Асуудлыг томоор харахыг хичээвэл юм болгон философи мэт. Хэрэв та хурдан галт тэрэгний зогсоол дээр зогсож байгаад асар хурдтай ирж буй галт тэрэгийг анзааралгүй зам засварын ажил хийж буй 5 залууг харжээ. Тэдэнд анхааруулах ямар ч боломж байхгүй, дээрээс нь тэд галт тэрэг ирж буйг харсан ч замаас нь амжиж гарч ирж чадахгүй дайруулаар байжээ гэж төсөөлье. Харин та гэнэт уг хурдан галт тэрэгний замыг солих хавхлагын хажууд зогсож буйгаа анзаарлаа. Замыг нь сольж өөр тийшээ шилжүүлэхэд тэр шилжсэн зам дээр нь нэг залуу согтуу хэвтэж байв. Та төмөр зам дээр ажиллаж буй 5 залуугийн амийг аврахын тулд замыг нь сольж согтуу залуу руу хурдан галт тэрэгийг шилжүүлэх байсан уу?
Үүнийг "Сонголтын золиос" буюу "Trolley Dilemma" гэх агаад 1967 онд философич Philippa Foot анх гаргаж ирсэн бөгөөд 1985 онд Judith Jarvis Thomson улам хөгжүүлсэн түүхтэй аж. Энэхүү сонголтын золиос нь биднийг өдөр тутам хийдэг үйлдлийнхээ үр дүнг тооцоолох, бидний хийсэн үйлдэл ёс суртахуун ба үнэ цэнийг агуулж чадаж байгаа эсэхийг шалгадаг сонгодог арга юм.
Ёс суртахуун гэгч энэүү зүйл биднийг амьдрал дээр олон зүйл дээр сорьж байна. Жишээ нь: дайн эхлүүлэх, хүнийг ялгаварлан гадуурхах, дроны зохистой хэрэглээ, үр хөндөлт, нэгэн эдгэшгүй өвчин туссан хүнийг зовоолгүй бурхны оронд илгээх эсэх гэх мэт асуудлууд дээр бид байнга хоорондоо маргалддаг.
Харин одоо дээрх хурдан галт тэрэгний жишээнээс арай өөр жишээг авч үзье. Галт тэрэгний зам дээрх гүүрэн дээр та зогсож байжээ. Яг галт тэрэгний зам дагуу мөн л 5 ажилтан ирж буй эсэхийг нь анзаарах, сонсох завдалгүй ажиллаж байв. Сонсож, мэдсэн нь замаас гарч амжихгүй дайруулахаар байв. Энэ удаад галт тэргийг өөр зам руу шилжүүлэх хавхлага байсангүй. Харин гүүрэн дээр таны хажууд нэгэн тарган эр цуг зогсож байлаа. Хэрэв тэр эрийг түлхээд хурдан галт тэрэгний зам руу унагаавал ямар ч байсан зам дээр ажиллаж буй 5 хүн хүртэл явж чадалгүй галт тэрэг зогсоно гэдэг найдлага танд 100 хувь байв. Та тэр хүнийг түлхэж хөнөөгөөд нөгөө 5 хүний амийг аврах байсан уу?
Дээрх 2 жишээг хүмүүсээс асуухаар ихэнх хүмүүс эхний жишээн дээр хавхлагыг түлхэж 1 хүний амийг зольж 5 хүнийг аварна гэж хариулдаг бол 2 дахь жишээн дээр ихэнх нь тарган эрийг гүүрнээс түлхэхгүй 5 ажилтаны амийг харсаар байж галт тэргэнд өгөх сонголтыг хийдэг. Үр дүнг нь тооцох юм бол аль аль нь нэг хүний амийг зольж таван хүн аварч байна. Гэтэл хүмүүс мораль буюу ёс суртахуунаас шалтгаалж өөр өөр сонголтыг хийдэг байна.
Дахиад л төсөөлж үзье л дээ бүгдээрээ. Та өөрийгөө эмч гээд бодно уу. Яаралтай эрхтэнээ солиулахгүй бол амиа алдах 5 ажилтан таны гар дээр байна. Гэтэл хөл нь хугарсан болохоос дотор цул 5 эрхтэн нь эв эрүүл залуу гараад ирлээ. Та тэр залуугийн 5 цул эрхтэнг авч амийг нь золин нөгөө 5 өвчтөндөө эрхтэн суулгах мэс засал хийж амийг нь аврах байсан уу? Энэ бол галт тэрэгний эхний жишээтэй яг адил жишээ юм. Гэвч ихэнх хүмүүс хөл нь хугарсан эрийн амийг солих сонголтыг хийдэггүй.
Хүмүүн гэдэг бодгаль бидний зөн совин, ёс суртахуун маань тэр болгон логиктой, тууштай, бас итгэлтэй байж чаддаггүй аж. Тэгэхээр бидний зөн совин, ёс зүйд нөлөөлдөг өөр хүчин зүйл байгаад байна. Дээрх галт тэрэгний 2 жишээний хувьд нэг нь хүнийг түлхэж хөнөөж байхад нөгөөг нь бид азгүй тэр хүний хувь тавилантай нь холбон тайлбарлахаар байна. Ухаан нь агсан эсвэл асан?
Тархины мэдрэл, эс судлалын түвшинд эрдэмтэд дээрх хоёр галт тэрэгний жишээг хүмүүс дээр туршихдаа тархины аль хэсгүүд нь илүү их ажиллаж хүмүүсийг шийдвэр гаргахад нь нөлөөлж буйг судалжээ. Галт тэрэгний хавхлага сольж 5 хүнийг аварч 1 хүнийг шууд бусаар хөнөөж буй үйлдэл дээр хүний тархины логиктой сэтгэх, асуудалд рациональ буюу эрүүл ухаанаар хандах функцуудыг идэвхжүүлж байжээ. Харин тарган залууг гүүрнээс түлхдэг жишээн дээр хүмүүс сэтгэл хөдлөл дээрээ шууд суурилан сонголтыг хийж байв. Энэ нөхцөлд бидний сэтгэл хөдлөл дээрээ суурилан гаргаж буй шийдвэр болгон зөв байж чадах уу амьдрал дээр? Эсвэл бид 5 хүний амийг аврахын тулд 1 хүний амийг золих ёстой юу?
20 хоногийн дараа болох УИХ-н сонгуульд сонгогч та бид тархиныхаа аль хэсгийг идэвхижүүлэн сонголтоо хийх ёстой юм бол оо? Хийх сонголтынхоо үр дүнг бид харж, тооцоолж, төсөөлж чадах уу? Эсвэл сэтгэл хөдлөл дээрээ суурилан хайрлан, өрөвдөж, эсвэл үзэн ядах сэтгэлээр төрийн эрх барих дээд байгууллагын төлөөллөө сонгож өөрсдөө сонголтынхоо золиос болох уу?
Сонголт та бидний гарт хэдий ч бидний хэн хэн нь сонголтын золиос болохыг хэзээд үл хүснэм!
В.Ганзориг