Улс төрийн баруун, зүүн жигүүрийг эзэлж буй МАН, АН-ынхан түмний чихэн дээр л “Эх орон, ард түмэн минь” хэмээн халаглаж, хэн нэгнээс нь үүдэж, нийгмийн амьдрал болохгүй байгаа мэтээр дайрдаг ч эрх ашиг нь нэг юм. Мөнхүү түмний нүдэн дээр хоорондоо хэрэлдэж, улс орны амьдрал ярьдаг ч хэтэвч нь нэг хүмүүс гэдгийг сүүлийн жилүүдэд улам бүр ил тод боллоо. Үүнээс л өнөөх МАНАН мафи, олигархи бүлэглэл, “30 гэр бүл”, “60 тэрбум”-ын хэрэг, босго мөнгө нэрийн луйвар, тендер, уул уурхай гээд бүгд явагдаж байдгийг өдгөө ард түмэн ч ил цагаан мэдэх болжээ.
Тиймээс учрыг мэдэж, хужрыг тунгаасан ард түмэн энэ удаагийн сонгуулиар хоёр намаас нэр дэвшигчдийг төдийлөн дэмжихгүй гэдгээ илэрхийлсээр байгаа. Яахав, МАН, АН аль аль талд нь нэр цэвэр шинэ залуу хүмүүс нэр дэвшиж байгаа бол дэмжиж болох юм. Эс бол бие даан нэрээ дэвшүүлж байгаа нэр цэвэр залуусыг дэмжихээ илэрхийлж эхэлжээ. Өнөөх л луйврын төр тогтохоос сонгогчид бид өөрсдөө л хамгаалж чадна гэдгээ гүнээ ухамсарласан нь энэ байх. Нөгөө талаар бие даан нэр дэвшиж байгаа залуус ч ажил амьдралаараа дэнчин тавьж, сонгуульд өрсөлдөж байгаа нь энэ буруу жишгийг халах гэсэн л хэрэг.
Тийм ч учраас Дархан-Уул аймгийн иргэдээс ихээхэн дэмжлэг аваад буй Тордойн Ганболд "Нам гэдэг нэрийн цаана бүлэглэл, түүний гар хөлүүд нуугдчихсан болохоор иргэд жигшиж байна" хэмээн байр сууриа илэрхийлжээ. Тордойн Ганболдоос гадна сонгуульд бие даан нэр дэвшиж буй А.Саруул, Ц.Эрдэмт, М.Чойдорж, М.Ичинноров, Т.Бат-Оргил, П.Бүүвэйбаатар, Р.Бадмаанямбуу тэргүүтэй бие даагчдын төлөөлөл Сонгуулийн Ерөнхий Хорооноос батламжаа гардан авах үедээ ч энэ талаар байр сууриа илэрхийлж байлаа.
Тийм ч учраас энэ удаагийн сонгуулиар бие даан нэр дэвшигчид ганц нэгээрээ бус нэгдсэн нэг мөрийн хөтөлбөр дор хөдөлгөөн, эвсэл байгуулан оролцохоор хүчээ нэгтгэсэн билээ. Харин энэхүү бие даагчдын нэгдсэн хөдөлгөөнийг "Алтан Дорнод Монгол" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд удирдан, тун ч амжилттай явж байгааг эх сурвалжууд дуулгаж байна. Аливаа улсын ямар ч нийгэмд залуусын дуу хоолой хүчтэй төдийгүй, тэднээс л шинэ санаа сэдэл бүхий амжилт дагуулсан ажил ундарч байдаг нь бичигдээгүй хууль билээ.
Д.Нэргүй
Түмэн.мн