Бүх салбарт үүрлэсэн хулгайч нартай Ерөнхий сайд хатуу тэмцэх хэрэгтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 58 секунд
Бүх салбарт үүрлэсэн хулгайч нартай Ерөнхий сайд хатуу тэмцэх хэрэгтэй байна

Бүх салбарт үүрлэсэн хулгайч нартай Ерөнхий сайд хатуу тэмцэх хэрэгтэй байна

Ногоон автобусны дуулиан нийгэмд бослоо. Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой үүссэн энэ асуудал авлигын бас нэгэн том сүлжээг задлав. Тэг зогсолт хийхэд ойрхон байгаа Улаанбаатарын түгжрэлийг шийдэх гарц бол нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бүгд л энэ замыг туулсан. Тиймээс юун түрүүнд парк шинэчлэл хийх шаардлагатай гэсэн асуудлыг төр, хувийн хэвшлийнхэн байнга тавьсаар ирсэн. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үүнд онцгой анхаарч, 420 тэрбум төгрөгийг хоёр жил дарааллан Улаанбаатарт төсөвлөсөн байдаг. Үнэндээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийслэлийг ингэж тордож, дэмжиж байсан түүх байхгүй. Тэр байтугай түгжрэлийн асуудлыг хариуцсан тусдаа статус хүртэл байгуулагдаж, Ж.Сүхбаатар сайд ахалж ажилласан. Гэтэл ард түмнээ дэндүү муухайгаар доромжиллоо. Төсвөөс хөрөнгө мөнгийг нь бэлээхэн шийдээд өгчихсөн байхад дунд нь хэд дахин нугалаа гаргаж, актлагдсан автобуснуудыг шинийн үнээр төрд шахах гэж оролдов. Энэ бол төрийн дунд, доод шатанд авлига, хээл хахууль аалзны тор шиг хэрсний тод жишээ.

Ерөнхий сайдын хувьд бодлого тодорхойлж, үүрэг, даалгавар өгдөг төрийн дээд албан тушаалтан. Тэр бүр улс орны гал тогооны ажилд гар бие оролцоод байхгүй. Тэгвэл төрийн дунд, доод шатанд үүрэг, даалгавар авдаг, хэрэгжүүлэгч шатанд ажилладаг нөхдүүд энэ байдлыг далимдуулж төсвийн мөнгийг завшдаг байдал газар авсан. Бүх салбарт үүрлэсэн ийм “хулгайч” нартай Ерөнхий сайд хатуу тэмцэх хэрэгтэй байна. Саяхны жишээ гэхэд түүнийг Монгол орноо тойрч ажиллаж байхдаа очсон аймаг бүрт нь иргэд энэ асуудлыг хамгийн түрүүнд хөндөж тавьж байсныг хэвлэлүүд онцолж л байсан. Ямартай ч Ерөнхий сайд аль ч салбарт бугшсан авлигын сүлжээг задалж, онцгой анхаарал хандуулна гэдгээ өчигдөр бүлгийн хурал дээрээ хатуухан хэлсэн сурагтай.

МАН-ын бүлгийн хуралдаанд ногоон автобусны асуудал халуун сэдэв байв. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хаалттай хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэлээд ширүүн дуугарчээ. Тэрбээр “Засгийн газраас нийслэлд онцгой анхаарч, бие даасан төсөв бүрдүүлж, хоёр жил дарааллан 420 тэрбум төгрөгийг Улаанбаатарт төсөвлөсөн ч зөв зарцуулж чадсангүй. Сэлбэ сэргэлт, холбоос зам, LRT, дагуул хот зэрэг бүтээн байгуулалтын асуудалд бүхий л түвшинд дэмжлэг үзүүлсэн. АТГ одоо төсвийн зарцуулалтын гүйлгээг нь шалгаж байна. Авлигын асуудал гарвал өөрсдөдөө гомдоорой. Та нарын арчаагүй, хайнга үйлдлээс болж, нийслэлчүүд хохирч болохгүй. Нийтийн тээвэр гэдэг газар олголтын адил бас л том авлигын сүлжээ гэдэг нь харагдаж байна. Их хөрөнгө зарсан ч олон жил нийтийн тээврийн чанар сайжраагүй нь ч үүнтэй холбоотой. 2009 оноос хойш нийтийн тээврийн шинэчлэл огт хийгдээгүй байна. Миний бие Есдүгээр сард 28 хоногийн хугацаанд 16 аймгийн 7300 орчим иргэдтэй 100 гаруй цагийн уулзалт хийсэн. Одоо нийслэлд онцгой анхаарал хандуулна. Хатиг бээрийг уутаар нь шахна. Мэдээж өвдөлт өгөх нь ойлгомжтой шүү” гэжээ. Үнэн хэрэгтээ ингэж байж төр цэвэрлэгдэх учиртай. Тэр цагт бизнесмэн нь бизнесээ, хуульч нь хуульчаа, эдийн засагч нь эдийн засагчаа хийнэ. Төрд авлига үүрлэсэн учраас хүн бүхэн төрд ажиллахаар хошуурч байна. Тендерийн нугалаа, цавчаа нь дунд, доод шатанд байгаа учраас төрд ажиллавал хэтэвч зузаардаг гэсэн ойлголт бий болсон нь худлаа биш. Энэ бүхэнд одооноос л цэг хатгахгүй бол улсын хөгжил, хотын утаа, түгжрэл, хот-хөдөөгийн сэргэлт гэх яриа хий хоосон зүйл болно. Хэн нэгэн авлигын сүлжээг тасалж, төрийн шат шатан дахь хүнд суртал, авлигын гинжэн урвалыг үгүй хийхгүй л бол намаг балчигтай байсаар л байна. Бага ч гэсэн урагшилж байж нийгэм цэвэршинэ.

УИХ-ын нөхөн сонгуульд 14 нэр дэвшигчийг бүртгэхээр шийдвэрлэлээ
УИХ-ын нөхөн сонгуульд 14 нэр дэвшигчийг бүртгэхээр шийдвэрлэлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.