Т.Аюурсайхан сайдыг эх орноосоо урвасан, 70 гаруй компаниараа дамжуулан их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй баримтуудыг АТГ-т хүргүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
12 минут 21 секунд
Т.Аюурсайхан сайдыг эх орноосоо урвасан, 70 гаруй компаниараа дамжуулан их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй баримтуудыг АТГ-т хүргүүллээ

Т.Аюурсайхан сайдыг эх орноосоо урвасан, 70 гаруй компаниараа дамжуулан их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй баримтуудыг АТГ-т хүргүүллээ

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Төмөрбаатарын Аюурсайханыг эх орноосоо урвасан байж болзошгүй үндэслэлээр түүнийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас нь эргүүлэн татаж, хууль хяналтын байгууллагад шалгуулах ёстой хэмээн үзэж байгаагаа мөрч.мн сайтын сэтгүүлч Х.Ган-Ялалт өгүүлсэн. Тэрбээр 2022 оны долоодугаар сараас эхлэн Т.Аюурсайхан гишүүнтэй холбоотой энэ асуудлыг сөхөж, баримт материал цуглуулан ажилласан бөгөөд долоон сарын турш судал, цуглуулсан баримтаа нэгтгэн өнөөдөр Тагнуулын ерөнхий газар, АТГ, Цагдаагийн ерөнхий газарт хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдлээ.

Хэд хэдэн ноцтой баримтад тулгуурлан Т.Аюурсайхан гишүүнийг эх орноосоо урвасан байж болзошгүй гэж үзэж буй аж. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй гадаад, дотоод хүчин зүйлийг сэтгүүлзүйн үндсэн зарчмаас хазайлгүйгээр ажиллаж илрүүлэх, урьдчилан сэргийлэх замаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах нь хүн бүхний үүрэг. Тэр дундаа мэдээллийн цөмд ажилладаг мэргэшсэн сэтгүүлч хүн мэргэжлийн эрх, үүргийн хүрээнд үүссэн асуудлыг бодитоор үнэлж, цуглуулсан баримт мэдээллийг холбогдох хуулийн байгууллагад дамжуулах ёстой болохоос асуудлыг мөрдөн шалгаж, хэн нэгнийг гэм буруутай эсэхийг тогтоож, шүүх учиргүй.

Иймээс сэтгүүлчийн эрх үүргийн хүрээнд олж авсан баримт, мэдээлэл болох Т.Аюурсайхан сайдыг эх орноосоо урвасан байж болзошгүй асуудалд шууд болон шууд бусаар холбогдсон эсэхийг тогтоох, эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий багийг төрийн өндөр албан тушаалд томилуулах замаар хөрөнгөжсөн байж болзошгүйг шалгуулах, мөн 2022 оны 12 дугаар сарын 05-наас өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа жагсаалд алсаас нөлөөлж, төрийн эрхийг хууль бусаар гартаа авах, өөртөө болон хамтрагчдадаа ашигтай байдлыг бий болгохоор завдсан эсэх асуудлуудыг шалгуулахаар холбогдох баримтуудыг Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, ЦЕГ-т тус тус хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Т.Аюурсайхан нь эх орноосоо урвасан үйлдэлд холбогдсон байж болзошгүй нь нэгдүгээрт, Нүүрсний хэрэг буюу Хятадын Норинко интернэйшнл кооперэйшн ХХК-тай хийсэн оффтэйк гэрээтэй хамаарал бүхий асуудал. Т.Аюурсайхан 2020 оны 5 дугаар сарын 15-нд “УИХ-ын гишүүн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын хувьд хуулиараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд зөвлөх чиг үүрэгтэйгээр 2019-2020 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн байнгын бүрэлдэхүүнд орж ажиллалаа. Энэ өндөр хариуцлагыг дааж, нэр төртэйгээр биелүүлэхийн тулд өөрийгөө маш их сорьж, дайчилж ажиллалаа. Улс орон, ард иргэдийнхээ хувь заяатай холбоотой хамгийн нарийн, чухал шийдвэрүүдийг гаргахад гар бие оролцож ажилласнаа нандигнан эрхэмлэх болно” хэмээн жиргэсэн байдаг. Өнөөдөр бүгдэд нээлттэй болсон оффтэйк гэрээ нь түүний үед буюу 2019-2022 онд хийгдсэн байдгаас харахад Т.Аюурсайхан сэтгэл оюунаа юунд зориулж байсныг харж болох юм. Учир нь Монгол Улсын Засгийн газартай оффтэйк гэрээ байгуулсан “Норинко интернэйшнл кооперэйшн ХХК” групп нь Хятадын төрийн өмчит компани биш юм. Уг группийн 60 орчим хувийг хятадын төрийн өмчит хоёр компани эзэмшдэг бол үлдсэн 40 хувийг нь жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг гэдгийг Эдийн засагч М.Чимэддорж УИХ-ын нээлттэй сонсгол дээр дэлгэснээр Монголын Засгийн газар олон улсад тэр дундаа Азид хориглогдсон хууль бус групптэй оффтэйк гэрээ хийсэн нь илэрч байгаа юм. “Норинко интернэйшнл кооперэйшн ХХК” групп нь 62 тэрбум ам.долларын борлуулалттай, танк, бага оврын зэвсэг, автомашин, иргэний техник хэрэгсэл үйлдвэрлэдэг, Хятадын Шинжяний хөрөнгийн биржид бүртгэлтэй, 1.1 тэрбум орчим ам.долларын зах зээлийн үнэлгээтэй компани. Үл хөдлөх хөрөнгөөс гадна төмөр зам, авто зам, цахилгаан станц зэрэг дэд бүтэц, уул уурхай, хүнд үйлдвэрийн барилга байгууламж барих чиглэлээр ажилладаг. Хятадын Засгийн газрын “Бүс ба Зам” санаачилгын гол хэрэгжүүлэгчдийн нэг. Африк, Өмнөд Азийн орнуудад томоохон төслүүд хэрэгжүүлдэг байсан ч Орост зэвсэг нийлүүлсэн нь илэрч дэлхий тэдэнд үүдээ хаасан. Ялангуяа Азид бүрэн хорионд орсон ч Монголд нүүрсний худалдаа, тээврийн чиглэлээр ажиллаж, 2020-2022 онд Монголын Засгийн газартай оффтэйк гэрээ байгуулж амжсан зэргээс шууд хардах үндэслэл бий болсон юм.

Хоёрдугаарт, Т.Аюурсайхан нүүрсний асуудалтай эртнээс буюу 2016 оноос холбогдож эхлэв. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирлаар өөрийн найз, хамтрагч Баттулгын Ганхуягийг дэд даргаар томилсноос түүний нүүрсний их хулгайтай холбогдсон гогцоо хөвөрнө. Б.Ганхуягийг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсоны дараа тус компанийн удирдлагын багт Монголын оюутны холбоо, МАН-ын Шинэчлэлийн хорооны гишүүд болох Т.Аюурсайханы хамаарал бүхий 8 хүн орж ирсэн байдаг.

Үүнд, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын зөвлөхөөр Содномцэрэнгийн Энхтөр, Худалдан авалтын албаны дарга, ерөнхий аудитораар өөрийн шадар туслах, ойрын найз Баатарын Отгонжаргал, Худалдан авалтын газрын даргаар М.Бат-Эрдэнэ, Борлуулалт маркетинг, тээврийн газрын даргаар Алтангэрэлийн Чинзориг, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын даргаар Хожорбергийн Нурлат, Захиргаа удирдлагын газрын даргаар Хашбатын Батсайхан, Уул уурхайн газрын даргаар Батбилэгийн Мөнхбаатар, тус компанийн ерөнхий нягтлан бодогч Д.Алтанцэцэг нарыг томилуулсан байдаг.

Мөн өөрийн шадар туслах Ишравжаагийн Даваадоржийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй хүний Хөгжлийн ерөнхий газрын даргаар томилсон. Гэтэл Ишравжаагийн Даваадорж нь Чингэлтэй дүүргийн МАН-ын дэд дарга, төлөөлөгч, Т.Аюурсайхан гишүүний бие төлөөлөгч гэсэн гурван давхар дээлтэйгээс гадна “Лаки лайф” компанийн эзэн. Харин энэ компанийн захирлаар Ганболдын Гантөмөр гэж эмэгтэй ажилладаг. Тэрбээр мөн Мон Версус, Асгат Ресорс гэдэг хоёр компани байгуулж Эрдэнэс Тавантолгойгоос зарлаж буй тендерт шалгаруулалтгүй оролцдог. Ингэхдээ, И.Даваадоржийн эхнэр болон төрсөн эгчтэй хамтардаг. Лаки Лайф компаниараа доорх ажлуудыг авсан байдаг. Үүнд, Эрдэнэс Таван толгой ХК-ийн уурхайн ажилчдын хотхоны барилга угсралтын ажил \8.9 тэрбум\, Баянгол дүүрэгт бөөн хэл ам дагуулж улсын цэцэрлэг, сургууль барьсан \1-2 тэрбум\ .Дээрх хоёр тендерийг авсны дараа мөнгө угаах зорилгоор Ар гүнтийн аманд 69 айлын тансаг зэрэглэлийн хаусыг барьсан байх магадлалтай. Үнэ:м2 нь 3.3 сая нийтдээ 20.4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө бий болгосон.

Гуравдугаарт, 2022 оны 12 дугаар сарын 5-наас эхэлсэн жагсаалыг хэн санхүүжүүлж байгаа вэ гэх асуудал анхаарал татаж байгаа. Учир нь Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Монголын оюутны холбооны үе үеийн төлөөллийг жагсаал цуглаантай холбоотой асуудлаар шалгаж байгаа гэж 2022 оны 12 дугаар сарын 8-нд мэдээлэл хийсэн. Гэтэл МОХ-ны нэр нөлөөтэй гол зохицуулагч нь Т.Аюурсайхан гишүүн юм. Үүнийг батлах хамгийн том баталгаа Эрдэнэс Тавантолгой, Монголын төмөр зам, Тавантолгой түлш зэрэг төрийн өмчит гурван компанид түүний нөлөөлж томилуулсан гүйцэтгэх захирлуудаас тодорхой харагдана. Энэ асуудлыг ч АТГ шалгаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт АТГ-аас Т.Аюурсайхан сайдыг дуудаж мэдүүлэг авсан нь үүнийг нотолж буй хэмээн бид харж байна. Нөгөө талаар бүх нийтийн жагсаал эхний өдөр ард түмний, органик жагсаал байсан. 40 их наядын нүүрсний хулгайн асуудалд бухимдаж, цөхөрсөн жагсагчид дээр МОХ болон Эрдэнэс Тавантолгой компанийн ажилчид зохион байгуулалттайгаар уусан орж ирэх, түүгээр зогсохгүй үймээн самуунд уриалсан, зөрчил гаргасан жагсагчдыг өмгөөлөх ажлыг Монголын өмгөөлөгчдийн холбоо болон бусад хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд үнэ төлбөргүй, нэгдсэн журмаар өмгөөлсөн нь анхаарал татаж байв. Шударга ёсыг нэхэж, тэмцсэн энгийн иргэдийн жагсаалын хүчийг зориуд саармагжуулах, үймээн самуун дэгдээж жагсаалын зорилгыг өөрчлөх, төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан хүмүүс жагсаалд шургалж орж ирсэнээр Засгийн газрыг огцруулж, ээлжит хувьсгал хийх ажиллагаагаа эрчимжүүлсэн.

Жагсаалын гурав дахь өдрөөс жагсаал илтэд өнгөт хувьсгалын шинж чанартай болж ирэв. Беларусь, Украйн зэрэг улсуудын хувьсалд ашиглагдаж байсантай бараг ижил гэмээр лого, лоозон үзэгдэх болов. Жагсаал санамсаргүй урлаг, соёлын олны танил лидертэй болж, гэнэт л нэгдсэн зохион байгуулалтад орж, нүцгэлэх, дуулж бүжиглэх гэх мэт акц явуулах боллоо. Жагсаалд оролцож буй иргэдийг хооллох, дайлах бүр буяны гэмээр үйл ажиллагаа өдөр бүр төв талбай дээр өрнөлөө. Жагсаалын анхны зорилгоос илт өөр утга агуулгатай үг өгүүлбэр, уриа лоозон тодрон гарч тэдгээрийг сошиал медиагаар давлагаалуулж, цаашлаад харь орны дарангуйлагч удирдагчдыг сурталдах болсноос харахад жагсаалыг аль хэдийн зохион байгуулалттайгаар буруу тийш нь чиглүүлсэн нь илт харагдаж байна.

Хуульч, өмгөөлөгчид олон нийтийн сүлжээнд нэгдэж, зохион байгуулалтад орж, жагсаалд оролцсон иргэдийг үнэ төлбөргүй өмгөөлөхөө мэдэгдэв. Энэ бүхнээс илүү анхаарал татсан үйлдэл нь жагсагчдыг үнэгүй өмгөөлөх үйлчилгээ үзүүлж байгаа хуульчдын дунд Т.Аюурсайханы төрсөн эгчийн хамаарал бүхий “Глоб Интернэшнл” ТББ орж ирсэн гэх мэт олон эх үүсвэрүүдээс үүдэж эрэн сурвалжилж олж авсан баримтуудаа Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх хүргүүлж, үүссэн асуудлын холбоо хамаарлыг тогтоож, шалгахыг хүслээ. Сэтгүүлчийн хардах эрхийн хүрээнд үндэслэлүүдийг судалж, баримт цуглуулж сэтгүүлзүйн үндсэн зарчмыг баримтлан холбогдох хуулийн хүрээнд ажиллалаа. Харин уг асуудлыг гэмт хэргийн чанартай эсэх, хэнтэй холбогдож, хэнд хамаарах асуудал гэдгийг улам лавшруулан яаралтай шалган тогтоох ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байна.

Мэдээллийг бэлтгэсэн сэтгүүлч Х.Ган-Ялалт

Эх сурвалж: Murch.mn

Булганд 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болов
Булганд 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болов
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.