“Сонирхолын зөрчилтэй” Соёлын сайд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 47 секунд
“Сонирхолын зөрчилтэй” Соёлын сайд

“Сонирхолын зөрчилтэй” Соёлын сайд

Олноо “Талх” Ганхуяг гэж алдаршсан нэгэн эрхэм бий. Байс гээд л мөнгөтэй, нөлөөтэй хүмүүст хачиг шиг наалдаад авдаг. Анх талийгаач Л.Одончимэдийнд хүргэн орж түүний дэмжлэгтэйгээр ХасБанкийг байгуулалцаж байв. Дараа нь авгайгаа ч солиод, банкнаасаа ч хөөгдөөд Ерөнхий сайд асан Сү.Батболдыг долдойдож хэсэг гүйсэн. Бүүр Сангийн яаманд Дэд сайд болтлоо ч дэвшээд авсан. Түүний дараа нь Петровис Ж.Оюунгэрэл, М-Си-Эс Л.Энх-Амгаланг хормойдож баахан гүйгээд, Ард санхүүгийн нэгдэл гэх компаниа хөл дээр нь босгосон байх. Харин сүүлийн үед Гацууртын Ч.Чинбат, түүний охин, хүргэнийг ихээхэн балиашиглах болсон. Эхэлж Монгол телевизээр нь Апрентис гээд хувийн шоугаа хийгээд, эцэс сүүлд нь барьцаа ахиулсаар Ч.Чинбатын гэр бүлтэй түрийвчээ нийлүүлээд авсан.

Ард санхүүгийн нэгдлийн сайтад мэдээлснээр Л.Чинбатын хүргэн Г.Бат-Эрдэнэ 352,097 ширхэг хувьцаа эзэмшдэг бөгөөд түүнээс гадна Гацуурт ХХК-ийн охин компани байсан Монгол телевизээ Тэнгэрлэг медиа групп нэрийн дор Ард санхүүгийн нэгдэлд нийлүүлсэн аж. Хуулийн хэллэгээр бол Соёлын сайд Ч.Номин, Ардын захирал Ч.Ганхуяг нар нэгдмэл сонирхолтой этгээдүүд болсон.

Саяхан “Цахим үндэстэн” гээд цахим биш арга хэмжээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд боллоо. Анхандаа жинхэнэ утгаараа “цахим” байх шийдэлтэйгээр төлөвлөгдсөн ч Соёлын сайд Ч.Номингийн лоббигоор амьд харилцаатай болж өөрчлөгдсөн. Тус арга хэмжээнд зориулж нэлээдгүй мөнгө хөрөнгийг зохион байгуулалтын зардалд суулгасан боловч өнөөх “Сонирхолын зөрчилтэй” Соёлын сайд Ч.Номин хамаарал бүхий компаниудаараа хамчихав.

Сонирхолтой нь, Соёлын сайдын нөхөр Г.Бат-Эрдэнийн жиргээнээс нэг зүйл анзаарагддаг. Тэрбээр эхнэрээ “төсвийн мөнгө хулгайлахааргүй баян” гэж өмөөрдөг. Гэтэл эднийхэн бүүр удмаараа шахуу “төсвийн хулгайч”. Социализмын үед буюу 1970-аад оноос геологи хайгуул нь хийгдчихсэн байсан Гурван гол, Гацууртын ордыг гэр бүл, худ ургаараа хувьчилж авч хөрөнгөтэй, мөнгөтэй болцгоосон. Сүүлд ногоо тарьдаг гэгээн дүрээр өөрийгөө пиардах болсон Гацуурт ХХК-ийн захирал Л.Чинбат Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг бараг л ганцаараа шахуу дампууртал нь цөлмөсөн. Одоо төрийн мөнгийг саах охиных нь ээлж үү?

Саяын “цахим” арга хэмжээн дээр л гэхэд Тэнгэрлэг медиа группийн охин компани болох Монгол телевиз, Анрийд медиа, Ори медиа нь бараг бүх өнгөтэй контентийг базав. Бүүр Би-Ар-Би гэх компанидаа дроны зардал ч шийдүүлэв. Даанч нөгөөдүүл нь үүсгэх ёстой соёмбо, чоноо ч гүйцэтгэж чадалгүй сайхан бүтэлгүйтсэн. Увайгүй Ч.Номинд урагшгүй албат гэж энэ л байх...

Ард санхүүгийн нэгдэл нь хамгийн гоё байрлалд асараа барьж, арга хэмжээний тайзыг хувийн мэт ашиглаад, Ард даатгал, Ард кредит гээд арваад охин компанийнхаа пиарыг тултал нь хийн, цахим болон цахим бус бүх бүтээгдэхүүнээ бүгдийг нь л шахаж. Бүүр Ард койн гэх залилангийн гэмээр “валют”-аа ч зараад авч. Жишээ нь нэг сая төгрөгийн Альфа багцад нь 400 ард койн дагалдах юм байх. Ер нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Ч.Ганхуягийн найз биш хүн томилогдож, шалгалт оруулбал Ард санхүүгийн нэгдэл нь бүхэлдээ дампуурч магадгүйг шинжээчид хэлдэг. Товчхондоо Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зохион байгуулсан Цахим үндэстэн гэх цахим бус арга хэмжээ нь Ард санхүүгийн нэгдлийн өдөрлөг байсан гэж дүгнэхээр болж. Хамгийн марзан нь ямар ч баталгаагүй Ард койныг төр дэмжсэн гэдэг мессеж давхар өгөгдөв. Хэрэвзээ дампуурвал Засгийн газар л буруутай! Тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, агентлагийн дарга Б.Болор-Эрдэнэ нар буруутай. Муу л бол хойд захын хар овоохой гэдэг дээ...

Д.Энхжаргал хатагтай хаана бүгэв
Д.Энхжаргал хатагтай хаана бүгэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.