Ажил хийдэггүй хүнд АЛДАА байдаггүй...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 19 секунд
Ажил хийдэггүй хүнд АЛДАА байдаггүй...

Ажил хийдэггүй хүнд АЛДАА байдаггүй...

Өнөөдөр Монголын улс төрд хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн мэддэг болчихсон. Хэл ам, хэрүүл тэмцэл хийгчид, хийрхүү өөрийгөө магтагч, хийдүүлж чимээгүйхэн гэтэгч гээд алийг нь л бол алийг нь ялгаж танихтайгаа болчихсон гэхэд хилсдэхгүй. Эдгээрээс хийдүүлж, чимээгүйхэн гэтэгч буюу ажлаа хийдэггүй, суудлын бөглөөс гээд хатуухан хэлчихэд буруудахгүй хэд хэдэн сайд одоогийн засгийн газарт байгаагийн нэг нь Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар.

Учир нь түүний хариуцсан барилгын салбарт хаана ямар гүйцэтгэлтэй яваа, хэрхэн үр өгөөжөө өгч байгаа нь тодорхойгүй хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил бий. Үүний нэг нь Х.Баделхан сайдын үед эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажил. Урин цагт нийслэлийнхний уцаарыг хөдөлгөдөг, олон жил яригдсан энэ ажил өдгөө аль хэдийнэ ашиглалтад орж, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн асуудал цэгцэрсэн байх ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл энэ ажил ямар шатандаа яваа нь тодорхой биш байна.

Өөр нэг асуудал. Нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд хотын төвөөс худалдааны томоохон захуудыг нүүлгэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд Зуун айл, Ногоон нуур орчмын газрыг чөлөөлж, Хятад улсын засгийн газартай хамтраад 1080 айлын орон сууц барих ажил өнөөдөр хэрэгжиж байх учиртай. Гэтэл бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явна вэ. Эрхэм сайд энэ ажлыг хийж эхлүүлэх тухай мэдээ ч үгүй, хийдүүлж яваа байх.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд улсад гялтайх бүтээн байгуулалтын ажил юу байв. Үнэндээ хувийн хэвшлийн хэдэн барилгын компаниуд орон сууцны барилга барьснаас хэтрээгүй. Салбар хариуцсан сайд нь энэ хугацаанд яг ямар ажил хийсэн бэ гэдэг асуулт нийгэмд урган гараад байна. Барилгын материалын үнэ ханшийн өсөлт, орон сууцны үнэ нэмэгдэж байхад салбарын сайд нь ганц үг ган хийлгүй, таг дуугай өнгөрсөн. Үүнийгээ ковидын нөхцөл байдал, Зам тээврийн яам, тээвэр логистик руугаа чихээд өнгөрсөн. Энэ мэтчилэн түүнд хийх ёстой байсан ажлуудыг нь сануулаад байвал маш урт жагсаалт гарах бололтой.

Харин Б.Мөнхбаатар сайдын ажлаа аваад хийсэн ажил нь гэвэл ипотекийн зээлийг 6 хувь болгосон байдаг. Ингэхдээ ипотекийн зээл 6 хувь болсноор ямар шийдэлд хүрсэн. Барилгын компаниудад ямар үр өгөөжтэй байсан эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа.

Өнөөдрийн хамгийн ойрын жишээг дурдахад бид барилгын материалаа татдаг гарцуудын нэг нь хойд хөрш. Орос, Украйны дайн болж нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед барилга бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Гэвч бид Оросоос барилгын материалаа хэрхэн яаж татаж авах талаар салбарын сайд ямар зохицуулалт хийж ажиллах нь тодорхойгүй хэвээр байна. Хөгжлийн банкнаас зээл аваад чанаргүй зээлдэгч нь болчихосн ТОСК нь байхад мөн л дуугүй өнгөрөх бололтой.

Ам нээх бүртээ Майдар сити, Хөшигтийн хөндийн хот байгуулалт гэхээс өөр зүйл ярихгүй байгаа Б.Мөнхбаатар сайдын энэ үйлдлийг Төв аймагт нэр дэвшихэд чиглэсэн улс төрийн ажлаа хийгээд яваад байна гэж хардах хүмүүс олон болж эхэллээ. Та бол Барилга, хот байгуулалтын сайд. Тиймээс та ажлаа хий. Бүтээн байгуул. Бүү хийдүүл.

Б.Сугар

Н.Алтанхуяг: Энэ оффшор мовшор гэдэг нь яг яадаг юм бэ?
Н.Алтанхуяг: Энэ оффшор мовшор гэдэг нь яг яадаг юм бэ?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.