарсны дараа Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуйн яам болон нөөцийн мах бэлтгэсэн компаниудын хооронд байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулна. Ингэж байж нөөцийн мах худалдаанд гарч, иргэдэд хүрч эхлэх юм.

-Гэрээнд ямар өөрчлөлт вэ?

-Хараахан ярилцаагүй байна. Гэхдээ нөөцийн махыг хэдэн төгрөгөөр зарах зэргийг нь шийдэх байх.

-Нөөцийн махыг нэг кг-ийг нь хэдэн төгрөгөөр борлуулахаа шийдээгүй байгаа гэсэн үг үү?

-Тийм ээ.

-Арай нөөцийн махаа бэлтгэж амжаагүй юм биш биз дээ?

-Үгүй ээ, мах бэлэн байгаа Монголбанкнаас Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах гурван жилийн хугацаатай хөтөлбөр боловсруулсан. Энэ хүрээндээ 46.2 тэрбум төгрөгийн зээлийг нөөцийн мах бэлтгэдэг компаниудад олгосон Энэ хөтөлбөр 2015 оны наймдугаар сард дуусах байсан. Тиймээс бид өнгөрсөн оны есдүгээр сард нөөцийн мах бэлтгэх компаниудын дунд тендер зарласан. Тендерт Улаанбаатарт дөрөв, Дархан- Уул аймаг болон Сэлэнгэд тус бүр нэг компани нөөцийн мах бэлтгэх эрх авсан. Эрх авсан даруйдаа компаниуд нөөцийн махаа бэлтгэсэн. Нөөцийн махны урамшууллын зардал гэж нэг кг-ийг нь 1000 төгрөгөөр тооцсон. Тэд ч 14 мянган тонн нөөцийн мах бэлтгээд байна.

-Таны ярианаас Сангийн яам л санхүүгийн асуудлыг нь шийдээд өгчихвөл нөөцийн махыг өнөөдөр ч хамаагүй худалдаанд гаргахад бэлэн гэж ойлголоо, зөв үү?

-Тийм.

-Гэхдээ тэд яагаад өнөөг хэр нь санхүүгийн асуудлыг шийдэж өгөхгүй байгаа юм бэ?

-Нөөцийн махны урамшууллын мөнгө энэ оны төсөвт суугаагүй. Үнэнийг хэлэхэд, Сангийн яаманд өнгөрсөн оны төсвийн үлдэгдэл болох 4.5 тэрбум төгрөгийг гаргах эх үүсвэр байхгүй болчихоод байна

-Үүнд нөөцийн мах бэлтгэсэн компаниудын зүгээс ямар байр суурьтай байгаа бол?

-Тэдний зүгээс ядаж өнгөрсөн онд хийчихсэн ажлынхаа мөнгийг авья гэсэн байр суурийг илэрхийлж байгаа.

-Өнөөх 4.5 тэрбум төгрөг үү?

-Яг тийм. Харин манай яамны зүгээс тэр мөнгийг нь эхний ээлжид гаргаж өгөх ёстой гэж үзэж байгаа. Дахин хэлэхэд, энэ асуудлаа Сангийн яманд уламжилсан. Шийдвэрийг хүлээж байна. Дээр нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон холбогдох байнгын хороонд ч хандсан.

Б.Төрбат

Эх сурвалж: Unen.mn


 

 

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад хууль бусаар зээл олгосон нөхдийг шалга
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатад хууль бусаар зээл олгосон нөхдийг шалга
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.