Ж.Алтанцэцэг: Би хэтэрхий итгэмтгий зантай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
15 минут 9 секунд
Ж.Алтанцэцэг: Би хэтэрхий итгэмтгий зантай

Ж.Алтанцэцэг: Би хэтэрхий итгэмтгий зантай


Хоолойн цар хүрээ сайтай, чадалтай хоолойтой гэгддэг МУГЖ Ж.Алтанцэцэг гурав дахь охиноо асраад гэртээ байгаа хэдий ч угийн дайчин болохоор уран бүтээлээ туурвисаар байна.  Урлаг бизнесийн ертөнцөд хүч үзэж яваа тэрээр өнөр өтгөн гэр бүлийн эзэгтэй болоод аз жаргалтай амьдарч байна хэмэж байлаа. Ингээд элдвийг нуршилгүйгээр дуучин бүсгүйн яриаг хүргэж байна. 

-Алтаа дуучин маань хүүхэд төрүүлээд хэсэгтээ чимээгүй байлаа. Гэсэн ч уран бүтээлээсээ  хөндийрч чадахгүй л байгаа биз дээ?

- 2015 оны шинэ жилээр ая зохиогч гитарчин Өөжгийгийн “Миний гэр бүлийн шинэ жил” гэж дууг гэр бүлдээ зориулж дуулсан. Шинэ жил болохоор нэг их ажилтай явж байгаад гэртээ ирэхээр яаагад ч зөөлөн гуниг төрдөг үйл явдлыг энэ дуугаараа харуулахыг зорьсон. Шинэ жилийн үдшийг  айл гэр бүл болгон халуун ам бүлээрээ угтдаг гэдэг утгаар шинэ дуугаа дуулса байгаа. Харин одоо “Чамайгаа үнсье” дууг ханьдаа зориулж бичсэн. Энэ жил бид хоёрын танилцсаны 20 жил болж байгаа. Энэ хугацаанд Сүхбуян гэдэг айл өнөөр өтгөн гурван хүүхэдтэй, дуулах гэж байсан оюутан  МУГЖ болоод нөхрийн маань бизнес амжилт олсон гээд хүний амьдралын жам ёсоор үр хүүхдүүдийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээн амьдарч байна. Бид хоёр нас чяцуу үхэр жилтэй. Хүмүүс манай нөхрийг надаас нэлээд ах гэж боддог юм билээ.Одоогоор хөөрхөн хүүхдүүдээ асраад хувь уран бүтээлээ бэлтгээд байж байна. Энэ хугацаанд зүгээр суугаагүй. 2012 онд Тува улсад болсон тэмцээний шүүгчээр оролцоод ирсэн. Хөх хот руу шинэ жилийн арга хэмжээнд оролцоод ирлээ. Ирэх тавдугаар сард дуучин С.Наран бид хоёр хамтран дуулсныхаа 20 жилийн ойг тэмдэглэнэ.

-Цаг хугацаа гэдэг амархан юм даа. Нэг л мэдэхэд 20 жил өнгөрчихөж. Анх танилцаж байсан гэгээн үеэ эргэн дурсахгүй юу?

-Би СУИС-ын оюутан, манай хүн компьютерийн сургуульд сурч байгаад бизнес хийх гээд сургуулиа орхисон ерөнхийдөө бизнес хийдэг залуу л анх танилцаж байсан л даа. Гэсэн ч өнөөдөр 20 жил хэдийнэ өнгөрчихөж. Бид гэр бүл өргөжихийн хэрээр байраа сольдог заншлаараа гурван хүүхэдтэй болоод Marshal town-д шинэ байр авч тохижуулаад хүүхдүүдийнхээ бага насыг гэрэл гэгээтэй, аз жаргалтай, ажил хийж сургая гэсэн утгаар авсан л даа. Үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахад би оройтож анхны хүүхдээ төрүүлсэн. Гэтэл үеийнхнээс маань эхнээсээ  эмээ болж байна. Амьдрал сайхан байна. Жаргал зовлон, ажил бүтэх бүтэхгүй байх гээд амьдралд юу эс тохиолддог билээ, тэр бүхнийг даван туулж байна. Нэг амьдрах насандаа хүн шиг амьдраад өтлөх насандаа эргээд харахад дахиад нэг амьдарсан юм шиг тийм сайхан сэтгэгдэлтэй байя гэж олон сайхан зүйлийг хийж бүтээхийн төлөө эрмэлзэж явна даа. Ер нь би ээжийн хувьд хүүхэд үлгэрийн ертөнц шиг амьдралд өсгөж хүүхдийнхээ бага насыг үлгэр шиг байлгах юмсан гэж хүсдэг. Тэгээд гэр орноо сайхан авч яваад унд ус сайтай, инээд хөөртэй элэг бүтэн халуун дулаан уур амсгалтай байх юмсан гэсэн хүслээр амьдарч байна. 

-Та нэг хэсэг хүмүүнлэгийн ажил хийж байсан санагдана?

-2011онд “Хүүхэд насны дурсамж “тоглолтэх ЭНЭШТ-д амьсгалын замын аппарат найзуудтайгаа нийлж авч бэлэглэж байсан бол 2012 онд “Ногоон орчин бидний ирээдүй” 2013 онд “Алтанцэцэг” нэртэй тоглолтуудыг хийж байлаа. Би Солонгос улсад төрсөн. Тэндхийн эмч нар надтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Эмнэлгийн дарг а нарыг монголд хүмүүнлэгийн ажил хийгээч,би тэр ажилд тань оролцъё гээд ажлаа хийхээр төлөвлөөд явж байна.хараахан ажил болоогүй байгаа ч нарийн төлөвлөгөөтэй гайгүй ажил болчих болов уу гэж  би хувьдаа бодож байгаа. Саяхан Солонгос эмнэлгийн захирал монголд хоёр удаа ирээд буцсан.Ингэхдээ умайн хүзүүний хорт хавдар монголд их байдаг юм байна, түүнээс ялангуяа бага насны охидыг урьдчилан сэргийлэх арга хэмжээ монголд зохион байгуулъя тэрний элч төлөөлөгчөөр нь ажиллаач гэсэн хүсэлт тавьсан. Тийм учраас чадлаараа л хүмүүнэгийн ажил хийе гэсэн бодолтой байгаа.

-Та их нээлттэй ямар ч үед өөрийнхөөрөө байж чаддаг. Тэгээд ч өнөөдрийн энерги гэж их ярьдаг болсон цагт хүний сайн муу бодол их танигддаг болсон байна шүү дээ?

-Эерэг сэтгэгдэл төрүүлдэг, өрөвч зөөлөн сэтгэлтэй, хүнийг хайрлхж энэрч чаддаг хүнд тусалж чаддаг ч гэсэн хүний дотоод сэтгэл зүй маш хүчтэй байх ёстой гэж боддог. Өнөөдөр  хэтэрхий зөөлөн, хүний төлөө явж байгаа хүн нэг талаасаа хохирдог  нийгэмд бид амьдарч байна. Тийм учраас дотоод сэтгэлийн маш их байгаасай,ялангуяа охид хөвгүүд зовлон зүдгүүр тохилдсон ч сэтгэлийн  хаттай байж хүн өмнөө тавьсан зорилгодоо хүрнэ гэсэн хүмүүжлээр хүүхдүүдээ хүмүүжүүлж байгаа. Энерги хүчтэй болж зөв үйлийн хариу ирнэ гэдэгт итгэдэг.  Миний хувьд оюутан байх үеэсээ л хүмүүстээ энгийн дотно ойлгож чаддаг, надад юу байж болох юу байна түүгээрээ туслахыг хичээдэг. Гэсэн хэдий ч өөрийнхөө төлөө өөрөө хөдөлмөрлөж маш олон зорилгыг тавьж байсан л  даа. Хань ижил зочид гээд гэр бүлд эмэгтэй хүний үүрэг их байдаг. Тийм учраас гэр бүлийнхээ аз жаргал, гэр бүлдээ болж байгаа бүхий л үйл явдлаар амьдралыг баялаг болгож амьдрах дуртай. Дүү нар болоод найз нөхдийнхөө дунд  үлгэр дууриалтай,ээжийгээ баярлуулж халамжилж, гэр бүл дотроо үнэ цэнэтэй амьдрахыг хичээдэг.Энерги зайлшгүй байх ёстой зүйл. Хүн энергиэр өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр амьдардаг, нөгөө талаар хийж чадаж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх нь маш том аз жаргал гэж боддог. Тийм учраас би байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж чаддагаа аз жаргалтайгаа холбож тайлбарладаг. Сайн хань ижлийнхээ буян заяанд сайхан амьдарч байна. Бурхны хишиг гэж байдаг шиг түүнд талархаад би өөрөө шашинлаг хүн. Энэ ч утгаараа гэртээ бурхан шашнаа дээдэлдэг. Угаасаа шүтэж хүн шүтэж биширч хайрладаг дотроо айж эмээх зүйлтэй байх ёстой юм шиг санагддаг.  Тэгэхгүй зөвхөн олж авахын төлөө шунаж амьдарвал эргээд хариу ирдэг юм болов уу гэж боддог. 

-Гэхдээ л хүн л болохоор дахиад тийм зүйлд хүрэх юмсан, үүнээс илүү амьдрах юмсан гэсэн битүүхэн бодол тээгдэж л явдаг байх даа?

- Тэгэлгүй яахав. Хүний хүсэл хязааргүй гэдэгчлэн ингэх юмсан, тэгэх юмсан бодол байдгийг үгүйсгэхгүй.

-Сайн яваа нэгэндээ би энэ хүн шиг болох юмсан, надад дутаад байх юу байна гэж түүгээр бахархаж өөрийгөө хурцалдаг нэгэн байхад,  түүнд атаархдаг ч нэгэн байна. Энэ байдал таныг тойрдоггүй байх. Энэ бүгдийг хэрхэн яаж давж гардаг вэ?

-Тийм зүйл гардаг юм аа. Заримдаа хүнд гомдох үе гарна. Гэсэн ч энэ бүгдийг  тэгсхийгээд мартчихдаг юм. Өөрөө л дотор сэтгэлээ ариун байлгаж өөртөө хамгаалалт хийж байх хэрэгтэй. Найз нөхөддөө ч би хэр баргийн зүйлд ганхаж найгаад гуньж гутраад яах юм бэ, өөрөө өөрийгөө усалж тордож аз жаргалтай, баярлуулж, гоё хувцаслаж  гоо сайхнаа сайхан байлгах энэ бүгд л ерөөсөө дотоод сэтгэлийн хүч шүү дээ. Хүний амьдралыг таашгүй. Дахиад олон жил амьдарна. Юу ч намайг хүлээж байгааг таашгүй. Зовлон жаргалын аль нь ч тохиолдсон дундуур нь чиг шугамтай өөрийн гэсэн амьдралын үзэл бодолтой байх юмсан гэсэн бодолтой байдаг. Атаархал гэдэг үгийг муу бодол сэтгэлээс гардаг юм болов уу гэж боддог юм. Магадгүй би зарим хүнийг ийм гоё амжилттай явдаг ямар сайхан хүн бэ гэж цагаахан атаархдаг байж болох юм. Харин муу атаархал бол муу сэтгэлийн үр дагавар. Дээр хэлсэнчлэн сайн зүйлийг олж харах, сайхан амьдрах энэ бүгд ерөөсөө л хүний бодол сэтгэлийн үр юм. Өөрийгөө олж таниад, тархиа зүрх сэтгэлээ чөлөөлөөд болохгүй байгаа зүйлийг болж байгаа юм шиг сэтгэж чаддаг байхыг чухалчилж амьдардаг. Эргээд үр хүүхэд маань аав ээжээрээ бахархдаг баймаар байна. Энэ дашрамд залуучуудад хандаж хэлэхэд Бат бөх гэр бүл, бат бөх гэр бүлийг хүн өөрөө л бий болгоно. Энэ бүхэнд эмэгтэй хүний мяндсан ухаан маш их нөлөөлнө. Зовлон жаргалыг даван туулаад ар талд нь гарч ирдэг маш их тэвчээр,хайр хүндлэл байх хэрэгэй. Өөртөө олон зүйлийг бий болгохын тулд олон сайхан анд нөхөдтэй байх, ах дүү нар дотроо нөлөө бүхий хүн байх гээд юу эсийг бодож санах билээ. Нэг мэдсэн чинь ах дүү нар дотроо нөлөө бүхий хүн байхаар барахгүй хүн болчихсон явж байна шүү дээ. /Инээв/

-Охин Номин-эрдэнэ  тань цомог гаргасан гэсэн байх аа?

-Охин  маань Монголын хүүхдийн ордны багш Ганчимэгийн зохиосон дуунуудаар би хүүхэлдэй нэртэй цомог гаргаад хоёр гурван дуугаа клипжүүлсэн. Аав нь охиныхоо улаан фэн.

-Амьдралын сайхан нь уулзахад байдаг гэдэг. Бодвол хааяахан найз нөхөдтэйгээ уулзаж алжаалаа тайлдаг биз дээ?

-Хэдэн сайхан гэр бүлийн найзтай. Саяхан бид Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар уулзалдаж бяцхан бэлэг солилцох арга хэмжээ болдог юм. Түүнийхээ хажуугаар халуун яриа өрнүүлээд найз нөхдөөсөө л бид ертөнцийн сайн муу мэдээллийг шүүн тунгааж ярилцаж бие биесээсээ суралцаж, бас бие биесээрээ хөглөгдөж сайн явж байгааг нь дэмжиж, халтирсан нэгнийгээ түшиж  тулах жишгээр нөхөрлөдөг.  Би л гэхэд Налайхын хүүхэд байсан чинь сүүлийн жилүүдэд  нийслэл хотдоо амьдарч  байна. Тэгэхээр их хотын бүсгүйчүүд ямар байх ёстой юм гэдгийг ярилцахаас гадна  соёлтой,хүмүүнлэгийн ажил хийдэг, хүнд тусалж өөрсдөө сайхан амьдаръя гэсэн хүсэл зорилготой бүсгүйчүүд байдаг юм. Хааяа коняк уугаад нийгмийн байдал, улс төрийн байдлаар ч ярина, бас санал зөрөлдөх гээд аль болохоор зөв эерэг мэдээллийн төлөө тэмүүлдэг л дээ. Гэхдээ одоо нялх хүүхэдтэй болохоор чөлөөт цаг гээд байх зүйл хомс, ерөнхийдөө сүүлийн нэг жил чөлөөт цагаа гэртээ зарцуулж байна. Яагаад гэвэл охин маань нэгдүгээр ангид орсон болохоор санаа тавихгүй бол болохгүй. Бага охин маань дөрвөн сард нэг ой хүрнэ.Одоо хавар болоод манай гэр бүлд витаминжуулалтын аян явагдаж байгаа. Удахгүй байшингийнхаа гадаа цэцэг ногоо тарьж хүүхдүүддээ тоглоомын талбай энэ тэр гээд амьдрах орчноо тохь тухтай болгоё гэж зүтгэж байна. Бас төрсний дараа хоолой өөрчлөгддөг болохоор өдөртөө хоолойгоо дасгалжуулаад шинэ дуунуудынхаа ард гарчих юмсан гэж зорьж байгаа. Харьцангүй оройтож 41 насандаа төрсөн болохоор ядарсан учраас  ядрахгүйг хичээж байна. 

Та хоёрыг сайхан хосууд хэмээдэг. Үлгэр жишээ гэр бүл болохын тулд,амьдралаа бүтнээр нь авч үлдэхийн тулд бүсгүй хүнээс их ухаан тэвчээр шаарддаг?

-/Инээв/ Дөнгөж гэр бүл болсны дараа хүмүүс ийм зүйл ярихаар нь юу яриад байгаа юм бол гэж боддог байж билээ. Тэр үед хүн юу асуусныг илэн далангүй ярьдаг байж. Гэтэл эргээд бодоход нөхрийгөө тухайн үед жижиг сажиг асуудалд ороход нуухын оронд дэвэргэснээрээ би буруутай байж болох юм. Ярих ярихгүй зүйлээ ярьдаг нь хэтэрхий миний цайлган итгэмтгий зантай холбоотой байх. Уурлаж инээсэн ч гэсэн бодож байгаа зүйлээ нуудаггүй нь урлагийн хүний зан юм шиг  байгаа юм. 

Ярилцсан Д.Нэргүй

Эх сурвалж: Dorgio.mn

   
Туркийн кино өдөрлөг болно
Туркийн кино өдөрлөг болно
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.